Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 316/ШШ2025/00531

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ******* сум 7 дугаар баг, 2 дугаар хэсэг, 8 дугаар байр ******* тоотод оршин суух хаягтай гэх, ******* М******* овогт Ч*******ын А******* /РД: *******/-гийн нэхэмжлэлтэй,

Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.А******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Ч.А******* миний бие 2011 оны ******* дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс-ийн Эрэлч нохойн алба"-ны 2011 оны нохойн төлөөлөгч бэлтгэх 6 сарын курст сонсогчоор суралцаж төгссөн. Миний бие цагдаагийн байгууллагад 14 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд цагдаагийн албан хаагчийн хуульд заасан баталгаагаа хангуулах үүднээс 2011 оны ******* дугаар сарын 03-ны өдрөөс 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл сонсогчоор суралцсан дээрх хугацааг Цагдаагийн албан тухай хуулийн 91.7-д зүйлд зааснаар ажиллаж байсан хугацаанд тооцуулан тогтоолгох хүсэлтэй байна. Уг хугацааг ажилласан жилд тооцон тогтоож өгнө үү гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.А******* нь улсад ажилласан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2 -д эрх зүйн ач холбогдол бүхий... үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох тул шүүх түүний хүсэлтийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.

Хүсэлт гаргагч нь Сэлэнгэ аймгийн ******* суманд оршин суудаг болох нь иргэний үнэмлэхний хуулбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна.

Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Нэхэмжлэгч нь 2011 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2011 оны 11 дүгээр сарын 03-нб өдөр хүртэл хугацаанд улсад ажиллаж байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэгт авагдсан баримтаар дээрх үйл баримт тогтоогдохгүй байхаас гадна түүний гаргаж өгсөн эрэлч нохойн албанаас 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр түүнд олгосон нохой сургагчийн 6 сарын курсыг нохой хөтлөгч мэргэжлээр төгссөн 59 дугаартай үнэмлэх, нийслэлийн цагдаагийн удирдах газрын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 30б-2/3094 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

Тухайлбал Цагдаагийн албаны тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д Цагдаагийн байгууллагын захиалгаар суралцсан, цагдаагийн алба хаагч бэлтгэх чиг үүрэг бүхий дээд боловсролын сургалтын байгууллагад цагдаагийн цолтойгоор ажилласан, цэргийн жинхэнэ алба хаасан, цэрэг, цагдаагийн сургуульд сонсогчоор суралцсан болон хуульд заасан бусад хугацааг цагдаагийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцох талаар зохицуулсан ба хэрэгт авагдсан баримтаар Ч.А******* нь Цагдаагийн байгууллагын захиалгаар эрэлч нохойн албанд сонсогчоор суралцсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Иймд Ч.А*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* М******* овогт Ч*******ын А******* /РД: *******/-гийн улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ