Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/66

 

 

 

 

 

 

 

 

2024       9          12                                    2024/ДШМ/66

 

 

 

Б.Нхолбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Э.Уянга,

Яллагдагчийн өмгөөлөгч А.Золжаргал /цахимаар/,

Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЗ/604 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагчийн өмгөөлөгч А.Золжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Нхолбогдох эрүүгийн 2334005580255 дугаар хэргийг 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Монгол Солонгосын хэл соёлын төв”-д хуульч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, ?????????????? тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б.Н, Регистрийн дугаар /НН:%%%%%%%%%%/

 

2. Б.Наранхүү нь Я.Батсүхтэй үйлдлээрээ санаатай нэгдэж 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Авдар баян” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр 2681м.кв талбайд хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулж, байгаль орчинд 2,159,786 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

3. Төв аймгийн прокурорын газраас Б.НЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4. Анхан шатны шүүх: Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 06-ны 2024/ДШМ/11 дугаар магадлалд дээрх мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.4-т “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэрэг хэргийн нотолбол зохих байдлуудад хамаарч байгаа бөгөөд үүнийг анхан болон давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн байна.

Үүнээс харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг заавал тогтоох шаардлагатай ба хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг тогтоох зорилгоор мөрдөн байцаалт явуулах үндэслэл бий болсон.

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд тавих прокурорын хяналт, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан болон давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлэх бүхий л ажиллагааг ойлгох бөгөөд Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 3 дугаар сарын 06-ны 2024/ДШМ/11 дугаартай магадлалаар тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/500 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 2334005580255 дугаартай хэрэгт нотолбол зохих байдлуудыг заавал тогтооно гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан магадлалд заасан агуулгаас дүгнэхэд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1210 дугаартай яллагдагч Б.Н“шүүхэд шилжүүлэх тухай” захирамж мөн адил хүчингүй болсон гэж үзэх үндэслэлтэй.

Иймд яллагдагч Б.Нхолбогдох эрүүгийн 2334005580255 дугаартай хэрэгт дээрх мөрдөн байцаалтын ажиллагааг нэмж хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэж хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Навсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, хэрэгт хавсаргагдан ирсэн CD 1 ширхгийг хэргийн хамт хүргүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Яллагдагчийн өмгөөлөгч А.Золжаргал давж заалдах гомдолд болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “…Б.Нхолбогдох эрүүгийн 2234005580255 дугаартай хэргийг анхан шатны шүүхээс цагаатгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс улсын яллагчийн эсэргүүцлээр хянаад шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч өөрийн санаачилгаар урьдчилан хэлэлцүүлэг явуулж Б.Нхолбогдох эрүүгийн 2234005580255 дугаартай хэрэгт Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ДШМ/11 дугаар магадлалд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоох шаардлагатай, үүнийг анхан болон давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнээд хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд:

1. Б.Нхолбогдох хэргийг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1210 дугаар шүүгчийн захирамжаар шүүхэд шилжүүлсэн байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт "Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй" гэж заасныг зөрчиж шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана", 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно" гэж заасан байхад анхан шатны шүүх хуульд заасан эрх хэмжээгээ хэтрүүлж шүүхийн шатнаас хэргийг прокурорт буцааж миний үйлчлүүлэгч Б.Нгэмт хэрэг үйлдсэнийг нь заавал тогтоож ирүүл гэсэн утга агуулга бүхий эрх зүйн байдлыг нь дордуулсан шийдвэрийг гаргасан.

3. УИХ-аас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах эрх хэмжээг хүчингүй болгосон. Тиймээс давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэхгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн аль нэг үндэслэлээр доод шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдолд анхан шатны шүүх нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу дахин явуулж, дээд шатны шүүхийн шийдвэрт дурдсан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдааг зөвтгөж хуулийн зорилго, нийтлэг зарчмуудад нийцсэн, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина", 2 дахь хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ" гэж хуульчилсан.

Иймд хууль зөрчсөн Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2024/Ш3/604 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

6. Прокурор Э.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өмгөөлөгч А.Золжаргал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэж заасныг зөрчиж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулан мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасан гэх агуулгаар гомдол гаргасан байна.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 11 дугаар магадлалаар Б.Нхолбогдох эрүүгийн хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хангахын хүрээнд хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн ялаас цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж хуульчилсны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад бүхий л ажиллагааг хийж гүйцэтгэх, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлд заасан нотлох ёстой байдлыг бүрэн тогтоож, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нь зүйтэй гэж магадлалд дурдан, анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 500 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон.

Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ДШМ/11 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасны дагуу анхан шатны шүүхээс магадлалд заасан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж хэргийг буцаасан. Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, үндэслэлтэй тул шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 604 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх өмгөөлөгч А.Золжаргалын гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хянан үзлээ.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан энэ хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэх, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” хэмээн хуульчилсан.

3.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хуулийн хүчин төгөлдөр болсон тус аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 2024/ДШМ/11 дугаар магадлалаар /4-р хх-99/ Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 500 дугаар цагаатгах тогтоолыг /4-р хх-ийн 105/ хүчингүй болгож шийдвэрлэхдээ “...хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.4-т “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 1.5-т “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, 1.6-д “гэмт хэрэг нөлөөлсөн шалтгаан нөхцөл” зэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй...” хэмээн дүгнэжээ.

 

Иймд анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж Б.Нхолбогдох эрүүгийн 2334005580255 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасны дагуу прокурорт буцаан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил, хууль хэрэглээний алдаа гаргасан шийдвэрт нь тулгуурлан өөрчлөх, хүчингүй болгох бүрэн эрх хуулиар давж заалдах шатны шүүхэд олгогдсон бөгөөд энэхүү заавал биелэгдэх императив шинжтэй шийдвэрийг анхан шатны шүүх хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх үүрэгтэй.

 

 Мөн хэргийн бодит байдлыг тогтоох буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг эргэлзээгүй тогтоохыг мөрдөгч, прокурорт мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт үүрэг болгон заасан тул анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЗ/604 дугаар шүүгчийн захирамжийг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэл болов.  

 

4.Яллагдагчийн өмгөөлөгч А.Золжаргал нь давж заалдах шатны шүүхэд “...Б.Нхолбогдох хэргийг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1210 дугаар шүүгчийн захирамжаар шүүхэд шилжүүлсэн байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасныг зөрчиж шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг дахин явуулж, шүүхийн шатнаас хэргийг прокурорт буцааж миний үйлчлүүлэгч Б.Наранхүүгийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөх дордуулсан шийдвэр гаргасан тул хүчингүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий гомдол гаргажээ. 

 

5.Монгол Улсын Дээд шүүх нь Монгол Улсын Үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гарсан Шүүхийн тухай хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэр, үйл ажиллагааг хянаж хуулийг нэг мөр ойлгож зөв хэрэглэх жишгийг тогтоох, шаардлагатай тохиолдолд шүүхийн хэрэглэх хуулийг албан ёсоор тайлбарлаж, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг нэг мөр ойлгох, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангасан тогтоолуудыг гаргасан ба анхан шатны шүүх, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болсон ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй буюу мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх зайлшгүй тохиолдолд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцэн, хэргийг прокурорт буцаан шийдвэрлэж байгаа нь жишиг болон тогтсон.

 

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч нь биелүүлэх үүрэгтэй тул анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг хэтрүүлсэн, хуулийн ноцтой зөрчил гаргасан гэж үзэхээргүй байна.

Иймд Б.Нхолбогдох эрүүгийн 2334005580255 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЗ/604 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн өмгөөлөгч А.Золжаргалын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

6. Анхан шатны шүүх “...давж заалдах шатны 2024 оны 3 дугаар сарын 06-ны 2024/ДШМ/11 дугаартай магадлалаар тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/500 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 2334005580255 дугаартай хэрэгт нотолбол зохих байдлыг заавал тогтооно гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан магадлалд заасан агуулгаас дүгнэхэд тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1210 дугаартай яллагдагч Б.Н“шүүхэд шилжүүлэх тухай” захирамж мөн адил хүчингүй болсон гэж үзэх үндэслэлтэй...” хэмээн магадлалыг тайлбарлаж байгаа нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.11-т “Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг тухай бүр биечлэн, ойлгомжтой байдлаар бичгээр тайлбарлана” гэсэн хуулийн заалтад нийцээгүйг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЗ/604 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн өмгөөлөгч А.Золжаргалын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Б.Нхэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 А.ЦЭРЭНХАНД

 

 

                   ШҮҮГЧИД                 Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                   

                         З.ТҮВШИНТӨГС