Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 600

 

Г.Г нарт холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Очбадрал, Ж.Нарантуяа, хохирогч С.Гын өмгөөлөгч Б.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 617 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 883 дугаар магадлалтай, Г.Г, О.Б, Т.Б, Д.Б, Т.Д нарт холбогдох 201726010731 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Г, шүүгдэгч Т.Бийн өмгөөлөгч А.Очбадрал нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Гын Г,

2.Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 5-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2007 оны 2 дугаар сарын 16-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Оын Б,

 3.Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Зуутраг овогт Тийн Б,

 4.Монгол Улсын иргэн, 1978 оны 6 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Хотгойд овогт Дын Б,

5.Монгол Улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Цагаанбаатар овогт Тийн Д,

Шүүгдэгч Г.Г, О.Б, Т.Б нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Д.Б, Т.Д нар нь 215 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Б, Г.Г, Т.Б нарт холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж,

шүүгдэгч О.Б, Т.Б нарыг бусдын 7 тооны бод малыг 5 удаагийн үйлдлээр хулгайлсан, шүүгдэгч Г.Гийг бусдын 5 тооны бод малыг 4 удаагийн үйлдлээр хулгайлсан,

шүүгдэгч Д.Б, Т.Д нарыг бусдын 2 тооны бод малыг 1 удаагийн үйлдлээр хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Быг 5 жил хорих ял, шүүгдэгч Г.Гийг 4 жил хорих ял, шүүгдэгч Т.Бийг 3 жил хорих ял, шүүгдэгч Д.Бийг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Т.Дийг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч О.Б, Г.Гт, Т.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б 275 хоног, шүүгдэгч Г.Г 311 хоног, шүүгдэгч Т.Б 5 хоног тус тус цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Д.Бийн цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон түүний эдлэх ялаас хасаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Баас 9.351.340 төгрөг гаргуулж, хохирогч Б.Эд 500.000 төгрөг, Б.Дт 1.700.000 төгрөг, С.Мт 1.700.000 төгрөг, С.Год 1.200.000 төгрөг, Т.Гд 4.351.340 төгрөг олгуулах,

шүүгдэгч Г.Гаас 5.000.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Э 500.000 төгрөг, Б.Дт 1.700.000 төгрөг, С.Мт 1.700.000 төгрөг, С.Год 1.200.000 төгрөг олгуулах, хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 25-49 УНИ улсын дугаартай, Toyoto Мark 2 автомашин битүүмжлэгдсэнийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч О.Б, Г.Г нарын бусдад төлөх хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулах, хэрэгт хураагдсан 1 ширхэг сүх, 5 ширхэг хутга, 1 ширхэг хутганы сав, тамхины иш, хазаар, уяа зэргийг устгах,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдож буй шүүгдэгч Д.Бийг суллаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Бийн өмгөөлөгч А.Очбадралын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Г гаргасан гомдолдоо: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, 4 жилийн хорих ял, мөн 5.000.000 төгрөгийг бусдад төлөхөөр шийтгүүлсэнд эс зөвшөөрч байна.

Үүнд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш. Харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учируулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм гэж давж заалдах шатны шүүх үзсэн боловч шүүхийн явцад шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс Эрүүгийн хуулийн хэрэглэж болох зохицуулалтыг бүхий л талаас нь шинжлэн судалж, эрх тэгш зарчмыг баримтлан хэрэглэж болох байтал хөнгөрүүлэх нөхцлийг огт дурдаагүй, хэт хүндрүүлэх нөхцөл байдлыг баримтлан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь, миний бие анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хамаатны дүү болох О.Б гуйсны үндсэн дээр өөртөө ямар ч ашиг олох зорилгогүйгээр анхандаа хулгайн мал гэж мэдэхгүй, бусдад туслах үүднээс хамтран оролцсон. Харин дараа дараагийн удаа хулгайн мал болохыг мэдээд О.Бд хандан “заавал хулгай хийж өр ширээ барагдуулах алба байна уу, одоо больё” гэж хэлээд сүүлийн мал хулгайлах үйлдэлд миний бие оролцоогүй, уг мэдүүлэг хавтаст хэрэгт байгаа. О.Б анхан шатны шүүх хуралд мэдүүлэхдээ “Г.Г, Т.Б нарын бусдад төлөх мөнгийг миний бие барагдуулна, учир нь тухайн үед бүх мөнгийг би авсан” гэж мэдүүлдэг. Мөн “би энэ хоёрыг уруу татан авч явсан” гэдэг.

Миний бие урд өмнө сургуульд огт сууж байгаагүй, юм ойлгох, сэтгэх чадвар муу, бусдад өөрийгөө ойлгуулах тал дээр бүрэг ноомой хэв шинжтэй, би багаасаа хамаатны ах, дүүгийндээ болон нутгийн айлуудад туслан малыг нь маллаж, мод түлээнд нь явж бусдад туслан ээж, дүү нараа тэжээдэг байсан. Үүнийг минь ашиглан, намайг зөөлчлөн хамаатны дүү О.Б намайг “мал алалцаад өг, дүү нь өр ширэнд орсон, ээжийн байрыг алдах гээд байна” гэхээр нь би өөрөө ашиг олох зорилгогүйгээр тусалж байна гэж бодож хамт явсан. Мөн миний бие хэргийн талаар огт маргадаггүй, хэргээ үнэн зөвөөр нь хүлээн зөвшөөрч, хуулийн байгууллагад хүндрэл учруулаагүй, хохирол төлөхөө илэрхийлдэг юм.

Манай ар гэр, ээж, дүү нар минь энэ их хэмжээний мөнгө болох 5.000.000 төгрөгийг төлөх чадваргүй, амьдралын боломж муу, дээр нь миний бие 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэнд надад болон манай ар гэрт маш хүнд тусч байна. Гэхдээ миний бие хэдий өөрийн санаа зорилго биш, бусдын гуйснаар явсан хэдий ч нийгэмд болон бусдад хохирол учруулсандаа маш их харамсаж, нийгэмд учруулсан гэм хороо ухамсарлан ойлгож, дахин гэмт хэрэг хийхгүй, зөв нийгэмшин амьдарч чадна. Мөн миний бие бусдад хохирол учруулчихаад огт хийгээгүй гэм зэмгүй хүн шиг хуулийн өмнө хариуцлага хүлээхгүйгээр мултаръя гэсэн хувийн буруу ташаа бодол огт байхгүй. Иймд миний энэхүү гомдлыг хүлээн авч, энэрэнгүй уян хатан хандаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.Бийн өмгөөлөгч А.Очбадрал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 883 дугаар магадлалаар хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна…

Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 4 дүгээр сард бусдын 4 тооны адуу хулгайлсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд шүүгдэгч нь гэм буруу болон зүйлчлэлийн хувьд маргадаггүй, бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болно. Шүүгдэгч Т.Б нь 2000 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн бөгөөд уг гэмт хэрэг анх үйлдэгдэхэд 16 настай байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд нь шүүгдэгч Т.Бийн 16 насандаа буюу өсвөр насны хүн байхдаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдалд хууль зүйн ямар нэгэн дүгнэлт хийлгүй орхигдуулж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Т.Бийн холбогдсон гэмт хэрэг 2017 онд үйлдэгдсэн бөгөөд 2019 онд шийдэгдсэн нь шүүгдэгч Г.Г, О.Б нар мөрдөн байцаалтын шат болон шүүхийн шатнаас оргон зайлсантай холбоотой болно. Шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэгт холбогдсоноос хойш өөрийн гэм буруутай үйлдэлдээ дүгнэлт хийж, хэрэгт шалгагдах хугацаандаа өмнө нь эрхэлж байсан ажлаасаа гадна давхар ажил хийж, хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Мөн шүүгдэгч Г.Г, О.Б нар нь шүүгдэгч Т.Бийг “хоёр ах нь ах, дүү нартаа зээлсэн мөнгөө авч чадахгүй байгаа учраас адуу малнаас нь авч байгаа юм” хэмээн анх гэмт хэрэгт татан оролцуулсан байдаг. Түүнчлэн шүүгдэгч Г.Г, О.Б нарт холбогдох хүүхдийг гэмт хэрэгт татан оролцуулсан гэх гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Шүүгдэгч Т.Б мал нядалгааны газар ажиллаж, амьдралаа залгуулдаг байсан бөгөөд шүүгдэгч Г.Г, О.Б нараас 4 адуу нядалсан ажлын хөлсөнд 80.000 төгрөг авсан байдаг.

Шүүгдэгч Т.Бийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэгт холбогдсон цагаасаа эхлэн өөрийн гэм буруугаа ухамсарлан 2 жилийн хугацаанд давхар ажил хийж, өөрт ноогдох хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, түүнд оногдуулсан 3 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж өгөхийг хүсэж байна. Шүүгдэгч Т.Бийн 16 насандаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь түүний ял шийтгэлд тусгагдах ёстой, мөн өсвөр насандаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, түүнд олдож байгаа хууль зүйн боломжийг эдлүүлж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж өгөхийг хүсэж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Б, Т.Д, Т.Б нарын өмгөөлөгч Ж.Нарантуяа хэлсэн саналдаа: “2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Хавтаст хэргээс үзвэл Т.Б нь 16 нас 4 сар 9 хоногтой байхдаа малын хулгайн хэрэгт холбогдсон байдаг. Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт хамаарах заалтад анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Тиймээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Т.Бийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.1-д заасан ялыг оноох боломжтой. О.Б, Г.Г нарыг насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт уруу татсан гэж яллагдагчаар татсан боловч хэрэгсэхгүй болгосон. Гэвч Т.Бт тэдэнтэй дүйцэхүйц 3 жилийн хорих ял оноосон нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Тийм учраас Үндсэн хуульд заасан хүний эрх, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Эрүүгийн хуульд зааснаар хорихоос өөр төрлийн ял оногдуулах бүрэн боломжтой байсан. Иймд Эрүүгийн хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахыг хүсэж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогч С.Гын өмгөөлөгч Б.Эрдэнэбат хэлсэн саналдаа: “Тээврийн хэрэгслийг Г.Гийн хохиролд оруулан тооцно гэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу болсон. О.Бы тээврийн хэрэгслийг миний үйлчлүүлэгч хохиролдоо авъя гэж байгаа учраас нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн нь үндэслэлтэй. Шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцэж байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Г, шүүгдэгч Т.Бийн өмгөөлөгч А.Очбадрал нарын гаргасан гомдлыг үндэслэн Г.Г, О.Б, Т.Б, Д.Б, Т.Д нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч О.Б, Т.Б, Г.Г нар нь бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж 2017 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 361-ийн гарам гэх газраас иргэн Б.Эийн өмчлөлийн хээлтэй гүүг хулгайлж, 1.280.000 төгрөгийн,

2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөл гэх газраас иргэн Б.Дийн өмчлөлийн 2 тооны гүүг хулгайлж, 3.780.000 төгрөгийн,

2017 оны 4 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэр Дугуй булаг гэх газраас иргэн С.Мын өмчлөлийн азаргыг хулгайлж, 3.600.000 төгрөгийн,

2017 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 361-ийн Тахир соёотын баруун энгэрийн жалганаас иргэн С.Гын өмчлөлийн азаргыг хулгайлж, 2.700.000 төгрөгийн,

шүүгдэгч О.Б, Т.Б, Т.Д, Т.Б нар нь бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 3-ны өдрийн хооронд Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багийн “Өвгөнтийн ар” гэх газраас иргэн Т.Гын өмчлөлийн 2 тооны адууг хулгайлж, 9.551.340 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласны улмаас шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, шүүгдэгч О.Б, Г.Г, Т.Б нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Быг 5 жил хорих, Г.Гийг 4 жил хорих, Т.Бийг 3 жил хорих, Д.Бийг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх, Т.Дийг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч нарт оногдуулсан ял тэдгээрийн гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал, учирсан хохирлын шинж чанарт тохирсон байна.

Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлэх үедээ өсвөр насны буюу арван дөрвөн насанд хүрсэн боловч арван найман насанд хүрээгүй хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тусгай журмыг хуульчилсан бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ өсвөр насны байсан боловч шүүхээр шийтгүүлэх үед арван найман насанд хүрсэн хүнд энэ бүлгийн зөвхөн 8.4, 8.5 дугаар зүйлүүдэд зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялыг хоёр дахин багасган эдлүүлэх зохицуулалтыг хэрэглэнэ гэж заасан.

Шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдэхдээ 18 насанд хүрээгүй байсан боловч хэргийг шүүхээр хянан хэлэлцэх үед 18 насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, түүнд оногдуулсан 3 жил хорих ялыг 2 дахин багасгах талаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хүлээж авах нь зүйтэй гэж үзэв.

Харин шүүгдэгч Г.Гийн хувьд 4 удаагийн үйлдлээр бусдын 5 тооны бод малыг хулгайлсан болох нь тогтоогдсон бөгөөд түүний гэмт хэрэгт оролцсон оролцоо, хохирлын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 4 жил хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Г.Гийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.Бийн өмгөөлөгч А.Очбадрал, Ж.Нарантуяа нарын гаргасан гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 617 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 883 дугаар магадлалд “шүүгдэгч Т.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хоёр дахин багасгаж, түүний эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Гийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                         ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                         ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН