Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00338

 

 

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00338

 

 

Н.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2021/02435 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Э-ын нэхэмжлэлтэй, хариуцагч РХАХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Э-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

РХАХХК-д 2017 оноос ажиллаж эхэлсэн. 2018 онд РХАХХК-ийн шилдэг ажилтан болж байсан. Ажиллах хугацаандаа тус банкыг 3 дахин томруулж зах зээлд үйл ажиллагаа явуулах боломжтой болгосон. Харилцагч нарыг буюу зах зээлд банкны активыг томруулах ажилд өөрийн сурч мэдсэн бүх зүйлээ гаргаж ажиллаж байсан. РХАХХК нь 2019 онд харилцагч нарын мөнгөн хөрөнгийг муу актив болгосон. Миний бие тухайн үед зээлд нь оролцож байгаагүй. Харин банкны эх үүсвэр талыг хариуцаж байсны хувьд нэлээн хүнд байдалд орсон. Банк 600 орчим тэрбум төгрөг байсан учраас цалингаа тавьж чадахгүй, санхүүгийн хүндрэлд орсон асуудал байхгүй. Гэтэл Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас халсан. Гүйцэтгэх захирал эрх мэдлээ хэтрүүлсэн. Өөрөөр хэлбэл, орон тоо хасах болон цөөрүүлэх эрх мэдэл гүйцэтгэх захиралд байхгүй. Орон тоо хасагдсан эсхүл цөөрүүлсэн гэдгийг тогтоох шаардлагатай. Н.Э-ын дундаж цалин 4,000,000 төгрөг болно. 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс хойш 9 сар, 12 хоног ажилгүй байсан. Нэг сарын дундаж цалин 4,000,000 төгрөгийг 9 сар, 12 хоногоор тооцоход ажилгүй байсан хугацааны цалин 38,264,150 төгрөг болж байна. Иймд гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн РХАХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон. РХАХХК-ийн дүрмийн 4.4.5.3-д гүйцэтгэх захирал нь ажилтнуудын ажил үүргийн хуваарийг тогтоох, ажилтныг ажилд томилох, тэдэнтэй гэрээ байгуулах, ажлаас чөлөөлөх гээд гүйцэтгэх захирлын чиг үүргийг тогтоох талаар заасан. Гүйцэтгэх захирал Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасан чиг үүргийн дагуу Н.Э-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. РХАХХК-ийн үйл ажиллагааны үр дүн 2019 оноос буурсан тул Монголбанкнаас ерөнхийлөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/49 дугаар тушаалаар банкинд авч хэрэгжүүлэх арга хэмжээ авч үнэт цааснаас бусад санхүүгийн хэрэгсэл болон зээл худалдан авахыг хориглох, цалин, тэтгэврийн зээлээс бусад төрлийн зээл, зээлтэй адилтган тооцох активыг шинээр болон нэмж олгох, Монголбанкнаас зөвшөөрөл авалгүйгээр чанаргүй активт бүтцийн өөрчлөлт хийхийг хориглох, Банкны холбогдох этгээдтэй холбоотой авлага, урьдчилгаа, дараа тайлангийн тооцоо, бусад тооцоо, чанаргүй болон төлбөрийн зөрчилтэй зээл, түүний хүүг барагдуулах үүрэг өгч хангуулах, Банкны холбогдох этгээдэд зээл, авлага, урьдчилгаа, дараа тайлангийн болон бусад тооцоог үүсгэхгүй байх, Засгийн газар, төсөв нийгмийн даатгал, улсын байгууллага болон төрийн өмчит компанийн харилцах, хадгаламжийн үлдэгдлийг өсгөхгүй байх, Тусгай нөхцөлтэй харилцах данс шинээр татан төвлөрүүлэх, үлдэгдлийг нэмэх, чанаргүй активыг барьцаа хөрөнгөөр хангуулж банкны өмчлөх бусад хөрөнгөд бүртгэхээс өмнө Монголбанканд мэдэгдэх, үндсэн болон биет бус хөрөнгийг нэмэгдүүлэх, худалдаж авах, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, банкны гүйцэтгэх удирдлагын цалин хөлс, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхийг хориглох, урамшуулал олгохыг зогсоох хоригуудыг тавьсан. Ажил үүргийн тодорхойлолтоос харахад Уул уурхай, газрын тос, дэд бүтэц, түүнтэй холбоотой тээвэр, худалдааны компаниудад санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, тэдгээрийн мөнгөн урсгалыг банкинд төвлөрүүлэх, өдөр тутмын санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, банкны ашигт ажиллагааг хамгийн өндөр түвшинд байлгах зорилготой. 2019 оноос хойш Уул уурхайн хэлтэс нь мөнгө татан төвлөрүүлээгүй, чиг үүрэг нь хэрэгжээгүй. Бүтэн нэг жилийн хугацаанд банкны ашигт ажиллагааг хамгийн өндөр түвшинд байлгаж чадаагүй.

Гүйцэтгэх захирал 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 14 дугаартай тушаалаар Н.Э-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг 1 сарын дараа цуцлах талаар түүнд мэдэгдсэн. 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 26 дугаартай тушаалаар Н.Э-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд Н.Э-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гүйцэтгэх захирлын тушаал хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Н.Э-ыг хэлтсийн захирал бөгөөд Уул уурхайн бизнесийн захирлын албан тушаалтай дүйцэх хэмжээний албан тушаалд тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 28,525,165 төгрөгийг РХАХХК-аас гаргуулан Н.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,738,985 төгрөгт тооцогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Н.Э-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч РХАХХК-д даалгаж, РХАХХК-аас 300,576 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

РХАХХК-д Н.Э- 2018 оноос Уул уурхайн бизнесийн хэлтсийн захиралаар ажиллаж байсан бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн гүйцэтгэх захирлын 26 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Н.Э- нь РХАХХК-ийн гүйцэтгэх захиралын 2021 оны 02 дугаар сарын 26- ны өдрийн 26 дугаар тушаал нь хууль бусаар орон тоо хассан, эрх мэдэлээ хэтрүүлсэн гэж маргасан. РХАХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 14 дугаар тушаалаар ажил, албан тушаалын орон тоог хасах талаар Н.Э-т мэдэгдсэн. РХАХХК-ийн дүрмийн 4.4.5.2, Хөдөлмөрийн дотоод журмын 1.3-т тус тус заасныг тушаалд үндэслэсэн. РХАХХК-ийн дүрмийн 4.4.5.2-т Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан төсвийн хэмжээнд багтаан ажилтнуудын орон тоо, үндсэн болон нэмэгдэл цалин түүнчлэн, хөнгөлөлт урамшууллын хэмжээг тогтоох гэж, хөдөлмөрийн дотоод журмын 1.3-т Ажил олгогчийн гүйцэтгэх захирал, түүнээс эрх олгогдсон этгээд төлөөлнө. Хөдөлмөрийн харилцаанаас үүссэн аливаа асуудлаар гүйцэтгэх захирал тушаал гаргана гэж заасны дагуу гүйцэтгэх захирал 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 14 дугаар тушаалаар ажил, албан тушаалын орон тоог хассан.

РХАХХК-ийн дүрмийн 4.4.1-д Гүйцэтгэх захирал нь хууль тогтоомж банкны дүрэм болон ТУЗ-тай байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдана гэж, 4.4.5.3-д Ажилтнуудын ажил үүргийн хуваарыг тогтоох ажилтныг ажилд томилох тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах ажлаас чөлөөлөх гэж гүйцэтгэх захирлын эрх мэдлийг тус тус тогтоосон.

Гүйцэтгэх захирал нь ТУЗ-тай байгуулсан гэрээ болон банкны дүрмийн 4.4.5.2, 4.4.5.3-т заасан эрх хэмжээний хүрээнд ний дагуу тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн РХАХХК ажилтанд ажлаас чөлөөлөх талаар хуульд заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдсэн ба нэг сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олгосон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн. РХАХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаагүй, бүтцийн өөрчлөлт хийгдээгүй, жилийн төсөв батлагдсан, банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Гэтэл зөвхөн хоёр ажилтныг ажлаас чөлөөлсөн. Гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

1. Хэргийн үйл баримт болон анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар.

1.а. Нэхэмжлэгч Н.Э- хариуцагч РХАХХК-д холбогдуулан тус банкны гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаартай хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулж Уул уурхайн бизнесийн бөгөөд хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ... гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 14 дугаар тушаалаар Н.Э-ын ажлын байр нь хасагдсан тул энэ талаар хуульд заасан хугацаанд түүнд мэдэгдэж ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй... гэж маргасан байна.

 

1.б. Н.Э-ын РХАХХК-д 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж байсан Уул уурхайн бизнесийн бөгөөд хэлтсийн захирлын албан тушаалын орон тоо тус банкны гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар тушаалаар хасагдсан үндэслэлээр 2021 оны 14 дугаар тушаалаар үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ. (хх-ийн 8-11)

 

РХАХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Э-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42.1, тус банкны хөдөлмөрийн дотоод журмын 3.20.1, 4.11.9-д заасныг үндэслэсэн байна.

 

1.в. РХАХХК-ийн дүрмийн 4.4.5.2-т ТУЗ-өөс баталсан төсвийн хэмжээнд багтаан ажилтнуудын орон тоо, үндсэн болон нэмэгдэл цалин, тэтгэмж, хөнгөлөлт, урамшууллын хэмжээг тогтоох, 4.4.5.3-т Ажилтнуудын ажил үүргийн хуваарийг тогтоох, ажилтныг ажилд томилох, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажлаас чөлөөлөх чиг үүргийг гүйцэтгэх захирал хэрэгжүүлэхээр заасан байна. (хх-ийн 26-36) Гэвч хариуцагч компанийн гүйцэтгэх захирал ажилтан Н.Э-ыг ажлаас чөлөөлөх тушаал гаргах үед тус банкны ТУЗ-өөс бүтэц зохион байгуулалтад уг ажлын байр хасагдсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

Хариуцагчийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай 21/07 дугаар тогтоолоор тус банкны албан тушаал, орон тооны жагсаалтыг шинэчлэн баталсан байна. Иймд гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 14 дугаар тушаал гаргах үед ажлын байр хасагдсан гэж үзэх үндэслэлгүй юм. (хх-ийн 13, 87-88)

 

Өөрөөр хэлбэл, РХАХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсан нь түүнээс өмнө буюу 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосныг зөвтгөх үндэслэлгүй болно.

 

Иймд ажил олгогчийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тушаал нь Хөдөлмөрийн тухай (1999 оны) хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасантай нийцээгүй тул гүйцэтгэх захирал Төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрхийн хүрээнд орон тоог хассан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

1.г. Н.Э- нь РХАХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 26 дугаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг эс зөвшөөрч шүүхэд 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт нийцжээ.

 

1.д. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Э-ын ажилгүй байсан хугацааны олговорт 28,525,165 төгрөг гаргуулж холбогдох шимтгэл нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

1.е. Харин анхан шатны шүүх Н.Э-ыг хэлтсийн захирал бөгөөд Уул уурхайн бизнесийн захирлын албан тушаалтай дүйцэх хэмжээний албан тушаалд эгүүлэн тогтоохоор заасан нь хууль хэрэглээний хувьд буруу юм.

 

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 36.2 дахь хэсэгт тус тус зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоход тухайн ажлын байр цомхотгогдсон бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэг үүсэх юм.

 

РХАХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 26 дугаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалын хууль зүйн үндэслэлийг хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2021/02435 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад дүйцэх хэмжээний албан тушаалд тогтоосныг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 36.2 дахь хэсэгт тус тус заасныг буруу хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагаас хальсан шийдвэр гаргасан гэж үзсэн болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2021/02435 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Н.Э-ыг хэлтсийн захирал бөгөөд Уул уурхайн бизнесийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 300,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Н.БАТЗОРИГ