Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 204/МА2022/00003

 

Э.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

      Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

        Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 146/ШШ2021/00304 дугаар шийдвэртэй

         Э.Б-ын нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн *** сумын Эрүүл мэндийн төвд холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагч байгууллагын төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Б, түүний өмгөөлөгч Г.Гандөш, хариуцагч байгууллагын төлөөлөгч Э.О, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох, нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Э.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие нь 2018 оны 03 дугаар сараас Өвөрхангай аймгийн *** сумын Эрүүл мэндийн төвд жолоочоор ажилд орсон. Гэтэл 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б\18 дугаартай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ажлаас халагдах болсон шалтгаан нь 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр эмч Ц.У-ын хамт Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд ковид-19 цар тахлаар өвчилсөн өвчтөнийг 11 цагийн үед хүргэсэн. Буцаад 17 цагийн үед Өвөрхангай аймгаас Хужирт сумын төв рүү гарсан бөгөөд Жаргалантын давааны өвөр дээр машин маань эвдэрсэн ба машинаа засаад Хужирт сумын төв рүү 04 цагийн үед орж ирсэн. Тэгээд эмч Ц.У-ыг гэрт нь буулгахад хоол ид гэхээр нь гэрт нь орсон. Түүний гэрт хоол идээд, эмч Ц.У нойрны эм болно ганц хоёр татчих гээд шилтэй архи гаргаж ирсэн. Би жижиг хундагаар 2-3 удаа уусан. Архи уусан байсан болохоор машинаа үлдээгээд явах гэж байсан боловч эмч Ц.У би машиныг чинь бариад хүргээд өгье гэсэн бөгөөд тэрээр архи уугаагүй эрүүл байсан. Намайг гэрт хүргэж өгөх замдаа хашааны хаалга руу оруулах гэж байгаад хаалганы шонг жолоочийн буруу талаар шүргэсэн. Намайг эмнэлгийн машиныг албан үүргээ биелүүлж явж байхдаа согтуугаар жолоодсон, эмнэлгийн машиныг эвдсэн гэдэг үндэслэлээр ажлаас халсан. Тухайн үед миний хувьд 24 цаг тээврийн хэрэгсэл жолоодсон байсан. Би согтуугаар жолоодоогүй Ц.У-т жолоо шилжүүлсэн нь миний буруу болсон байна. Иймд урьд эрхэлж байсан жолоочийн ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх хүсэлтэй байна гэжээ.

     Хариуцагч байгууллагын төлөөлөгч Э.О анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өвөрхангай аймгийн Хужирт сумын Эрүүл мэндийн төвийн жолооч ажилтай байсан Э.Б нь удаа дараа архи ууж байсан. Архи уусан үедээ ажлын байран дээрээ ирж агсам согтуу тавьж ажилчдын болон хэвтэн эмчлүүлж байсан хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулж байсан. Жолоочийн ажил үүргээ гүйцэтгэж явахдаа согтуу байсныг нь нотлох баримт байгаа зарим нотлох баримт байхгүй олон зүйл байгаа. Э.Б-ыг удирдлагын багийн хурлаар авч хэлэлцээд сануулж байсан. Нэг үйлдлээ удаа дараа гаргасан учир байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлаас халсан. Өөрийн хариуцаж байсан байгууллагын машинд хохирол учруулсан. Тухайн үед согтуу байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Энэ нь Э.Б нь буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.

          Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Б-ыг Өвөрхангай аймгийн *** сумын Эрүүл мэндийн төвийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, *** сумын Эрүүл мэндийн төвөөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 2593082 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Б-д олгохоор, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг Өвөрхангай аймгийн *** сумын Эрүүл мэндийн төвд даалгахаар, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдан хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 56439 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлан шийдвэрлэжээ.

         Хариуцагч байгууллагын төлөөлөгч Э.О гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дах сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 146/ШШ2021/00304 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Э.Б-ын ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь: Өвөрхангай аймгийн *** сумын эрүүл мэндийн төвд жолоочоор ажиллаж байсан Э.Б нь албан үүргээ биелүүлэх үедээ, мөн ажлын болон ажлын бус цагаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж ажлын байран дээр зүй бус үйлдэл гаргаж, байгууллагын ажилчид, хэвтэн эмчлүүлэгчдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, айдас түгшүүрт автуулж байсан үйлдэл удаа дараа гаргаж байсан. Мөн Э.Б нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр тус сумын эрүүл мэндийн төвийн өмч *** улсын дугаартай УАЗ-Фургон машиныг бусдад дамжуулж жолоодуулснаас машинд эвдрэл үүссэн. Э.Б-ын энэхүү үйлдэл нь /байгууллагын эд хөрөнгийг бусдад жолоодуулж эвдрэл үүсгэсэн/ түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3.5-д заасан зөрчилд хамаарах бөгөөд энэхүү зөрчил нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсооход хүргэх ноцтой зөрчлүүдийн нэг юм. Хархорин сум дах сум дундын шүүхээс Э.Б-ын 2021 оны 04, 07 дугаар сард гаргасан зөрчлүүдэд сахилгын шийтгэл оногдуулах хугацаа өнгөрсөн тул ажлаас чөлөөлөх тушаал нь үндэслэлгүй гэж үзсэн байх боловч Э.Б-ын сүүлд гаргасан зөрчилд /2021.07.27/ байгууллагаас авсан арга хэмжээ /ажлаас чөлөөлсөн/ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасныг зөрчөөгүйг шалгаж үзээгүй. Мөн шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажлаас шууд халах ноцтой зөрчил гаргасныг нотолж чадаагүй, Э.Б-ыг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсооход хүргэх ажилтны зүгээс гаргасан ноцтой зөрчилд ямар зөрчлүүд орохыг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Э.Б-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.3-д тусгасан байх ба Э.Б-ын байгууллагын эд хөрөнгийг бусдад дамжуулсан нь ноцтой зөрчилд хамаарна. Мөн байгууллагын эд хөрөнгө буюу *** улсын дугаартай УАЗ-Фургон машиныг Э.Б нь тус сумын ЭМТ-ийн эмч Ц.У-т жолоодуулснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Эмч Ц.У мөн адил тухайн машиныг жолоодож байснаа мэдүүлсэн байх ба Ц.У-т “D” ангилалгүйгээр фургон машиныг жолоодож явсан гэх үндэслэлээр цагдаа торгууль оногдуулсан зэрэг байдлаар байгууллагын эд хөрөнгийг бусдад дамжуулсан нь нотлогдож байхад ноцтой зөрчил гаргасан нь нотлогдохгүй байна гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Түүнчлэн Э.Б сахилгын шийтгэл оногдуулснаас хойш 1 жил өнгөрөөгүй байхад дахин зөрчил гаргасан нь нотлогдож байгаа нь сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлтэй тул ажлаас чөлөөлсөн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэх нь буруу юм. Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дах сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 146/ШШ2021/00304 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

         Нэхэмжлэгч Э.Б давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвд өвчтөнийг хүргээд буцах замд машин эвдэрч 03 цагийн үед *** сумын төвд орж ирсэн. Уыг хоол ид гэхээр нь хоол идчихээд байж байтал нойрны эм болно гээд 3-н хундага архи өгсөн. Архи уугаад тээврийн хэрэгслээ орхиод явъя гэхэд У эмч би бариад явж чадна зүгээр гэж хэлсэн. Хуульд төрийн албан хаагч өдрийн 8-н цаг ажилладаг. Жолооч 24-н цаг ажиллана гэсэн хуулийн заалт байхгүй. Тэр өдөр ажлын бус цаг байсан гэж үзэж байна. Би жолоог дур мэдэн шилжүүлээгүй. Эмч хүргэж өгнө гэсэн шийдвэр гаргасан. Өмнө нь эхнэртэйгээ муудалцаад агсам согтуу тавьсан гэж ярьж байна. Үүнийг нотлох баримтаар нотлоогүй, хэнийг ч ингэж хэлж гүтгэж болно. ...Намайг архичин л гэж яриад байна. Өмнө нь цагдаад дуудлага өгөөд намайг шалгасан тохиолдол байдаг. Өмнө нь дуудлагад явахдаа согтуу байсан гэж худал ярьж байна. Намайг ээлжийн амралттай хугацаанд тушаал гаргаж Уд гэдэг хүнд үлдээсэн байсан. Ажлаас халагдах тушаалд өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан гэсэн байсан. Яагаад өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан гэж байгаа юм бэ гэхэд дараагийн ажилд ороход хэрэгтэй учраас ярилцаж байгаад шийдсэн гэсэн. Удтай ярьсан талаар утсандаа баримтжуулаад авсан. Архидан согтуурсан зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Гандөш давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хүчингүй болгуулах байр суурьтай байна. Учир нь *** сумын Эрүүл мэндийн төвийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/18 дугаартай тушаалыг үндэслэлгүй гарсан. Тушаалын тодорхойлох хэсэгт удаа дараа согтуу байсан, архи уусан үедээ ажлын байранд ирсэн, ажиллагсад болон эмнэлгийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, хариуцсан эд хөрөнгөдөө хохирол учруулсан гэх зүйл бичсэн байсан. Энэ байдлыг тушаал гаргахдаа нотлоогүй. Улсын Дээд Шүүхийн зөвлөмжид зөрчлийг шалгасан хүн зөрчил гаргагчийг ажлаас халах үндэслэлээ нотолно гэж заасан. Хөдөлмөрийн гэрээнд ажлаас шууд хална гэх нөхцөл байдал тогтоогдсон бол нотолно гэсэн боловч нотолж тогтоогоогүй. *** сумын Эрүүл мэндийн төвийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/18 дугаартай тушаалд ажлаас чөлөөлөх ноцтой зөрчил гаргасан болохыг нотлоогүй. Тушаал гаргахдаа тушаалын үндэслэлээ нотлоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг зөрчсөн талаар анхан шатны шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэж бичсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ажлаас шууд халах ноцтой зөрчил гаргасан гэдгийг нотолж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

       Хариуцагч байгууллагын төлөөлөгч Э.О давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх Э.Б-ын гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхээс Э.Б-ын гаргасан сахилгын зөрчлийг 1 сарын хугацаа өнгөрсөн байна гэж үзсэн. Гэвч хамгийн сүүлд буюу 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр жолооч Э.Б нь байгууллагын өмч болох машиныг бусдад шилжүүлж улмаар машинд эвдрэл үүсгэсэн. Энэ зөрчил нь сахилгын шийтгэл оногдуулах 1 сарын хугацаа өнгөрөөгүй байсан. Э.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3-д хөдөлмөрийн харилцааг шууд дуусгах заалтуудыг жагсаан бичсэн байдаг. Байгууллагын өмч болох машиныг бусдад шилжүүлсэн нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлүүдийн нэг гэж тооцогдож байна. Гэтэл үүнийг шүүх харгалзан үзээгүй, мөн амралттай үед нь ажлаас халсан гэж дүгнэсэн. Хөдөлмөрийн дотоод журамд ажлаас халах тушаал, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл, ажил хүлээлцэх хугацааг ээлжийн амралтын тооцоо хийсэн хугацаагаар ажлаас халах эцсийн өдрийг тогтооно гэж заасан. 07 дугаар сарын 29-ний өдөр би өөрөө улаан бүсэд ажиллаж байсан Э.Б-д ийм ийм үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож ажлаас халсан талаар утсаар мэдэгдсэн. 3-н өдөр ажил хүлээлцэх юм байна гээд 08 дугаар сарын 02-ны өдрөөс 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ээлжийн амралт байх юм гэж тооцоод эцсийн өдөр буюу 08 дугаар сарын 23-ны өдөр гэж тушаалын огноогоо гаргасан. Гэтэл амралттай байх хугацаанд ажлаас халсан гэж үзсэн. Өмнө нь 07 дугаар сарын 06-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байхдаа шинжилгээ авахаар айлын хүмүүстэй маргаад, хамт явж байсан сувилагчаа шөнө айлын гудамжинд хаяад явсан үйлдэл нь нотлогдож байгаа. 07 дугаар сарын 29-ний өдрөөр ажлаас халах тушаал гаргасан бол шийтгэл оногдуулах хугацаа өнгөрөөгүй байсан. Э.Б хэлэхдээ албан үүргээ гүйцэтгэж ирээд ажлын байранд биш амралтын цагаараа архи уусан гэдэг. Гэтэл жолооч коридорт суугаад оффист ажил хийдэг хүн биш. Ажлын байр нь машин. Ажлын байранд ирээд машинаа хүлээлгэж өгөөд, ажлын цагаа бүртгүүлсэн үедээ ажлын цаг дууссан гэж үзнэ. Ажлын цаг дуусаагүй үедээ архи ууж машинаа бусдад шилжүүлж, машинд эвдрэл үүсгэсэн. Эхнэр нь эмнэлэгт сувилагч хийдэг.  2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр байгууллага дээр ирж агсам согтуу тавьж эхнэрээ болон бид хоёрыг унтуулаагүй. Эмнэлэгт хэвтэж байсан хадам талын хүнтэйгээ муудалцсан. Удирдлагын багаар авч хэлэлцээд сануулга өгөөд, 2 сарын хугацаанд цалингийн 20 хувиар сахилгын шийтгэл оногдуулж байсан. Э.Б 1 жилийн хугацаанд сахилгын шийтгэлтэй гэж тооцогдоно. 07 дугаар сард зөрчил гаргасан нь сахилгын зөрчлийг давтан гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар сахилгын зөрчлийг давтан гаргасан байна. Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил байхад  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг нотолж чадаагүй гэж дүгнэснийг үндэслэлгүй. ... Хэргийн материалд хавсрагдсан баримтуудаас Э.Б ямар хүн бэ гэдэг нь харагдана. Шүүхээс шийтгэл оногдуулах хугацаа нь өнгөрсөн гэж үзэж байгаа боловч архи уух дуртай, архи уусан үедээ ажилчид, гэр бүлдээ агсам согтуу тавих, дарамтлах үйлдэл гаргадаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

      Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхээс Э.Б-ын гаргасан зөрчлүүдийг хуульд заасан хугацаанаас хэтэрсэн байгаа учраас хариуцлага тооцох нь үндэслэлгүй гэх дүгнэлтийг хийсэн. Машинаа бусдад дамжуулсан үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн харилцааг шууд зогсооно гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан тохиолдолд шууд ажлаас хална гэсэн үндэслэлд тохирч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн  166.4-т зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 146/ШШ2021/00304 дугаар шийдвэртэй Э.Б-ын нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Хужирт сумын Эрүүл мэндийн төвд холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийг даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагч байгууллагын төлөөлөгчийн гомдлыг үндэслэн бүхэлд нь хянав.

     Хариуцагч байгууллагын төлөөлөгч Э.О-ийн ...Э.Б-ын үйлдэл нь /байгууллагын эд хөрөнгийг бусдад жолоодуулж эвдрэл үүсгэсэн/ түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3.5-д заасан зөрчилд хамаарах бөгөөд энэхүү зөрчил нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсооход хүргэх ноцтой зөрчлүүдийн нэг юм...Түүнчлэн Э.Б сахилгын шийтгэл оногдуулснаас хойш 1 жил өнгөрөөгүй байхад дахин зөрчил гаргасан нь нотлогдож байгаа нь сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлтэй тул ажлаас чөлөөлсөн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэх нь буруу гэсэн гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

      Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ: ...Миний бие албан үүргээ биелүүлэх явцдаа удаа дараа согтуу байсан.., ажлын байран дээр зүй бус үйлдэл гаргасан асуудал байхгүй...Түүнчлэн өөрийн хариуцаж буй байгууллагын эд хөрөнгөнд хохирол учруулсан гэх үйл баримтыг хөтөлбөргүй тогтоосон зүйл байхгүй... Иймд урьд эрхэлж байсан жолоочийн ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх хүсэлтэй байна гэж тодорхойлжээ.

     Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч  ...Өвөрхангай аймгийн *** сумын эрүүл мэндийн төвд жолоочоор ажиллаж байсан Э.Б нь албан үүргээ биелүүлэх үедээ мөн ажлын болон ажлын бус цагаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж ажлын байран дээр зүй бус үйлдэл гаргаж, байгууллагын ажилчид, хэвтэн эмчлүүлэгчдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, айдас түгшүүрт автуулж байсан үйлдэл удаа дараа гаргаж байсан. Мөн Э.Б нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр тус сумын эрүүл мэндийн төвийн өмч *** улсын дугаартай УАЗ-Фургон машиныг бусдад дамжуулж жолоодуулснаас машинд эвдрэл үүссэн. Э.Б-ын энэхүү үйлдэл нь /байгууллагын эд хөрөнгийг бусдад жолоодуулж эвдрэл үүсгэсэн/ түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3.5-д заасан зөрчилд хамаарах бөгөөд энэхүү зөрчил нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсооход хүргэх ноцтой зөрчлүүдийн нэг юм...Түүнчлэн Э.Б сахилгын шийтгэл оногдуулснаас хойш 1 жил өнгөрөөгүй байхад дахин зөрчил гаргасан нь нотлогдож байгаа сахилгын зөрчил давтан гаргасан гэжээ.

          Өвөрхангай аймгийн *** сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б\18 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1, 132 дугаар зүйлийн 132.1, 132.5 дахь заалтууд, тус байгууллагын дотоод журмын 3.8 дахь заалтыг удирдлага болгон Э.Б нь албан үүргээ биелүүлэх явцдаа удаа дараа согтуу байсан, ажлын болон ажлын бус цагаар согтуурсан үедээ, ажлын байран дээр зүй бус үйлдэл гаргаж байгууллагын ажилчид, хэвтэн эмчлүүлэгчдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, айдас түгшүүрт автуулсан, өөрийн хариуцаж буй байгууллагын эд хөрөнгөнд хохирол учруулсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халжээ.  

         Анхан шатны шүүх Өвөрхангай аймгийн *** сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б\18 дугаартай тушаал нь Э.Б-ыг ажлаас шууд халах ноцтой зөрчил гаргасан болохыг тогтоогоогүй, тушаалын үндэслэлээ нотлоогүй гэх үндэслэл зааж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй байна.

        Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж, Хөдөлмөрийн гэрээний 4.3-т хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлүүдийг нэрлэн заасан байх ба 4.3.5-д ажилтан байгууллагын эд хөрөнгийг зохих зөвшөөрөлгүй авч явах, бусдад дамжуулсан, ашигласан, 4.3.12-т ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан бол ноцтой зөрчилд тооцогдохоор байна. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолд ...15.4. хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал оногдуулсан байхыг шаардахгүй.

15.4.2. Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна гэж тайлбарласан байна.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Эрүүл мэндийн төвийн жолооч Э.Б-ыг удаа дараа сахилгын зөрчил гаргасан, мөн хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, ажилтанд хариуцлага тооцсон ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцох бөгөөд  Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай  Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолд ...15.4.1. Давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Э.Б нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан болох нь Өвөрхангай аймгийн *** сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б\08 дугаартай тушаал /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/, *** сумын Эрүүл мэндийн төвийн удирдлагын багийн хурлын шийдвэр /хавтаст хэргийн 45-47 дугаар хуудас/, байгууллагаас өөрт нь олгосон эд хөрөнгө болох автомашиныг зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн буюу хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан болох нь нэхэмжлэгч, хариуцагч болон гэрч Ц.Уын тайлбараар /хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас/ тогтоогджээ. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Э.Б-ыг ээлжийн амралттай байхад ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасныг зөрчсөн гэх үндэслэл заасан боловч хэзээнээс эхлэн, ямар хугацаанд амарсан нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162, 168 дугаар зүйлийн 168.2-т заасан үндэслэлүүд тогтоогдоогүй тул хариуцагч байгууллагын төлөөлөгч Э.О-ийн гомдлыг хангаж, дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай Өвөрхангай аймгийн *** сумын Эрүүл мэндийн төвд холбогдох Э.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

        Хариуцагч байгууллагын төлөөлөгч Э.О-ийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Хужирт сумын Эрүүл мэндийн төвөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 56439 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.   

  Монгол улсын  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг  удирдлага болгон

                                                            ТОГТООХ  нь:

        1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 146/ШШ2021/00304 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Өвөрхангай аймгийн *** сумын Эрүүл мэндийн төвөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 56439 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

         3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.