| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2018/0063/э |
| Дугаар | 76 |
| Огноо | 2018-04-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 76
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагч С.Сугар,
Шүүгдэгч У.Аын өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар
Хохирогч И.О
Шүүгдэгч У.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн У.Ат холбогдох 1830001000064 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн харьяат, 1995 оны 10 дугаар сарын 01-нд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 4, Уулбаян сумын 3 дугаар багийн “Э” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Бадгар овгийн Уын А /РД:ЛК95100111/.
Холбогдсон хэргийн талаар/прокурорын яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч У.А нь 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг “Э” гэх газарт Баруун-Урт сумын 8 дугаар багийн иргэн И.Оийг өөрийнх нь эхнэрийг цохилоо гэдгээр шалтаглан түүнийг зодсоноос түүний эрүүл мэндэд “бэлгийн их уруул, зүүн гуяны дотор талд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч У.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Манай бэр эгч О манай жирэмсэн эхнэрийн гэдэс рүү нь цохихоор нь би уурлаад О эгчийг өшиглөсөн. О эгчид хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд 40.000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.
- Хохирогч И.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: А манай хадам эгчийн хүү. А тухайн үед намайг зодсон. А гэдэг залуу намайг архи ав гээд шахаад байхаар нь авахгүй гээд алгадсан. А нэг хундага архи уусан нь үнэн. Би аав, ээжид нь хэлээгүй. Эхнэрийнх нь гэдсийг цохиогүй байхад цохисон гэж намайг өшиглөсөн. Би Дтэй юм яриад зогсож байхад Д “ та миний гэдсийг цохичихлоо “ гэж хэлсэн. Би цохиогүй. М ахдаа намайг хүний эхнэр цохилоо гэж хэлэхгүй, үгийг зөрөөгүй өшиглөсөн. Залуу хүн байж хүнд гар хүрч болохгүй ш дээ. Би одоо гомдолгүй...гэв.
- У.Аийн хэрэг бүртгэлтэнд гэрчээр өгсөн: М ах, эхнэр О болон 2 охиныхоо хамт ирээд манай гэрт хоол унд идчихээд байж байтал М ах машинаасаа аавын захисан 0,75 литртэй ерөөл архи 1 шил, өөрсдийнх нь 0,5 литртэй ерөөл 2 шил архи, 2,5 литртэй 2 боргио нэртэй пиво авч орж ирээд ууж байгаад манай ээж зүүн доор байдаг Х, А ах нарыг дуудсан. Тэгээд тэр хоёрыг ирэхээр нь хөзөр тоглоод сууж байтал А ах “сүүлийн хундага шүү, архины шавхруу хүнд өгөөд яахав” гээд өөрөө уутал О эгч “миний авч ирсэн архи” гээд алгадсан чинь А ахын эхнэр Т эгч уурлаад “чи муу, айлын эхнэрт алгадууллаа, намайг алгадсан бол яаж байгаа бол” гээд уурлаад “явъя” гээд байж байхад гэнэт М ах “Хар Цэндийн хүү Х манай эхнэрийг юу гэж доромжлоод байгаа юм, гарч зодолдоё” гээд Х ахын хойноос гарахад би бас гараад салгах гэтэл салчихсан. Тэгээд байж байтал 8 сартай жирэмсэн манай эхнэр Д над руу ирээд “О эгч ирээд гараараа гэдэс рүү цохисон” гэхээр нь би уурлаад О эгч дээр очоод “чи жирэмсэн хүн цохидог нь яаж байгаа юм бэ” гэхэд “яадаг юм” гэхээр нь миний уур хүрээд “гичий минь чамайг ална даа” гээд бөгс рүү нь нэг удаа өшиглөхөд эргэж босоод надаас зугтааж М ахын араар орохоор нь “танай эхнэр жирэмсэн хүний гэдэс рүү цохисон байна шүү” гэж хэлтэл О эгч машиндаа суучихсан наадахыг чинь дайрчихъя гэтэл Х ах “боль, хоорондоо муудалцаад яахын” гээд О нарыг гэр рүүгээ аваад явсан. Тэгтэл удалгүй О, М ах ирээд намайг хэл амаар доромжилж байгаад манай ээжийг аваад явсан... гэх мэдүүлэг/ хх-ийн 08 /,
- Хохирогч И.Оийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Тэр хоёрыг ирэхээр нь хөзөр тоглоод сууж байтал Анх гэх залуу “намайг архи ав” гээд шахаад байсан тул би уурлаад алгадчихсан чинь Анхын эхнэр Т уурлаад “чи янхан хүүхнийхээ архийг уугаад байхдаа яадгийн явъя” гээд гарсны дараа манай нөхөр М Хтэй муудалцаад гадагш гарахад гэрт дотор байсан бүх хүмүүс гадаа гарсан. Тэгтэл А над дээр ирээд “та манай эхнэрийн гэдэс рүү цохилоо” гэхээр нь би “цохиогүй” гэсэн чинь намайг өшиглөх гэхээр би зугтаасан чинь миний араас ирээд миний мөрөн дээрээс татаж унагаагаад 3 удаа өшиглөхөөр нь би босоод нөхрийнхөө араар тойрч гүйгээд машинд ороход миний араас гүйж байсан Аыг манай нөхөр М барьчихсан байсан. Манай нөхөр М, А хоёр муудалцаж байгаад Дг цохисон гээд байсан тул гэр рүү ороод Дтэй уулзаад “чи үнэхээр цохиулсан бол хамт аймаг руу яваад үзүүл” гэсэн чинь “явахгүй” гэхээр орхиод явах гээд гарч байхад хадам эгч Мөнхсаруул “намайг аваад явчих, ах чинь одоо уурлана” гэхээр бид хоёрыг аваад аймаг явсан. Тухайн үед миний гуя, бөгсөн хэсгээр хөхөрсөн, хөндүүр байсан. Би гомдолтой байна, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хх- 04-05/,
- Гэрч Т.Мын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг “Э” гэх газарт шөнө 21 цагийн орчим эхнэр О, 10 настай охин Ар, 9 настай охин Хүсэлзаяа нартай хамт очиход эгч Т.М, ах У, А эхнэртэйгээ хамт сууж байсан. Бид хэд хоол унд идчихээд сууж байгаад би машин руугаа гарч У ахын захисан 0.75 литртэй ерөөл архи 1 шил, өөрийнхөө аваачсан 0.5 литртэй ерөөл 1 шил архи, 2.5 л боргио нэртэй 2 пиво авч орж ирээд ууж байгаад манай эгч Т.М нь зүүн доор байдаг Х, Анх нарыг дуудсан. Тэгээд тэр хоёрыг ирэхээр нь хөзөр тоглоод сууж байтал Анх гэх залуу манай хүнийг “архи ав” гээд шахаад байсан тул манай эхнэр О алгадаж байсан, тэгсэн чинь Анхын эхнэр Т уурлаад “чи янхан хүүхнийхээ архийг уугаад байхдаа яадгийн явъя” гээд гарсны дараа би Хтэй муудалцаад хамт гадаа гараад ярилцаж байхад манай 2 охин ирээд “ээжийг зодоод байна” гэхээр нь би хартал манай эхнэрийн мөрөн дээрээс татаж унагааж байгаад өшиглөж байхаар нь би очих гэтэл Х намайг барьсан байсан тул очиж чадаагүй. Харин манай эхнэр хэд хэдэн удаа өшиглүүлчихээд босоод гүйгээд миний хажуугаар явахад нь би Аыг барьж авахад намайг 1 удаа цохихоор нь би “чи яагаад ахыгаа цохиж байгаа юм” гэхэд А “танай эхнэр манай эхнэр Дгийн гэдэс рүү цохилоо” гэхээр нь би гэр рүү ороод Дтэй уулзаад “чи үнэхээр цохиулсан бол хамт аймаг руу яваад үзүүл” гэсэн чинь “явахгүй” гэхээр нь орхиод аймаг явсан... гэх мэдүүлэг /хх-07/,
- Гэрч Г.Дгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Тэр хоёрыг ирэхээр нь хөзөр тоглоод сууж байтал А ах “сүүлийн хундага шүү, архины шавхруу хүнд өгөөд яахав” гээд өөрөө уутал О эгч “миний авчирсан архи” гээд алгадсан чинь А ахын эхнэр Т эгч уурлаад “чи муу айлын эхнэрт алгадууллаа, намайг алгадсан бол яаж байгаа бол” гээд уурлаад “явъя” гээд байж байхад гэнэт М ах “хар Цэндийн хүү Х манай эхнэрийг юу гэж доромжлоод байгаа юм, гарч зодолдъё” гээд Х ахын хойноос гарахад гэр дотор байсан хүмүүс бүгд гадагшаа гарсан. Тэгээд намайг гадаа зогсож байхад О эгч ирээд гэнэт миний гэдэс рүү нэг удаа цохихоор нь “би та яаж байгаа юм бэ” гэхэд “яадаг юм” гээд яваад өгсөн, тэгэхээр нь би нөхөр Ат очиж хэлэхэд манай хүн уурлаад О эгчийг хөөсөн чинь манай гэрийн урд талын мөсөн дээр уначихаад босоод нөхрийнхөө араар орж байсан, Тэгтэл Х ах хоорондоо муудалцаад яахав гээд манайд ирсэн гадны хүмүүсийг аваад явсан. Тэгээд удалгүй М, О нар ирээд манай нөхөр Аыг хэл амаар доромжилж байгаад манай хадам ээжийг аваад явсан... гэх мэдүүлэг /хх-09/,
-Гэрч М.Оийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “...Тэгээд манай нөхөр Анх сүүлийн хундага шүү шавхруу хүнд өгөөд яахав гээд өөрөө уутал О гэх эмэгтэй миний авчирсан архи гээд манай нөхрийг алагдсан. Тэгэхээр нь би уурлаад чи айлын эхнэрт алгадууллаа намайг алгадсан бол яаж байгаа бол явъя гээд Х нөхөр Анх нарыг хамт авч гараад машиндаа сууж байтал тэр хавиар О гэх эмэгтэй өндөр өсгийтэй гуталтай халитарч унаад байсан. Тэгээд А намайг зодлоо гээд бархираад явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10/
-Гэрч Э.Анхын хэрэг бүртгэлтэд өгсөн: “...Би сүүлийн хундага шүү шавхруу хүнд өгөөд яахав гээд өөрөө уутал О гэх эмэгтэй миний авчирсан архи гээд манай намайг алагдсан. Тэгсэн чинь Т уурлаад чи айлын эхнэрт алгадууллаа намайг алгадсан бол яаж байгаа бол явъя гэсэн тэгээд Хтэй хамт гараад машиндаа сууж байтал О гэх эмэгтэй өндөр өсгийтэй гуталтай халитарч унаад байсан. Тэгээд А намайг зодлоо гээд бархираад явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/
Гэрч Т.Хийн хэрэг бүртгэлтэд өгсөн: Манай найз Анх сүүлийн хундага шүү шавхруу хүнд өгөөд яахав гээд өөрөө уутал О гэх эмэгтэй миний авчирсан архи гээд манай найзыг алгадсан. Тэгсэн чинь Анхын эхнэр Т уурлаад чи айлын эхнэрт алгадууллаа намайг алгадсан бол яаж байгаа бол явья гэсэн тэгээд би Анхбаяртай хамт гараад машинд сууж байтал А манай эхнэрийн гэдэс рүү цохичихлоо гэхээр нь буугаад очиход М, А нар муудалцаж байхаар нь би Мыг манайх руу явъя гээд аваад явтал намайг буулгачихаад буцаад яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 12/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 167 дугаартай: 1. И.Оийн биед бэлгийн их уруул, зүүн гуяны дотор талд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-15/
- У.Аийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-28/,
- У.Аын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-30/,
- Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн засаг даргын 2018.03.29-ний өдрийн 81 тоот тодорхойлолт /хх-27/ зэргийн шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул энэ нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч У.А нь 2018 оны 03 дугаар сарын 08-ны шөнийн 23 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг “ Э ” гэх газарт иргэн И.Оийг өөрийнх нь эхнэрийг цохилоо гэдгээр шалтаглан араас өшиглөж эрүүл мэндэд “ бэлгийн их уруул, зүүн гуяны дотор талд цус хуралт, зөөлөн эдийн няцрал ” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч У.Аын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч И.О, гэрч Г.Д, Т.М, М.О, Э.Анх, Т.Х, шинжээч С.Эрдэнэцэцэг нарын мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны 167 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдож байна.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөхцөл нь шүүгдэгч У.Аын “ хохирогч И.Оийн эхнэр Дг цохисон ” гэх үйлдэлтэй холбоотойгоор үйлдэгдсэн хийгээд энэ талаар гэрч Г.Д “ намайг гадаа зогсож байхад О эгч ирээд гэнэт миний гэдэс рүү нэг удаа цохихоор нь “би та яаж байгаа юм бэ” гэхэд “яадаг юм” гээд яваад өгсөн.Тэгэхээр нь би нөхөр Ат очиж хэлэхэд, манай хүн уурлаад О эгчийг хөөсөн чинь манай гэрийн урд талын мөсөн дээр уначихаад босоод нөхрийнхөө араар орж байсан “ гэж гэрчилжээ.
У.А нь гэмт хэргийг хувийн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд халдаж болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа, хохирогч И.Оийг “ өөрийн эхнэр Дгийн гэдэс рүү цохилоо “ гэх хувийн шалтгаанаар санаатайгаар араас нь өшиглөж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан байна.
У.А нь гэмт хэргийн улмаас хохирогч И.Од учирсан хохирол буюу эмчилгээний зардлын 40.000 төгрөгийг төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй талаар шүүх хуралдаанд “Залуу хүн байж хүнд гар хүрч болохгүй ш дээ. Би одоо гомдолгүй “ гэж мэдүүлжээ.
Шүүгдэгч У.Аын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүх шинжийг агуулах бөгөөд прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл үндэстэй, шүүгдэгч хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Мөн прокуророос шүүгдэгч У.Ат холбогдох дээрх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна гэж үзлээ. Тухайлбал, энэ хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах ба шүүгдэгч У.Аын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч И.Од гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа шүүх хуралдаанд мэдүүлсэн бөгөөд тэрээр хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон ялын талаар маргаагүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч У.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
У.Аын хохирогчид учирсан хохирол буюу эмнэлгийн төлбөрийн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн зүйлийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч У.Аын үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, түүний үйлдлээс хохирогчид хөнгөн хохирол учирсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд прокуророос гаргасан ялын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “ миний үйлчлүүлэгч хөдөө мал маллаж амьдардаг, тогтмол орлогогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэх хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь хэрэгт шүүгдэгч У.Аын цалин хөлс,орлогыг тодорхойлсон баримт үгүй бөгөөд харин түүний мал ахуй эрхэлдэг, үүнээс орлого олох боломжтой зэрэг байдлыг үндэслэвэл шүүхээс оногдуулах торгох ялыг 10 сарын хугацаанд тогтоож төлүүлэх шаардлагагүй хийгээд хуульд заасан хугацаанд төлөх боломжтой гэж үзлээ.
У.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдая.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 5, 8 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бадгар овгийн Уын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Аыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Ялтан У.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч И.О нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
4. Ялтан У.Ат шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН