Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 204/МА2022/00006

 

Өвөрхангай аймгийн Арвайхээр

цэцэрлэгжилт ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 145/ШШ2021/00481 дугаар шийдвэртэй

   Өвөрхангай аймгийн Арвайхээр цэцэрлэгжилт ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй Ч.А-ээс 8 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч C.Тогтох, түүний өмгөөлөгч П.Адьяасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлоор 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Арвайхээр цэцэрлэгжилт ОНӨААТҮГ-ын захирал Д.М анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 18 дугаар тогтоолоор “ХАУС хороолол” төслийн нэгжийг Арвайхээр цэцэрлэгжилт ОНӨААТҮГ-ын дэргэд байгуулсан. Төслийн нэгж нь Арвайхээр сумын 13-р багийн нутаг дэвсгэр шинэ суурьшлын бүсэд Хаус хороолол төслийн нэгжийн талбайд газар хэмжиж олгох, газрын төлбөрийг төслийн нэгжийн дансанд төвлөрүүлэн дэд бүтцийг байгуулах, иргэдийн барьж буй барилгад хяналт тавих үндсэн үүрэгтэй. Төслийн нэгжийн эд хөрөнгө, орлогыг бүртгэх, зарцуулах эрх нь дүрмийн дагуу “Арвайхээр цэцэрлэгжилт” ОНӨААТҮГазарт хамаарагдана. Төслийн нэгжийн үндсэн орлого нь газар худалдан борлуулсаны орлогоос бүрддэг бөгөөд уг орлогыг төслийн нэгжийн ХААН банк дахь *** тоот дансанд иргэд газрын төлбөрөө тушаан мөнгө тушаасан дарааллын дагуу газрын сонголтоо хийж Аймгийн ГХБХБГазрын мэргэжилтэнээр хэмжүүлэн авдаг. Манай төслийн нэгж нь иргэдийн газрын үнийг харилцах дансандаа төвлөрүүлдэг. Гэтэл D загварын 37 тоот газрыг иргэн Ч.А нь өөрийн хүүхэд А.Н-ын /БНСУ-д ажилладаг/ гэрээ хийж, гэрээг хийхдээ төслийн нэгжээр хянуулахгүйгээр Удирдах зөвлөлийн даргаар баталгаажуулсан байна. Иргэн Ч.А-ээс газрын төлбөрийг удаа дараа нэхсэн боловч төлөхгүй байгууллагыг хохироож байна. Иймд Ч.А-ээс газрын үнэ 8 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч талууд албан ёсны гэрээ байгуулсан. Гэрээнд газрын мөнгө 8 000 000 төгрөгийг шилжүүлэх дансны дугаар бичээстэй байгаа. Гэтэл хариуцагч тэр дансанд бус хувь хүний дансанд мөнгө шилжүүлсэн. Тэр мөнгөний хувьд газрын мөнгө мөн эсэх, тухайн хүнд өгөх ёстой өр төлбөрөө төлсөн эсэх нь тодорхойгүй. Нэгэнт төслийн нэгжийн дансанд мөнгө орж ирээгүй учраас хариуцагч Ч.А-ээс газрын мөнгө 8 000 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Албан ёсны гэрээнд газрын мөнгө 8 000 000 төгрөгийг шилжүүлэх дансны дугаар бичээстэй байсаар байтал хувь хүний данс руу мөнгө шилжүүлсэн нь хоёр хүний хоорондын харилцааны асуудал. Иймд хариуцагчаас газрын мөнгө гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Д.Г нь манайд хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтан мөн, Д.Г хэд хэдэн хүний газрын мөнгийг хувьдаа авч ашигласан байсан, цалингаас нь суутгаад  1 хүний газрын төлбөрийг барагдуулж дууссан гэжээ.  

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд албан ёсны гэрээ байгуулагдсан. Тухайн гэрээнд газрын төлбөрийг тушаах данс байсан. Гэтэл хариуцагч тал тэр дансанд биш хувь хүний дансанд мөнгө шилжүүлсэн. *** болон А гэх хүмүүс хоорондоо хувийн шугамаар өглөг авлагатай байсан уу гэдэг нь эргэлзээтэй. Энэ нь Өвөрхангай аймгийн Арвайхээр цэцэрлэгжилт ОНӨААТҮГазарт хамаагүй. Нэгэнт тус байгууллагад мөнгө нь орж ирээгүй учраас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр энэ нэхэмжлэлийг гаргаж байгаа. Хариуцагч тал албан ёсны данс руу биш хувь хүний данс руу мөнгөө хийсэн нь учраас хариуцагч талыг хариуцлагаа бүрэн хүлээх ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

        Хариуцагч Ч.А анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2020 оны 04 дүгээр сарын 20-ны үед Хаус хороолол төслийн нэгжийн менежер Гтой уулзахад хоёр газар зааж өгсөн. Тэгээд нэг газрыг нь авахаар болоод мөнгөө шилжүүлье гэхэд надад Г өөрийн дансыг өгсөн. Гын данс руу газрын мөнгийг шилжүүлээд танай байгууллагын данс руу шилжүүлдэггүй юм уу гэж асуухад миний данс руу хийж болно гэсэн. Тэр зун бороо их орсны улмаас манай газарт их хэмжээний ус тогтсон. Гтой уулзаад байшин барих боломжгүй газар байна гэхэд би бүгдийг нь зохицуулж өгнө гэсэн. Хурандаа Д.Г-ыг би Хаус хорооллын газрыг хариуцаж байгаа хүн гээд бүрэн итгэж байсан. Д.Г-оос мөнгөө авахын тулд шүүх цагдаагийн байгууллага гэх мэт олон газраар явсны үндсэн дээр Засаг дарга надад дахин газар олгож хохиролгүй болгосон. Өвөрхангай аймгийн Арвайхээр цэцэрлэгжилт ОНӨААТҮГазар өөрийн ажилтан Д.Г-тойгоо хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна гэжээ.

         Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Арвайхээр цэцэрлэгжилт ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдан, шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, түүний өмгөөлөгч П.Адьяасүрэн нар гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 145/ШШ2021/00481 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх “Хаус хороолол” төслийн нэгжийн менежер Д.Г нөгөө талаас А.Н нар байгуулсан байх ба ХАУС хороолол төслийн нэгжийн удирдах зөвлөлийн дарга И.Д баталжээ. Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээгээр тохирсон газрыг хариуцагчид шилжүүлээгүй, хариуцагч Ч.А-тэй нэр зааж гэрээ байгуулаагүй байх тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээнээс үүдэлтэй шаардах эрх үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Амины орон сууцны хороолол барих төсөлд хамтран ажиллах гэрээ худалдагч тал нь гэрээний нэг тал болох А.Н-д С-43 дугаартай газрыг шилжүүлэх, А.Н нь газрын үнэ 9 500 000 төгрөгийг “ХАУС хороолол” төслийн нэгжийн 5561116938 тоот дансанд шилжүүлэхээр тохиролцсонч С-43 дугаартай газрыг А.Над шилжүүлээгүй, нөгөө талаас А.Н газрын үнэлгээ 9 500 000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төслийн нэгжийн дансанд биш төслийн менежерийн буюу хувь хүний дансанд шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байна гэсэн дүгнэлтийг хийсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтыг зөв үнэлсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт цугларсан “Хаус хороолол” төслийг төрийн байгууллага хэрэгжүүлж байгаа бөгөөд төрийн өмчлөлийн газрыг хариуцагч талд шилжүүлж гэрээнийхээ үүргийг биелүүлсэн байна. Харин гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хариуцагч тал хариу төлбөр хийхдээ гэрээнд заасан дансад биш хувь хүний буюу гэрээнд заагаагүй дансанд төлбөр хийсэн нь хууль бус үйл ажиллагаа гэж дүгнэх үндэслэл болно. Төрийн байгууллага үүргээ биелүүлсэн газрынхаа үнийг шаардах эрхтэй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хуулийг буруу тайлбарлаж буруу хэрэглэж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий шаардлагыг хангахгүй байна. Газар бол төрийн өмч хэн нэгэн албан тушаалтан газрыг хувийн хөрөнгө мэт бусдад худалдаж, үнийг өөрийн хувийн дансаар авч байгаа нь газрын харилцаатай холбоотой хууль тогтоомжинд нийцэхгүй байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь хуулийн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх нь хэрэв Ч.А-ийг хариуцагч биш гэж үзэж байгаа бол А.Н-ыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т зааснаар хариуцагчаар солих, мөн хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар газрын үнийг хувьдаа авсан Д.Г-ыг гуравдагч этгээдээр татан оролцуулах хуулийн зохицуулалттай байхад ийм ажиллагаа хийгээгүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Ч.А болон түүний хүү А.Н нь ХАУС хороололд газар авахдаа байгууллагын дансанд мөнгөө тушаагаагүй, хувь хүний дансанд мөнгө тушаасан нь хувьдаа байршил сайтай газар олж авахын тулд Д.Г-той үгсэн хуйвалдаж, авилга, албан тушаалын гэмт хэрэгт хамтран оролцсон байж болох шинжтэй байхад анхан шатны шүүх үүргийн гүйцэтгэл хангагдсан байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчиж байна. Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 145/ШШ2021/00481 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг шаарлагыг хангаж өгнө үү гэжээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэж байгаа нь буруу. Энэ харилцаа үүссэн тул төр газраа өгсөн. Үндсэн гэрээнд байгууллагын дансны дугаар байсаар байтал хувь хүний данс руу хийсэн нь ажилтантай хуйвалдаж хууль бусаар газар авсан гэж үзэх үндэслэлтэй. Хэлцэл байсан учраас иргэний хэлцэл гэж үзэн нэхэмжлэгч тал хариуцагчаас 8 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Гэтэл энэ нэхэмжлэлийг гаргах үндэслэлгүй, хэлцлийн харилцаа үүсээгүй байна гэж дүгнэсэн нь буруу. Иймд давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн  166.4-т зааснаар Өвөрхангай аймгийн Арвайхээр цэцэрлэгжилт ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй Ч.А-ээс 8 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т түүний өмгөөлөгч П.Адьяасүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

        Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Арвайхээр цэцэрлэгжилт ОНӨААТҮГазар нь хариуцагч Ч.А-д холбогдуулан газар эзэмших гэрээний үүрэг болох газрын төлбөр 8 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээгээр тохиролцсон газрыг хариуцагчид шилжүүлээгүй, хариуцагч Ч.А-тэй нэр зааж гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээнээс үүдэлтэй шаардах эрх үүсээгүй гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна. 

        Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

        Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Арвайхээр цэцэрлэгжилт ОНӨААТҮГазар нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр Ч.А-тэй “Амины орон сууц барих төсөлд хамтран ажиллах гэрээ” байгуулж, Арвайхээр сумын нутаг дэвсгэрт баригдаж буй амины орон сууцны хороололд 484м2 хэмжээтэй С43 байршилтай газрыг олгосон нь тогтоогдсон, зохигч эдгээр үйл баримттай маргаагүй байна.

        Харин хариуцагч Ч.А “Би 2020 оны 04 дүгээр сарын 20-ны үед Хаус хороолол төслийн нэгжийн менежер Г-той уулзахад хоёр газар зааж өгсөн. Тэгээд нэг газрыг нь авахаар болоод мөнгөө шилжүүлье гэхэд надад Г өөрийн дансыг өгсөн. Г-ын данс руу газрын мөнгийг шилжүүлсэн... Д.Г-ыг би Хаус хорооллын газрыг хариуцаж байгаа хүн гээд бүрэн итгэж байсан. Д.Г-оос мөнгөө авахын тулд шүүх цагдаагийн байгууллага гэх мэт олон газраар явсны үндсэн дээр Засаг дарга надад дахин газар олгож хохиролгүй болгосон. Өвөрхангай аймгийн Арвайхээр цэцэрлэгжилт ОНӨААТҮГазар өөрийн ажилтан Д.Г-тойгоо хариуцлага тооцох ёстой...” гэж, нэхэмжлэгч байгууллага нь гэрээнд заагаагүй хувь хүний дансанд мөнгө шилжүүлсэн тул төлбөрөө төлсөн гэж үзэхгүй хэмээн маргажээ. 

        Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь хуульд нийцээгүй байна.  

     Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмчид байна.”, 102.5. дахь хэсэгт “Төрийн өмчийн газрыг хувьчлах, эзэмших, ашиглахтай холбоотой харилцааг хуулиар зохицуулна.” гэжээ. 

         Хэрэгт авагдсан Өвөрхангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 18 дугаартай тогтоол,  “Өвөрхангай аймгийн орон нутгийн өмчит Арвайхээр цэцэрлэгжилт ОНӨААТҮГазрын дэргэдэх “ХАУС хороолол” төслийн нэгжийн дүрэм”, Арвайхээр сумын шинэ суурьшлын бүсэд байгуулах амины орон сууцны хорооллын төслийг хэрэгжүүлэх журам /хавтаст хэргийн 6-10 дугаар хуудас/, “Амины орон сууц барих төсөлд хамтран ажиллах гэрээ” /хавтаст хэргийн 23-26 дугаар хуудас/ зэрэг баримтуудаас үзвэл талуудын хооронд Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар төрийн өмчийн газрыг иргэнд эзэмшүүлэхээр тохиролцон гэрээ байгуулжээ.  

       “Амины орон сууц барих төсөлд хамтран ажиллах гэрээ”-ний 3.1-д зааснаар газрын төлбөрийг төслийн нэгжийн *** дугаартай дансанд шилжүүлэх үүрэгтэй байхад Ч.А нь 2020 оны 04 сарын 07-нд 5027358415 дугаартай дансанд 9 500 000 төгрөг шилжүүлсэн нь /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/  Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимд нийцээгүй, тодруулж хэлбэл хариуцагч нь үүргээ тогтоосон газарт /дансанд/ зохих ёсоор биелүүлээгүй байна.

       Хариуцагч Ч.А-ийн хариу тайлбаруудаар /хавтаст хэргийн 21-22, 27 дугаар хуудас/ гэрээнд зааснаас өөрөөр буюу Д.Г-ын дансанд мөнгө шилжүүлсэн нь буруу байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэхээр байна.  

       Гэрээнд төлбөр төлөх хугацааг заагаагүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн  208 дугаар зүйлийн 208.2-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй.  

        Гэрээний талууд D37 болон С43 дугаартай газрыг эзэмшүүлэхээр шилжүүлсэн эсэх, өөрөөр хэлбэл хариуцагчид гэрээнд зааснаас өөр газар шилжүүлсэн талаар маргаагүй байхад шүүх гэрээгээр тохиролцсон газрыг шилжүүлээгүй гэж дүгнэсэн нь иргэний эрх зүйн талуудын диспотив зарчмыг зөрчсөн гэж үзнэ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162, 168 дугаар зүйлийн 168.2-т заасан үндэслэлүүд тогтоогдоогүй тул дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

     Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, түүний өмгөөлөгч П.Адьяасүрэн нарын  гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Арвайхээр цэцэрлэгжилт ОНӨААТҮГазараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 142 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 145/ШШ2021/00481 дугаар шийдвэрийн  тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Арвайхээр цэцэрлэгжилт ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “1. Иргэний хуулийн  208 дугаар зүйлийн 208.2.-д зааснаар хариуцагч Ч.А-ээс 8 000 000 /найман сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Арвайхээр цэцэрлэгжилт ОНӨААТҮГ-т олгосугай” гэж, 2 дахь заалтын “2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг  дурдсугай” гэснийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.А-ээс 142950 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөлт оруулсугай. 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Арвайхээр цэцэрлэгжилт ОНӨААТҮГазраас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 142 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

       4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй