Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 92

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                                                                                                       

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгч Э.Д, Б.Б нарын өмгөөлөгч  Т.Хүдэр

Шүүгдэгч Э.Д, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Д, Б.Б нарт  холбогдох эрүүгийн 1830000460046 дугаартай  хэргийг  2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаар  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан Э.Д.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 100.000 төгрөг гаргуулан 05 сар 20 хоногийн баривчлах ялаар шийтгэгдэж байсан Б.Б.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

          Шүүгдэгч Э.Д, Б.Б нар нь бүлэглэн  2018 оны 01 дүгээр сарын 13-наас 16-ны хооронд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн нутаг “Б” гэх газраас иргэн Д.Эгийн 3 /гурван/ адууг хулгайлж  2.500.000 төгрөгийн хохирол учруулсан, 

 

 Э.Д, Б.Б нар нь бүлэглэн Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Т” гэх газраас 2017 оны 12 дугаар сард иргэн О.Эын 2 / хоёр/ үхрийг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч  Э.Д нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн нутаг “Ч” гэх газраас 2017 оны 11 дүгээр сард иргэн Ч.Бын 1 /нэг/ адууг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн   хэлэлцүүлэгт  дараах   нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр Б гэдэг хүний 1 адууг,  2017 оны 12 дугаар сарын сүүлээр Э гэдэг хүний 2 үхрийг, 2018 оны 01 дүгээр сарын 10-д гаргаад Э гэдэг хүний 3 адууг авсан. Цагдаа дээр 3-4 сар шалгагдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.  Хохирлыг төлж барагдуулсан. Дахиж ийм хэрэг хийхгүй гэв. 

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 01 дүгээр сард Эгийн 3 адууг,  2017 оны 12-р  сард Эын 2  үхрийг авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо төлж барагдуулсан гэв.

 

Хохирогч Д.Эгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр баг Б гэх газарт нутагладаг. 2018 оны 01-р сарын 13-наас 16-ны хооронд манай адуун дотроос Хэн зүсмийн галтай саран тамгатай Хэн байдас, бор зүсмийн задгай ихэр онгин тамгатай хязаалан байдас, улаан хээр зүсмийн галтай саран тамгатай хязаалан байдас алга болсон байсан. Ойр орчимдоо эрэл хийгээд олдоогүй юм. Тэгээд манайхаас урагш нутагладаг Дыг авчихсан болов уу гэж бодоод адууныхаа нас, зүсийг хэлээд асуухад мэдэхгүй гэж байсан. Би хязаалан байдсаа 1.5 сая төгрөгөөр, харин шүдлэн байдсаа 1 сая төгрөгөөр үнэлж байна. Надад нийтдээ 4 сая төгрөгийн хохирол учраад байна. Манай адуу “Б” гэх газраас урагшаа “Х” гэдэг газарт ихэвчлэн байдаг 01-р  сарын 16-ны өдөр адуугаа хураахад “Х” гэх газарт байж байсан. Миний хувьд адуу хулгайлж авсан хүмүүсээс хохирлоо авчихвал гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

 Хохирогч Д.Э прокурорын газарт гаргасан хүсэлтэндээ: 2018 оны 1-р сард 3 адуу хулгайлж надад хохирол учруулсан хүмүүс миний хохирлыг барагдуулж 3 адуу өгсөн тул надад гаргах гомдол санал байхгүй уг хэргийг түргэн шуурхай шийдэж өгнө үү гэжээ /хх-ийн 123/. 

 

Хохирогч О.Эын мөрдөн байцаалтанд өгсөн “…Манайх Уулбаян сумын 2 дугаар багийн нутаг нэгдлийн бригадын зүүн талаар “Д” гэдэг газар нутагладаг юм. 2017 оны 12 дугаар сарын 20-доор үхрээ хураахад хоёр хязаалан үхэр маань алга болсон хайгаад олоогүй юм. Хар зүсмийн хязаалан эр үхэр зөв чих араасаа ганзага имтэй, мухар улаан хязаалан эр үхэр мөн адил зөв чих нь араасаа ганзага имтэй байсан. Би алдсан 2 үхрээ нэг бүрийг нь 600.000 төгрөгөөр үнэлнэ. Би учирсан хохирол болох 1.200.000 төгрөгөө авсан болохоор гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 45/

Хохирогч О.Э  прокурорын газарт гаргасан хүсэлтэндээ:  Миний бие 2017 оны 12-р сарын 20-доор улаан зүсмийн эр үхэр, хар  зүсмийн хязаалан эр үхэр алдсан. Уг үхрүүдийг Уулбаян сумын иргэн Б.Б, Э.Д нар хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч миний хохирлыг барагдуулсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй тул хэргийг хөнгөн шийдэж өгнө үү  гэжээ /хх-ийн 132/. 

 

Хохирогч Ч.Бын мөрдөн байцаалтанд өгсөн “...Манайх Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг “Ч” гэх газар нутагладаг юм. 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр манай адуу Уулбаян сумын 4 дүгээр багийн нутаг “Алтан-Овоо” гэх газар байсан юм. Тэгээд би адуугаа бөөгнүүлэх санаатай адуун дээрээ очоод адуугаа бүртгэж үзэхэд манай адуунаас зөв талын хаан дээрээ ширээтэй чандмань тамгатай хээр зүсмийн 1 адуу алга болсон байсан...Миний хохирлыг Э.Д барагдуулсан. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/

 

Гэрч С.Гын мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Бтэй уулзаад бэлгэнд өгсөн адуугаа өгчих боломж байна уу гэсэн чинь бүтэх байх гэсэн. Өөрийнхөө адуунаас адуу авчирч өгнө гэсэн боловч гэнэт би найзаасаа нэг даага авах юм, цуг явъя гээд аймгаас баруун тийш яваад 18 цагийн үед Бгийн найз Да /сүүлд нэрийг нь мэдсэн/ гэх айлын гадаа очсон. Тэгээд би гэрт нь сууж байгаад Бг явъя гэхээр нь гараад иртэл 3 адуу хийчихсэн портерт ачсан байсан. Миний машин Да гэх айлын гадаа очоод эвдэрчихсэн. Бид нар 3 адууг ачаад аймагт орой 22 цагийн үед ирээд би дааганы махаа аваад явсан. Да, Б нар нь 2 адуугаа аваад явсан. Маргааш нь машинаа авах гээд очтол Б 2 адуугаа өгчихлөө гэж байсан. Надад мах л өгсөн. Толгой, арьс, шийр өгөөгүй. Сүүлд Б нь чамд өгсөн адууны мах чинь хулгайнх байсан юм цагдаад баригдчихлаа гэж байсан. Миний хувьд уг адууг хулгайн адуу гэж мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18/

 

Гэрч А.Э мөрдөн байцаалтанд өгсөн “...Би Дын аав Эын ямааг 2017 оны хавар самнаж байхдаа Датай танилцсан. Тэрнээс хойш Датай холбоотой байгаа. Да нь хөдөөнөөс ирэхдээ хааяа манайхаар ирдэг юм. 2018 оны 01-р сарын 10-дын үед гэж санаж байна. Да, Б нар манай гэрт ирээд хамт яваад мах өргөлцөөд өгчих гэсэн. Тэгээд Да нь толгой өвдөөд байна гээд манайд үлдээд би Бтэй Мах маркетад очиж 2 адууны мах өгсөн. Би хэдэн төгрөгөөр зарсан талаар мэдэхгүй,   ямар учиртай адуу өгч байгаа талаар мэдээгүй. Уг 2 адууны мах нь толгой, арьс, шийр байгаагүй. Дыг таньдаг болсноос хойш ажиглаад байхад хүнд тусархуу хүн шиг л харагддаг. Өөр зүйлийн талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг  /хх-ийн 21/

 

Гэрч Х.Т мөрдөн байцаалтанд өгсөн “...Б.Б нь манай нөхөр юм. 11 дүгээр сарын сүүлээр манай нөхөр бид хоёрыг хөдөөнөөс аймаг явах гэж байтал Да нь утсаар яриад “Эхнэр, хүүхэд аймагт эмнэлэгт үзүүлж байгаа. Би явах хэрэгтэй байна” гэж ярихаар нь нөхөр бид хоёр хөдөө байдаг гэр рүү нь очтол нэг адуу хийчихсэн байгаа тэрийг аваад явчихъя гэсэн. Бид хоёрыг очиход Да гэртээ ганцаараа байсан. Аймаг руу Да, Б бид 3 явсан. Да адуугаа  өөрийнхөө адуу гэж тайлбарлаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 4-5, 9-10/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 13/

Сүхбаатар аймгийн Уулбаян суманд 2017 оны 12 дугаар сарын байдлаарх малын үнэлгээ /хх-ийн 60, 81/

Сүхбаатар аймгийн Уулбаян суманд 2017 оны 11 дүгээр сарын байдлаарх малын үнэлгээ /хх-ийн  81/

Сүхбаатар аймгийн Уулбаян суманд 2017 оны 12 дугаар сарын байдлаарх малын үнэлгээ /хх-ийн 89/

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн Засаг даргын 25 дугаар тодорхойлолт /хх-ийн 85-р хуудас/

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн Засаг даргын 25 дугаар тодорхойлолт /хх-ийн 86-р хуудас/

Б.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90-р хуудас/

Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 06-р сарын 22-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 101-106/

Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 01-р сарын 10-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 107-112/                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08-р сарын 25-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 92-97/                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

  Э.Дын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч Э.Д, Б.Б нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 13-наас 01 дүгээр сарын 16-ны хооронд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн нутаг “Б” гэх газраас хохирогч  Д.Эгийн 3  адууг хулгайлж  2 500 000 төгрөгийн хохирол учруулсан, мөн  2017 оны 12 дугаар сард Э.Д, Б.Б нар нь бүлэглэн Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Т” гэх газраас  хохирогч О.Эын 2  үхрийг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан, 

 

Шүүгдэгч Э.Д нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн нутаг “Ч” гэх газраас 2017 оны 11 дүгээр сард хохирогч  Ч.Бын 1 адууг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн  болох нь шүүгдэгч Э.Д, Б.Б нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Д.Э, О.Э, Ч.Б, гэрч С.Г, А.Э, Х.Т нарын мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Э.Д, Б.Б нар нь  мал хулгайлах гэмт хэргийг шунахайн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр  үйлджээ. Шүүгдэгч нар  өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,  нууцаар, хууль бусаар авч хохирогч нарын өмчлөх эрхэд халдан хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч Э.Д, Б.Б нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг  нотлогдож тогтоогдсон тул Э.Д, Б.Б нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ. 

Шүүгдэгч Э.Д, Б.Б нарт ял шийтгэл оногдуулахад  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т  зааснаар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал болно. 

 

Шүүгдэгч Э.Д, Б.Б нарын үйлдсэн хэрэг нотлогдсон,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч бусдад  учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Э.Д, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт нь 350 / гурван зуун тавин/ цагийн  нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Шүүгдэгч Э.Д, Б.Б нар  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Э, О.Э, Ч.Б нарт хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нар  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэсэн  яллагдагч Э.Дын эзэмшлийн Хьюндэй портер маркийн 34-73 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, яллагдагч Б.Бгийн дундын эзэмшлийн Ниссан нөте маркийн 61-36 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн Прокурорын 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/02, Б/03  дугаартай тогтоолуудыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгож, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Э.Д  гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга болох халтар морь нь миний морь байсан юм, одоо надад байхгүй гэж байх тул шүүгдэгч Э.Дас морины  үнэ 700 000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохыг дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч Намжил овогт Эын Да, Ухаа балжир овогт Баясгалангийн Б нарыг бүлэглэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Дыг 350 /гурван зуун тавин/ цагийн  нийтэд тустай ажил хийлгэх ялаар,  Б.Бг 350 /гурван зуун тавин / цагийн  нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан Э.Д, Б.Б нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4-өөс дээшгүй цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  ялтан Э.Д, Б.Б нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн ялтан Э.Дын эзэмшлийн Хьюндэй портер маркийн 34-73 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг, ялтан Б.Бгийн дундын эзэмшлийн Ниссан нөте маркийн 61-36 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын  2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн б/02,  б/03 дугаартай   тогтоолуудыг  тус тус хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгож, ялтан Э.Дын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга болох халтар морины үнэ 700 000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

6. Ялтан  Э.Д, Б.Б нар  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Э, О.Э, Ч.Б нарт хохирол төлөгдсөн,  хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д, Б.Б нарт авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА