Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 204/МА2022/00004

 

 

“ТНТ” ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

      Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 146/ШШ2021/00298 дугаар шийдвэртэй

          “ТНТ” ХХК-ний нэхэмжлэлтэй С.С-т холбогдох “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хохирол 25 275 108 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Д, түүний өмгөөлөгч П.Адьяасүрэн, хариуцагч С.С, түүний өмгөөлөгч Г.Гандөш /цахимаар/, нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч “ТНТ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.С нь миний ТНТ ХХК-ний 140 000 000 төгрөгийн үнэ бүхий үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай байрыг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** багийн нутаг дэвсгэрт байрлалтай *** дугаартай 5128 м2 газар 222 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийн үнийн 10 хувийг 14803392 төгрөг төлж зээлээр худалдан авсан. С.С энэхүү хэлцлийг хийхдээ төлбөрөө хийж дуусгах хүртэл ТНТ ХХК-ний захирал намайг энэхүү талбайдаа ажил үйлдвэрлэл явуулж байхыг зөвшөөрсөн байсан. С.С нь миний найзын хүү байсан тул итгэж найдаж компанийн үл хөдлөх хөрөнгийг үнийн дүнгийн 10 хувийг аваад зээлээр шилжүүлж өгсөн. Хөрөнгөө шилжүүлсний дараа С.С-ын ааш зан хувирч нэмж нэг ч төгрөгийн төлбөр хийгээгүй байж манай компанийн ажил үйлдвэрлэлийг зогсоож үйлдвэрлэлийн зориулалттай материал багаж, хэрэгслийг хувьдаа ашиглаж эвдэн гэмтээж аж ахуйн нэгжийг ямар ч орлогогүй болгож өр төлбөрт оруулж намайг гэмт хэрэгт гүтгэж цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлж, хувийн эд зүйлийг хүртэл өөрийн болгож авсан.

2018 онд Улаанбаатар хот руу би эмчилгээнд явахдаа манай гэр орон эзэнгүй үлдэж байгаа шүү та сайн харж байгаарай гээд захиж үлдээсэн. Намайг эмчилгээнд яваад ирэхэд С.С-ын аав манай гэр орон болон объектыг сайн харж хамгаалсан байсан. Тэгээд би С.С-ын аавд хэлэхдээ би энэ объектыг зарах болоод байна. Танай хүүхдүүдээс энэхүү объектыг худалдаж авч ажиллуулах хүн байвал тантай найз нөхдийн хувиар хөнгөлөлттэй үнээр буюу 140 000 000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. С.С нь тухайн объектыг худалдаж авахаар ирэхэд би аавд нь хэлж байсан үнээр буюу давуу эрх олгож 140 000 000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. С.С түүнийг хүлээн зөвшөөрч 1 жилийн хугацаанд туршилтын журмаар тухайн объектод үйл ажиллагаа явуулахаар болсон. Ингэхдээ миний бүх багаж тоног төхөөрөмж дээр ажиллаж эхэлсэн. Би С.С-т хэлэхдээ аж ахуйн нэр дээр үйл ажиллагаагаа явуулаад аж ахуйн татвар тооцоогоо хийгээд үз гэж хэлэхэд С.С зөвшөөрсөн. Бид хоёрын тохиролцсон нэг жилийн хугацаа дуусах дөхөж байтал миний Хархорин сумын Сум хөгжүүлэх санд төлөх ёстой байсан 11 000 000 төгрөгийн төлбөр нэхэгдэж түүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлөх болсон. Би тэр үед С.С-т чи миний объектыг худалдаж авахаар бол эхний ээлжид сум хөгжүүлэх сангаас нэхэмжлээд байгаа 11 000 000 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дансанд төлөөд өг гэж хэлтэл С.С зөвшөөрч төлж өгсөн. Би энэ нэг жилийн хугацаанд С.С-тай хамт амьдарч хашаандаа гагнуураа хийж байсан. С.С нь зээл авах хэрэгтэй байна. Та тухайн объектоо миний нэр дээр болгоод өгөөч гэхээр нь би хөл дээрээ хурдан босож үйл ажиллагаагаа улам сайжруул гэж хэлээд 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр С.С-ын нэр дээр болгож өгсөн. Түүнээс хойш буюу 2020 оны 06 дугаар сарын 20-ны үеэс С.С-ын зан ааш өөрчлөгдөж гал тогооны өрөөнөөс эхлээд орж, гардаг хаалгыг хүртэл цоожлоод эхэлсэн. Сүүлдээ С.С шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Түүний дараа миний бие шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж өнөөдрийг хүртэл явж байна. Иймд 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр С.С-тай хийсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, гэрээнээс үүссэн хохиролд 25 275 108 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч С.С анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Анх надад нэхэмжлэгч Ч.Д гэж хүнээс үл хөдлөх эд хөрөнгө худалдах талаар хүсэлт ирсэн. Үүний дагуу би тухайн объектыг нэг жилийн хугацаанд ажиллуулж үзэхээр болсон. Тэр үед тухайн объектыг худалдаж авахаар бол 140 000 000 төгрөгөөр зарна гэж хэлж байсан. Бид хоёр нэг жилийн хугацаанд ажиллуулж байхдаа ийм их өрийг удаан хугацаанд төлөх хэцүү юм байна гэдгээ Ч.Д-т хэлж байсан. Бид хоёр тухайн объектоос нүүх хандлагатай байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хүн ирээд гэр орныг битүүмжилсэн орой буюу 2021 оны 05 дугаар сарын 21-нд Ч.Д орж ирээд эхнэр бид хоёроос та хоёр хэдэн төгрөгөөр авах саналтай байгаа юм бэ гэж асууж байсан. Тэр үед бид хоёр Хархорин сумын 1 дүгээр хорооны зам дагуу байрлах “О” нэртэй дэлгүүрийг 70 000 000 төгрөгөөр авахаар болсон гэдгээ хэлсэн. Тэр үед Ч.Д та хоёр надад нэг өрөө байрны мөнгө буюу 60 000 000 төгрөгийг өгчих гэж хэлсэн. Эхний ээлжид энэ мөнгийг төлөөд өгчихөө тэгээд гэрээгээр нэрээ шилжүүлээд ав гэж хэлсэн. Ч.Д нь анх хэлэхдээ би Хархорин суманд амьдрахгүй Улаанбаатар хот руу явж амьдарна гэж хүртэл хэлж байсан. Бид хоёр 60 000 000 төгрөгөөр бодож гэрээгээ хийх гэтэл Ч.Д нь татвараас зайлсхийсэн газраа 3 000 000 төгрөгөөр, байшингаа 8 000 000 төгрөгөөр үнэлээд гэрээ хийсэн. Ерөнхийдөө Ч.Д нь татвар төлөхөөс зайлсхийж гэрээгээ хийсэн. Гэрээ анх шилжихдээ Ч.Д гэж хүний нэрээр шилжсэн байдаг. “ТНТ” гэж компанийн нэрээр шилжээгүй. Би Ч.Д-т бэлнээр болон дансаар 16030912 төгрөгийг өгсөн. Тухайн мөнгийг өгсөн талаар нэхэмжлэгч Ч.Д ч өөрөө хүлээн зөвшөөрдөг. Би тухайн байшин болон доод давхарт байрлах дэлгүүрт засвар хийсэн. Энэ мөнгө нь 16 030 912 төгрөг дээр нэмэгдээд нийт 34 752 648 төгрөг болсон. Энэ талаарх нотлох баримтаа шүүхэд шинээр нэмж гаргаж өгсөн байгаа. Тухайн газар дээр 15:7 хэмжээтэй, өндөр 10 метртэй грашийг 22 692 900 төгрөгөөр барьсан. Мөн цэвэр усны шугамыг 160 метрийн цаанаас дулааны шугамыг 30 метрийн цаанаас тус тус татсан. Энэхүү засвар үйлчилгээ нийлээд нийт 98 966 348 төгрөг болсон. Хэрвээ шүүхээс гэрээг хүчин төгөлдөр бусад тооцохоор бол энэхүү мөнгийг Ч.Д-оос нэхэмжилнэ. Гэм хорын хохиролд нэхэмжлээд байгаа 25 275 108 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй гэж бодож байна гэжээ.

        Анхан шатны шүүх: Иргэний хуулийн тусгай ангийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.5, 227 дугаар зүйлийн 227.3 заасныг тус тус баримтлан 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №0414 дугаартай нэхэмжлэгч “ТНТ” ХХК-ний захирал Ч.Д хариуцагч С.С нарын хооронд байгуулагдсан “үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас хохирол 25 275 108 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435276 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр, хариуцагч С.С-аас 150950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ТНТ” ХХК-д олгохоор илүү төлсөн 706924 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч ТНТ ХХК-д буцаан олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

     Хариуцагч С.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 12 сарын 01-ны өдрийн 146/ШШ2021/00298 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.5, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг тус тус үндэслэн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас хохирол 25 275 108 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие 2019 онд аав *** дамжуулан Ч.Д-оос түлээний зах зарах саналыг хүлээн авсан бөгөөд Ч.Д нь 2019 оны 08 дугаар сард гэрт биеэр ирж уулзан 1 жил ажиллуулж үзэх саналыг тавьсан юм. Ингээд Ч.Д-той тохиролцож дээрх саналуудыг хүлээн зөвшөөрсөн. Ч.Д нь анх надтай ярихдаа ...ах нь түлээний захаа ажиллуулж чадахаа байлаа, залуу хүн чи ажиллуул, эндээс надад аваад байх юм байхгүй, бүх юмтай нь ав, үнэ өртгөө нэг дор бөөн авахгүй, олон жилээр цувуулж бага багаар авна, би өөрөө Улаанбаатар хотод амьдарна гэж ярьж байсан ба үүнээс хойш 1 жил ажиллуулах хугацаанд Ч.Д нь Улаанбаатар хотоос ойр ойрхон ирж түлээний захад ажиллаж байгаа ажилчдын дургүйг хүргэн хөөж тууж, ажиллах хүнгүй болгосон ба Ч.Д нь энд тэндхийн оргуул, босуул хүмүүс авчирч манай гэрт байрлаж байгаа байшингийн 2 давхарт архидан согтуурч байсан нь бидэнд маш хүндрэлтэй байсан бөгөөд цагдаа дуудаж тэр хүмүүсийг нь хүртэл хөөж явуулдаг байсан. Мөн Ч.Д нь гагнуур хийх нэрээр ирж, сүүлдээ явахаа ч больж, манай гэрт 1 жил гаран хооллож хувцаслаж хамт амьдарсан. Мөн том тэрэгний жолооч нарт гагнуур хийж өгөх нэрээр гэрт архидан согтуурч шөнө оройгүй биднийг архинд явуулдаг байсан. Манайх эмэгтэй хүүхэдтэй айл бөгөөд ийм нөхцөл байдалд хүүхдүүдээ орхиод ажилд явахад ч бэрхшээлтэй болж, нүүх бэлтгэлээ хийж байсан ба түлээний захад нүүрс мод их хэмжээгээр татсан байсан тул хавар болтол зарж дуусгахыг хичээж байгаад нүүхээр төлөвлөж байсан. Би Ч.Д-той нүүх тухайгаа хүртэл хэлж уулзаж байсан. 2020 оны 05 дугаар сарын 18-нд Ч.Д нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд их хэмжээний өртэй, хамаг эд хөрөнгөө хураалгах гэж байгаа тухайгаа бидэнд хэлж, надтай ярьж тохиролцсоноороо наймаагаа хийж түлээний захыг объектыг хамт 1 өрөө байрны үнээр буюу 60 000 000 төгрөгөөр тохиролцож худалдаж авах санал тавьж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон банкны зээл, бусад өрөө биднээр төлүүлэх, үлдэгдэл төлбөрийг удаан хугацаагаар тохиролцож цувуулж авах тухай саналыг тавьсан. Энэ саналыг миний бие хүлээн зөвшөөрч ...таны бүх өрийг одоо дарж өгье, та харин үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ надад шилжүүл, тэгээд үлдэгдэл төлбөрийг цувуулж өгье, эсхүл 1 өрөө байр авч өгье гэж бид тохиролцсон. 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Ч.Д нь сандарч тэвдсэн байдалтай ... бүх юмаа хураалгах гээд байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны *** тоот дансанд 11 043 337 төгрөгийг шилжүүлж өгөөч гэж хэлэхээр нь энэ мөнгийг миний бие шилжүүлж өрийг нь дарж өгсөн. Ингээд миний бие хэлэлцэж тохиролцсоны дагуу 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Засаг даргын тамгын газар орж худалдах, худалдан авах гэрээ хийж гэрчилгээнүүдийг шилжүүлэн авсан. Мөн Ч.Д нь ямар ч мөнгөгүй байсан тул холбогдох бүх зардал, тушаагдах мөнгийг надаар төлүүлж, худалдан авсны төлбөрөөс хасаж тооцохоор бид тохиролцсон ба миний зүгээс бүх төлбөр, татварыг төлсөн. Мөн Ч.Д нь татвар бага хэмжээгээр төлөх зорилгоор худалдах, худалдан авах гэрээгээ 11 000 000 төгрөгөөр хийж тохиролцож байсан. Ингээд хэсэг хугацааны дараа гагнуур дахин хийж элдвийн хүмүүстэй архидан согтуурч, танхайрч, биднийг мөнгийг нь өгөөд хөөж явуулна гэж хүртэл хэлж хамт амьдарч эхэлсэн. Ингээд миний бие Ч.Дтой дахин уулзаж үлдэгдэл мөнгөө өгөх гэтэл урьд ярьж байсан тохиролцоогоо огцом өөрчлөн надад 140 000 000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Мөн 2021 оны 05 сард дахин уулзаж тохиролцох санал тавихад 200 000 000 төгрөг гэж хэлсэн. Ч.Д нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд их хэмжээний өр төлбөрийн асуудалтай байгаа бөгөөд энэ мэтээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулахын тулд эд хөрөнгөө нуун далдалж, намайг мэхлэн надтай худалдах, худалдан авах гэрээ хийж байгаа эсэх нь тодорхойгүй тохиролцох сонирхолгүй байсаар өдийг хүрч надад их хэмжээний цаг хугацаа эд хөрөнгийн хохирол учруулж байна. Мөн Ч.Д нь гадуур хүмүүст намайг болон эхнэр Х.Эг луйварчин, дээрэмчин гэх мэтээр элдвээр хэлж, нэр хүндийг маш ихээр унагааж байна. Ч.Д-т бид хийсэн гэм нүгэл байхгүй, харин ч өөрийн эцэг шигээ хүндэлж, бүтэн 1 жил гаран гэртээ амьдруулж байсан бөгөөд энэ хүн улам даварч гадаа хураасан зарж борлуулахаар бэлдэж байсан мод нүүрсийг хулгайлан зарж, бага насны хүүхдүүдийг маань загнаж, айлган сүрдүүлж, манай мод нүүрсийг хулгайлан зарсан мөнгөөрөө архи ууж, хөгшин хүнд баймгүй муу муухай увайгүй зан гаргаж байсан тул цагдаагийн байгууллагад хандаж, хулгайн хэргийг нь шалгуулж, цагдаад дуудлага өгч шалгагдаж байгаа. Миний бие Ч.Д-ийг наймаа хийхдээ ч, анх ярилцахдаа ч хамт байна гэж тохиролцоогүй бөгөөд Ч.Д-ийн “ТНТ” ХХК-ийн бүх татварын өрийг би дарж өгч байсан. Хэрэв Ч.Д худалдах, худалдан авах гэрээгээ цуцлахаар болбол надаас төлөгдсөн Ч.Д-ийн өр болон надад учирсан хохирол өмнөх шүүх хуралдаанд нотлох баримтыг гаргаж өгсөн 34 752 648 төгрөг, хэргийг эцэслэн шийдвэрлэх шүүх хуралдаанд гаргаж өгсөн 64 213 700 төгрөг, нийт 98 966 348 төгрөгийг Ч.Доос гаргуулах тухайгаа илэрхийлж байсан. Гэтэл миний энэ асуудлыг тодорхой дүгнэж үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүх хуралдаанд мөн энэ тухайгаа тодорхойлж хэлээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Мөн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 414 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа тус гэрээний эхний хэсэгт худалдагч тал гэх хэсэгт “ТНТ” ХХК-ий захирал хаягт оршин суух Ч.Д, мөн гэрээний 2.1 дэх хэсэгт маргаан бүхий объектын хаяг болон хэмжээг *** сум, *** баг, Хаан банкны хойд талд хаягтай 192 мкв гэж бичигдсэн атал С.С-т 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шилжихдээ *** сум, *** баг, *** гудамж, 222 мкв гэж улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн байдаг. Үүнийг нягтлан шалгаж тодруулан энэ тухай нотлох баримтыг нэхэмжлэгч талаас гаргуулж шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэж үзэлгүйгээр шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Мөн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “ТНТ” ХХК-ний эрхийг шилжүүлэх 413 /бүртгэлийн дугаараар эд хөрөнгө шилжсэн гэрээ нь 414 дугаартай/ дугаартай гэрээг эхлээд бид хийсэн бөгөөд “ТНТ” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээг би маргаан дуустал солиулахгүй хүлээж байсан тухайгаа шүүх хуралдаанд тайлбарлаж байсан. Гэтэл тухайн эд хөрөнгийг компанийн өмч гэж үзэж байгаа бол компанийн эрх шилжүүлэх гэрээг хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй, Ч.Д нь эд хөрөнгө нэхэмжлэх эрх бүхий этгээд мөн эсэхийг бүрэн нотлоогүй байхад шийдвэрлэж намайг хохироож байна гэж үзэж байна. Мөн анх Ч.Д нь дээрх гэрээг хийхдээ эхлээд нотариат дээр 8 000 000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулан 60 000 000 төгрөгөөр тохиролцсон ба сүүлд тус газарт миний зүгээс  98 966 348 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний дараа хэлсэн үгнээсээ буцаж 140 000 000 төгрөгөөр та нарт зарна, зөвшөөрөхгүй байвал наймаагаа буцаана гэж хуурч мэхлэн шүүхээр нэхэмжлэл гаргаж, шүүх дээр эвлэрэх санал тавихад 200 000 000 төгрөг өг тэгвэл наймаагаа хэвээр үлдээе гэх мэтчилэн биднийг хуурч, тохуурхан доромжилж миний болон манай гэр бүлийн хөлс хүч хөдөлмөр, цаг хугацаа, эд хөрөнгийг ноцтой хохироож байна. Ч.Д нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан дээр маш их хэмжээний өртэй бөгөөд эд хөрөнгөө нуун далдлах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, төлбөр авагч нарын төлбөрийг гаргаж өгөхгүй байх давхар зорилгоор намайг хуурч мэхлэн ийм байдлаар цаг хугацаа авч байгаа байдалтай байна гэж үзэж байна. Эдгээр асуудал нь эрүүгийн гэмт хэргийн шинжийг давхар агуулж байгаа юм. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримт тайлбар зэргийг тал бүрээс нь шалгаж дүгнэж үзэлгүйгээр миний хохирлоо нэхэмжлэх эрхийг хангалгүйгээр шууд хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй байгаа гэж миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 146/ШШ2021/00298 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж, эсхүл хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

       Нэхэмжлэгч “ТНТ” ХХК-ний захирал Ч.Д хариуцагч С.С-ын давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Би С.С-ын аав С-той нэг байгууллагад олон жил ажиллаж дотно найз нөхөд болсон. Миний хүүхдүүд дор бүрнээ сургуулиа төгсөөд мэргэжил эзэмшээд өөр газруудад ажиллаж амьдарч байгаа тул энэ орон нутагт төрсөн ах, дүү шиг минь байдаг С-д аминчлан би ер нь энэ объектыг зарна танай хүүхдүүдээс энэ объектыг аваад цаашид миний хийж байсан ажлыг үргэлжлүүлээд аваад явах хүүхэд танд байна уу гэсэн саналыг тавьсан. С.С нь ирж уулзаж эхнэрийгээ байнгын ажилтай болох гэсэн юм. Авах гэж ирэхэд нь энэ чинь бага юм биш нэг жил ажиллуулж үзээд ашигтай байна гэж үзээд авахаар бол чамд аавын чинь найзын хувьд давуу эрх олгож 140 000 000 тооцож зээлээр өгнө. Би өөрөө гагнуураа хийгээд амьдралаа залгуулаад байх учраас чамаас нэг дор бөөн мөнгө нэхэхгүй олон жилээр цувуулаад төлнө биз гэсэн саналыг зөвшөөрсөн. Учир нь энэ хүнийг өөрийн гэсэн гэр орон, үл хөдлөх хөрөнгө байхгүй, ах дүү нарынхаа үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж том машин авч ажиллаж амьдарч явааг нь мэддэг учраас тусалсан юм. Ажлаа сайн хийгээд эхний ээлжид банкныхаа өрийг хурдан дараад дараа нь хөл дээрээ зогс тэр болтол чинь би чамаас мөнгө нэхэхгүй гэсэн. Энэ хугацаанд 2020 оны 05 дугаар сарын 22-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 11 000 000 төгрөг төлөх шаардлагатай болсон тул С.С-ыг надтай наймаагаа хийх шийдвэрээ гаргавал эхний ээлжид энэ мөнгийг урьдчилгаа болгон төлөх хэрэгтэй байна. Хэрэв авахгүй бол М.Б-т 200 000 000 зарахаар ярьчихсан байгаа. Энэ хоёрын хооронд 60 000 000 төгрөгийн зөрүү байхад би түүнд шунаагүй тэр хүнээр мөнгөө төлүүлэхээр ярьчихсан байгаа гэдгийг хэлснээс хойш 20-оод хоногийн дараа авахаар шийдвэрээ гаргаж уг мөнгийг 2020 оны 05 дугаар сарын 20-нд төлсөн юм. Маргааш нь буюу 21-нд миний нэр дээр болгож өгөөч зээл авахад хэрэгтэй байна гэж гуйхад нь би дэмжиж тусалж байгаа учраас итгэж 2020 оны 05 дугаар сарын 22-нд аж ахуй нэгжтэй нь бүх насаараа хөдөлмөрлөж бий болгосон хөрөнгөө нэр дээр нь шилжүүлж өгсөн. 140 000 000 төгрөг хэзээ төлөгдөж дуусах нь тодорхойгүй. Би ч С ч мөнгөгүй байсан тул 11 000 000 тохируулж байшинг 8 500 000 газрыг 2500000-д үнэлж гэрээг хийсэн. ...Үүнээс хойш харилцаа нь өөр болж 2020 оны 06 дугаар сарын 18-наас эхлэн байшингийн өрөөнүүдийг цоожлон тусгаарлаж, хашааны хаалгыг түгжиж эхэлсэн. Тэгээд С.С нь шүүхэд өмчлөх эрхэд саад болж байгаа үйлдлийг зогсоох тухай нэхэмжлэл гаргасанд би сөрөг нэхэмжлэл гаргаад өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа юм. 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд биднийг эвлэрүүлэн зуучлахаар уулзуулсны дараа миний бүх юманд эзэн сууж хүч хэрэглэн ажлын хувцастайгаа хөөгдсөнөөс хойш өөрийн гэсэн гэр орон, ажлын байргүй болсон өөрийн бий болгосон том тэрэгний жолооч нарын хамт олон ард түмнийхээ хүчинд өнөөг хүртэл ядарч зутарч амьдарсаар л явна. Намайг хөөж явуулснаасаа хойш миний бүх багаж, тоног төхөөрөмжийг болон материалыг бусадтай хамтран эзэмшиж ашиглаж байгаа зураг нь тайлбартайгаа хэрэгт байгаа. Үүнээс хойш миний найз ах гэх С маань ч сураггүй болсон. Надад энэ орон нутагт төрсөн ах, дүү, хамаатан садан байхгүй. Тэтгэвэр тогтоогдоогүй байгаа. С.С нь шүүхэд гаргасан тайлбар болгондоо цагдаагийн байгууллагын нэрийг оролцуулж худал гүтгэж байгаа тул энэхүү тайлбарыг гаргаж байна. Мөн би гэрт нь очиж уулзаж санал тавьж гуйж байсан удаа байхгүй, ажилчдыг нь хөөсөн бол хөөгдсөн хүмүүс нь өөрсдөө гэрчилсэн байх ёстой, оргуул босуул хүмүүстэй архидан согтуурч байсан бол цагдаад бүгдээрээ баривчлуулах байсан, би хөрөнгөө С.Сын нэр дээр шилжүүлсэн 2020 оны 05 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл өөрийнхөө гэрт амьдарч байсан, нүүх тухай огт ярьж байгаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 11 000 000 төгрөг төлсөн, өөр банкны болон бусад зээл байгаагүй тул төлүүлээгүй, миний бүх юм нь бэлэн байгаа объектыг ашиглан 1 жил ажиллуулж туршиж үзэж хугацаандаа аж ахуй нэгжийн нэр дээр үйл ажиллагаагаа явуулж холбогдох татваруудыг төлөөд энэ хамт олонтойгоо хамтраад ажиллаарай гэж тохиролцсоныхоо дагуу аж ахуй нэгжийн тамгаа хадаг, мөнгөн аяганы хамтаар хамт олныхоо шинэ жилийн баяр дээр гардуулан өгөхөд манай компани үйл ажиллагаа хэвийн явагдаж татварын ямар ч өргүй байсан. Үүнийг шинэ жилийн баярт оролцсон 100 гаран хүн гэрчилнэ. Энэ хүний элдвийн хүмүүс гээд байгаа нь надтай хамтран ажилладаг том тэрэгний жолооч нар буюу хамт олныг минь хэлээд байгаа юм. Өөрийн төлөх ёстой татваруудыг тухайн үед нь төлөөгүй татвараас зайлсхийж байсан аж ахуй нэгж гэж, үл хөдлөх хөрөнгийг нэр дээрээ болгуулахын тулд нөхөж төлсөн татваруудаа намайг татварын албанд өртэй байсан гэж үзэж миний объектыг ямар ч төлбөр түрээсгүйгээр нэг жил ашигласны эцэст намайг ийм хүнд байдалд оруулсан. Мөн 140 000 000 төгрөгөөр тохирсныг 60 000 000 төгрөгөөр тохирсон гэж гүжирдэж, чамайг авахгүй бол 200 000 000 төгрөг өгөх боломжтой байсан гэснийг 200 000 000 төгрөг өг гэсэн гэж мөшгөөд байгаа юм. Бага насны хүүхдийг нь загнаж, айлгаж сүрдүүлэх нь байтугай өхөөрдөн тоглож ирээдүйн боловсролд нь хөрөнгө оруулалт хийж 2018 онд 2 хүүхдэд нь хадгаламжийн данс нээлгэж өөрийнхөө данстай холбосон байсан. Хулгайн хэрэгт гүжирдэж цагдаад захиалга өгч эрүүгийн гэмт хэрэг үүсгэсэн байсныг нь прокурорын байгууллагад гомдол гаргаж шалгуулж ямар ч нотлох баримт, гэрч байхгүй гүтгэлэг тул уг хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эд хөрөнгө нэхэмжлэх эрх бүхий этгээд мөн гэдгээ Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн газраас аж ахуй нэгжийн дэлгэрэнгүй лавлагаа авч хэрэгт хавсаргаад байхад мөн гүжирдсээр л байна. Энэ бүх худал тайлбаруудыг нотлох баримтууд хэрэгт хавсаргагдсан байгаа гэжээ.

Нэхэмжлэгч “ТНТ” ХХК-ний захирал Ч.Д-ийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймгийн Хархорин дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 146/ШШ2021/00298 дугаартай шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр болсон гэж үзэж байгаа тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч “ТНТ” ХХК-ний захирал Ч.Д нь хариуцагч С.С-ыг олон жил хамт ажиллаж байсан найзын хүү гэж итгэж, ахуй амьдралд нь туслах зорилгоор өөрийн компани үл хөдлөх хөрөнгийг зээлээр худалдсан. Хариуцагч С.С нь Ч.Д-ийн итгэлийг ашиглан олон сайхан амлалтаар хууран мэхэлж, үл хөдлөх хөрөнгө болон түүний дагалдах эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байна. Хариуцагч С.С нь энэхүү хэлцлийг хийхдээ төлбөрөө төлж дуусгах хүртэл Ч.Д-ийг худалдсан барилгын нэг өрөөнд байрлаж, энэхүү талбайдаа ажил үйлдвэрлэл явуулж байхыг зөвшөөрсөн тохиролцооноосоо буцаж, ааш зан хувирч, нэмж нэг ч төгрөгийн төлбөр хийгээгүй байж Ч.Д-ийн компани ажил үйлдвэрлэлийг зогсоож, үйлдвэрлэлийн зориулалттай материал, багаж хэрэгслийг хувьдаа ашиглаж, эвдэх гэмтээж, аж ахуйн нэгжийг ямар ч орлогогүй болгож, өр төлбөрт оруулж, захирал намайг гэмт хэрэгт гүтгэж, цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлж, хувийн эд зүйлийг хүртэл өөрийн болгож авсан үйл баримт тогтоогдсон тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий шийдвэр болсон. Хариуцагч С.С нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо дурдаж байгаа асуудлуудаа хуульд заасан хэм хэмжээний дагуу нотлоогүй, сөрөг нэхэмжлэл гаргаагүй байна. Нэхэмжлэгч тал хариуцагч С.С-аас гэм хорын хохирол 25 275 108 төгрөг гаргуулах шаардлагаа хангаагүй байхад хүлээцтэй хандсан. Хариуцагч С.С-ын төлсөн гэх 16 000 000 төгрөгийг ч төлөхөө илэрхийлсэн байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

     Нэхэмжлэгч Ч.Д давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.С-ын аав С-той би нэг байгууллагад олон жил ажиллаж дотно найз нөхөд болсон. Миний хүүхдүүд дор бүрнээ сургуулиа төгсөөд мэргэжил эзэмшээд өөр газруудад ажиллаж амьдарч байгаа тул энэ орон нутагт төрсөн ах, дүү шиг минь байдаг Сд аминчлан би ер нь энэ объектыг зарна танай хүүхдүүдээс энэ объектыг аваад цаашид миний хийж байсан ажлыг үргэлжлүүлээд аваад явах хүүхэд байна уу гэсэн саналыг тавьсан. С.С нь ирж уулзаж эхнэрийгээ байнгын ажилтай болох гэсэн юм. Би авъя гэж ирэхэд нь энэ чинь бага юм биш нэг жил ажиллуулж үзээд ашигтай байна гэж үзээд авахаар бол чамд аавын чинь найзын хувьд давуу эрх олгож 140 000 000 төгрөгөөр тооцож зээлээр өгнө. Би өөрөө гагнуураа хийгээд амьдралаа залгуулаад байж байх учраас чамаас нэг дор бөөн мөнгө нэхэхгүй, олон жилээр цувуулаад төлнө биз гэсэн саналыг зөвшөөрсөн. Учир нь энэ хүнийг өөрийн гэсэн гэр орон, үл хөдлөх хөрөнгө байхгүй, ах дүү нарынхаа үл хөдлөх хөрөнгийг банкны барьцаанд тавьж том машин авч ажиллаж амьдарч явааг нь мэддэг учраас тусалсан юм. Ажлаа сайн хийгээд эхний ээлжид банкныхаа өрийг хурдан дараад дараа нь хөл дээрээ зогс тэр болтол чинь би чамаас мөнгө нэхэхгүй гэсэн. Энэ хугацаанд 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 11 000 000 төгрөг төлөх шаардлагатай болсон тул С.С-ыг надтай наймаагаа хийх шийдвэрээ гаргавал эхний ээлжид энэ мөнгийг урьдчилгаа болгон төлөх хэрэгтэй байна. Хэрэв авахгүй бол М.Б-т 200 000 000 зарахаар ярьчихсан байгаа. Энэ хоёрын хооронд 60 000 000 төгрөгийн зөрүү байхад би түүнд шунаагүй тэр хүнээр мөнгөө төлүүлэхээр ярьчихсан байгаа гэдгийг хэлснээс хойш 20-н хоногийн дараа авахаар шийдвэрээ гаргаж уг мөнгийг 2020 оны 05 дугаар сарын 20-нд төлсөн. Маргааш нь буюу 21-нд миний нэр дээр болгож өгөөч зээл авахад хэрэгтэй байна гэж гуйхад нь би дэмжиж тусалж байгаа учраас итгэж 2020 оны 05 дугаар сарын 22-нд аж ахуй нэгжтэй нь бүх насаараа хөдөлмөрлөж бий болгосон хөрөнгөө нэр дээр нь шилжүүлж өгсөн. 140 000 000 төгрөг хэзээ төлөгдөж дуусах нь тодорхойгүй. Би ч С ч мөнгөгүй байсан тул 11 000 000 төгрөгөнд тохируулж байшинг 8 500 000, газрыг 2 500 000 төгрөгт үнэлж гэрээг хийсэн. Үүнээс хойш харилцаа нь өөр болж байшингийн өрөөнүүдийг цоожлон тусгаарлаж, хашааны хаалгыг түгжиж эхэлсэн. Тэгээд С.С нь шүүхэд өмчлөх эрхэд саад болж байгаа үйлдлийг зогсоох тухай нэхэмжлэл гаргасанд би сөрөг нэхэмжлэл гаргаад өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа. 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд биднийг эвлэрүүлэн зуучлахаар уулзуулсны дараа миний бүх юманд эзэн сууж хүч хэрэглэн ажлын хувцастайгаа хөөгдсөнөөс хойш өөрийн гэсэн гэр орон, ажлын байргүй болсон ч өөрийн бий болгосон том тэрэгний жолооч нарын хамт олон ард түмнийхээ хүчинд өнөөг хүртэл ядарч зутарч амьдарсаар л явна. Намайг хөөж явуулснаасаа хойш миний бүх багаж, тоног төхөөрөмжийг болон материалыг бусадтай хамтран эзэмшиж ашиглаж байгаа зураг нь тайлбартайгаа хэрэгт байгаа. Үүнээс хойш миний найз ах гэх С маань ч сураггүй болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 11 000 000 төгрөг төлсөн, өөр банкны болон бусад зээл байгаагүй тул төлүүлээгүй. Миний бүх юм нь бэлэн байгаа объектыг ашиглан 1 жил ажиллуулж туршиж үзэж хугацаандаа аж ахуй нэгжийн нэр дээр үйл ажиллагаагаа явуулж холбогдох татваруудыг төлөөд энэ хамт олонтойгоо хамтраад ажиллаарай гэж тохиролцсоныхоо дагуу аж ахуй нэгжийн тамгаа хадаг, мөнгөн аяганы хамтаар хамт олныхоо шинэ жилийн баяр дээр гардуулан өгөхөд манай компани үйл ажиллагаа хэвийн явагдаж татварын ямар ч өргүй байсан. Үүнийг шинэ жилийн баярт оролцсон 100 гаруй хүн гэрчилнэ. Энэ хүний элдвийн хүмүүс гээд байгаа нь надтай хамтран ажилладаг том тэрэгний жолооч нар буюу хамт олныг минь хэлээд байгаа юм. 140 000 000 төгрөгөөр тохирсныг 60 000 000 төгрөгөөр тохирсон гэж гүжирдэж, чамайг авахгүй бол Б-т 200 000 000 төгрөг өгөх боломжтой байсан гэснийг 200 000 000 төгрөг өг гэсэн гэж мөшгөөд байгаа юм. Би бага насны хүүхдийг нь загнаж, айлгаж сүрдүүлэх нь байтугай өхөөрдөн тоглож ирээдүйн боловсролд нь хөрөнгө оруулалт хийж 2018 онд 2 хүүхдэд нь хадгаламжийн данс нээлгэж өөрийнхөө данстай холбож байсан. Банкны зээлгүй гэсэн банкны тодорхойлолтууд, гэрч Б, Н нарын мэдүүлэг, тамга гардуулж өгсөн зураг болон бусад бодит байдал дээр авсан зургууд, 2019 онд аж ахуйн нэгжийн татварын өргүй байсан тайлан, аж ахуйн нэгжийн дэлгэрэнгүй лавлагаа, хоёр хүүхдэд нь хадгаламж нээсэн гэрээ болон бүх нотлох баримтууд хавсаргагдсан. Эмчилгээнд яваад ажиллаагүй байсан хугацааны 2018 онд 11 236 200 төгрөгийн орлоготой ажиллаж байсан. 2019 онд огт ажиллаагүй энэ хүмүүст хариуцуулаад даатгасан байхад 4 223 800 төгрөгийн орлоготой ажиллаж байсан. Манай компани дампуураагүй хэвийн ажиллаж байсан гэв.

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагчийн дунд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байх иргэний хуулийн шаардлага хангаагүй. Хариуцагч тал Ч.Д-той гэрээгээр тохирсон нөхцөлөө зөрчөөд орон гэрээс нь албадан гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Ч.Д би байрныхаа үнийг аваагүй учраас авч байж гарна гээд сөрөг нэхэмжлэл гаргасан. Ч.Д-ийг сөрөг нэхэмжлэл гаргах үед С.С шүүхэд гаргасан нэхэмжлэлээ буцааж татсан. Ч.Д өөрийн нэрээр энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хархорин сум дахь Сум дундын шүүх Ч.Д-ийг хувь хүнийхээ хувьд биш компанийн хувьд гаргах ёстой нэхэмжлэл байна гэж үзээд хүлээж аваагүй. Энэ гомдлоо Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Нэгдүгээрт гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэл нь ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл. Миний найзын хүүхэд намайг хэзээ ч  хуурахгүй гэж итгээд хийсэн хэлцэл. Гэтэл гэрээ байгуулагдсаны дараагаас хариуцагчийн хувийн байдал буюу Ч.Д-той харьцах харьцаа өөрчлөгдөж эхэлсэн. Ийм учраас энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаас өөр аргагүйд хүрсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хууль ёсны дагуу гарсан. Энэ гэрээнээс учирсан гэм хорын хохирол 25 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Үүнд давж заалдах гомдол гаргаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны 11 сая төгрөгийг төлснийг хүлээн зөвшөөрч байгаа. Уг мөнгийг хариуцагч талд гаргаж өгнө гэдгээ илэрхийлсэн. Хариуцагч тал би 99 сая төгрөг нэхэмжлэх болно гээд бүрэн эрхийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Хэрэгт авагдсан хөрөнгө оруулалт хийгдсэн баримтууд нь зураг төсөл байгаагүй учраас шүүх үнэлэх боломж байгаагүй. Энэ гэрээ хуулийн дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх боломжгүй. Энэ хэлцэл хийгдээд 2 жил болж байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэлд төлсөн 11 сая төгрөгөөс хойш нэмж мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Удаа дараа мөнгө төгрөг өгье гэсэн боловч Ч.Д аваагүй гэсэн агуулгатай тайлбар хэрэгт байсан. Үнэн хэрэг дээрээ мөнгө төгрөг өгөөд, аятай тухтай байлгасан зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэж удаа дараа цагдаагийн байгууллагад өгсөн боловч эрх бүхий байгууллагаар хянагдаад хэрэгсэхгүй болж байсан. Ноцтой төөрөгдлийн улмаас гэрээ хүчин төгөлдөр бус болж байгаа учраас гэм хорын хохирлыг хариуцах боломжгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны гарсан. Зураг төсөв гаргаад эрх бүхий байгууллагаар батлаад хөрөнгө оруулалт хийсэн бол хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргах эрх нээлттэй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

        Хариуцагч С.С давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг болон өмгөөлөгчийг байлцуулаагүй гэрч асуусан байсан. Энэ нь ямар учиртай вэ. Хулгайн хэрэгт холбогдоод баримт байгаа боловч хохирлын хэмжээ хүрэхгүй байна гээд цагдаагаас буцаагдаад байгаа нь ямар учиртай вэ гэв.

          Хариуцагчийн өмгөөлөгч Г.Гандөш давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Манай зүгээс нийт 99 966 348 төгрөгийг шилжүүлсэн баримтуудыг гаргаж өгсөн. Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцвол дээрх мөнгийг гаргуулна гэдгээ илэрхийлсэн. Энэ талаар давж заалдах гомдолдоо дэлгэрэнгүй бичсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч С.С-ын гомдолдоо дурдсан үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээ зөрүүтэй асуудалд дүгнэлт хийгээгүй, компанийн эрх чөлөөлөх гэрээг хэрхэн дүгнэсэн нь тодорхой нөхцөл байдал байдаг. Анхан шатны шүүх үндэслэлгүй шийдвэр гаргасан, давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эсвэл нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... Эвлэрэх асуудал анхнаасаа байсан, одоо ч байгаа. Үнийн дүн болон хугацаан дээр нийлэхгүй байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

       Хариуцагч С.С-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №0414 дугаартай нэхэмжлэгч “ТНТ” ХХК-ний захирал Ч.Д, хариуцагч С.С нарын хооронд байгуулагдсан “үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас хохирол 25 275 108 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

     Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25 275 108 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу хангагдсан хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ.

         Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрхийг эдлүүлээгүй, хязгаарласан гэх нөхцөл тогтоогдсонгүй. 

        “ТНТ” ХХК-ний захирал Ч.Д нь С.С-т холбогдуулан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хохирол 25 275 108 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, бид хоёр 60 000 000 төгрөгөөр бодож гэрээгээ хийсэн гэтэл Ч.Д нь татвараас зайлсхийсэн, газраа 3 000 000 төгрөгөөр, байшингаа 8 500 000 төгрөгөөр үнэлээд гэрээ хийсэн. Гэрээ анх Ч.Д гэж хүний нэрээр хийгдсэн байдаг. “Тэргэлнарны туяа” гэж компанийн нэрээр шилжээгүй. Би тухайн байшин болон доод давхарт байрлах дэлгүүрт засвар хийсэн. Энэхүү засвар үйлчилгээ нийлээд нийт 98 966 348 төгрөг болсон. Хэрвээ шүүхээс гэрээг хүчин төгөлдөр бусад тооцохоор бол энэхүү мөнгийг Ч.Д-оос нэхэмжилнэ гэж маргажээ. 

     Хэрэгт авагдсан зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар талууд 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** баг, ХААН банкны хойд талд байрлах 192 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 8 500 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ /хавтаст хэргийн 91 дүгээр хуудас/ байгуулсан үйл баримт тогтоогджээ.

       Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3, 196 дугаар зүйлийн 196.1.2-д зааснаар гэрээг талууд бичгээр байгуулсан боловч гэрээний гол нөхцөлүүдийн нэг болох үнийн талаар маргасан байна.

      Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.  Гэрээний нөхцөлүүдийг талууд харилцан тохиролцож, зөвшөөрсөн байх нь энэ зарчимд нийцэх хэдий ч хэлцэл хүчин төгөлдөр бус байх үндэслэлүүдийг хуульд тусгайлан заасан байдаг. Хэрэв Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд тогтоогдвол шүүх уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцно.

      “ТНТ” ХХК-ний захирал Ч.Д, С.С нар 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч “ТНТ” ХХК-ний захирал Ч.Д гэрээний үнийг анх 140 000 000 /нэг зуун дөчин сая/ төгрөг гэж, хариуцагч С.С 60 000 000 /жаран сая/ төгрөгөөр тохиролцсон гэх бөгөөд татвараас зайлсхийх зорилгоор гэрээнд үнийг 8 500 000 төгрөг гэж бичсэн талаар талууд маргаагүй байна. Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

     Иргэний хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг дүр үзүүлсэн хэлцэл гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцжээ.

      Хэдийгээр хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй боловч өөрт учирсан хохирлоо баримтаар нотлох үүрэгтэй.

       Шүүх нэхэмжлэгч тал хүчин төгөлдөр бус хэлцлээс үүссэн хохиролд 25 275 108 төгрөгийн шаардах эрхтэй боловч үүнийгээ нотолж чадаагүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байхаас гадна, Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан зохицуулалт, тэдгээрт заасан ойлголт, шаардлага, агуулгыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Хариуцагч С.С “...надаас төлөгдсөн Ч.Д-ийн өр болон надад учирсан хохирол өмнөх шүүх хуралдаанд нотлох баримтыг гаргаж өгсөн 34 752 648 төгрөг, хэргийг эцэслэн шийдвэрлэх шүүх хуралдаанд гаргаж өгсөн 64 213 700 төгрөг, нийт 98 966 348 төгрөгийг Ч.Доос гаргуулах тухайгаа илэрхийлж байсан. Гэтэл миний энэ асуудлыг тодорхой дүгнэж үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна...” гэж тайлбарлаж байгаа боловч үүнийгээ нотолж чадаагүй, энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй байна.

      Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хийсэн дүгнэлт бодит байдалд нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.С-ын гомдлыг хангахгүй орхив. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 298 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.С-ын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.С-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээсүгэй.

          3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

         4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.