Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2018/0138

 

Н.Т-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э  нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 840 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор, Н.Т-ын нэхэмжлэлтэй, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 840 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.1, 30 дугаар зүйлийн 30.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын ажилд томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Н.Т-ыг 2016 оны 8 сарын 09-ний өдрөөс 2017 оны 5 сарын 09-ний өдөр хүртэл ажилласнаар тооцож, нийт 9 сарын хугацааны цалинд 9670608 /есөн сая зургаан зуун далан мянга зургаан зуун найм/ төгрөг олгохыг, холбогдох суутгал хийхийг, нэг удаагийн буцалтгүй тусламжинд нийт 23.400.489 /хорин гурван сая дөрвөн зуун мянга дөрвөн зуун наян ес/ төгрөгийг тус тус хариуцагч Барилга, хот байгуулалтын яамнаас гаргуулан нэхэмжлэгч Н.Т-т олгож шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхээс иргэн Н.Т-ын нэхэмжлэлийн шаардлагын дагуу хөдөлмөрийн харилцаа үүссэнээр тооцож, цалин, нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн нь доор дурдсан байдлаар нийцэхгүй байна. Анх 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Төрийн нарийн бичгийн даргын Б/16 дугаар тушаалаар Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтгүйгээр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн шийдвэр юм. Улмаар 2014 оны 134 дүгээр тушаалаар чөлөөлсөн байдаг. Мөн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн өдрийн Б/62 дугаар тушаалаар иргэн Н.Т-ын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулахгүйгээр, Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтгүйгээр томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.5 дахь хэсгийг тус тус зөрчсөн байдаг. Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн иргэн Н.Т-тай уулзах үедээ дээрх нөхцөл байдлын талаар тайлбарлаж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл иргэн Н.Т-ыг томилсон тушаал бүр Төрийн албаны зөвлөлөөс баталсан журам, хуульд заасан шаардлагыг хангаагүй эрх зүйн зөрчилтэй, хууль бус захиргааны актыг гаргасан. Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/179 дүгээр тушаалаар 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/62 дугаар тушаалын иргэн Н.Т-т холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Шүүх энэ асуудлаар үнэлэлт дүгнэлт хийгээгүй, маргаан бүхий захиргааны акттай холбоотой иргэн Н.Т-ын тухайн албан тушаалд томилогдох хуульд заасан шаардлага, үндэслэлийг шалгаагүй. Иймд хууль зөрчиж үүссэн хөдөлмөрийн харилцааг үргэлжлүүлэхгүй, хууль бус харилцаагаа зогсоосны төлөө ажилгүй байсан хугацааны цалин, нэг удаагийн буцалтгүй тусламж олгох үүргийг Барилга хот байгуулалтын яам хүлээхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр, иргэн Н.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Н.Т нь Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан “Төрийн жинхэнэ албан хаагчийг эгүүлэн ажилд томилоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, 36 сарын цалингийн нэг удаагийн буцалтгүй тусламжид олгогдох байсан 23,5 сая төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “ажлын байр хэвээр хадгалагдан үлдсэн байхад 7 сарын дараа тэтгэвэртээ гарах гэж байсан миний хөдөлмөрлөх эрхийг шууд зөрчин бүтэц өөрчлөгдсөн нэрийдлээр ажилд томилоогүй хууль бус эс үйлдэхүй гаргасан” гэж тайлбарласан бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “нэхэмжлэгч нь эрхэлж буй албан тушаалд анх томилогдохдоо Төрийн албаны зөвлөлийн дүгнэлт, Авилгатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилгүй талаарх лавлагааг тус тус гаргуулахгүйгээр томилогдсон учраас дахин томилоогүй, нэхэмжлэлээ хуулийн хугацааг хэтрүүлж гаргасан” гэж маргажээ.

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Албан хаагчдыг ажлаас чөлөөлөх тухай” Б/123 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлж, ажилд нь эгүүлэн томилоогүй хугацаанаас тооцон үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-14.4-т заасан хугацаа өнгөрсөн байх боловч нэхэмжлэгчид итгэл, үнэмшил төрүүлэн “таныг ажлын байраар хангана” гэж хүлээлт үүсгэсэн нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан “...хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж үзэх үндэслэл болохгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна. 

Түүнчлэн, яамны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Б/123 дугаар тушаалаар нийт албан хаагчдыг ажлаас чөлөөлсөний дараа нэхэмжлэгч Н.Т-ын урьд ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байхад уг ажлын байранд эгүүлэн томилоогүй нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...” гэснийг зөрчсөн байх тул хариуцагчийн ажилд томилоогүй эс үйлдэхүй хууль бус байсныг тогтоосон нь үндэслэл бүхий болжээ.

Хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэгчийг анх ажилд томилохдоо Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтгүй, Авилгатай тэмцэх газраар хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ хянуулаагүй томилсон байсан тул эгүүлэн ажилд нь томилоогүй гэж тайлбарлаж байх боловч төрийн жинхэнэ албан тушаалтныг томилох эрх бүхий этгээд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйн төлөө нэгэнт томилогдон ажиллаж байгаа нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүйн зэрэгцээ энэхүү тайлбартаа дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөөгүй, харин шүүхэд хэрэг маргаан шийдвэрлэгдэж байх хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/179 дүгээр тушаалаар дээрх үндэслэлүүдийг заан нэхэмжлэгч Н.Т-ыг Барилга, хот байгуулалтын яамны Салбарын норм, нормативын боловсруулалт хариуцсан ахлах мэргэжилтнээр томилж байсан 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/62 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 “хууль дээдлэх”, 4.2.5 “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх”, 4.2.6 “төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг хангах” зэрэг зарчмуудыг зөрчсөн байна. 

Иймд Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т заасан “тэтгэвэр тогтоолгох насанд” хүрч 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тэтгэвэрт гарсан байх тул түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хохиролд тооцон 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны цалин 9.670.608 төгрөгийг олгож шийдвэрлэсэн үндэслэлтэй гэж үзнэ.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасан бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийг ажилд нь эгүүлэн томилоогүй хууль бус эс үйлдэхүй гаргасны улмаас нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасан “төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр, тэтгэмж авах” баталгаа зөрчигдөн төрийн жинхэнэ албан хаагчид олгогдох буцалтгүй тусламжаа авч чадахгүй хохирсон байх тул үүнийг хохиролд тооцон захиргааны байгууллагаас гаргуулах нь Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасантай нийцнэ.

Харин шүүх буцалтгүй тусламжийн хэмжээг буруу тооцсон байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй. Тодруулбал,

          Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 3-т “Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн жинхэнэ албан хаагчийн хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн хэмжээг тухайн албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн сүүлийн гурван жилийн дунджаар тооцож тогтооно”, 6-д “Төрийн албанд ажилласан хугацааг тухайн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж буюу албан тушаалтан тооцож тодорхойлно. Төрийн албанд ажилласан хугацааг хуанлийн бүтэн жилээр тооцно” гэж зааснаар нэхэмжлэгчийг төрийн албанд 29 жил ажилласан гэж үзэх бөгөөд 29 сарын цалин хөлстэй тэнцэх 23.082.115 /795.935х29=23.082.115/ төгрөг олгохоор байжээ.

Нэхэмжлэгчид сүүлийн 3 жил ТЗ-8 ангиллын 5 дугаар шатлалаар цалин хөлс олгож байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон, Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 332 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээ”-нд ТЗ-8 ангиллын 5 дугаар шатлалыг “795.935” төгрөгөөр тодорхойлсон байх тул нэхэмжлэгчийн нэг сарын цалингийн хэмжээг 795.935 төгрөгөөр тооцсон нь зөв байна. 

Иймд шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлүүдээр болон хууль хэрэглээ, үг зүйн найруулгыг зөвтгөсөн  өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 860 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг ”Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.2.3, 30 дугаар зүйлийн 30.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэхь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын Н.Т-ыг ажилд эгүүлэн томилоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Барилга, хот байгуулалтын яамнаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх 9.670.608 /есөн сая зургаан зуун далан мянга зургаан зуун найм/ төгрөг, төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж 23.082.115 /хорин гурван сая наян хоёр мянга нэг зуун арван тав/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                           ШҮҮГЧ                         Ц.САЙХАНТУЯА  

                        ШҮҮГЧ                          Н.ХОНИНХҮҮ   

                       ШҮҮГЧ                          О.НОМУУЛИН