Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 204/МА2022/00005

 

Өвөрхангай аймгийн Арвайхээр

цэцэрлэгжилт ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

           Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 145/ШШ2021/00470 дугаар шийдвэртэй

   Өвөрхангай аймгийн Арвайхээр цэцэрлэгжилт ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй М.Н-аас 8 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, түүний өмгөөлөгч П.Адьяасүрэн, нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Арвайхээр цэцэрлэгжилт Орон нутгийн өмчит ААТҮГ-ын дарга Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хаус хороолол” төслийн нэгжийн менежер Д.Г-ын 2019 оны ажлын үр дүнг үнэлээд Өвөрхангай аймгийн Засаг дарга түүнд нэг газар урамшуулал болгон үнэгүй олгохоор шийдвэрлэж, энэ талаар зөвлөлийн даргад хэлсэн байсан. Үүний дараа Д.Г газар олгох ажил хариуцдаг учраас Р 20 гэсэн газрыг миний урамшууллын газар гэж Р-д зарсан байсан тул манай байгууллага Б 20 гэсэн газрын үнийг аваагүй. Харин “Хаус хороолол” төслийн нэгжийн менежер Д.Г-д нэг газар урамшуулал болгон үнэгүй олгох төслийн нэгжийн удирдах зөвлөлийн тогтоол 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр бичгээр гарсан байдаг. Гэтэл М.Н төслийн нэгжийн менежер Д.Г-ын D 19 гэсэн урамшууллын газрыг авсан. Мөнгийг нь Д.Г авсан гэж хэлсэн. Д.Г урамшууллын нэг газраа өмнө нь өөр хүнд худалдсан учраас манай байгууллагын хувьд Р 19 гэсэн газрын мөнгийг төлсөн хүнтэй гэрээ байгуулан энэ газрыг өгсөн байсан. М.Н газрын асуудлаар гомдол гаргаж, үүнийг нь төслийн нэгжийн удирдах зөвлөлийн дарга И.Д зөвлөлийн хуралд танилцуулан М.Н-т газар олгохыг дэмжсэн. Ингээд “Хаус хороолол” төслийн нэгжийн удирдах зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолоор В 47, D 37 гэсэн газрыг шинээр нэмж, газрын үнийг төслийн нэгжийн дансанд төвлөрүүлэхийг захирал, нягтлан бодогч нарт даалгасан байсан. М.Н нь Өвөрхангай аймгийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/339 тоот захирамжийн дагуу В 47 гэсэн газрыг авсан. Иймд “Хаус хороолол” төслийн нэгжийн удирдах зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 02 тоот тогтоолын дагуу М.Н-аас B 47 гэсэн газрын үнэ болох 8 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч М.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 05 дугаар сард “Хаус хороолол” төсөл дээр газар үзэх зорилгоор очсон. Энэ үед төслийн менежер Д.Г газар зохион байгуулалт болон борлуулагдаагүй газруудыг надад танилцуулсан. Үүнээс хэд хоногийн дараа Д.Г надтай утсаар холбогдон “Хаус хороолол’’-д газар авах гэж байгаа юм уу, ажил дээр хүрээд ир гэсэн. Тухайн үед эхнэр, бид хоёр очиж Д.Г-той уулзахад “Хаус хороолол” төслийн нэгжийн удирдах зөвлөлөөс миний 2019 оны ажлыг үнэлэн тус хороололд нэг газар урамшууллаар өгсөн. Манай гэр Улаанбаатар хотод байдаг учир би урамшууллын газрыг зарах гэж байна. Газрын үнэ 9 500 000 төгрөг, үүнээс талыг нь одоо аваад үлдэгдэл үнийг хэдэн сарын дараа өгч болно гэж санал хэлээд, газар урамшууллаар олгосон шийдвэрээ надад үзүүлсэн. Тухайн үед би газар сонирхож байсан боловч төлбөр бүрэн биш байсан тул Д.Г-ын санал боломжийн санагдан зөвшөөрч “Хаус хороолол” дээр очиж сул байсан газруудаас үзэн хүн аваагүй байгаа гэх D 19 гэсэн газрыг сонгосон. Газрын үнийн урьдчилгаа болгож 4 600 000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Д.Г-ын хувийн дансанд шилжүүлсэн. Тав хоногийн дараа Д.Г газрын захирамж гарсан үлдэгдэл төлбөрийн талыг өгөх боломж байна уу гэхээр нь 1 600 000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлэн, 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 2 000 000 төгрөг шилжүүлсэн. Ингээд сонгосон газартаа барилгын ажил эхлэх гэтэл тус газар дээр өөр хүн барилга бариад эхэлсэн байсан тул Д.Гтой утсаар холбогдоход Улаанбаатар хотод эмчлүүлж байна, хэд хоногоос очно, намайг эзгүйд “Хаус хороолол” төслийн нэгжийн нягтлан дур мэдэн өөр хүнд газрыг зарсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь тус төслийн нэгжийн нягтлан С.Т гэдэг хүнтэй очиж уулзахад Д.Г-д урамшууллаар өгсөн газрыг өөр хүн аваад байшин барьчихсан байна. Энэ хүнд өөр урамшууллын газар байхгүй гэдгийг хэлсэн. Д.Г нь тус төслийн нэгжийн менежер бөгөөд одоо хүртэл энэ байгууллагад ажилладаг, газар олгох асуудлыг хариуцан ажилладаг хүн учраас энэ хүний ажилд байгууллага нь хяналт тавих ёстой. Гэтэл энэ байгууллагын ажил хоорондоо уялдаа холбоо муутай байснаас би дунд нь маш их хохирч байна. Хэрэв тухайн үед газраа авсан бол барилгын материал үнэд орохоос өмнө байшин барих байсан. Нэгэнт би газрын үнийг төлсөн учир газраа авахаар “Хаус хороолол” төслийн нэгжийн удирдах зөвлөл болон Өвөрхангай аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан. Үүний дагуу “Хаус хороолол” төслийн нэгжийн удирдах зөвлөлийн дарга миний өргөдлийг хурлаар оруулан шугам сүлжээнээс зайтай газрыг төлөвлөлтөд нэмэлтээр оруулан Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар надад В 47 гэсэн газрыг олгосон.

Мөн “Хаус хороолол” төслийн нэгжийн удирдах зөвлөлийн хурлаар миний өгсөн газрын үнийг Д.Г-оос гаргуулан төслийн нэгжийн дансанд оруулахаар болсон тухай мэдэгдэж байсан. Иймд миний бие газрын үнэ 8 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

         Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Арвайхээр цэцэрлэгжилт Орон нутгийн өмчит ААТҮГ-ын М.Н-аас 8 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдан шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 145/ШШ2021/00470 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх “Хаус хороолол” төслийн нэгжийн менежер Д.Г-д тус төслийн 9 500 000 үнэтэй нэг газрыг үнэ төлбөргүй урамшуулал болгон олгосон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Ингээд Д.Г нь урамшуулалын газраа М.Н-т худалдахаар хэлцэл хийсэн байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй нь хуульд нийцэхгүй байна. Анхан шатны шүүхийн дараах үндэслэлээр М.Н-ыг газрын үнэ 8 200 000 төгрөг төлсөн гэж үзлээ гэсэн дүгнэлт нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Газар бол төрийн өмч. Хэн нэгэн албан тушаалтан газрыг хувийн хөрөнгө мэт бусдад худалдаж, үнийг өөрийн хувийн дансаар авч байгаа нь газрын харилцаатай холбоотой хууль тогтоомжинд нийцэхгүй байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Анхан шатны шүүх нь хэрэв Д.Г нь төрийн өмчийн газрыг худалдах үнийг хувийн дансаар авах эрхтэй, хариуцагч М.Н-ыг газрынхаа үнийг төлсөн байна гэж дүгнэж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т зааснаар хариуцагчийг солих, мөн хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар Д.Г-ыг гуравдагч этгээдээр татан оролцуулах хуулийн зохицуулалттай байхад ийм ажиллагаа хийгээгүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл М.Н нь ХАУС хороололд газар авахдаа байгууллагын дансанд мөнгөө тушаагаагүй, хувь хүний дансанд мөнгө тушаасан нь авилгын шинжтэй байхад үүргийн гүйцэтгэл хангагдсан байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчиж байна. Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 145/ШШ2021/00470 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаарлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Н нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд гаргасан тайлбартаа: “Хаус хороолол” төслийн удирдах зөвлөлийн хурлаар М.Н миний хохирлыг барагдуулж “Хаус хороолол”-д В-47 тоот газрыг шийдвэрлэж өгсөн. “Хаус хороолол” төслийн менежер Д.Г дүр үзүүлэн “Хаус хороолол” төслийн удирдах зөвлөлөөс урамшуулсан шийдвэрийг үзүүлэн надаас 6 200 000 төгрөгийг шилжүүлэн авсан. Дараа нь эрхийн доголдолтой гэрээ хийж 2 000 000 төгрөг гаргуулж авсан учраас энэ авлигын шинжтэй биш, ажил албан тушаалаа урвуулан ашиглаж, иргэнийг хууран мэхэлсэн. Иймд Арвайхээр цэцэрлэгжилт ОНӨААТҮГазар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасны дагуу өөрийн ажилтан төслийн менежер Д.Г-ыг хариуцагчаар сольж хоорондын асуудлаа шийднэ үү. Энэхүү асуудал нь Арвайхээр цэцэрлэгжилтийн ОНӨАТҮГ-ын дотоод асуудал учир Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 145/ШШ2021/00470 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Хаус хороолол төслийн нэгж “Арвайхээр цэцэрлэгжилт” ОНӨАТҮГ-ын буруутай үйл ажиллагаанаас болж манай гэр бүл 8200 000 төгрөгөөр хохироод зогсохгүй цаг хугацаа, сэтгэл санааны маш их хохирол амссан гэжээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын газрын төлбөрийг байгууллагын дансанд төлөх ёстой. Гэтэл М.Н нь хувь хүний дансанд мөнгөө төлж байгаа нь улс болоод байгууллагыг хохироож байна. Тийм учраас М.Н-аас 8000000 төгрөгийг нэхэмжилнэ. Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй. Анхан шатны шүүхээс М.Н-ыг газрын үнэ 8000000 төгрөгийг төлсөн байна гэж дүгнэсэн. Гэтэл тэр байгууллагын дансанд мөнгө орсон зүйл байхгүй үүнийг шүүх нотолж дүгнэж чадаагүй. Тухайн ажлыг зохион байгуулж байсан хүний хувийн дансанд мөнгөө хийсэн нь газар худалдсан гэж дүгнэх боломжгүй. Хувь хүнд шан харамж өгч байгаа мэт харагдаж байна. Тухайн хувь хүн нь энэ газрыг захиран зарцуулдаг эрх бүхий субъект биш. Газар төрийн өмч. Гүйцэтгэх албан тушаалтан захиран зарцуулах эрхгүй. Тусгай эрх олгосон субъект хаус хорооллын газрын үнийг нэхэмжлэх ёстой. Тийм учраас газрын үнэ төлөгдөөгүй байна гэж үзэн нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй. Баримтын шалгалт хийгээд төлбөр тавигдах нөхцөл үүссэн. Анхан шатны шүүх өөрийн санаачилгаар М.Н-ыг жинхэнэ хариуцагч биш гэж үзвэл Ганболдыг хариуцагчаар солих боломжтой. Сольж болно гэдэг нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Шүүх хариуцагчийг солих боломжийг нэхэмжлэгчид олгох боломжтой. Гэтэл энэ саналыг нэхэмжлэгчид тавиагүй. Шүүх энэ ажиллагааг хийгээгүй. Шийдвэр хууль ёсны биш байна. Нэхэмжлэлийн шаардлагын мөнгийг М.Н зохих дансанд төлөх ёстой. Шүүх газрын үнийг төлөгдсөн гэж үзэж байгаа бол хувь хүнийг хариуцагчаар солих боломжийг нэхэмжлэгчид олгох ёстой. Өөрөөр хэлбэл Ганболд байгууллагыг төлөөлж санхүүгийн харилцаанд ордог субъект биш. Хамтын шийдвэрийн дагуу тухайн газрыг хэмжиж өгдөг ажилтан. Тэр ажилтан нь энэ компанийн үндсэн ажилтан биш гэрээгээр түр ажил гүйцэтгэж байсан. Газрын мөнгийг хувийн дансаар авсан нь хууль бус. Ийм хууль бус зүйлийг анхан шатны шүүх баталгаажуулан хууль бус үндэслэлгүй шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн  166.4-т зааснаар Өвөрхангай аймгийн Арвайхээр цэцэрлэгжилт ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй М.Н-аас 8 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

        Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Арвайхээр цэцэрлэгжилт ОНӨААТҮГазар нь хариуцагч М.Н-т холбогдуулан газар эзэмших гэрээний үүрэг болох газрын төлбөр 8 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

      Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээгээр тохиролцсон газрыг хариуцагчид шилжүүлээгүй, Арвайхээр цэцэрлэгжилт ОНӨААТҮГазрын “Хаус хороолол” төслийн нэгжийн удирдах зөвлөл М.Н нь газрын үнийг төлсөн тул В 47 гэсэн газрыг түүнд олгох шийдвэр гаргасан гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна. 

        Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

        Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Арвайхээр цэцэрлэгжилт ОНӨААТҮГазар нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр М.Н-тай “Амины орон сууц барих төсөлд хамтран ажиллах гэрээ” байгуулж, Арвайхээр сумын нутаг дэвсгэрт баригдаж буй амины орон сууцны хороололд 484м2 хэмжээтэй газрыг олгосон нь тогтоогдсон, зохигч эдгээр үйл баримттай маргаагүй байна.

          Харин хариуцагч М.Н “...Тухайн үед би газар сонирхож байсан боловч төлбөр бүрэн биш байсан тул Д.Г-ын санал боломжийн санагдан зөвшөөрч...D 19 гэсэн газрыг сонгосон. Газрын үнийн урьдчилгаа болгож 4 600 000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр, 1 600 000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр, 2 000 000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн. Ингээд сонгосон газраа барилгын ажил эхлэх гэтэл тус газар дээр өөр хүн барилга бариад эхэлсэн байсан... Нэгэнт би газрын үнийг төлсөн учир газраа авахаар “Хаус хороолол” төслийн нэгжийн удирдах зөвлөл болон Өвөрхангай аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан. Үүний дагуу...Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар надад В 47 гэсэн газрыг олгосон.

         Мөн “Хаус хороолол” төслийн нэгжийн удирдах зөвлөлийн хурлаар миний өгсөн газрын үнийг Д.Г-оос гаргуулан төслийн нэгжийн дансанд оруулахаар болсон тухай мэдэгдэж байсан. Иймд миний бие тус газрын үнэ 8 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй...” гэж, нэхэмжлэгч байгууллага нь гэрээнд заагаагүй хувь хүний дансанд мөнгө шилжүүлсэн тул төлбөрөө төлсөн гэж үзэхгүй хэмээн маргажээ. 

        Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь хуульд нийцээгүй байна. 

        Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмчид байна.”, 102.5 дахь хэсэгт “Төрийн өмчийн газрыг хувьчлах, эзэмших, ашиглахтай холбоотой харилцааг хуулиар зохицуулна.” гэжээ. 

           Хэрэгт авагдсан Өвөрхангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 18 дугаартай тогтоол, Өвөрхангай аймгийн орон нутгийн өмчит “Арвайхээр цэцэрлэгжилт ОНӨААТҮГ-ын дэргэдэх “Хаус хороолол” төслийн нэгжийн дүрэм, Арвайхээр сумын шинэ суурьшлын бүсэд байгуулах амины орон сууцны хорооллын төслийг хэрэгжүүлэх журам /хавтаст хэргийн 6-9 дүгээр хуудас/, “Амины орон сууц барих төсөлд хамтран ажиллах гэрээ” /хавтаст хэргийн 34-37 дугаар хуудас/ зэрэг баримтуудаас үзвэл талуудын хооронд Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар төрийн өмчийн газрыг иргэнд эзэмшүүлэхээр тохиролцон гэрээ байгуулжээ.

           “Хаус хороолол” төслийн нэгжийн удирдах зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэлд М.Н урьд нь авахаар тохирсон D 10 дугаартай газраа авч чадаагүй тул шинээр газар төлөвлөж олгохоор шийдвэрлэж /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/, улмаар Өвөрхангай аймгийн засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/339 дүгээр захирамжаар /хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас/ амины орон сууцны зориулалтаар 451м2 газар олгосон байна.  Хариуцагч нь энэ газрын төлбөрийг төлөөгүй бөгөөд харин Д.Г-д шилжүүлсэн мөнгийг үүргийн гүйцэтгэлд оруулан тооцно гэж байгаа нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлд заасан харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох үндэслэлүүдэд хамаарахгүй байна.

          “Амины орон сууц барих төсөлд хамтран ажиллах гэрээ”-ний 3.1-д зааснаар газрын төлбөрийг төслийн нэгжийн *** дугаартай дансанд шилжүүлэх үүрэгтэй байхад М.Н нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 4 600 000 төгрөгийг, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 1 600 000 төгрөгийг, 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 2 000 000 төгрөг, нийт 8 200 000 төгрөгийг 5027358415 дугаартай дансанд шилжүүлсэн. /хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас/.  Хариуцагч М.Н гэрээнд заасан дансанд төлбөрөө хийгээгүй нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимд нийцээгүй, тодруулж хэлбэл үүргээ тогтоосон газарт /дансанд/, зохих ёсоор биелүүлээгүй байна.

        Гэрээнд төлбөр төлөх хугацааг заагаагүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн  208 дугаар зүйлийн 208.2-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй.

         2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан “Амины орон сууц барих төсөлд хамтран ажиллах гэрээ”-нд  D10 дугаартай газрыг эзэмшүүлэхээр заасан боловч М.Н-т В 47 дугаартай газрыг шилжүүлсэн бөгөөд талууд үүнтэй маргаагүй. Мөн хариуцагч М.Н давж заалдах гомдолдоо Д.Г-ыг хариуцагчаар солихыг хүсчээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болохоор зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгч анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар хүсэлт гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162, 168 дугаар зүйлийн 168.2-т заасан үндэслэлүүд тогтоогдоогүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

     Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т-ын гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Арвайхээр цэцэрлэгжилт ОНӨААТҮГазраас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 142 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 145/ШШ2021/00470 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Арвайхээр цэцэрлэгжилт ОНӨААТҮГ-ын М.Н-аас 8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “1. Иргэний хуулийн  208 дугаар зүйлийн 208.2-д зааснаар хариуцагч М.Н-аас 8 000 000 /найман сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Арвайхээр цэцэрлэгжилт ОНӨААТҮГ-т олгосугай” гэж, 2 дахь заалтыг “2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Н-аас 142950 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөлт оруулсугай. 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Арвайхээр цэцэрлэгжилт ОНӨААТҮГазраас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 142 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

          4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.