Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/1029

 

 

 

 

 

 

   2024            09             10                                        2024/ДШМ/1029

 

 Л.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

         Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         прокурор М.Эрдэнэзаяа,

         шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат,       

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчинвнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/579 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Л.М-д холбогдох эрүүгийн 2305012110510 дугаар хэргийг 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

............ овгийн Л............. М..............., 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр ............. төрсөн, э.эгтэй, .... настай, .............. боловсрол..... , ............... мэргэжил...... , .................................. ажил....., ам бүл ... , ............... хамт ........................................... тоотод оршин суух, /РД: ............... /,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.

Шүүгдэгч Л.М нь ..... оны .....  дугаар сарын .....-ны өдөр “....................” ХХК-ийн .............. дүүргийн ..... дугаар хороонд байрлах агуулах, бараа хадгалах хашаанаас нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 1.354.000 төгрөгийн үнэ бүхий бохирын хоолой хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Л.М-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.М-ыг “хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.М-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч Л.М-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Л.М цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Т гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hyundai porter” ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 6.860.000 төгрөгийг шүүгдэгч Л.М-аас гаргуулж улсын орлого болгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Л.М-д оногдуулсан хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, түүнд “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Д.Т захиралтай “............” ХХК-д 2022 оноос 2023 оны 03 дугаар сар хүртэл сангийн туслах ажилчинаар ажиллаж байсан. Тухайн үед ...................... ХХК-ийн захирал Т нь ОХУ руу ажиллаар явсан байсан ба явахаасаа өмнө өөрийн хүү О, менежер С , миний бие М бид гуравт компаний складыг цэгцэлж, цэвэрлэх болон угсралт хийж компаниудаар явж шалгах үүрэг өгсөн. Тухайн үед би ...................... ХХК-аас 1 сар ажилласан цалингаа аваагүй байсан тул Түвшинжаргал захирлаас цалингаа нэхэмжилсэн боловч байхгүй гэж цалин өгөөгүй. ...... оны .... дугаар сарын .....-ны өдөр .............. ХХК-ийн складний хашаанаас бохирын хоолойг хууль бусаар хулгайлж авсан үйлдэлдээ маш их гэмшиж байна. Мөрдөн байцаалтын шатанд компанийг хохиролгүй болгосон. ...Эхнэр маань 8 сард төрх нялх биетэй, надаас өөр харж хандах хамаатан садан, ах, дүү байхгүй ганцаараа эмнэлэгт эргэж тойрох хүнгүй хэвтэж байгаа. Миний эцэг, эх бие муутай хүмүүс байдаг бөгөөд ээж маань олон удаагийн хагалгаанд орж байсан болохоор эхнэр дээр очиж чадахгүй. Хийсэн хэрэгтээ үнэн сэтгэлээсээ харамсаж, гэмшиж байна. Эхнэр маань төрөх дөхсөн учир эхнэр хүүхдийнхээ төлөө шударгаар зүтгэж сайн нөхөр, сайн аав байна. Иймд үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, эхнэрийн эрүүл мэндийн байдал, анхны хүүхэд төрх гэж байгаа цаг хугацаа зэргийг харгалзан үзэж оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Л.М-ы өмгөөлөгч Т.Эрдэнэбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэргийн материалтай танилцахад, шүүгдэгч Л.М-д холбогдох хэргийг шалгасан мөрдөх байгууллага, хэрэгт хяналт тавьсан прокурор, хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахиж, нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байна.

Шүүгдэгч нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эхнээсээ өөрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруу, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээний талаар үнэн зөв мэдүүлэг өгч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлж оролцсон байна.

Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Л.М-ы Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглаж авсан” нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээтэй маргахгүй байна.

Үйлчлүүлэгч Л.М нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд мэргэжлийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахгүйгээр өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байдаг.

Гомдлын эхэнд шүүгдэгч нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эхнээсээ өөрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруу, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээний талаар үнэн зөв мэдүүлэг өгч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлж оролцсон талаар дурдсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “....Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж заажээ.

Хэдийгээр анхан шатны шүүхээс Л.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан боловч түүний эхнээсээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэн зөв мэдүүлэг өгч байсан, гэм буруутай үйлдэлдээ маргаагүй, мөрдөн байцаалтын явцад хохирол төлбөр бүрэн төлсөн зэрэг байдлыг анхаарч үзээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн холбогдох заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлтэй эсэхэд ямар нэг дүгнэлт хийгээгүй байна.

Өмгөөлөгчийн хувьд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн холбогдох заалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн бүрэн эрх хэмжээний асуудал бөгөөд шүүхэд үүрэг болгосон заалт биш гэдгийг ойлгож байна.

Өмгөөлөгчөөс шүүгдэгч Л.М-тай уулзахад, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа юм.

Мөн шүүгдэгч Л.М нь давж заалдах шатны шүүхэд өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, ар гэр, эхнэрийн хувийн байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж ял оногдуулж өгнө үү тухай гомдол гаргасныг анхаарч үзнэ үү.

Л.М нь ам бүл .................... хамт амьдардаг, ял шийтгүүлэх үедээ ..............., “...............” хаягт байрлалтай “................” ХХК-д ажил хөдөлмөр эрхэлж байсан. Эхнэр С.Г-тай 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэр бүлээ батлуулсан, эхнэр нь жирэмсэн .................... аймгийн ........ сумын .... дугаар багийн Өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтанд байдаг, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрөх талаар өрхийн эмчээс холбогдох тодорхойлолтыг гаргасан байна.

Л.М өмнө нь гэмт хэрэг үйлдэж шүүхээс хорих ялаар шийтгүүлж байсан боловч түүний үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал, ар гэр, эхнэрийн төрөх хугацаа дөхсөн болон ар гэрийн асаргаа онцгой шаардлагатай байгаа нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлж үнэн зөв мэдүүлэг өгсөн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх асуудал шүүхийн эрх хэмжээний асуудал байгаа. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүй гэж үзэж 2 жилийн хорих ял буюу тухайн зүйл ангид заасан хамгийн бага ялыг оногдуулсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдэгдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүхийн шатанд хохирол төлбөрийг нөхөн төлсөн байдаг. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Л.М нь ...... оны ... дугаар сарын ....-ны өдөр ..................... ХХК-ийн ........... дүүргийн .... дугаар хороонд байрлах агуулах, бараа хадгалах хашаанаас нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бохирын хоолой хулгайлж 1.354.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх 39-46/,

хохирогч Д.Т-ын “...Манай менежер болох С тухайн бараа хулгайлж авч явсан хүн хэн болохыг олж тогтооход манайд 1 жил орчим хугацаанд ажилласан. М гэх ажилтан гаднаас машин оруулж байгаад ачаад аваад явсан байсан. Авч явсан бараагаа хаана яаж зарсан талаар нь бүгдийг олсон. Мөн алдсан барааныхаа ихэнх талыг нь олж авсан байсан. Манай ажилтан С барааг ачиж гарсан цэнхэр өнгийн “Портер” маркийн машины улсын дугаарыг цагдаагийн байгууллагад хандаж олж тогтоон жолоочтой нь холбогдож уулзахад, хөлсөөр ачаа ачдаг иргэн байсан бөгөөд тухайн хүнээс агуулахаас ачиж гарсан бараагаа хаана яаж буулгасан талаар асуухад, “Сутай” захын барилгын материалын дэлгүүрт үлдээсэн гэж хэлсэн байдаг. Ингээд ажилтан С тухайн газарт очиж уулзаад бараагаа авахаар үнэн учраа хэлээд манай бараа зөвхөн манай байгууллагаар орж ирдэг тусгай тэмдэг, тэмдэглэгээ брэндийн логотой, ижил төстэй бараанаас ялгарах тул ялгаж авсан байсан. М-аас барааг аваад барааны мөнгийг зарж борлуулаад мөнгийг нь өгөхөөр ярилцаж тохирсон байсан ба манай барааг зарж борлуулаагүй алдагдсан бараа бүгд байсан тул тухайн иргэн бид нарт хүлээлгэн өгсөн. М-ны хүлээлгэн үлдээсэн байсан барааг бүрэн авсан байдаг ба манай байгууллага тухайн явдлаас хойш ямар нэгэн асуудлаар бараа материалын хомсдолд орох асуудал гараагүй, одоогоор үйл ажиллагаа хэвийн ажиллаж байгаа тул гомдол, санал байхгүй. ...” /хх 14-15, 19/,

гэрч Б.С-ийн “...манай захирлын эхнэр О над руу залгаад М манай хүү О-аас агуулахын түлхүүр аваад Номин констракшнд агуулахаас бараа гаргаж өгнө гээд түлхүүр авах гээд байна, тэднийд бараа гаргаж өгөх захиалга байгаа юм уу гэж асуусан. Манай байгууллагад Номин констракшнд бараа гаргаж өгөх захиалга байхгүй байсан тул түлхүүр өгч хэрэггүй шүү гэж хэлсэн. Тэгээд удалгүй М, О хоёр хамт ажил дээр ирсэн. Тэгэхээр нь би М-аас түлхүүрээр яах гэж байгаа талаар асуухад, агуулахын хашаанд байгаа саарал байшингийн юмыг янзална гэж хариулсан. Тэгэхээр нь би манаач чамайг машинтай орж ирээд бараа аваад явсан гэж байна гэж асуутал ерөөсөө юм авч гараагүй, саарал байшин цэвэрлэх гэж очтол түлхүүр байхгүй тул ороогүй, агуулахаас ердөөсөө бараа материал аваагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би манаач тэгж хэлж байна агуулах руу цуг явъя гэхэд за би 00 ороод ирье гэж хэлж гараад тэр чигээрээ зугтаагаад явчихсан. Бохирын хуванцар хоолой 110 диаметртэй, 1 метрийн урттай хоолой 50 ширхэг, 50 диаметртэй 2 метрийн урттай хоолой 3 ширхэг, 50 диаметртэй 1 метр урттай хоолой 100 ширхэг алдагдсан байна. Эдгээр бараа 2.018.000 төгрөгийн үнэтэй. ...” /хх 22/,

гэрч Ц.Г-ын “...М гэх залуу өдрийн 11 цаг 43 минутад орж ирээд 12 цаг 06 минутад гарсан. Тухайн үед ........... гэсэн дугаартай, цэнхэр өнгийн “Портер” машинтай орж ирээд бохирын хоолой, сангийн сэлбэгүүд аваад гарсан. Намайг асуухад, “Номин”-д буулгах гэж байгаа юмаа гэж хэлсэн. ...” /хх 26/,

гэрч Т.Б-ийн “...нэг жижиг залуу ирээд 2 дугаар цахилгаан станцын хажуугаас “Сутай” захын хооронд сангийн хоолой ачина, 2-оос 3 хоног ачина, та хэдээр ачих уу гэхээр нь 40.000 төгрөг гэж хэлсэн. Маргааш нөгөөдөр дахиад ачина ахаа, та 30.000 төгрөгт ачаад өгөөч гэхээр нь зөвшөөрөөд явахаар болоод ачих газрынх нь хашааны үүдэнд нь очоод сигналь дарсан. Манаач нь гарч ирээд хаалга онгойлгоод дотогшоо орсон. Нөгөө залуу өөрөө гадаа хураасан байсан саарал өнгийн хоолойнууд ачаад гарсан. Тэгээд “Сутай” захын барилгын материалын тэнд буулгасан. Дахин ачуулна гэсэн болохоор хүлээсэн. Гэтэл дахиж холбогдоогүй. 2 хоногийн дараа нэг дугаараас залгаад та хулгай юм ачсан байна гээд би буулгасан газраа зааж өгсөн. ...”” /хх 33-34/ гэсэн мэдүүлгүүд,

“.........” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн БГ2-23-511 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 48-49/  зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн зохих хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Л.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэж хүндрүүлэх шинжээр зүйлчилэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хулгайлах гэмт хэргийг “Машин механизм ашиглаж үйлдсэн” гэдэгт хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, тухайн эд зүйлийг зөөж, тээвэрлэх зорилгоор бэлтгэж ашигласныг ойлгодог.

Шүүгдэгч Л.М нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор хувиараа ачаа ачдаг Т.Б-ийн эзэмшлийн ............... улсын дугаартай “Hyundai porter” загварын тээврийн хэрэгслийг ашиглаж, бусдын эд хөрөнгийг хулгайлж, хохирол учруулсан нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байгаа болно.   

Шүүгдэгч Л.М-аас “...хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, эхнэрийн эрүүл мэндийн байдал, анхны хүүхэд төрх гэж байгаа цаг хугацаа зэргийг харгалзан үзэж оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбатаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдож тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүйгээс гадна анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Л.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулсаныг хүндэдсэн гэж үзэхгүй.

Шүүгдэгч Л.М нь “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг барагдуулсан, хохирогч гомдол саналгүй” гэсэн хэдий ч урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн ба тэрээр өмнөх үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, засрал хүмүүжил олоогүй, дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн зэрэг нь түүний хувийн байдлыг илтгэх хүчин зүйл болж байгааг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Л.М-ы 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 64 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/579 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-ы 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 64 /жаран дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                

 

                             ДАРГАЛАГЧ,

                                     ШҮҮГЧ                                               Ц.ОЧ

                                      ШҮҮГЧ                                               Д.ОЧМАНДАХ

                                      ШҮҮГЧ                                              Т.ШИНЭБАЯР