| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2018/0060/э |
| Дугаар | 72 |
| Огноо | 2018-04-09 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 72
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагч С.Сугар,
Шүүгдэгч Б.Мгийн өмгөөлөгч Д.Баярмаа
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн Б.Мд холбогдох 1830000330043 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын сумын 4 дүгээр багийн харьяат, 1985 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт ... газарт оршин суух, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, улсаас авсан гавь яа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.М
Холбогдсон хэргийн талаар/ прокурорын яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Б.М 2018 оны 01 дүгээр сарын 19-ний орой 17 цагийн орчим бага насны буюу 10 сар 10 хоногтой охин О.Аыг орноос унагахгүй байх зорилгоор орны хөндлөвч модноос уяагаар уяж орхисны улмаас О.А нь уг уяанд боогдож, эрүүл мэнд, амь насанд нь аюул учирч болохыг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас О.Аын амь насыг болгоомжгүйгээр хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй...гэв.
- Б.Мгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 13 цагийн үед манай нөхөр О том охин Аыгаа Дарьганга сумын төв рүү сургууль орох болсон болохоор машинтайгаа хүргэж өгөхөөр явсан. Харин би талийгаач бага охин Аын хамт гэртээ, харин манай хажуу талын гэрт манай нөхрийн төрсөн ах нар нь болох О, М нарын хамт үлдсэн. Тэгээд би орой 17 цагийн үед гэртээ түлээгээ оруулах гээд гарахдаа ногоон өнгийн бүсийг орныхоо гудсан доор байх хөндлөн дай модноос уяад талийгаач охин Аынхаа баруун талын мөрөн дээгүүр нь гарган зүүн талын суган доогуур нь гарган цээжээр нь тооно тушиж уяад гарахад охин маань доошоо хараад унтаж байсан. Тэгээд би гараад гэрийнхээ аргалын хоёр саванд аргал хийж, мөн аргалынхаа ойр хавьд байсан цасыг нь цэвэрлэчхээд 20 минут орчим болоод гэртээ орж ирэхэд охин маань орныхоо наад талд нь хоёр хөл бол болон бие нь доошоо унжчихсан толгой нь орны наад талын хэсгийн ирмэгт цаашаа ор руугаа харсан байдалтай байхаар сандраад гүйж очингуутаа уяанаас нь салгаад сэгсрэхэд ухаангүй байхаар нь үнэртэй ус хамар руу нь цацахад сэрэхгүй байхаар нь цээж рүү нь гараараа дарсан боловч сэрээгүй, хамаг бие нь хөрчихсөн байсан. Тэгээд удалгүй амнаас шүлс шиг шингэн зүйл гарахаар нь би өнгөрчихсөн байна гэж ойлгож, мөн айж сандарсандаа шууд нөхөр О рүү утсаар хэлсэн. Удалгүй эмнэлгээс эмч нар ирж үзээд нас барсан байна гээд сумын төв рүү охиныг маань аваад явахаар нь хамт ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 11/,
- Хохирогч У.Оийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 13 цагийн үед том охин Аын хичээл нь орох болоод охиноо өөрийн машинтайгаа хүргэж өгөхөөр Дарьганга сумын төв рүү явсан. Орой 17 цагийн үед манай эхнэр Мө над руу хөдөө гэрээсээ утсаар залгаад хэлэхдээ “Охин чинь өнгөрчихлөө” гэхээр нь би “юу болов, яасан бэ” гэж асуухад урдаас уйлаад юм хариулахгүй байсан. Тэгээд би шууд машинтайгаа хөдөө гэр рүүгээ очиход түргэний эмч нар оччихсон манай талийгаач охиныг маань сумын төв рүү аваад явах гээд байж байсан. Манай эхнэр Мө, мөн манай хажуу айл болох миний хоёр төрсөн ах У.О, У.М нар байсан. Харин яг гэртээ бол эхнэр Мө, талийгаач охин А хоёр үлдсэн байсан. Манай охинд ямар нэгэн өвддөг зүйл байхгүй. Эв эрүүл хүүхэд байсан. Ер нь манай эхнэр Мө бид хоёр ойр зуурын гэр орны болон мал ахуйнхаа ажилд гарахдаа талийгаач охин Аыгаа гэртээ орхихдоо уяагаар нэг мөрөн дээгүүр нь гаргаад эсрэг талын суган доогуур нь гаргаж цээжээр нь уяж орхидог байсан. Манай талийгаач охин чинь мөлхөөд халуун хүйтэнд хайрагдчих болов уу, мөн пийшин сав зуух руу орчихоос сэргийлж уяж орхидог байсан.Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг гэх мэдүүлэг / хх-ийн 08/,
- Гэрч М.Гийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би 2018 оны 01 дүгээр сарын 19-ний орой 18 цагийн үед ажил дээрээ байж байхад Дарьганга сумын 4 дүгээр багийн нутаг “Үүдийн хойд ширээ” гэх газраас 9 сартай хүүхэд орон дээрээс унаад ухаангүй байна гэсэн дуудлага ирэхээр нь дуудлага өгсөн хүн болох талийгаач Аын ээж Мө руу утсаар залгаж ярихад “ хүүхэд маань амьсгалахгүй байна, дуугарахгүй байна “ гэхээр нь би их эмч О, сувилагч М, талийгаач Аын эмээ болон авга эгч нарын хамт очиход хүүхэд гэрийн хойд талын орон дээр цагаан эрээн өнгийн хоёр давхар өлгийгөөр ороож дээш нь харуулж хэвтүүлсэн байдалтай байсан. Би өлгийг задалж үзэхэд хүүхэд амьдын шинжгүй, нүд нь аньсан, ам нь хагас ангайсан, мөчид биеийн дагуу, хүүхэн хараа хоёр талд өргөссөн, гэрлийн урвалгүй, бүх бие хөрч хүйтэн болсон, амьсгал, зүрх судас зогссон, дунд зэргийн мариатай, арьс дээр эмгэг, тууралтгүй, шархгүй, эмэгтэй 10 сар орчмын хүүхэд байсан. Хэсэг газрын үзлэгээр духны голд хоёр нарийн дарагдсан ховилтой, духны зүүн дээд буланд хуруу дарам газар овойж хөхөрсөн, хүзүү баруун талдаа нугалаас орчим нарийн улаан оромтой байсан. Тэгээд би ээжээс нь юу болсон талаар асуухад “ хүүхдээ баруун мөрөн дээгүүр зүүн суганы доогуур уяагаар уяж үлдээгээд аргал авах гээд гараад 30 орчим минутын дараа ирэхэд хүүхэд маань орон дээрээсээ унаж уяанаасаа зүүгдэж, өмдөндөө бааж шээсэн байдалтай дуугарахгүй байсан” гэж ярьж байсан. Тэгээд би хэсгийн төлөөлөгч Оюунболд руу залгаж юу болсон талаар яриад, талийгаач хүүхдийг ээж аавынх нь хамт Дарьганга сумын төвд ирээд талийгаачийг Эрүүл мэндийн төвийн цогцос хадгалах өрөөнд авчирч орхисон... гэх мэдүүлэг /хх-ийн 10/,
- Гэрч У.Мын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө эрт нар мандаж байхад би гэрээсээ гарч адуундаа Пагвай хүрээ, Шарга оноо, Аюударын ар гэх газруудаар адуугаа хайж яваад орой нар шингэж байхад ирэхэд манай баруун дээрээс эмнэлгийн машин ирж байсан. Тэгээд бэр Мөгаас асууж учрыг нь мэдсэн. Ер нь байнга аль нэг мөрөн дээгүүр нь, мөн аль нэг суган доогуур нь оруулж уяагаар уяж орныхоо араас уядаг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 12/
- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 07 дугаартай : 1.Талийгаач О.Аын цогцост хийсэн шинжилгээгээр духны цус хуралт, хуйхан доорхи цус хуралт болон хүзүүний доод хэсэгт доороос дээш, урдаас хойш ташуу өгссөн нэг ширхэг дарагдлын ором, амьсгал бүтэлтийн хэлбэрийн түргэн үхлийн шинж тэмдгүүд болох цусны шингэн төлөв, дотор эрхтний цус дүүрэлт, тархи уушгины хаван, уушгины гялтан зүрхний гадна давхарга доорхи цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл, өөрчлөлтүүд нь амьд үед болон нас барах агшинд үүссэн байна. 3.Энэ тохиолдолд биеийн хүндийн жингээр хүзүүний хэсэгт хүчтэй татагдалт, дарагдалт үүссэнээс хүзүүний хэсгийн гэмтлүүд үүсжээ. 4.Талийгаач нь хүзүүний эрхтнүүд уяагаар дарагдсанаас амьсгалын хурц дутагдлаар нас баржээ.5.Талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байжээ... гэх дүгнэлт /хх-ийн 20/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- 04-6/
- Цогцсод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-17/
- О.Аын төрсний гэрчилгээ /хх-ийн 22/
- Талийгаач О.Аын насыг тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 23/
- Талийгаач О.Аын эрүүл мэндийн карт /24-38/
- Б.Мийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 45/,
- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 46/
- Б.Мийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/
- О.Аын нас барсны гэрчилгээ /хх-ийн 49/
- У.О, Б.М нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 50/
- Шүүгдэгч Б.Мгийн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 63/
- Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр багийн засаг даргын 2018.03.05-ны өдрийн 10/227 тоот тодорхойлолт /хх-ийн 61/ зэргийг судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул эдгээр нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний орой 17 цагийн орчимд бага насны буюу 10 сар 10 хоногтой охин О.Аыг орноос унагахгүй байх зорилгоор орны хөндлөвч модноос бүсээр уяж орхисны улмаас О.А нь уг бүсэнд боогдож, амь нас нь хохирсон болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Б.Мгийн “ Би орой 17 цагийн үед гэртээ түлээгээ оруулах гээд гарахдаа ногоон өнгийн бүсийг орныхоо гудсан доор байх хөндлөн дай модноос уяад талийгаач охин Аынхаа баруун талын мөрөн дээгүүр нь гарган зүүн талын суган доогуур нь гарган цээжээр нь тооно тушиж уяад гарахад охин маань доошоо хараад унтаж байсан. Тэгээд аргалын саванд аргал хийж, аргалынхаа ойр хавьд байсан цасыг цэвэрлэчхээд 20 минут орчим болоод гэртээ орж ирэхэд охин маань орныхоо наад талд нь хоёр хөл бол болон бие нь доошоо унжчихсан, толгой нь орны наад талын хэсгийн ирмэгт цаашаа ор руугаа харсан байдалтай байхаар сандраад гүйж очингуутаа уяанаас нь салгаад сэгсрэхэд ухаангүй байхаар нь үнэртэй ус хамар руу нь цацахад сэрэхгүй байхаар нь цээж рүү нь гараараа дарсан боловч сэрээгүй, хамаг бие нь хөрчихсөн байсан. Тэгээд удалгүй амнаас шүлс шиг шингэн зүйл гарахаар нь би өнгөрчихсөн байна гэж ойлгож, айж сандарсандаа шууд нөхөр О рүү утсаар хэлсэн...” гэх мэдүүлэг,
хохирогч У.Оийн “Мө над руу хөдөө гэрээсээ утсаар залгаад хэлэхдээ “Охин чинь өнгөрчихлөө” гэхээр нь би “юу болов, яасан бэ” гэж асуухад урдаас уйлаад юм хариулахгүй байсан. Ер нь манай эхнэр Мө бид хоёр ойр зуурын гэр орны болон мал ахуйн ажилд гарахдаа талийгаач охин Аыгаа гэртээ орхихдоо уяагаар нэг мөрөн дээгүүр нь гаргаад эсрэг талын суган доогуур нь гаргаж цээжээр нь уяж орхидог байсан “ гэх мэдүүлэг,
гэрч М.Г, У.М нарын мэдүүлгүүд, 2018.01.20-ны өдрийн Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 07 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдож байна.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөхцөл нь шүүгдэгч Б.Мгийн бага насны хүүхдийг орон дээр бүсээр уяж, хараа хяналтгүй орхисон, бүсээр уяхдаа бүсний уртыг орноос унахгүй байдлаар тохируулаагүй зэрэг үйлдэлтэй холбоотой хийгээд түүнийг гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Тэрээр охин О.Аыг бүсээр уяснаас орноос унаж боогдон эрүүл мэнд, амь насанд нь хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч охиныг бүсээр уяснаас орноос унахгүй гэж хөнгөмсөгөөр найдсаны улмаас О.А орны урд талруу унаж, хоолой нь боогдон амьсгалын хурц дутагдлаар амь нас нь хохирсон байна.
Б.Мгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжийг агуулсан байх хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй, шүүгдэгч хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Оөөс хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл, гомдол гаргаагүй болно.
Прокуророос Б.Мд холбогдох дээрх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл, журам хангагдсан байна гэж үзлээ. Тухайлбал, энэ шүүгдэгч Б.Мгийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч У.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн бөгөөд тэрээр хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон ялын талаар маргаагүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Мгийн үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, амь хохирогч нь түүний төрсөн хүүхэд, уг хэрэг болгоомжгүйгээр үйлдэгдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар “ би энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон, миний зүгээс гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд суухгүй “ гэх хүсэлтийг шүүхэд гаргасан зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг үндэслэн прокуророос гаргасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан, тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суух газар,...зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тогтоолоо.
Б.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.О гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдая.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан, тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Мд оршин суух газар зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Мд мэдэгдсүгэй.
5. Ялтан Б.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Ялтан Б.Мд шүүхийн шатанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН