Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2024/ДШМ/999

 

 

 

 

 

 

   2024            09             03                                        2024/ДШМ/999

 

 

  М.Ж-д холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч М.Ж-ын өмгөөлөгч М.Цэдэнпунцаг,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/762 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэдэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.Ж-д холбогдох 2308004360483 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

............... овгийн М............. Ж..............., ..... оны .... дугаар сарын ...-ний өдөр ........................ төрсөн, ... настай, э.эгтэй, .................... боловсрол....., ...... мэргэжил...., ........................... ажил......, ам бүл ....., ........................... хамт .............................. оршин суух, /РД: ................../,

............................................. шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1/27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 91.2.2, 91.2.12, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 15 жил хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан;

Шүүгдэгч М.Ж нь ...... оны ...... дүгээр сарын ...-наас ....-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хороо, .................. байрны ....... тоотод Г.Б-ийн байрны найр хийсний дараагаар гэртээ буюу .................................. тоотод орох үедээ “хаалга түгжлээ” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий эхнэр М.Г-ийг элэг рүү нь өвдөглөж, нуруу нь өшиглөж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж биед нь халдсан,

мөн ........ оны .... дугаар сарын ....-нөөс .....-ны шилжих шөнө ....... цагийн үед ................................................. тоотод “оройтож ирлээ” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий эхнэр М.Г-ийг үснээс нь зулгааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж биед халдсан,

мөн ...... оны .... дүгээр сарын ....-ны өдөр .............................. тоот гэртээ эхнэр М.Г-ийг “халуун сав битүү чанагч угаа, угаасангүй” гэх шалтгаанаар ёлка /шинэ жилийн гацуур мод/-ны төмөр оройгоор зодож эрүүл мэндэд нь зүүн чамархай хуйх, баруун бугалганы шарх, зүүн бугалганы цус хуралт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.Ж-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч М.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Ж-д оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 8 сараар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид эрх бүхий байгууллагын хяналтад оршин суугаа ............... дүүргийн ..... дугаар хорооноос явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааг хорих ялаар дүйцүүлэн солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Ж-ын өмгөөлөгч М.Цэдэнпунцаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэл нь хууль зүйн болоод бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь “зодсон” үйлдэл нь байнгын шинжтэй үйлдэгдсэн тохиолдолд дээрх гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрдэнэ. Уг гэмт хэргийн үндсэн шинж болох “Байнга” нь тооны давтамжаас хууль зүйн ойлголт руу шилжих дээ 3 ба түүнээс дээш удаагийн үйлдэл нотлогдсон тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангана.

Хэрэгт авагдсан баримтаар үйлчлүүлэгч М.Ж-ын “.......... оны ... дүгээр сарын ....-ны өдрөөс ....-нд шилжих шөнө “хаалга түгжлээ” гэх шалтгаанаар хохирогч М.Г-ийн биед халдсан, ...... оны .... дүгээр сарын ....-ны өдөр “халуун сав угаасангүй” гэх шалтгаанаар биед нь халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан. ...” гэх 2 үйлдэл нотлогдсон байдаг.

Харин ....... оны .... дугаар сарын ....-нөөс ....-нд шилжих шөнө “оройтож ирлээ” гэх шалтгаанаар үснээс нь зулгааж, биед халдсан гэх үйлдэлд хамаарах нотлох баримтууд буюу хохирогч М.Г, гэрч Б.А нарын мэдүүлэг харилцан зөрүүтэй байхад шүүхээс нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн үндэслэл нь хууль зүйн хувьд үндэслэл бүхий болоогүй.

Анхан шатны шүүх “...хохирогч М.Г-ийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд өмнөх мэдүүлгээсээ буцан тухайн ..... оны ... дугаар сарын ....-нөөс ...-нд шилжих шөнө зодуулаагүй, мөн гэр бүлийн маргаанаас болоод салах талаар яригдаж байсан тул хүчирхийлэлд байнга өртдөг талаар хэтрүүлэн, дөвийлгөж мэдүүлсэн гэснийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг нь гэр бүлийн хүрээнд гэрчгүйгээр үйлдэгддэг, улмаар хэрэг шалган шийдвэрлэх явцад эхнэр, нөхрүүд хоорондоо эвлэрэх, нэгийгээ уучлах, гэр бүлийн эдийн засгийн байдал зэрэг бусад шалтгаанаас хамааран хохирогч мэдүүлгээсээ буцах асуудал гарах боломжтой бөгөөд шүүх хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан үнэлэн үзээд хохирогчийн урьд гаргаж байсан мэдүүлэг бусад баримтаар нотлогдсон гэж үзсэн. ...” гэж дүгнэсэн.

Гэвч хохирогч М.Г-ийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэлд ....... оны .... дугаар сарын .....-ний өдрөөс ....-нд шилжих шөнө ямар үйл явдал болсон талаар огт мэдүүлж байгаагүй, тухайн өдөр юу болсон талаар 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн мэдүүлэг, 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хохирогчоос дахин мэдүүлэг авч тодруулахад юу ч болоогүй талаар тодорхой мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүх хохирогчийг анх өгсөн мэдүүлгээсээ буцсан гэж дүгнэсэн. Гэвч хохирогчийн анх өгсөн мэдүүлэгт тухайн өдрийн талаар огт дурдагдаагүй байдаг. Хэрвээ бодит байдалд үснээс зулгааж биед халдсан байсан бол анхан мэдүүлэгт дурдагдах л байсан. Тийм зүйл болоогүй гэдгийг үнэн зөв мэдүүлсэн байхад мэдүүлгээсээ буцсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болоогүй байна.

Гэрч Б.А-ийн мэдүүлэг хохирогч М.Г-ийн мэдүүлгээр бүрэн үгүйсгэгдэж байх тул М.Ж-ын ...... оны ..... дугаар сарын .....-ний өдрөөс .....-нд шилжих шөнө хохирогч М.Г-ийг “оройтож ирлээ” гэх шалтгаанаар үснээс зулгааж, биед халдсан гэх үйлдэл тогтоогдоогүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, М.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Лхагвасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг нь өөрийн гэсэн онцлогтой. Иймээс нотлох баримтуудыг шинжлэн судалж, өөр хооронд нь ялгаж, салгах нь зүйтэй. Ихэвчлэн хохирогчийн анхны мэдүүлэг үнэн, зөв байх ба хэрэв шүүгдэгчтэй хамт амьдарч байгаа тохиолдолд мэдүүлгээсээ буцах тохиолдол гардаг онцлогтой. Гэрч Б.А нь болсон үйл явдлын талаар бүх цаг хугацааны үйл явцыг гэрчилж мэдүүлдэг. Б.А нь “2020 оноос хойш хохирогч, шүүгдэгч нартай нэг гэрт хамт амьдарч байсан” гэж мэдүүлсэн байдаг. Үүнийг хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь “Б.А байсан” хэмээн нотлон мэдүүлдэг. Б.А нь М.Ж-д ямар нэгэн байдлаар өс хонзонгийн сэдлээр эсхүл, гүтгэх нөхцөл байдлаар мэдүүлэг өгөөгүй. Тэрээр “анх намайг ирэхэд миний эгчийн нүд хөхөрчихсөн байсан” гэж шүүгдэгчийн анхны үйлдлийн тухай мэдүүлсэн байдаг. Дараа нь “намайг унтаж байгаад сэрэхэд эгчийг минь элэгдэх гэж байгаа юм шиг бариад үснээс нь зулгааж, миний хажуугаас аваад явсан” гэж мэдүүлсэн. Үүнтэй холбоотой хохирогчоос дахин мэдүүлэг авахад “цохиж, зодоогүй” гэж мэдүүлсэн байдаг. Түүнээс хойш хохирогч нь “гомдол, саналгүй, хэргийг нааштайгаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн байр суурьтай байсан. Гэрчийн өгсөн зарим нэг мэдүүлгүүд нь хохирогчийн мэдүүлэгтэй уялдаа, холбоо, хамааралтай, харилцан бие биеэ нотолсон байдаг. Жишээлбэл, хохирогчийн “гар хүрсэн, ингэхдээ хүүхдүүдийг унтсаны дараа элэгдэж, өшиглөж зоддог”, “гурван удаа элэг рүү өшиглөсөн” гэх мэдүүлэг, гэрч Б.А-ийн “намайг сэрээд харахад элэг рүү нь өшиглөх гэж байсан”  гэсэн мэдүүлэгтэй нийцэж байна. Мөн гэрч Б.А “эгч чанга орилох үед би сэрсэн”, “хүүхдүүдийн үсийг самнахдаа зулгааж, “ааваа өвдөөд байна” гэхэд нь “чи цаашдаа зөндөө олон эрэгтэй хүнд үсдүүлнэ” гэж хэлсэн” гэж мэдүүлсэн байдаг. Магадгүй хохирогч анхныхаа мэдүүлэгтээ шүүгдэгчийн үстсэн үйлдлийг зодсон гэж мэдүүлээгүй нь үстэж байгаа үйлдлийг зодож байна гэж ойлгохгүй, шүүгдэгч хохирогчид байнгын энэ байдлаар халддаг тул тус үйлдлийг нь зодсонд тооцоогүй гэж дүгнэсэн. Иймээс гэрчийн мэдүүлгийг шууд заасан нотлох баримт гэж үзсэн. Хохирогчийн өгсөн анхны мэдүүлэг болон хоёр дахь удаа өгсөн “ширүүн маргаан болсон” гэх мэдүүлэг нь өөр хоорондоо уялдаа холбоотой, харилцан бие биеэ нотолж байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүх тус хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл мөн” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

М.Ж нь ....... оны ..... дүгээр сарын .....-наас .....-нд шилжих шөнө ................................................................................ тоот гэртээ орох үедээ “Хаалга түгжлээ” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий эхнэр М.Г-ийг элэг рүү нь өвдөглөж, нуруу нь өшиглөж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж биед нь халдсан,

мөн ...... оны ..... дугаар сарын ....-нөөс .....-ны шилжих шөнө ....... цагийн үед .............................................................................. тоотод “Оройтож ирлээ” гэх шалтгаанаар үснээс нь зулгааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж биед халдсан,

мөн ...... оны .... дүгээр сарын .....-ны өдөр ....................................................... тоот гэртээ “Халуун сав битүү чанагч угаа, угаасангүй” гэх шалтгаанаар шинэ жилийн гацуур модны төмөр оройгоор зодож эрүүл мэндэд нь зүүн чамархай хуйх, баруун бугалганы шарх, зүүн бугалганы цус хуралт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1 хх З/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх 9/,

хохирогч М.Г-ийн “...Би Ж гэх хүнтэй 2014 оноос хамт амьдарч 2015 онд гэрлэлтээ батлуулан өнөөдрийг хүртэл хамт амьдарч байгаа. Бид 2 дундаасаа 2 хүү 1 охинтой. Энэ хүнтэй хамт амьдарснаас хойш уурлах бүрдээ их бага хэмжээгээр надад гар хүрдэг байсан. Жил болгон 1-2 удаа хөхөртлөө зодуулж байдаг, ер нь ааш араншин муутай хүн байдаг. Гэр бүлийн хүмүүжил муутай, намайг зодох нь энгийн үзэгдэл гэж тэр хүн ойлгодог. ...Мөн хүүхдүүдэд намайг тэнэг ээж чинь, эргүү ээж чинь гэх мэтээр ярьдаг, намайг байнга дарамталж гар хүрдэг. ...Хүүхдүүд унтсан гэрэл унтраагаад орондоо орсон байхад элэгдэж өшиглөдөг, би амь аврагдахын тулд охиноо сэрээж хамт унтдаг. Хамгийн сүүлд 2022 оноос хойш, 10 сард миний төрсөн өдрийн өмнө намайг ямар бэлэг авах вэ гэж асуучхаад юм авмааргүй байна гээд байхад Iphone авмаар байгаа биз дээ гэх шалтгаанаар зодсон. Дараа нь 2022 оны 11 дүгээр сард Б гэх нэртэй нөхрийн ахынх нь байрны найрны дараа манай нөхөр согтуу унтах гээд хэвтэж байхад намайг 2-3 удаа элэг рүү өвдөглөсөн. Тэгээд намайг зодож байгаад гараад явахаар нь хаалгаа түгжчихсэн. Тэгээд 1 цаг гарангийн дараа намайг хаалга түгжлээ гэж элэг рүү өвдөглөж, нуруу руу өшиглөсөн. Тэгээд би зодохоо болихоор нь нөгөө өрөө рүү орж Б ахыг нь дуудаж амь аврагдсан. Энэ өдрөөс хойш би байнга түгшдэг, хэзээ намайг яаж зодох бол гэж бодохоор маш их айдаг бас их юм барьж явж байгаад алдаад уначихдаг болчихсон. ...Хамгийн сүүлд өнөөдөр буюу ........ оны .... дүгээр сарын ..... -ны өдөр кино үзээд сууж байтал энэ халуун савнуудаа угаа, битүү чанагч угаа гэхээр нь 10 минутын дараа киногоо дуусгаад угаая гэтэл намайг пизда минь одоо бос гээд гацуур модны төмөр оройгоор зүүн гарны бугалганы дотор талд 2-3 удаа, баруун гарны бугалганы гадна талд урагдсан, толгой руу цохиж шалбарсан тухайн үед манай гэрт манай ээжийн дүүгийн хүүхэд болох Б.А байсан тулдаа намайг дахиж цохиж зодоогүй. ...” /1 хх 7-8/,

гэрч Г.Б-ийн “...Ж нь миний эхнэр Б-ийн хамаатны дүү байгаа юм. ...... оны .... дүгээр сард манайх тухайн өдөр байрны найр хийсэн. Тэр орой Ж эхнэр 3 хүүхдийн хамт манайд орж ирээд архи уучихаад нэлээн согтоод манайхаас гарсан. Тэгээд би унтчихсан байсан. Өглөөний 11 цагийн орчимд над руу Ж-ын эхнэр Г залгаад ороод ирээч ахаа, Ж агсам тавиад байна гэж хэлсэн. Тэгээд би яваад ортол гадна хаалганы бариул нь эвдэрчихсэн, гадаа хонууллаа гэх мэт зүйл яриад хэрэлдээд байсан. Г уйлчихсан сууж байсан. Би боль та 2 гээд Ж-ыг аваад гэртээ орсон. Энэнээс өөрөөр Ж Г 2-ын муудалцдаг үгүйг мэдэхгүй ...эхнэр нь уйлчихсан сууж байсан. ...” /1 хх 18-19/,

гэрч Б.А-ийн “...2020 онд манай эгч Г-ийн толгой нь хагарсан байдалтай нөхрөөсөө салах гэж байгаа гэж хэлж байснаар хамгийн анх Ж нь манай эгчийг зоддог гэдгийг нь мэдсэн. Тэгээд 2022 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод ирэхэд эгч М.Г намайг тосч авахад нүд нь хөхөрсөн, ам нь хөхөрсөн байдалтай байсан. Дараа нь ...... оны .... дугаар сарын ......-нөөс ....-нд шилжих шөнө ..... цагийн үед Ж ганцаараа орж ирээд эгч хэдэн минутын дараа нь хаалга тогшиход ах хаалга нээгээд чи яах гээд байгаа юм гээд хаалга хаасан. Хэдэн минутын дараа эгч ахиад хаалга тогшоод орж ирэхдээ уйлчихсан байсан. Хүргэн ах 00 өрөө рүү дагуулж ороод хараагаад загнаад байсан. Би тухайн үед унтчихсан байж байгаад эгч орилохоор нь сэртэл эгчийг маань элэг рүү нь өшиглөх гээд байж байхаар нь би салгаад эгчийг том өрөө рүү авч ороод хэвтүүлтэл ах эгчийг үснээс нь зулгааж босгоод өрөө рүүгээ аваад явсан, тэгээд өглөө болсон. 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өглөө 10 цаг болж байтал ах 12 цагаас явна мах тогоонд хийгээд тавьчих гэж эгчид хэлтэл эгч 10 минут хүлээж бай гэтэл эгчид уурлан хурааж байсан гацуурны оройгоор эгчийн 2 гар, толгой руу нь цохиод байсан. Ааш зан, хүүхэддээ хэлж байгаа үг нь их зэрлэг, хүүхдийнхээ үсийг самнаж байгаад зулгаагаад дүү ааваа өвдөөд байна гэтэл зүгээр, чи цаашдаа олон эрэгтэй хүнд зулгаалгана гэх мэт зүйл ярьдаг. Маш жижигхэн асуудлаас болж уурлаж эгчийг зоддог. М.Г-ийг гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгааг Ж ахын ах Б гэдэг хүн мэднэ. Бас Г эгчийн ээж Э болсон асуудлын талаар мэднэ. ... /1 хх 21-22/,

гэрч Ч.Э-ийн “...миний охин Г нь Ж гэх хүнтэй гэр бүл болоод хамт амьдардаг. Анх Ж манай охин нарын том охин нь гарсан байсан. 2017 оноос 2018 оны хооронд байх мартсан байна, манай охин нэг өдөр ангийнхантайгаа уулзана гээд бага зэрэг оройтоод нөхрөө намайг ирж аваач гээд дуудсан гэсэн. Тэгтэл урдаас нь очоод машиндаа суулгаад зодсон гэж хэлсэн. Өглөө хартал нүүр ам нь хөхөрчихсөн байсан. 2018 онд бас шөнө юунаас болж муудалцсаныг нь мэдэхгүй байна босоод хартал түлхээд унагачихсан байж байсан. Тухайн үед жирэмсэн байсан цус гараад эмнэлэгт үзүүлсэн. Гэртээ бага зэрэг уурлах шалтгаан гарах бүрд манай охиныг дээрэлхэж зоддог, манай гэр бүлийг доромжилдог тэр болгоныг охин маань утсаар хэлдэг. Саяхан 2022 онд манай охиныг оройтож ирлээ гэх шалтгаанаар нас барсан аавыг нь доромжлоод байдаг. Үр хүүхдээ бодоод өдийг хүрсэн байх. Ер нь байнга манай охиныг зоддог тэр бүрийг надад гар утсаар ярьж хэлдэг. ..."/1 хх 23-24/,

гэрч Б.О-ийн “...дээд айлыг би танихгүй, харж байгаагүй. ...... оны .... дүгээр сарын сүүлээр шөнө .... цагт чимээ шуугиан болоод сэртэл эмэгтэй хүн уйлж орилсон, эрэгтэй хүн орилж хашхирсан чимээ гарсан. Тухайн үед цагдаа дуудах гэхээр чимээгүй болчихсон, энийг л сонссон юм байна...” /1 хх 25-26/,

гэрч О.У-ын “...хөрш айлаа зүс танина, ганц 2 таарч байсан. ..... оны .... дүгээр
сарын ....-ны өдөр нөхөр маань хөдөөнөөс ирээд унтаж байтал шөнө ..... цагийн хооронд хажуу айлд буюу ..... тоотод эмэгтэй хүн хашхираад байх чимээ, хүүхэд уйлах чимээ сонсогдсон. Тэгээд чимээгүй болж байгаад ахиад хаалга нүдэж, өшиглөх чимээ сонсогдоод байсан. Тэрнээс хойш манайх хөдөө явчихдаг болохоор сайн мэдэхгүй байна. ...” /1 хх 27-28/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1035 дугаар шинжээчийн  “...М.Г-ийн биед зүүн чамархай хуйх, баруун бугалганы шарх, зүүн бугалганы цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1 хх 32-33/ гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.Ж-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч М.Ж-ын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр М.Г-ийг ...... оны .... дүгээр сарын ....-наас ....-нд шилжих шөнө “хаалга түгжлээ”, ...... оны ..... дугаар сарын ....-нөөс ....-ны шилжих шөнө “оройтож ирлээ”, мөн ...... оны .... дүгээр сарын ...-ны өдөр “халуун сав битүү чанагч угаа, угаасангүй” гэх шалтгаанаар зодсон үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” буюу хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан байна.

Иймд анхан шатны шүүхийн М.Ж-ын үйлдсэн хэргийн талаар хийсэн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчилснийг хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Тухайн зүйлд заасан “байнга” гэх шинжид 3 ба түүнээс дээш үйлдэл хамаарах бөгөөд шүүгдэгч М.Ж-ын хувьд эхнэр М.Г-ийг хэл амаар доромжлох, зодох зэргээр байнгийн шинжтэй байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь нотлогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял…”, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “...зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял…” оногдуулахаар заасан бөгөөд шүүгдэгч М.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 8 сараар тогтоож шийдвэрлэсэн нь түүний хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанарт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч М.Ж-ын өмгөөлөгч М.Цэдэнпунцаг “...гэрч Б.А-ийн мэдүүлэг хохирогч М.Г-ийн мэдүүлгээр бүрэн үгүйсгэгдэж байх тул М.Ж-ын ...... оны .... дугаар сарын ....-ний өдрөөс ....-нд шилжих шөнө хохирогч М.Г-ийг “оройтож ирлээ” гэх шалтгаанаар үснээс зулгааж, биед халдсан гэх үйлдэл тогтоогдоогүй байх ба байнгийн гэх шинжийг хангаагүй. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, М.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд М.Ж-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Мөн “Байнга” үйлдэх гэдэг нь тухайн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт тооцогдох тухайн нэг төрлийн үйлдлийг 3 ба түүнээс дээш удаа үйлдсэн байхыг хэлэх ба тухайн үйлдлүүд нь гэмт этгээдийн зан төлөвийн хэвшил болсон шинжтэй, цаг хугацааны хувьд засварлагатай буюу завсарлагагүйгээр тогтвортой давтагддаг байх гэсэн утга агуулгаар ойлгох нь хууль хэрэглээний практикт хэвшсэн байдаг.    

Тус шүүгдэгчийн хувьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдлүүд байнга тогтвортой давтагдаж, түүний зан үйлийн хэвшмэл шинж, хандлагыг агуулсан буюу эхнэрийнхээ эсрэг элдэв аргаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бие махбодь, сэтгэл санааны шаналал, зовуурь, шаналгаат байдалд оруулж байсан болох нь тогтоогдсон, тухайн гэр бүлийн хүчирхийллийн үйлдлүүд Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд тусгайлан заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор үйлдэгдсэн байна.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.

Шүүх дээрх заалтуудыг хэрэглэхдээ хохирогчийн гомдол санал, хор уршиг арилсан байдлыг харгалзан үзэхийн сацуу эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэх учиртай.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлэлийг төрүүлдэг ач холбогдолтой.

Хэдийгээр хохирогч М.Г-ээс “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. ...” гэж хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд бичгээр хүсэлтээ гаргасан байх боловч шүүгдэгч М.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг санаатай үйлдсэн, цаашид гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрх ашгийг дахин зөрчихгүй байх баталгаатай байдал тогтоогдоогүй байх бөгөөд анхан шатны шүүх М.Ж-ыггэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.Ж-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээ авсан нэмэлт заалт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Ж-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 8 сарын хугацаагаар тогтоосон бөгөөд давж заалдах шатны шүүх уг ялын хэмжээг хөндөөгүй тул дээрх нэмэлт заалт нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч М.Ж-ын өмгөөлөгч М.Цэдэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх байдлаар нэмэлт оруулан, тогтоох хэсгийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/762 дугаар шийтгэх тогтоолд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Ж-д согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээ авсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэдэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ,

                            ШҮҮГЧ                                              Ц.ОЧ

                             ШҮҮГЧ                                             Д.ОЧМАНДАХ

                             ШҮҮГЧ                                             Т.ШИНЭБАЯР