Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 42

 

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Сугар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ, 

Улсын яллагч Ц.Роза

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар, Т.Хүдэр

Шүүгдэгч Р.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай явуулж Сүхбаатар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар  шүүгдэгч Орлойн баян овгийн Раднаагийн Эод яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1830000120016 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 29 настай, эрэгтэй,  боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар баг Дэнжийн 3-4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:ЛК88091216/ Орлойн баян овгийн Раднаагийн Э. 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

 Шүүгдэгч  Р.Э  нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “М” гэх газарт иргэн А.Оын намаржаанд байсан чингэлэгт нэвтэрч “Сания” маркийн 38-36 СҮЗ улсын дугаартай мотоциклыг ашиглан Батноров  хийцийн мөнгөн тоногтой эмээлийг хулгайлж бусдад 3 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

-Шүүгдэгч Р.Э  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би сумаас Тыг аваад  ахыруугаа хүргэж өгөхөөр явсан. Ахын адуу нь алга болоод 2,3 хоносон байсан. Би хоол идчихээд 12 цагийн үед сум руу явахдаа зам зуур адуугаар орж хайсан. Айлын намаржаан дээр адуу байхаар нь орж үзэхээр очиход чингэлэг байсан. Нээгээд үзээхэд доор нь эмээл харагдахаар нь би авсан. Хулгай хийх зорилоготой очоогүй гэв. 

 

- Хохирогч А.Оын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр очиход намаржаан дээр байсан чингэлэгт хулгай орчихсон байсан.  2011 онд манай аавын ээж  Ж эмээгээс 2 000 000 төгрөгөөр худалдаж авч байсан. 1990-ээд оны  Батноров хийцийн хуучны эмээл алга болсон байсан. Чингэлэгний ойр орчим мотоциклын мөр байсан түүнийг дагаж явахад ертөнцийн зүгээр зүүн урдаас чингэлэг байгаа газар дээр ирээд баруун хойшоо сум руу явах төв зам руу мөр нь ороод алга болсон. Тэгээд Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би алдсан Батноров хийцийн мөнгөн эмээлээ 3 000 000 төгрөгөөр үнэлнэ...гэх мэдүүлэг. /хх-ийн 10-11х/ 

 

- Гэрч Д.Агийн  мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нөхөр Р.Э сумын төв дээр байгаа Т гэх хүүхдийг төрсөн ах Бийнх рүү хүргэж өгнө гээд өглөө 10 цагийн орчим гэрээсээ гараад орой 16 цагийн үед гэртээ ирсэн. Маргааш өглөө нь үүдний амбаарт мөнгөн эмээл байхаар нь асуухад Б ах өгсөн гэж надад хэлсэн.  Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хөдөө гэр рүү явахдаа алга болно  гээд гэрийнхээ орон доор хийчихээд явсан. Манай нөхрийн төрсөн ах болох Бийг өгсөн гэхээр нь юм бодоогүй, хулгайн мөнгөн эмээл байсныг мэдээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 16х/ 

 

- Гэрч Р.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “... 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн дүү Э руу яриад би гэртээ ганцаараа байна Тыг манайх руу хүргээд ир надтай хань болоод байж байг гэсэн чинь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын төвөөс Тыг авчирсан. Тэгээд хоол, цай идэж уучихаад Э 13 цаг өнгөрөөгөөд Уулбаян сум руу явсан. Үүнээс хойш холбоо бариагүй. Ямар учраас хулгай хийснийг нь  мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18/

 - Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол / хх-н 1 х / 

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд / хх-н 3-6 х /

 - Сүхбаатар аймгийн Уулбаян сумын засаг даргын тамгын газрын Эд зүйлийн үнэлгээний комиссын үнэлгээ / хх-ийн 19х/

 - Р.Э гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-н 31/ - Р.Э гийн төрсний гэрчилгээний хуулбар / хх-н 53 / 

- Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн засаг даргын 2018 оны 01-р сарын 03-ны өдрийн 01 дугаартай тодорхойлолт / хх-н 27 х / зэрэг болно. 

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар: 

 

Шүүгдэгч Р.Э  нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “М” гэх газарт иргэн А.Оын намаржаанд байсан чингэлэгт нэвтэрч “Сания” маркийн 38-36 СҮЗ улсын дугаартай мотоциклыг ашиглан Батноров  хийцийн мөнгөн тоногтой эмээлийг хулгайлж бусдад 3 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Р.Эын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч А.О, гэрч Д.А, М.Т, Р.Б нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

Шүүгдэгч Р.Эын дээрх үйлдлүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна.

 

 Шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тухайлбал, тэр нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсэн атлаа, эд зүйл авах, шунахай сэдэлт, зорилгоор, санаатайгаар чингэлгийг эвдэж, эд зүйл хууль бусаар авч бусдын өмчлөх эрхэнд зориуд хохирол учруулсан байна. Хэргийн байдлыг нотлох дээрх баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн хэрэг бүртгэлтийн явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. 

 

Иймд  шүүгдэгч Р.Эын машин механизм ашиглан, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 

 

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Р.Эыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

 Шүүгдэгч Р.Э нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

 Шүүгдэгч Р.Эын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон,  шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т нийцүүлэн эдлэх ялыг хоёр дахин багасгаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

 Шүүгдэгч Р.Э  энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Р. Эод  Сүхбаатар    аймгийн  Прокурорын   газраас   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай   

 

2.Шүүгдэгч Орлойн баян овгийн Раднаагийн Эыг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Р.Эыг 1/ нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Р.Эод оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Р.Эод  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Ялтан Р.Э  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид учирсан хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Д.СУГАР