| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2018/0074/э |
| Дугаар | 89 |
| Огноо | 2018-04-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 89
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон
Улсын яллагч Э.Хосбаяр
Шүүгдэгч Ж.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Эад холбогдох эрүүгийн 1830001130071 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Х ХХК-д өрөмдөгч ажилтай, ам бүл 2, эхийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, Ж.Э.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Ж.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны орой 18 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг ... хашаанд С.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ж.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр би М ахынд 0.5 граммын ерөөл нэртэй архитай очиж уугаад согтоод унтсан. Намайг нэг сэрэхэд Б ирчихсэн архи ууж байсан. Би Быг миний мөнгөөр архи уулаа гэхэд Б гаръя зодолдъё гээд байхаар нь гараад Быг цохисон. М ах гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд би гэррүүгээ явсан гэв.
-Шүүгдэгч Ж.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө М гэдэг хуурай ахынхаа гэрт нь очиж архи ууж байгаад тасраад унтаад өгсөн юм. Тэгээд орой 18 цагийн үед сэрэхэд М ахын гэрт С.Б гэдэг залуу ирчихсэн М ахтай цуг архи ууж байсан. Би Д.М ахын охин Зулаагаас ахынхаа мөнгө, виза картыг өгчих гэтэл надад 20.000 төгрөг өгсөн. Уг нь миний мөнгө 60.000 төгрөг байх ёстой байсан. Тэгээд би С.Быг миний мөнгөөр архи уусан байна гэж уурлаж маргалдсан юм. Тухайн үед С.Б нь согтуу байсан бөгөөд гэрийн гадаа гарчихаад намайг дуудаад байхаар нь гараад очтол “чаддаг юм бол намайг цохичих” гээд байхаар нь хацар руу нь нэг удаа цохитол намайг зөрүүлээд нэг удаа цохисон. Үүнээс болоод бид хоёр зууралдаж байгаад газар унаж дээр доороо орж өнхөрсөн. Тухайн үед би С.Быг хөлөөрөө нэг удаа өшиглөтөл нүүрийг нь цохисон. М ах гэрээсээ гарч ирээд бид хоёрыг салгасан. Бид хоёрын дунд болсон асуудал маш богино хугацаанд болж өнгөрсөн. Надад цохиулснаас болж С.Бын биед гэмтэл учирсныг би хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/
-Хохирогч С.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “... М ахтай хамт дэлгүүр орж нэг шил архи аваад гэрт нь ирээд ууж байтал Э сэрээд архинаас ууж байгаад надтай маргасан. Тухайн үед би архи уусан байсан болохоор зарим үйл явдлыг сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь би газар уначихсан Э миний нүүр рүү өшиглөж байсан. М ах бид 2-ыг салгаад Эыг аваад явсан. Би М ахын гадаа үлдэж эхнэр рүүгээ залгаж хэлсэн. Зодуулснаас болж миний 2 нүд хавдаж хөхөрсөн, дух халцарсан, хамар мурийсан. Би юунаас болж маргасан талаараа санахгүй байна. Өмнө нь Ж.Э нь намайг санамсаргүй зүүн мөрний орчим хутгаар хатгаж байсан юм. Үүнээс болж цагдаа шүүхээр орж байсан. Тухайн үед Д.М ах ганцаараа байсан. Өөр хүн байгаагүй. Би одоо Ж.Этай эвлэрсэн. Би Ж.Эаас нэхэмжлэх зүйл байхгүй тул ямар нэгэн гомдол санал байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 04-05-р хуудас/
- Гэрч Д.М мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Ж.Эыг унтаж байхад манай гэрт С.Б ирэхээр нь би Ж.Эын мөнгөөр нь 0.75 граммын “Ерөөл” нэртэй архи авч С.Бын хамт ууж байтал Ж.Э нь сэрсэн. Би тухайн үед архиндаа согтсон байсан болохоор зарим үйл явдлыг сайн санахгүй байна. Ж.Э нь сэрээд миний мөнгөөр архи авч уулаа гээд уурлаад байсан. Гэтэл тэр хоёр нэг мэдсэн манай гэрийн гадаа гарчихсан хоорондоо хэрэлдээд манай хашааны хаалга руу явж байсан. Би араас нь хувцсаа өмсөөд очтол хашааны хаалганы үүдэнд хоорондоо зууралдаад газар ойчиж 2-3 удаа өнхөрч буцаад босож ирсэн. Тэгээд тэр хоёр дахиж хоорондоо зууралдаж зодолдоогүй би хоёр тийш болгож салгасан. ...тухайн хэрэг яг хэдэн цагийн үед болсон гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан нар жаргаагүй байсан. Тийм болохоор ойролцоогоор 17-18 цагийн хооронд байх..” гэх /хх-ийн 8-р хуудас/
-Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дугаар сарын 04-ний өдрийн 194 дүгээр дүгнэлтэнд: С.Бын биед 2 хөмсөгний гол хэсэгт язарсан шарх, зулгаралт, 2 нүдний эргэн тойронд цус хуралт, баруун зүүн нүдний эргэн тойрон, дух, хамрын зөөлөн эдийн няцрал, хамрын мурийлт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тус бүртээ Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 11-р хуудас/
-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/225 дугаар тодорхойлолт /хх-ийн 25-р хуудас/
-Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Ж.Эын хүсэлт /хх-ийн 37/
-Ж.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Ж.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны орой 18 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжийн 17-25 тоот хашаанд хохирогч С.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ж.Эын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч С.Б, гэрч Д.М нарын мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 194 дугаартай дүгнэлт, хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Эад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул Ж.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Эын үйлдсэн хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул Ж.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ж.Эад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.Э цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, хохирогч С.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Эыг 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Эад оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ж.Эад мэдэгдсүгэй.
5. Ялтан Ж.Э нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, хохирогч С.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА