Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 318

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт

холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                        Л.Атарцэцэг,

                                                   Г.Банзрагч,

                                                   Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа  

Нэхэмжлэлийн шаардлага: “1. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 251 дүгээр “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох тухай” тогтоолын 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн ажил олгогчийн сарын нийт хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоор тогтоосугай” гэж заасан нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2. Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасныг биелүүлэн ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөхөд баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өрийн 251 дүгээр тогтоолын 2 дахь хэсэгт тогтоосонтой тэнцүү байхаар тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш үүссэн үр дагаврыг Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тус тус тогтоолгох, 3. Монгол Улсын Засгийн газарт ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 251 дүгээр “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох тухай” тогтоолын 2 дахь хэсэгт тогтоосонтой тэнцүү байхаар тогтоохыг, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш үүссэн үр дагаврыг хариуцахыг тус тус даалгах”

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 221/ШШ2019/0009 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө, Б.Б, Д.З, хариуцагчийн өмгөөлөгч З.У нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 221/ШШ2019/0009 дугаар шийдвэрээр: 1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 251 дүгээр “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох тухай” тогтоолын 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн ажил олгогчийн сарын нийт хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоор тогтоосугай” гэж заасан нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 54.2, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “хариуцагч Монгол Улсын Засгийн газрын Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасныг биелүүлэн ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөхөд баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өрийн 251 дүгээр тогтоолын 2 дахь хэсэгт тогтоосонтой тэнцүү байхаар тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш үүссэн үр дагаврыг Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тус тус тогтоолгох, Монгол Улсын Засгийн газарт ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 251 дүгээр “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох тухай” тогтоолын 2 дахь хэсэгт тогтоосонтой тэнцүү байхаар тогтоохыг, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш үүссэн үр дагаврыг хариуцахыг тус тус даалгах” нэмэгдүүлсэн шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.  

Давж заалдах журмаар гаргасан гомдол:

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.06.24 өдрийн 221/ШШ2019/0009 дүгээр шүүхийн шийдвэрийг 2019.07.16 өдөр гардан авч, бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар тус гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн: 1. Үндэслэх нь хэсгийн 8 дахь талын 3 ба 4 догол мөр, 9 дэх нүүрийн 1 ба 2 дахь догол мөрүүдэд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2019.02.18 өдрийн 221/Ш32019/0287 дугаар захирамж хүчинтэй тул нэхэмжлэлийн 2, 3 дахь нэмэгдүүлсэн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж шийдсэн хэмээх агуулгатай. Бодит байдалд: 2019.02.11 өдөр гаргасан манай нэхэмжлэлийг шүүх хянан хэлэлцээд, 2019.02.18 өдөр шүүгчийн захирамж гарсан нь “... хариуцагчаар тодорхойлсон Монгол Улсын Засгийн газарт хандаж байгаагүй бөгөөд Монгол Улсын Засгийн газраас ямар нэгэн эс үйлдэхүй, захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр гаргаагүй...”, “... шүүхээс хэм хэмжээний актыг хэрхэн, яаж гаргах талаар захиргаанд заах буюу даалгах боломжгүйг дурдах нь зүйтэй ...” хэмээх 2 гол агуулгатай. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид хандан 2019.02.11, 2019.02.15 өдрүүдэд тус тус хандан гомдол гаргасны албан хариуг 2019.04.08 өдрийн 1/1050 дугаарт “Хариу хүргүүлэх тухай” ХНХЯ-ны сайдын албан бичгийг хүлээн авсан. Гол агуулга нь “... гомдлыг шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлүүлэх нь зүйтэй ...” болно. Үүнийг Захиргааны хэм хэмжээний актын хууль бус хэсгийг залруулахгүй, хууль бусаар мөрдүүлснээс үүссэн үр дагаврыг хариуцахгүй байгаа эс үйлдэхүй хэмээн үзэхээс өөр аргагүй болсон. Түүнчлэн 2019.02.25 Улсын дээд шүүхэд хандан шүүгчийн захирамжид дурьдсан 2 дахь агуулгыг тодруулсан. Улсын дээд шүүх 2019.03.14 өдөр 4/1126 дугаар албан бичгээр хариуг олгосон. Агуулга нь “Таны ойлгож байгаачлан ... шүүхээс “захиргааны хэм хэмжээний акт гаргахыг даалгах” шийдвэр гаргах талаар тухайлан заагаагүй боловч хуулийн энэхүү тодорхойгүй байдлыг тайлбарлан хэрэглэсэн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрүүд байгаа болохыг дурдаж байна.” Болно. Хууль зүйн хэрэглээний хувьд боломжтой нь тодорхой болсон. Шүүгчийн захирамжийг биелүүлэн тодорхой бус байсан 2 агуулгыг тодорхой болгосон тул 2019.04.19 өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, шүүх хүлээн авсан. Зүй нь: Шүүгчийн захирамжийг биелүүлэн Монгол Улсын Засгийн газраас албан хариуг авсан. Шүүгчийн захирамжид дурдсан хууль хэрэглээний тодорхой бус байдлыг тодруулж Улсын дээд шүүхээс албан хариуг авсан. Иймд шүүгчийн захирамжийг биелүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн тул шүүх хүлээн авсан.

4. Үндэслэх нь хэсгийн 10 дахь талын 2 дахь догол мөрд “...нэхэмжлэгч татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээдийн үйл ажиллагаанд МУЗГ-ын 251 дүгээр тогтоол шууд эрх зүйн үйлчлэлгүй, ... татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулах эрхийг энэ тогтоол хөндөөгүй ...” хэмээн дүгнэж шийдвэрлэсэн агуулгатай. Бодит байдалд: Монгол Улсын Засгийн газар нь маргаан бүхий тогтоолоороо Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 хэсгийн агуулга, үзэл баримтлал, зорилго, хүрээнд нийцэхгүй шийдвэр гаргасан болох нь МУИХ-ын 2019.01.25 өдрийн 1/20 дугаар “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичигт тодорхой заасан. МУҮХЦ-ийн 2019.01.30 өдрийн 04 дүгээр магадлалын Үндэслэл хэсгийн 2-т “... Өөрөөр хэлбэл уг хэмжээг ямар зарчмаар тогтоох нь хууль тогтоогчийн бүрэн эрхийн асуудал юм...” хэмээн дүгнэсэн. Магадлалд Засгийн газрын бүрэн эрхийн асуудал гэж дүгнээгүй. Хууль тогтоогч өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. Албан тайлбартаа тодорхой илэрхийлсэн. Магадлалын Үндэслэх хэсгийн 3-т “ Мэдээлэл гаргагч иргэд ... Монгол Улсын Их Хурлын тайлбарыг ... хүлээн зөвшөөрсөн ...” хэмээн дүгнэсэн. Монгол Улсын Их Хурлын тайлбарт Зөвхөн нэг дээд хэмжээг хуульчлан тогтоосон тухай агуулгыг 14 удаа маш тодорхой илэрхийлсэн. Нэхэмжлэгч нь Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 хэсэгт “хуулийн хүчин төгөлдөр баримт бичигт үндэслэх;”, 6 дугаар зүйлийн 6.1.1 хэсэгт “татварын хууль тогтоомжийн талаар зөвлөгөө өгөх, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан мэргэжлийн туслалцаа үзүүлэх;”, мөн зүйлийн 6.1.2 хэсэгт “хууль тогтоомжийн дагуу тооцоо, тохируулга хийх;”, 16 дугаар зүйлийн 16.1.4 хэсэгт “татварын тайланг хянах явцад алдаа, зөрчил илэрсэн бол түүнийг засахад нь туслах, зөвлөгөө өгөх;” эрх, үүрэгтэй. Нэхэмжлэгч нь Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 хэсэгт “татварын бүртгэл гэж ... нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой ажил гүйлгээ, татварын нөлөөллийг тооцох, бүртгэх үйл ажиллагааг” хэмээн тодорхойлсон тул Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх, түүнтэй холбоотой ажил үйлчилгээ эрхлэх эрхтэй. Зүй нь: Хариуцагч Монгол Улсын Засгийн газар нь нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 хэсгийг хэрэгжүүлэхдээ хуулийн агуулга хүрээнээс хальж, хууль бус зохицуулалтыг хийж мөрдүүлсэн. МУИХ-ын албан тайлбарт энэ талаар тодорхой дурьдсан. Монгол Улсын Засгийн газар нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гучин наймдугаар зүйлийн 2 хэсгийн 1 заалтад “...хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах;”, Дөчин тавдугаар зүйлийн 1 хэсэгт “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол ... гаргах” хэмээн тус тус тодорхой заасанчлан хуулийг биелүүлэх, дээдлэх дээд үүрэгтэй. Хариуцагчийн Нийгмийн даатгалын тухай хуулийг биелүүлэхгүй байгаа үйл ажиллагаа нь хуульд нийцүүлэн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх эрх, үүрэгтэй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Шүүхийн шийдвэрт “Чиний эрх ашиг шууд хөндөгдөөгүй бол Монгол Улсын Засгийн газар нь хууль зөрчиж байх эсэх нь чамд хамаагүй, шүүх хэлэлцэхгүй” гэх логик алдаа байна. Монгол Улсын Засгийн газар нь хууль биелүүлэхгүй байх нь өргөн утгаараа Монгол Улсын иргэн нэг бүрийн эрх ашгийг хөндөж байгаа үйл ажиллагаа болно.

5. Үндэслэх нь хэсгийн 10 дахь талын 4 ба 5 дахь догол мөрд “... нэхэмжлэгчийн Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд заасан эрхийг хөндөөгүй тул маргаан бүхий актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох үндэслэлгүй “... маргаж буй актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, зөрчигдөж болзошгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.” хэмээн дүгнэж шийдвэрлэсэн агуулгатай.

6. Бодит байдалд: Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 хэсгийг шүүхийн шийдвэрт иш татсан. Энэ нь МУИХ-д тогтоолыг хүргүүлэх тухай л агуулга. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 9 хэсэгт “Засгийн газрын баталсан захиргааны хэм хэмжээний акт Захиргааны ерөнхий хуулийн 67.1, 67.2-т заасан журмын дагуу хүчин төгөлдөр болно.” хэмээн заасны дагуу маргаан бүхий 251 дүгээр тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдсэний дараа хүчин төгөлдөр болох учиртай. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2-т заасны дагуу “... Хууль зүй, дотоод хэргийн яам нь улсын нэгдсэн бүртгэлд бүртгэснээ Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд бүрэн эхээр нь нийтлүүлэх, түүний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлэх ...” агуулгатай ажиллагаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд явагдаагүй байна. ЗЕХ-ийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.6 хэсэгт тус тус тодорхой заасныг зөрчсөн хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас мэргэжлийн ажил, үйлчилгээ эрхлэх, хууль биелүүлэх талаар зөвлөгөө өгөх, алдаа дутагдлыг залруулах, тохируулга хийх эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. “Чиний эрхийг шууд зөрчөөгүй бол чамд хамаагүй” гэх алдаатай логикоор шүүх дүгнэсэн. Хууль бусаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөх нь ажил олгогч, зөвлөх үйлчилгээ эрхлэгч бүрийн эрхийг ноцтой зөрчих нь тодорхой.

7. Тогтоох нь хэсгийн 11 дэх талын 1 хэсэгт нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2 хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 54.2, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж тус тус хянан тогтоосон агуулгатай. Бодит байдалд: Нэхэмжлэгчийн хуульд заасан зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол маань цаашид ч зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал илт үүссэн болохыг урьд хэсгүүдэд тодорхой дурьдсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 хэсэгт “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй, эсхүл байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзах эрхгүй.” хэмээн тодорхой заасан ч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагуудыг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан. Зүй нь: Нийтийн эрх зүйн маргаан бүхий харилцааг шүүх шийдвэрлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч этгээдийн эрх зөрчигдөөгүй тул, түүний нэхэмжлэлээр захиргааны хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох маргааныг шийдвэрлэхгүй гэж татгалзах эрхгүй. Хууль биелүүлэх дээд үүрэгтэй Монгол Улсын Засгийн газрын батлан, хэрэгжүүлсэн хууль бус, хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актын улмаас нэхэмжлэгч төдийгүй бусад этгээдийн ч эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нь тодорхой. Энэхүү маргааныг шүүх хэлэлцэхгүй байх эрхгүй. Улсын дээд шүүхээс хүсэх нь: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.06.24 өдрийн 221/ШШ2019/0009 дугаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү. Эсхүл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал арилсан байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

8. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

9.  1. Давж заалдах шатны шүүхийн, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох тухай” 251 дүгээр тогтоолын 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн ажил олгогчийн сарын нийт хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоор тогтоосугай” гэж заасан нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн байна. 

10. Нэхэмжлэгч “Б” ХХК нь Засгийн газрын 251 дүгээр  тогтоолын 1 дэх заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 60.1.6-д заасан захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангаагүй, тус актын улмаас Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 5.1.6, 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2, 16 дугаар зүйлийн 16.1.4-т тус тус заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол маань зөрчигдөж ирсэн, цаашид зөрчигдөж болзошгүй гэсэн үндэслэлээр маргажээ.

11. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно” гэж хуульчилсан бөгөөд хуулийн энэ заалтын дагуу Монгол Улсын Засгийн газар нь 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох тухай” 251 дүгээр тогтоол гаргаж, тогтоолын 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн ажил олгогчийн сарын нийт хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоор тогтоосугай” гэж заасан. 

12. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох бүрэн эрхийг Засгийн газарт олгосон байх бөгөөд Засгийн газар нь хуулиар тусгайлан олгосон эрхийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тогтоож 251 дүгээр тогтоол гаргасан, иймээс уг тогтоолын 1 дэх заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасан “тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх”, 60.1.6-д заасан ‘‘хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх” шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

13. Түүнчлэн нэхэмжлэгч нь татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд бөгөөд түүний энэхүү үйл ажиллагаанд Засгийн газрын 2017 оны 251 дүгээр тогтоол шууд эрх зүйн үйлчлэлгүй, харин уг тогтоол нь ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтоох харилцаанд үйлчилнэ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл болох Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд заасан үйлчлүүлэгчийн татвар төлөх үүргээ биелүүлэх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд уг тогтоол хориглосон, хязгаарласан аливаа шууд үйлчлэлгүй, хуульд заасан эрх хэмжээний хүрээнд гарсан захиргааны хэм хэмжээний акт болно.  

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоохоор хуульчилсан, дээрх байдлаар маргаан бүхий Засгийн газрын 251 дүгээр тогтоолын 1 дэх заалтын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдоогүй, иймд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдэл зөв байна.

15. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлэхээр заасан. Нэхэмжлэгчээс уг тогтоол “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлэгдээгүй” гэж маргасан бөгөөд хариуцагчаас мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т “Засгийн газраас баталсан захиргааны хэм хэмжээний акт /Засгийн газрын тогтоол/-ыг Улсын Их Хуралд хүргүүлнэ” гэж заасны дагуу 2017 оны 251 дүгээр тогтоолын хуулбарыг Улсын Их Хуралд хүргүүлж, Монгол Улсын хууль тогтоомжийн мэдээллийн санд бүртгэн авсан байна. Мөн уг тогтоолын 1 дэх заалт нь дээрх байдлаар нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй учир нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлээр тус актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох үндэслэлгүй юм.

16. 2. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гаргасан “... ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөхөд баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Засгийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 251 дүгээр тогтоолын 2 дахь хэсэгт тогтоосонтой тэнцүү байхаар тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг, ... үүссэн үр дагаврыг хариуцахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тус тус тогтоолгох","... ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг... тогтоолын 2 дахь хэсэгт тогтоосонтой тэнцүү байхаар тогтоохыг,... үүссэн үр дагаврыг хариуцахыг тус тус даалгах” шаардлагын тухайд,

17. Нэхэмжлэгч нь Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан, “ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тус тогтоолын 2 дахь хэсэгт тогтоосонтой тэнцүү байхаар тогтоохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 287 дугаар захирамжаар “...тус компани Монгол Улсын Засгийн газарт ... хандаж байгаагүй байх бөгөөд Монгол Улсын Засгийн газраас ямар нэгэн эс үйлдэхүй, захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр гаргаагүй” гэсэн үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзсан, уг шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байна. Үүний дараа нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжид заасан шалтгааныг арилгаж, улмаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан, хэргийг шалган шийдвэрлэхэд хариуцагчийн гаргасан хууль бус эс үйлдэхүй тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэлийн эдгээр шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх байтал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, гэвч нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмын үүднээс шүүхийн шийдлийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзлээ.  

18. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1,127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2019/0009 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             М.БАТСУУРЬ

                                      ШҮҮГЧ                                                     Б.МӨНХТУЯА