Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 762

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч “Н*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Н*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож, 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Ашигт малтмалын газрын кадастрын бүртгэлд бүртгэснийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалтыг бүртгэхийг даалгах” гэжээ. 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд: “Н******* ХХК нь 2007 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах *******Х тоот ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийг эзэмших болсон. Уг талбай дээр геологи судалгааны ажлыг хийсний үр дүнд уг талбайнхаа тодорхой хэсэгт ашигт малтмалын ашиглалтын МҮ-******* тоот тусгай зөвшөөрлийг аван үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

2007 оноос хойш хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайдаа зохих хууль журмын дагуу төлбөрөө хугацаанд нь төлж, байгаль орчны төлөвлөгөө, хайгуулын ажлын тайлангуудаа цаг тухайд нь Ашигт малтмалын газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хянуулсаар ирсэн.

“Н*******” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь миний төрсөн дүү Б.Н******* бөгөөд 2016 оны 03-р сараас УАУТХ /Уламжлалт Анагаах Ухааны Технологийн Хүрээлэн/-д ажилд орсон тул төрсөн ах Б.Нарангэрэл би компанийг удирдах болсон.

Тус компани нь хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалт болон жилийн төлбөрийг урд нь огт хоцруулж байгаагүй бөгөөд 2014 оны 12 сарын 19-нд сунгалтын нэг сая төгрөг (1.000.000)-ийг Улаанбаатар хотын банкаар дамжуулан Төрийн сан банкинд тушаасан байсан бөгөөд хугацаа сунгуулах өргөдлөө 2014 оны 12 сарын 19-нд өгөхөөр очиход хүлээж аваагүй. 2014 оны 12 сарын 20, 21-ний өдрүүд нь амралтын өдрүүд таарсан. Дараа нь 2014 оны 12 сарын 22-нд дахин очиход хүндэтгэн үзэх шалтгаан алга гээд бас л хүлээж аваагүй.

Тэр үед дүү Б.Н*******ын эхнэр нь хүнд хавдрын өвчин тусч тэд байнга БНСУ-д эмчилгээнд явдаг байсан бөгөөд 2014 оны 10-р сарын 30-нд яваад 2014 оны 11 сарын 26-нд ирэхэд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгалтын өдөр өнгөрсөн байсныг тэр үед мэдээгүй юм билээ. Эхнэрийнх нь бие улам муудсаар 2014 оны 12 сарын 03-ны өдөр таалал төгссөн.

Түүнээс хойш дүү Б.Н******* сэтгэл санааны гүн хямралд орж, хүнд өвчтэй байсан төрсөн ахаа асарч сувилж явсаар 2015 оны 5 сард ахаа бас алдсан. Үүнээс хойш өөрийнх нь бие байн байн тавгүйрхэж эхэлсэн бөгөөд үе үе даралт буурах, хатгаа авах, ухаан алдах зэрэг  эмгэгүүд тохиолдох болж, эмчийн байнгын хяналтанд орсон. 2015 оны 8 сард мөн ухаан алдаж нурууны үеийн 5ш сэртэнгээ хугалсан эмнэлгийн хяналтад байна.

Эмчилгээ хийлгэж биеэ гайгүй болсны дараа АМГ-ын Кадастрын хэлтэст хандаж 2015 оны 12 сарын 11-нд 11/12-15 тоот албан бичиг өгч, 2015 оны 12 сарын 18-нд АМГ -ын Кадастрын хэлтсийн даргын 6/10118 тоот хариуг авснаар уг ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл дуусгавар болсныг олж мэдсэн.

Ингээд дүү Б.Н******* өөрийн эрх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зөрчигдсөн гэж үзэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасны дагуу тус шүүхэд хандсан юм. Б.Н******* нь тус шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны 402 тоот захирамжийг 2016 оны 01 дүгээр сарын 14-нд хүлээж авсан бөгөөд уг захирамжийн шаардлагыг хангах зорилгоор АМГ-ын даргад хандан албан бичгийг 2016 оны 01 дүгээр сарын 15-нд хүргүүлсэн бөгөөд уг албан бичгийн " ....ЗХХШТХ-ийн 6.3 заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хугацаа сэргээхтэй холбогдсон гомдлоо та шүүхэд гаргана уу"гэсэн  хариуг 2016 оны 02-р сарын 01-нд хүлээн авчээ.

Ингээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гарган 2016 оны 04-р сарын 13-нд тус шүүхийн шүүгчийн 3083 тоот захирамж гарч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргах хугацааг сэргээсэн юм.

Улмаар АМГ-ын Кадастрын хэлтэс болон АМГ-ын даргад хандсан боловч АМГ-ын Кадастрын Хэлтсээс " .... Ашигт малтмалын хайгуулын 10975Х дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2014 оны 12-р сарын 31-ний өдөр дуусгавар болохоос өмнө Ашигг малтмалын тухай хуулийн 22-р зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу танай компани сунгах өргөдлийг Кадастрын хэлтэст гаргаагүй байна ...", АМГ-ын дарга "... Танай компанийн гомдолд дурдсан шалтгаан нь хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул” тусгай зөвшөөрлийг сэргээх боломжгүй гэсэн хариу авлаа.

Тэр үед тусгай зөвшөөрөл сунгах өргөдлөө 2014 оны 12 дугаар сарын 19-нд гаргасан бөгөөд энэ нь тэр үед тусгай зөвшөөрөл сунгах өргөдөл гаргахад бүрдүүлдэг материалаар нотлогдож байгаа бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар хөөн хэлэлцэх хугацааг тогтоож өгсөөр байхад тус компанийн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг сэргээж өгөхгүй байгаад гомдолтой байна” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Н*******” ХХК нь 2014 онд тусгай зөвшөөрлөө сунгуулах шаардлагатай байсан ч сунгуулж чадаагүй хугацаа хэтрүүлснээс болж сунгуулах өргөдлийг хүлээж аваагүйгээс маргаан үүссэн. Нэхэмжлэгчийн ар гэрийн байдлаас болж хугацаа хэтэрсэн байдаг. Үүнээс шалтгаалж тухайн онд Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байсан тул хүлээж аваагүй. Тэгээд ар гэрийн байдлын шалтгаанаас болж хугацаандаа амжаагүй гэсэн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж хугацаа сунгуулах тухай өргөдөл гаргасан байгаа. Иймд сэргээж өгнө үү гэж хүсэж байна” гэжээ. 

2.Хариуцагчийн хариу тайлбарт

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарт: ““Н*******” ХХК-ийн эзэмшдэг Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших ашигт малтмалын

хайгуулын ХУ-******* тоот тусгай зөвшөөрлийг МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газар нь 2014 оны 12-р сарын 20-нд дуусгавар болгож 2015 оны 1-р сарын 08-нд Ашигт малтмалын газрын Кадастрын бүртгэлд бүртгэснийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авч, тусгай зөвшөөрлийн сунгалтыг бүртгэн, уг тусгай зөвшөөрлийн хугацааг сунган, хүчин төгөлдөр байх хугацааг сэргээхийг даалгаж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших Т*******-1 нэртэй газар 3789 гектар

талбайд ХУ-******* дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1632 дугаар шийдвэрээр иргэн Ө. Э*******д олгосон байна.

Иргэн Ө. Э*******ы Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөө шилжүүлэхийг хүссэн өргөдлийг хянан АМГТХЭГ-ын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2007 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 998 дугаар шийдвэрээр “Н*******” ХХК-д шилжүүлснийг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэж шийдвэрлэсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу “Н*******” ХХК нь ХУ- тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ирүүлэхээр хуульчилсан байна.

Сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.1 “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2 “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3 “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4 хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахыг шаардсан байна.

“Н*******” ХХК нь Хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн шаардлагыг хангасан материалыг тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийн хамт хуулийн хугацаанд Ашигт малтмалын газарт огт гаргаж өгөөгүй тул хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа нь ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсныг Ашигт малтмалын газрын Кадастрын бүртгэлийн системд 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дуусгавар болгож бүртгэсэн байна.

Нэхэмжлэлд дурдсан “...тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн...” гэдэг нь тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах, мөн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах бүх/хангалттай/ нөхцөл, шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлгүй юм.

Хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэж заасны дагуу хайгуулын ХV-******* тоот тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар дээд шатны албан тушаалтанд гомдлоо хуулийн хугацаанд гаргаж шийдвэрлүүлээгүй атал Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлэн гаргасан байх тул ЗХШХШТХ-ийн 54.1.8 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тус компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших  Т*******-1 нэртэй 3789 гектар талбайд 10975 тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи уул, уурхайн кадастрын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 1632 дугаар шийдвэрээр иргэн Ө.Э*******д олгосон. Иргэн Ө.Э*******ы ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлж өгсөн өргөдлийг хянан Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын геологи уул, уурхайн кадастрын албаны 2007 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 998 дугаар шийдвэрээр “Н*******” ХХК-д шилжүүлснийг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэж шийдвэрлэсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд хайгуулийн тусгай зөвшөөрөл дуусахаас өмнө түүний эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг 1 сарын өмнө төрийн захиргааны байгууллагад гаргана гэж заасны дагуу “Н*******” ХХК нь тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага хангуулан 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ирүүлэхээр хуульчилсан байгаа. 

Сунгуулах тухай өргөдлийн ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-22.1.4-т заасан холбогдох баримт бичгийг хавсаргаж ирүүлэхийг шаардсан байдаг. “Н*******” ХХК нь тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан шаардлагыг хангуулж хуулийн хугацаанд нь Ашигт малтмалын газарт ирүүлээгүй. Тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар дуусгавар болсныг Ашигт малтмалын газрын Кадастрын бүртгэлийн системд 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дуусгавар болгож бүртгэсэн. Нэхэмжлэлд дурьдсан тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн гэх нь тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах мөн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах нөхцөл шаардлагыг хангасан гэх үндэслэлгүй юм. 

Хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн сунгах үндэслэлгүй юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар дээд шатны албан тушаалтанд гомдлоо хуулийн хугацаанд гэх  боломжгүй гэж үзэж байна. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх хугацаа хэтэрсэн нөхцөлд хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байгаа тул хугацаа сунгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Н*******” ХХК нь “Ашигт малтмалын газар нь “Н*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болгож, Ашигт малтмалын газрын кадастрын бүртгэлд 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр бүртгэснийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалтыг бүртгэхийг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. 

Нэхэмжлэгч нь “тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гаргаж чадаагүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарласан байтал хугацаа сунгуулах өргөдөл гаргасныг зохих журмын дагуу шийдвэрлэлгүйгээр тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон” гэж маргажээ. 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг гаргажээ. Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 3083 дугаар захирамжаар хүсэлтийг ханган, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээжээ. 

Үүний дагуу “Н*******” ХХК нь Ашигт малтмалын газрын даргад дээрх асуудлаар дахин гомдол гаргасан боловч “тусгай зөвшөөрлийг сэргээх үндэслэлгүй” гэх хариуг өгсөн байна. 

Нэхэмжлэгч компани Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Т*******-1 нэртэй газарт орших 3789 гектар талбайн ашигт малтмалын хайгуулын ХV-10975 дугаартай тусгай зөвшөөрлийг иргэн Ө.Э*******аас 2007 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлэн эзэмшжээ /хх 10/. Нэхэмжлэгч хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа өөрийн хөрөнгөөр хайгуулын үйл ажиллагаа явуулж, тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаандаа төлсөн учир 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тусгай зөвшөөрлийн хугацааг сунгажээ. (хх-11).

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу нэхэмжлэгч компани хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө хуульд заасан баримт бичгийг хавсарган тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг гаргах байжээ. 

Нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг гаргаагүйн улмаас хариуцагч 10975Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болгосныг 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр кадастрын цахим системийн бүртгэлд бүртгэсэн болох нь хариуцагчийн хариу тайлбар, Ашигт малтмалын газрын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1/2927 дугаар албан бичиг зэргээр тогтоогдож байна. (хх-40, 64)

Гэтэл нэхэмжлэгч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.Н******* нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө эхнэрээ эмчлүүлэхээр Бүгд Найрамдах Солонгос Улсруу явсан, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсад ирснээс хойш 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр түүний эхнэр нас барсан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдэг нь гадаад паспортын хуулбар (хх-26), нас барсны гэрчилгээ (хх-27) зэргээр тогтоогдож байна.

Компанийн ажилтан Б.Т тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах байсан 2014 оны  11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 1 сарын дараа буюу 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр  хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг холбогдох баримтын хамт Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргажээ. Гэвч өргөдлийг хайгуулын тусгай зөвшөөрөл дуусгавар болсон үндэслэлээр буцаасан гэдэг нь нэхэмжлэгч, .хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар зэргээр нотлогдож байна. 

Нэхэмжлэгч компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд “Н*******” ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хуульд заасан хугацааны үед Б.Н*******, Н.Н гэх 2 үүсгэн байгуулагчтай байжээ. 

 “Н*******” ХХК-иас “Э” ХХК-д 500.000 ам.долларын төлбөр төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Н.Н нь тус компанийн үүсгэн байгуулагчаар бүртгүүлсэн, компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй байсан болох нь “Н*******” ХХК болон “Э” ХХК нарын хооронд байгуулагдсан Эвлэрлийн гэрээ, Компанийн хувьцаа барьцаалах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ зэргээр тогтоогдож байна (хх-107-114).

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах үед хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, тусгай зөвшөөрлийг цаашид үргэлжлүүлэн эзэмших, тухайн талбайд хайгуулын үйл ажиллагааг үргэлжлүүлэн гүйцэтгэх хүсэлтэй байжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиодолд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хуулийн нөхцөл, шаардлагыг тусгажээ. 

Нэхэмжлэгч компанийн хувьд энэхүү хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаагаа 3 жилээр сунгуулах эрхээ хэрэгжүүлэх хүсэл зоригтой байсан. Уг эрхээ хэрэгжүүлэхээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл, хүсэлтээ удаа дараа гаргасан, хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хуульд заасан нөхцөл шаардлага болох хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацааг сунгуулах тухай өргөдлийг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд захирал Б.Н******* нь хүндэтгэн үзэх шалтгаантайн улмаас гаргах боломжгүй байжээ. 

Үүнээс гадна нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15, 4.1.21-т заасны дагуу ашигт малтмал эрх, хайх эрх авсан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд өөрийн хөрөнгөөр хайгуулын үйл ажиллагааг эрхэлж, жил бүр хайгуулын ажлын тайлан гаргаж, зохих төлбөрөө төлж, өмнө нь хугацаандаа тусгай зөвшөөрлөө сунгуулж иржээ. 

Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулаагүй байхад  хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох нь дээр дурдсан хуульд заасан нэхэмжлэгч компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн болон тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахуйц эрх зүйн үр дагавар бий болгоно гэж шүүх дүгнэв.

Үүний учир нэхэмжлэгч “Н*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэв. 

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ.” гэжээ. Хуулийн заалтаас үзэхэд хариуцагч нь хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, бүртгэлд бүртгэдэг байна. Үүний учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалтыг бүртгэхийг хариуцагчид даалгах нь дээр дурдсан хуульд нийцэхгүй бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч шаардлага хангасныг хянан шалгах эрх хэмжээтэй тул үүнийг шүүхээс шууд бүртгэхийг даалгах нь хуульд нийцэхгүй юм. Иймд шүүхээс өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгахаар шийдвэрлэв. 

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Ашигт малтмалын тухай хуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15, 4.1.21, 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.2, 22.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н*******” ХХК-ийн XV-10975 дугаартай хайгуулын тусгай тусгай зөвшөөрлийг 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болгож, Ашигт малтмалын газрын кадастрын бүртгэлд 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр бүртгэснийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалтыг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 (гучин таван мянга нэг зуун) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.САРАНГЭРЭЛ