Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 204/МА2022/00002

 

Ц.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

      Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

       Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 145/ШШ2021/00426 дугаар шийдвэртэй

      Ц.Б-ийн нэхэмжлэлтэй “ОУС” ОНӨААТҮ газарт холбогдох “ОУС” ОНӨААТҮ газрын захирлын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/67 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах  тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Б /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох, хариуцагч Ц.Х, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батсайхан, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “ОУС” ОНӨААТҮГазрын захирлын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/67 тоот тушаалаар намайг ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь ажил олгогч “ОУС” ОНӨААТҮГазрын захирал нь ажлаас халах үндэслэлдээ “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 үндэслэсэн бөгөөд дээрх заалт нь ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тохиолдолд сахилгын арга хэмжээ авах эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан тохиолдолд л ажил олгогч нь ажилтныг ажлаас халах заалт юм. Гэтэл тус газрын захиралтай байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 2.3-т “Сахилгын ноцтой зөрчилд тооцсон хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдол нь “Хөдөлмөрийн тухай“ хууль, байгууллагын дотоод журмын дагуу” гэж заасан ба тус гэрээнд өөрөөр сахилгын ноцтой зөрчлийн талаар тодорхой дурьдсан нэг ч зохицуулалт байхгүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дүгээр зүйлд заасан ноцтой зөрчил гэдгийг тодорхойлохдоо 15.4.2-т “...ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна” гэж тодорхойлсон бөгөөд надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэдгийг тодорхойлсон нэг ч үг болон өгүүлбэр байхгүй байхад намайг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халсан нь үндэслэлгүй байна. Ажилтан болон ажил олгогчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд сахилгын ноцтой зөрчил гэдгийг тохиролцоогүй бол ажилтан зөрчил гаргасан байсан ч уг үндэслэлээр гэрээг цуцлах эрх ажил олгогчид үүсэхгүй гэж үзэж байна. Миний бие тус ажлыг гүйцэтгэж байх хугацаанд ажлын ямар нэгэн алдаа зөрчил, ёс суртахууны доголдол гаргалгүй хариуцсан ажлаа үнэнч шударга хийж, хэрэглэгчид болон ажилчидтай зөв боловсон харьцаж ирсэн. Мөн 2020 оны “Санхүүгийн тайлан”-д хийсэн Төрийн аудитын дүгнэлтээр ямар нэгэн зөрчилгүй гарсан. Авилгатай тэмцэх газарт хүргүүлсэн албан бичигт Ц.Б нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх болсон тул ерөнхий нягтлан бодогчоор С.О-ыг томилохоор санал болгож байна гэсэн байна. Би тэр үед өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй байсан. Иймд “ОУС” ОНӨААТҮГазрын захирлын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/67 тоот тушаалыг хүчингүй болгож намайг ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгож өгнө үү гэжээ.

    Хариуцагч “ОУС” ОНӨААТҮГазрын гүйцэтгэх захирал Ц.Х шүүхэд болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ц.Б нь 2020 оны 08 дугаар сард манай байгууллагын ерөнхий нягтлан бодогч тэтгэвэртээ гарснаар оронд нь томилогдсон. Томилогдохдоо “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай” хуулийн 23.3-д “Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж, энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй”, мөн хуулийн 23.6-д “Авилгатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ”, Авилгын эсрэг хуулийн 10.3-д “Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй”, 13.8.4-д “Нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах” гэж тус тус заасан байна. Дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн нь өөрөө “Хөдөлмөрийн тухай” хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх зүйл болох ноцтой зөрчил болсон гэж үзсэн. Яагаад гэвэл нийтийн албан тушаалтан нийтийн албанд томилогдохдоо урьдчилсан мэдүүлэг өгөх үүргээ биелүүлээгүй тул эрх бүхий албан тушаалтан болох Өвөрхангай аймгийн Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Мөнхцэцэг ажлаас чөлөөлж хуулийн дагуу томилогдохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 44.1-д заасан хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтныг тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно гэсний дагуу 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “ОУС” ОНӨААТҮ газрын захирлын зөвлөлийн хурлыг хуралдуулж сонсох ажиллагаа явуулсан. Хурлаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй, Ц.Б нь өөрийгөө хууль зөрчсөн чөлөөлөгдөх ёстой юм байна гэдгээ ойлгосон. Ц.Б-ийг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэл болгоогүй, харин Авилгын эсрэг хуулийн 13.8.4 болон холбогдох хуулиудад заасныг үндэслэл болгосон. Ц.Б нь манай байгууллагад өмнө нь тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан, тухайн албан тушаалд томилогдохдоо 2019 оны 08 дугаар сараас 2020 оны 08 дугаар сар хүртэлх нэг жилийн цалингийн болон бусад орлогоо мэдүүлээгүй, томилогдсоноос хойш 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ мэдүүлээгүй байсан байна. Үүнийг нотлох авилгатай тэмцэх газраас манай хүсэлтийн дагуу ирүүлсэн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 05/6091 тоот хариу бичигт байгаа. Манай байгууллага энэ шийдвэрийг гаргахдаа эрх бүхий байгууллагын шийдвэрийг биелүүлсэн тул Ц.Б-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2021 оны 02 дугаар сарын 03, 05-ны өдөр Хууль зүйн хэлтсээс дуудаад энэ хүн хууль зөрчиж томилогдсон байна. Байгууллагын нягтлан бодогч нийтийн албан тушаалтан байна. Нийтийн албан тушаалтан бол заавал хөрөнгө орлогын мэдүүлгээ томилогдсоноос хойш 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ мэдүүлээгүй байсан байна. Хуулийн дагуу яв гэж хуулийн хэлтсийн мэргэжилтэн Мөнхцэцэг хэлсэн. Хуулийн дагуу яаж явагдах вэ гэхээр наад хүнээ ажлаас чөлөөлнө. Чөлөөлөгдөөд Авлигатай тэмцэх газарт процесс эхнээс нь явагдана. Тэгж байж цаашаа ажиллана гэж эрх бүхий байгууллагаас амаар хэлсэн. Тэгээд дараа нь захирлын зөвлөлийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдуулж сонсох ажиллагаа явагдсан. Өөрөө ч энэ нөхцөл байдлыг мэдсэн байсан. Тэгээд би ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өг гэсэн чинь би хүсэлтээ өгөхгүй гээд байсан. Өргөдөл өгөхгүй болохоор нь болохгүй байна. Өөрийг чинь ажлаас чинь халахаас өөр аргагүй байна ш дээ гэсэн чинь хал гээд зөрүүдлээд байсан. Байгууллагын хэвийн үйл ажиллагаа явагдахад дараагийн нягтлан бодогчийг томилоход хугацаа орно. Авилгатай тэмцэх газар ажлын 15 хоног, наашаа явуулах хугацааг нь бодохоор сарын хугацаа болно. Тийм учраас энэ хооронд энэ байгууллага чинь хоёрдугаар гарын үсэггүй байж болохгүй учраас би О гэдэг хүний мэдээллийг Авлигатай тэмцэх газар руу явуулсан. Тэр хооронд Бийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 5 сар хүлээсэн. Энэ хугацаанд ярилцаж зөвшилцөх гэж зөндөө удаа үзсэн. Манайд ХАББ-ын инженер гэж байдаг. Энэ ХАББ-ын инженер өөр албан тушаал руу явах гээд байна. Энэ хүний оронд орох уу гэж асууж үзсэн. Онцгой байдлын газарт няравын ажилд санхүүгийн мэргэжилтэн эрэгтэй хүн хэрэгтэй байна гэсэн. Тэгээд нягтлан нь удахгүй тэтгэвэртээ гарах юм шиг байна. Ажлаа сайн хийгээд явах юм бол нягтлан бодогч болгоё гэж хүртэл удирдлагуудтай нь ярьсан гэж хэлэхэд үгүй гэсэн. Чи ажил санал болгоод байхад үгүй гээд байх юм. Үгүй гээд байгаа юм бол өргөдлөө өг гэхээр өгөхгүй юм. Өргөдөл өгөх юм бол тэр хугацаанд Оыг түр томилоно. Өөрийг чинь зөрчилгүй гээд Авилгатай тэмцэх газраас ирэх юм бол ажилд нь авъя гэж хэлсэн. Гэтэл өөрөө өргөдлөө өгөхгүй явсаар байгаад би аргагүй эрхэнд 2021 оны 07 дугаар сарын 07-нд тушаал гаргасан. Яагаад тушаал гаргасан бэ гэхээр буцаагаад надад хариуцлага тооцогдоно. Би Б-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дүгээр зүйлийг үндэслэж халаагүй гэдэг тайлбараа шүүхэд гаргаж өгсөн. Хамгийн гол нь Ц.Б-ийг ажлаас халах тушаал гаргахдаа Авилгын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4 болон холбогдох хуулиудад заасныг үндэслэл болгосон. Манай байгууллага өдөр тутам санхүүгийн гүйлгээ хийгддэг учраас О гэдэг хүнийг түр томиллох тушаал гаргасан. Өөрийн хүсэлтээр гэдэг нь би энэ хүнийг л бодсон. Тэрнээс биш холбогдох хуулийг зөрчсөн учраас ажлаас хална гэж болох байсан. ...Авлигатай тэмцэх газар руу явуулсан албан бичиг дээрээ энэ хүн ийм ийм хуулийг зөрчсөн учраас ажлаас халагдах болчихоод байна гэсэн утгатай бичиг явуулаагүй. Тэгж биччих юм бол Ц.Б-д Авлигын эсрэг хуулийн дагуу зохих ёсны шийтгэл ирчих вий дээ гэж бодсон юм гэжээ.

       Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ц.Б-ийн нэхэмжлэлтэй, “ОУС” ОНӨААТҮГазарт холбогдох “2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/67 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

         Нэхэмжлэгч Ц.Б гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 145 /ШШ2021/00426 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь би “ОУС” ОНӨААТҮГ-ын захирлын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/67 тушаалаар тус үйлдвэрийн газрын ерөнхий нягтлан бодогчийн ажлаас халагдсан. Ажлаас халах болсон үндэслэл нь Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.6 дахь заалтууд юм. Гэвч эдгээр хуулийн үйлчлэлд хамаарах этгээд нь би биш гэдэг дээр маргаж байгаа бөгөөд Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8 дахь хэсгээр Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан ...эрх бүхий албан тушаалтанд хамаарна гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “ерөнхий нягтлан бодогч” гэж нягтлан бодох бүртгэл хөтлөх, удирдан зохион байгуулах, хариуцлага хүлээхээр аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагаас томилогдсон мэргэжлийн нягтлан бодогчийг ойлгоно” гэж тайлбарласнаар намайг эрх бүхий албан тушаалтанд хамааруулжээ. Гэвч ийнхүү хамааруулахад хуулийн этгээдийн эрх зүйн статусыг шалгах нь зүйтэй. Би “ОУС” ОНӨААТҮГ-т ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан ба Авлигийн эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, мөн компанийн эрх бүхий албан тушаалтан гэсэн 2 өөр ойлголт ухагдахуун байгааг сайтар шалгалгүй шууд эрх бүхий албан тушаалтанд хамааруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, компани зэргийг адил статус бүхий байгууллага гэж ойлгогдохоор шийдвэрлэжээ. “ОУС” ОНӨААТҮГ буюу төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар хуулийн этгээд нь өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээд юм. Харин Иргэний хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээд, Компаний тухай хуулийн 3.1-т хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулиин этгээдийг компани гэнэ гэж холбогдох хуулиудад компанийг тодорхойлсон байх ба өөр өөр статус бүхий хуулийн этгээдийг адилтган шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Түүнчлэн Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоолын хавсралтад “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах зарим албан тушаалтны жагсаалт шинэчилсэн найруулгад орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий нягтлан бодогч хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргана гэж тусгаагүй байх тул миний бие дээрх хууль болон эрх зүйн актуудын үйлчлэлд хамаарах субьект биш.

      Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 145/ШШ2021/00426 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, “ОУС” ОНӨААТҮ газрын захирлын 2021 оны Б/67 дугаартай ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж, ерөнхий нягтлан бодогчийн ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж өгнө үү гэжээ.

       Нэхэмжлэгч Ц.Б давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд тайлбартаа: Давж заалдах гомдолтой холбогдуулж нэмж хэлэх тайлбаргүй гэв.

      Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Ц.Б өөрийгөө Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргах эрх бүхий албан тушаалтан биш, мөн хөдөлмөрийн харилцааны ноцтой зөрчил гаргаагүй гэж үзэж байгаа. Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан нийтийн албан тушаалтан гэж анхан шатны шүүх үзсэн нь хууль буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргасан. Өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрч байна. Ц.Б нь авлигын эсрэг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд хамаарах субъект гэж үзэж ажлаас чөлөөлсөн тохиолдолд гаргасан зөрчлийн хугацааг харах ёстой. Хөдөлмөрийн харилцаанд ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүйгээр зөвхөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуультай холбогдуулан зөрчилтэй байна гэсэн үндэслэлээр халсан гэх тайлбарыг хариуцагч байгууллага өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, шинэчилсэн найруулгад 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулна гэж заасан. Гэтэл ОУС ОНӨААТҮГазарын захирал Ц.Х нь Ц.Б-ийг ийм зөрчилтэй байна гэдгийг 02 дугаар сарын 08-ны өдөр буюу байгууллагын удирдлагын багаар хэлэлцээд тодорхой шийдэлд хүрэлгүйгээр зөрчилтэй гэдгийг нийтийн сонсгол хэлбэрээр авч хэлэлцсэн. Энэ үеэс зөрчил гарсан гэдгийг тодорхой мэдсэн. Түүнээс урд нь хуулийн хэлтсээс эрх бүхий албан тушаалтан анхааруулж хэлж байсан гэдэг. Иймд энэ зөрчлийг илрүүлснээс хойш Ц.Б-ийг ажлаас чөлөөлөөд Авлигатай тэмцэх газарт мэдүүлгийг нь шалгаад асуудлыг шийдэх боломж хуулийн хүрээнд байсан. Гэтэл ажил олгогч энэ үүргээ гүйцэтгээгүй. Өөр ажилд оруулж өгье гэж янз бүрийн зүйл санал болгож ярьж байсан талаар анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тайлбар гаргасан байдаг. Байгууллагын удирдлагын хувьд ийм асуудал байж болохгүй. Хөдөлмөрийн тухай хуулиа баримтлах ёстой. Өмгөөлөгчийн хувьд хөдөлмөрийн тухай хуульд заасан зөрчил гаргаснаас хойш 1 сарын дотор ажлаас чөлөөлж дараагийн шатны асуудлыг шийдвэрлэх ёстой байсан үүргээ ажил олгогч зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Ц.Б-ийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах саналтай байна гэв.

    Хариуцагч Ц.Х давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд тайлбартаа: Авлигын эсрэг хуулийн 4.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан гэж хуульчилсан байгаа. Удирдах албан тушаалтан бол би, эрх бүхий албан тушаалтан нь манай компанийн ерөнхий нягтлан бодогч юм. Манай компани өөрийн орлогоор цалинждаг төрийн өмчид компани бөгөөд хэрэглэж байгаа бүх техник, машин, шугам сүлжээ бүгд төрийн өмчид хамаардаг. Санхүүгийн албыг ерөнхий нягтлан бодогч өдөр тутмын арга зүйгээр хангаж ажилладаг. Тооцооны нягтлан, эдийн засагч, нярав, ус хураамжийн 5-н байцаагчтай. Энэ бүгдийг удирдлага арга зүйгээр хангаж ажилладаг эрх бүхий албан тушаалтан бол ерөнхий нягтлан бодогч мөн. Би энэ ажлыг нь хийлгэхгүйгээр өөр ажил санал болгосон юм шиг тайлбар өгч байна, ийм зүйл болоогүй. Ц.Б нь хоёр нялх хүүхэдтэй, би тэр болгоныг нь бүгдийг нь бодож зөөлөн хандсан. Энэ ажлыг хийхэд төвөгтэй, хүндрэлтэй санагдаж байгаа нь ажиглагдсан. Он гараад эхний аудитаар орох байсан боловч хугацааг нь хойшлуулсаар байгаад орсон учраас миний арга барагдахдаа ийм ажил хийх үү гэсэн санал тавьсан. Өөрөө хүсэлтээ өгөөд тэр хооронд нэг сарын хугацаа л болох байх түр зуур өөр ажилтан авъя тэр хооронд нь чи зөрчлөө арилгуулаад буцаад ир, хуулийн процессын дагуу явъя гэдэг үүднээс 5-н сар хүлээсэн. Зөрчил илэрснээс хойш 1 сарын дотор арга хэмжээ авагдах ёстой байсан бол миний хувьд хүн чанарын улмаас хүлээж хууль зөрчсөн байж болох юм гэв.

      Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батсайхан давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрх бүхий албан тушаалтанд хамрах талаар хариуцагч тайлбар хэллээ. Ц.Б-ийг ажлаас чөлөөлсөн гол шалтгаан нь хууль бусаар томилогдсон гэдгийг хууль эрх зүйн мэргэжилтэн хэлж анхааруулсан. Хэргийн материалд авагдсан гэрч Отгонцэцэгийн мэдүүлэг болон авлигатай тэмцэх газрын 2021 оны 10 дугаар сарын 22-ны 05/11262 тоот албан бичиг зэргээр нотлогдож байна. 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр сонсох ажиллагааг хийсэн. Авлигын эсрэг хуульд заасан хөрөнгө орлогын мэдүүлгээ өмнөх жилийнхтэй хамт мөн жил бүрийн 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор гаргана гэсэн заалтыг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна гэж шаардсан. Энэ шаардлагыг хариуцагчаас нэхэмжлэгчид удаа дараа тавьсан. Энэ асуудал үргэлжилсээр байгаад 5-н сарын хугацаа өнгөрсний дараа ажлаас чөлөөлсөн. Зөрчлөө арилгах хангалттай хугацаа өгсөн. Ц.Б нь үүргээ биелүүлж зөрчлөө арилгаад нийтийн албанд хууль зөрчихгүй байдлаар ажиллах бололцоог нь хангаж өгсөн боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй учраас ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн зөрчил давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн зөрчлийг 2 буюу түүнээс дээш гаргасан байхыг ойлгоно. Зөрчил тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч сахилгын шийтгэл заавал оногдуулсан байхыг шаардахгүй. Нэхэмжлэгч нь бүтэн жилийн хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлээгүй, жил бүрийн 02 дугаар сарын 15-нд мэдүүлэх үүргээ гүйцэтгээгүй зөрчил гаргасан. Тус тусдаа зөрчил гаргасан нь тогтоогдсон. Заавал сахилгын зөрчил оногдуулахгүй гэсэн заалтыг баримталж ажилласан байгаа. Иймд хариуцагчийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Ц.Б нь “ОУС” ОНӨААТҮ газрын захирлын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/67 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах  тухай  нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

       Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Б-ийг хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ хуульд заасан хугацааны дотор гаргаагүй гэдэг нь нотлогдсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

      Нэхэмжлэгч нь Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 3, 24 дүгээр зүйлийн 24.1.5, 24.2, Авилгын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дах хэсгүүдэд зааснаар тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор цаашид тухайн албан тушаалыг хашиж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж өгөх үүрэгтэй. Хэрэв зөрчвөл Авилгын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4-д зааснаар ажил олгогчийн санаачлагаар албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халахаар тусгайлан зохицуулжээ.  

          Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15 дахь хэсэгт “...Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргана...” гэж тайлбарласан байдаг.

        “ОУС” ОНӨААТҮ газарт холбогдох “ОУС” ОНӨААТҮ газрын захирлын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/67 тоот тушаалын үндэслэл болгосон нөхцөл байдал тогтоогдсон, Ц.Б нь хуульд заасан хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлгээ зохих албан тушаалтанд гаргаж өгөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байна. 

     Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргааныг холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлаж, үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

    Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ. 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.    

 Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 145/ШШ2021/00426 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч Ц.Б болон түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

     3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

       4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.