Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/65

 

 

 

 

 

 

  2024            9             12                                                        2024/ДШМ/65

 

 

 

 

Г.Нид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Уянга 

Шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Г.Э /цахим/

Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Г.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.Нид холбогдох эрүүгийн 2134001570307Т дугаар хэргийг 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Монгол Улсын иргэн, ............. оны .............дугаар сарын ............-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт ............ хот .............. дүүрэг, .............. хороо, ............... тоотод оршин суух хаягтай, хэрэгт холбогдох үедээ “Пэпси” компанид борлуулалтын менежер ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 940 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн  хорих ял оногдуулж, уг ялыг хоёр дахин багасгаж, эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож,  шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх Х............овгийн Га........... Н..............., /РД:.........................../

2. Г.Н нь Б.С........., Н.Г..........., Ц.Б............... нартай бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Борнуур сум Бичигт 3 дугаар багийн нутаг “Шар хоолой” гэх газраас мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох “Делта-9 тетрагидроканнабилон” гэх ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн Тоёота Приус-20 маркийн 04-12 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

3. Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ. 

4. Анхан шатны шүүх: “...Шүүгдэгч Х............ овгийн Г.......... Н..............Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х...... овгийн Га............ Н................... 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нийн цагдан хоригдсон 76 /далан зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч У.Мягмарсүрэнгийн эзэмшлийн 04-12 УНБ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 5,616,000 төгрөгөөс 1,404,000 төгрөгийг шүүгдэгч Г.Ноос гаргуулж улсын орлогод оруулж,

Эрүүгийн 2134001570307 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Н нь 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 76 /далан зургаа/ хоног цагдан хоригдсон, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 10.00 грамм Делта-9 тетрагидроканнабинолыг 2023 оны 12 дугаар 20-ны өдрийн №522 дугаартай шүүгдэгч Б.Сүхбатад холбогдох шийтгэх тогтоолоор устгасан болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

5.Шүүгдэгч Г.Н гаргасан давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Уг гэмт хэргийг үйлдэж байх үед миний бие өсвөр насны хүүхэд, эрхэлсэн ажилгүй, амьдралыг үзэх үзэл бодол маань тогтоогүй хэт дэврүүн хийсвэр байсны хор уршгаар найзуудынхаа хамт хууль бус сэтгэцэд нөлөөт төрлийн өвс гэх ургамлыг хэрэглэсэн. Энэ төрлийн бодис нь бие махбод болон сэтгэн бодох, мөн нийгэмд ямар их хор нөлөөлтэй зүйл вэ гэдгийг би маш сайн ойлгосон. Хийсэн хэрэгтээ харамсаж, гэмшиж байна, дахин хэзээ ч хэрэглэхгүй холбогдохгүй. 2008 онд аав, 2011 онд дүүгээ он дараалан алдсанаас хойш ээжтэйгээ хоёулаа амьдрах болсон. Тэр мөчөөс эхлэн ээж маань олон жил энэ амьдралыг нуруун дээрээ үүрч явсны улмаас эрүүл мэндийн байдал, ажил төрөл эрхлэх чадамж нь дордсоор хуваариа дээл хувцас хийж хөдөлмөрлөсөөр байгаа буянт хүн билээ. Мөн эхнэр маань жирэмсэн миний ард үлдэх энэ 3 хүний төлөө би нийгэмд ямар байр суурь эзлэх ёстойгоо одоо л ухаарч, төлөвшиж урьдын алдаа дутагдлаа давтахгүй, алдахгүй байх амьдралын нэгэн чухал үе дээр зогсож байна. Иргэнийхээ үүргийг биелүүлж ариун шударга хөдөлмөр эрхэлж сайн хүү, сайн аав байх боломжийг надад олгоно уу. Гэмт хэргийн улмаас учирсан 1,404,000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Миний бие үйлдсэн гэмт хэргээ байцаалтын шатнаас үнэн зөвөөр мэдүүлсээр ирсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хийсэн хэрэгтээ маш их дүгнэлт хийж, харамсаж байна. Улсаас авсан гавьяа шагналуудын хувьд Монголын хүүхэд залуучуудын холбооны алтан медаль, сагсан бөмбөгийн 1 дүгээр зэрэг үнэмлэх, Монгол Улсын мини сагсан бөмбөгийн улсын аварга, 2016 онд сагсан бөмбөгийн алтан медаль, 2017 онд алтан медаль, хошоо аварга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын үсэгтэй баярын жуух бичиг, Намуун хүүхдийн сангийн нэрэмжит Asia холбооны улсын уулзалтын сертификат Ерөнхийлөгчийн гарын үсэгтэй баярын бичиг зэрэг шагналуудтай. Дээрх миний ар гэрийн байдал, хувийн амжилт нийгэмд идэвх санаачилгатай амьдардаг зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эгийн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлага, ял шийтгэлийн талаар шүүхээс гаргасан дүгнэлтэд "...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн шударга ёсны зарчимд нийцүүлж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийн харгалзан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ" гэжээ. Мөн шүүгдэгч Г.Нийн хувьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж... ял эдэлж байсан... дахин гэмт хэрэг үйлдсэн, ...2022 оны 12 дугаар сарын 09-өөс 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл шүүхийн шатнаас оргон зайлж шүүн таслах ажиллагаанд саад учруулсан зэрэг нөхцөл байдлуудыг дүгнэн, шүүгдэгч Г.Нид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй гэжээ. Шүүгчийн дээрх дүгнэлт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно" мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг "Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй" Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг "Эрүүгийн хариуцлага нь... гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг "...ял оногдуулахад хүнийг... ялгаварлан гадуурхахгүй" мөн хуулийн 5 дахь хэсэгт “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна" гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Г.Н 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 940 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж түүнийг тэнсэн хянан харгалзаж байсан ба энэ ялыг ялтан эдэлж дууссан байтал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн хувийн байдлыг харгалзан 2 жилийн хорих ял оногдуулах, урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял эдэлж байсан, дахин гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс оргон зайлж шүүн таслах ажиллагаанд саад учруулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан дүгнэж Эрүүгийн хэргийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй гэсэн байгаа нь хуулийг буруу тайлбарласан.  Эрүүгийн хуулийн хуулийг буруу хэрэглэсэн, яллах буюу хэт нэг талыг баримталсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль бусад хуулийн заалтыг чанд сахина" мөн хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсад хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна", гэсэн заалтуудыг зөрчиж 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар гэмт хэрэг давтан үйлдсэн заалтыг тогтоолын дүгнэлтэд агуулгаар нь дурдаж оногдуулах ял шийтгэлийг хүндрүүлэх үндэслэл болгосон байгаа нь дээр дурдсан хуулийн бүх заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. Түүнчлэн Эрүүгийн хуульд шүүхээс оргон зайлсан бол ял шийтгэлийг хүндрүүлэх хуулийн заалт байхгүй атал шүүх энэ үндэслэлээр ялыг хөнгөрүүлэхгүй гэж дүгнэсэн болно. Г.Н бусад 3 нөхдийн хамт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнээс шүүгдэгч Б.Сүхбат Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 522 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн, албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. Г.Н энэ гэмт хэргийг Б.Сүхбатын хамт үйлдсэн байтал Г.Нид оногдуулах ялыг хуульд заасан үндэслэлгүйгээр илт хүндрүүлж ял оногдуулсан нь шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш байх зарчмыг алдагдуулж ялгаварлан гадуурхаж, "нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна" гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

2. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан заалтуудыг үндэслэн өөрчилж шүүгдэгч Г.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1-5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж болох хуулийн заалт бий тул энэ ял шийтгэлийн төрлийг сонгон хэрэглэж хорих ял оногдуулахгүйгээр шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж ял шийтгэлийг хөнгөрүүлэн хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

7. Прокурор Г.Уянга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Н нь Б.Сүхбат, Н.Ганхүү, Ц.Бямбадорж нартай бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Борнуур сум Бичигт 3 дугаар багийн нутаг “Шар хоолой” гэх газраас мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох “Делта-9 тетрагидроканнабилон” гэх ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн Тоёота Приус-20 маркийн 04-12 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдсон ба прокурорын газраас шүүгдэгч Г.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Энэ хэргээс Б.Сүхбат, Н.Ганхүү, Ц.Бямбадорж нарт холбогдох хэргийг тусгаарласан байгаа. Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Г.Нийг энэ хэрэгт гэм буруутайд тооцож ял оногдуулсан болон шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Нид  холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Г.Э нарын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэлээ.

1.Шүүх, шүүгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно”, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг эрх зүйн удирдлага болгон шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

2.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 4-17/, мансууруулах сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй бодис хэрэглэсэн эсэхийг анхан шатны тестээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 18-25/, хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /1-р хх-ийн 26-33/, иргэний нэхэмжлэгч У.Мягмарсүрэнгийн мэдүүлэг /1-р хх-ийн 37-38/, гэрч Ц.Бямбадоржийн мэдүүлэг /1-р хх-ийн 48-49/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн №3179 дугаартай дүгнэлт /1хх-ийн 59-61/, яллагдагч Б.Сүхбатын мэдүүлэг /1-р хх-ийн 89/, эд хөрөнгө битүүмжлэх тухай 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар прокурорын тогтоол /1-р хх-ийн 101-102/ зэрэг нотлох баримтуудад шүүгдэгч Г.Н нь Б.Сүхбат, Н.Ганхүү, Ц.Бямбадорж нартай бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн нутаг “Шар хоолой” гэх газраас мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох “Делта-9 тетрагидроканнабилон” гэх ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт холбогдсон үйл баримтын талаар хэрэгт тусгагджээ.

3.Шүүгдэгч Г.Н нь дээрх гэмт хэрэгт холбогдохоос өмнө буюу 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабилон гэх ургамлыг бэлтгэн, хадгалсан гэмт хэрэг үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/940 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн  хорих ял оногдуулж, эдлэх ялыг хоёр дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ялын хэмжээг тогтоож, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох, сургалтад хамрагдах үүргийг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ  авч, мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Н нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолын биелэлтийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг дурдаж шийдвэрлэсэн болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 121-127 дугаар хуудсанд авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдсон байна.

3.1.Гэтэл шүүх уг шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаа, албадлагын арга хэмжээ авагдсаныг хэрхэх талаар болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах нийтлэг журмыг хэрэглэх эсэхэд дүгнэлт хийгээгүй орхигдуулсны улмаас дээр дурдсан хуулийн зарчмыг хэрэгжүүлээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байгаа тул шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй гэж дүгнэв.

4.Түүнчлэн шүүх дээрх байдалд дүгнэлт хийснээр “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго, “шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн  хариуцлага хүлээлгэнэ” гэсэн мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчим хангагдах учиртай.

5.Иймд дээрх дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцааж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдолд эрх зүйн дүгнэлт хийгээгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

6.Шүүгдэгч Г.Нид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг анхан шатны шүүхэд хэргийг очих хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Шүүгдэгч Г.Нид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг анхан шатны шүүхэд хэргийг очих хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                   

                    ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               М.МӨНХДАВАА  

 

                        ШҮҮГЧИД                                                З.ТҮВШИНТӨГС

                                                                                               А.ЦЭРЭНХАНД