| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2018/0073/э |
| Дугаар | 88 |
| Огноо | 2018-04-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 88
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагч Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б
танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.От холбогдох 1830000580047 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хот Налайх дүүргийн 5 дугаар хорооны харьяат, 1982 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийг хурааж, 2 жилийн хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Ц.О
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 02 дугаар сарын 01-нээс 2018 оны 02 дугаар сарын 02-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн нэгдсэн төвийн эмийн сангийн цонхыг түлхэн онгойлгож, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч сейфний шургуулан доороос бэлнээр 25000 төгрөг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: -
Шүүгдэгч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 02 дугаар сарын 01-ний орой гэртээ 2 хүүхдээ хараад сууж байгаад гэрт байсан 0.5 литрийн архийг уусан. Манай эхнэр ажлынхаа хүнийх рүү явсан байсан. Архиа уучихаад, архи уумаар санагдаад гэрээсээ гараад эмнэлгийн хажуу талаар явж байгаад эмийн сангийн цонхыг түлхэхэд нээгдэхээр нь цонхоор нь ороод шургуулгад байсан 25000 төгрөгийг авсан. Тэгээд дэлгүүр орж архи авах гэхэд дэлгүүрүүд хаачихсан байсан болохоор тэгээд гэртээ очоод унтсан. Хохирлын 25.000 төгрөгийг төлж барагдуулсан ...гэв.
- Яллагдагч Ц.Оын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр манай эхнэр Д цуг ажилладаг багшийнхаа “Алтангадас” одонгийн найранд орох гээд явсан байсан юм. Тэр үеэр би гэртээ 2 хүүхдээ харж байхдаа гэрт байсан 0.5 литрийн тал шил архийг ганцаараа уучихаад шөнө 00:00 цагийн орчим уусан архиндаа халуураад дахиж мөнгө олж байгаад архи авч уух гээд гэрээсээ гарч яваад Мөнххаан сумын нэгдсэн эмнэлэгт байрладаг эмийн сангийн Г унтраастай байхаар нь зүүн талынх нь цонхны ойролцоо очоод вакуум цонхных нь доороос хүчтэй түлхтэл цаашаа нээгдчихсэн. Тэгэхээр нь дотогшоо ороод Гийг нь асаагаад олон шургуулгатай шүүгээ байхаар нь нээж үзэж байгаад дээд талын нэг шургуулгад 2 ширхэг 10.000 төгрөгийн дэвсгэрт, 5 ширхэг 1000 төгрөгийн дэвсгэрт нийт 25.000 /хорин таван мянга/ төгрөг байхаар нь аваад Гийг нь унтраагаад буцаад цонхоор нь гараад дэлгүүр болон баараар явахад бүгд хаалттай байхаар нь гэртээ очиж амарсан. Тэгээд маргааш нөгөөдөр нь тэр 25.000 төгрөгөөрөө тамхи, ундаа, нэгж зэргийг аваад үрээд дуусгасан. Би уусан архиндаа халуураад дахиж архи уух гэсэн чинь мөнгөгүй болоод тэгээд л хулгай хийчихсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/
- Хохирогч Ш.Хын мөрдөн байцаалтад өгсөн: Би Мөнххаан сумын Эрүүл мэндийн төвийн эмийн санд ажилладаг юм. Би 2018 оны 02 дугаар сарын 01-ний орой 19 цагийн орчим эмийн сангаа хаагаад Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг, сумын төвийн Онц сурын 5-8 тоотод байх гэртээ ирсэн. Тэгээд гэртээ байж байтал 21 цагийн орчим Гийн хүү Ц эм авъя гэхээр нь би Г.Цт түлхүүрээ өгөөд манай сувилагч Энхмаад хэлээд эмийн сангаас эмээ ав гээд явуулсан. Тэгээд Г.Ц “таны түлхүүрийг буцаагаад аваад ирэх үү” гэхээр нь би “яах юм бэ, манай сувилагч Энхмаад үлдээчих” гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 02-ны өглөө 09 цагийн үед ажил дээрээ очоод хөшгөө нээхэд цонх онгорхой, шавьжнаас хамгаалах тор урагдсан, цонхны тавцан дээр байсан цэцэг хугарч, шавар, шавхай болсон байхаар нь би хулгайч орсон байна гээд эмийн санд байх эмнүүдээ үзэхэд бүрэн байсан тэгээд орлого хийдэг мөнгөний шургуулгыг үзэхэд орлогын 25000 төгрөг байхгүй байсан...Би тухайн өдөр 19 цагийн үед эмийн сангийн цонхыг түгжиж хаагаад хөшгөө татаад явсан. Өвөл байсан болохоор эмийн сангийн цонхоо нээх онгойлгоод байдаггүй юм. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Ц.О хохирол болох 25.000 төгрөгөө бүрэн төлж барагдуулсан” /хх-ийн 9-10/
- Гэрч Э.Эгийн мөрдөн байцаалтад өгсөн: Би Мөнххаан сумын эрүүл мэндийн төвд сувилагч хийдэг юм. Би 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр сумын эрүүл мэндийн төвд хоногийн ээлжтэй байсан. Тэгээд орой 21 цагийн үед ажлын өрөөндөө байж байхад Г ахын хүү Ц эмийн сангийн түлхүүр авч ирээд эмийн сангаас фамперс авъя гэхээр нь би эмийн сангийн хаалгыг нээж фамперс авч өгчихөөд түлхүүрийг нь надтай цуг ээлжинд гарч байсан үйлчлэгч Б.Э авч халаадныхаа халаасанд хийсэн. Тэгээд би өглөө 08 цагийн үед “Ө.Б гэх хүн харвалаа” гэхээр нь тариа авах гээд үйлчлэгч Б.Эийг “эмийн сан онгойлгоодох тариа, дусал авах гэсэн юм” гэж хэлэхэд үйлчлэгч Б.Э эмийн сангийн хаалгыг онгойлгосон. Тэгээд би орж тариа аваад гарсан. Хүний бие муу байна гэсэн болохоор сандраад хулгай орсон эсэхийг анзаараагүй гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/
Гэрч Б.Эийн мөрдөн байцаалтад өгсөн: Би Мөнххаан сумын эрүүл мэндийн төвд үйлчлэгч ажилтай. 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр сумын эрүүл мэндийн төвд хоногийн ээлжтэй байсан. Тэгээд орой 21 цагийн үед ажлын өрөөндөө байж байхад Г ахын хүү Ц эмийн сангийн түлхүүр авч ирээд эмийн сангаас фамперс авъя гэхээр нь би эмийн сангийн хаалгыг нээж фамперс авч өгөөд Г.Цыг гарсны дараа хаалгыг нь цоожлоод түлхүүрийг нь би халаадныхаа халаасанд хийсэн. Тэгээд би өглөө 08 цагийн үед сувилагч Э.Э “Ө.Б гэх хүн харвалаа, эм, тариа, дусал авах хэрэгтэй байна” гэж хэлэхээр нь онгойлгож өгсөн. Хүний бие муу байна гэсэн болохоор хулгай орсон эсэхийг анзаараагүй хаалгыг нь цоожлоод гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/
- Гэрч Д.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн: Манай нөхөр Ц.О төлөв, даруу томоотой, хүнтэй үг дуу цөөнтэй, ямар нэг гаж зуршил байхгүй, хүнд тусархаг, ажилсаг, гэр бүл үр хүүхдэдээ халамжтай байдаг ” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22,/
- Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, Г зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6/
- Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 33-34/
- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 31/
- Ц.Оын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/ зэрэг баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул энэ нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 02 дугаар сарын 01-нээс 2018 оны 02 дугаар сарын 02-нд шилжих шөнө 00.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн нэгдсэн төвийн эмийн сангийн цонхыг түлхэн онгойлгож, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн сейфний шургуулан доороос биет 25000 төгрөг хулгайлсан болох нь шүүгдэгч Ц.Оын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Ш.Х, гэрч Э.Э, Б.Э нарын мэдүүлэг, Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, Г зургийн үзүүлэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдож байна.
Уг гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөхцөл нь Ц.Оын гэртээ архи уусаны дараа дахин архи уух мөнгө олох зорилгоор эмийн сангийн үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд шөнийн цагаар, нууцаар, хууль бусаар нэвтэрсэн үйлдэлтэй холбоотой ба гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эд хөрөнгө, өмчийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа эмийн санд хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан бусдын өмчлөх эрхэнд зориуд хохирол учруулсан байна.
Ц.Оын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 / үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах/ гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Иймд шүүгдэгч Ц.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн талаар хохирогч Ш.Х “надад нэхэмжлэх зүйл байхгүй, Ц.О хохирол болох 25.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан...” гэж мэдүүлжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Ц.Оыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Шүүгдэгч Ц.О нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч Ш.Ход учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн зүйлийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Ц.Оын үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид бага хэмжээний хохирол учирсныг нөхөн төлсөн зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Ш.Ход 25000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдая.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Оыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Оыг 1 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.От оногдуулсан 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Ялтан Ц.От холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Ш.Ход 25000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН