Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00357

 

             УУ-” ХК-ийн нэхэмжлэлтэй

     иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, шүүгч Д.Бямбасүрэн, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/03411 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч УУ-” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ТТ-” ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 24,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэвцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

1. Нэхэмжлэл түүний үндэслэл, агуулга:

УУ-” ХХК, болон “ТТ-” ХХК нарын хооронд 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Бүк2016/20 гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 29,920,000 төгрөгийн тунель худалдаж авсан. Үүний төлбөрийг төлж барагдуулаагүй. “ТТ-” ХХК-аас 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн албан бичигт манайд 29,920,000 төгрөгийн авлагатай гэдгээ хүлээн зөвшөөрч 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 10,920,000 төгрөг төлнө, үлдэгдэл төлбөрийг графикийн дагуу барагдуулах хүсэлт гаргасан. Албан бичигт Бүк2016/09 дугаартай гэрээ гэж бичсэн. Бүк2016/09 дугаартай гэрээ нь нэхэмжлэлд хавсаргасан баримтууд дунд байгаа, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 57,630,000 төгрөгийн барааг УУ-” ХХК-аас худалдаж авсан. 44, 45, 55, 54 дугаартай зарлагын баримтуудын нийлбэр Бүк2016/09 гэсэн дугаартай гэрээний үнийн дүн юм. БҮК2016/20 дугаартай гэрээний 5.2-т захиалагч бүтээгдэхүүний төлбөрийг энэхүү гэрээгээр тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй бол хугацаа хэтэрсэн төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнд 0,1 хувийн алдангийг хоног тутам тооцож бэлтгэн нийлүүлэгчид төлнө гэж заасан. “ТТ-” ХХК нь хамгийн сүүлд 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 16,000,000 төгрөгийн төлөөгүй.  Иймд алданги 8,000,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан.  Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад тасалдсан гэж тайлбарласан. Албан бичигт Бүк2016/09 дугаартай гэрээний талаар дурдсан. Бүк2016/20 дугаартай гэрээтэй хамааралгүй. Бүк2016/20 дугаартай гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний үүрэг биелэгдсэн эсэх тодорхойгүй. Талуудын хооронд харилцсан албан бичигт Бүк2016/09 дугаартай гэрээг дурдаад байсан. Бүк2016/20 дугаартай гэрээг хийгдсэн эсэх тодорхойгүй. Учир нь  зарлагын баримтад хүлээн авагч нь хэн нь тодорхойгүй байна. “Туулын гүүр” ХХК-д хүлээлгэж өгсөн эсэх нь эргэлзээтэй байна. Мөн нотлох баримт нь шаардлага хангахгүй байна. Санхүүгийн зарлагын баримтаас үзвэл хэн хүлээж авсан нь тодорхойгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ТТ-” ХХК-аас гэрээний үүрэгт 24,000,000 төгрөгийг гаргуулах тухай УУ-” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277,950 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

             4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

             Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх Бүк2016/09 тоот гэрээний харилцаа тухайн үедээ дуусгавар болсон талаар нэхэмжлэгч маргаагүй байхад ямар үндэслэлээр хоёр компанийн хоорондын харилцааг Бүк2016/09 тоот гэрээний харилцаа гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Тус гэрээний харилцаа нь 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр дууссаныг тогтоогоогүй. Хэрэгт дурдагдаад байгаа Бүк\2016/09 дугаартай гэрээ 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулагдсан. Бараа материалыг 2016 оны 04 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд хүлээлгэн өгсөн. 2016 оны 03 дугаар оны 28-ны өдөр 45,000,000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 12,630,000 төгрөг, нийт 57,630,000 төгрөгийг төлсөн. “ТТ-” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны албан бичигт дээрх гэрээний дугаарыг дурдахдаа андуурсан. Өөрөөр хэлбэл, тус төлбөр барагдуулах тухай албан бичигт Бүк2016/20 дугаартай гэрээтэй холбоотой.

             Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан талаар дүгнээгүй. Бүк2016/20 дугаартай гэрээ нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан. Хөөн хэлэлцэх хугацаа нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төлбөр 10,920,000 төгрөг төлөгдсөнөөр тасалдсан. Тэрхүү төлбөр нь Бүк2016/20 дугаартай гэрээний төлбөр юм. 2021 оны 12 дугаар сарын 28-ны 3,000,000 төгрөгийн төлбөр төлөгдсөнөөр хөөн хэлэлцэх хугацаа дахин тасалдсан. Хөөн хэлэлцэх хугацаа нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дууссан. Бүк2016/20 дугаартай гэрээний дагуу 2018 онд 13,920,000 төгрөгийг “Голомт банк” ХХК дахь нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

             5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Бүк2016/20 дугаар гэрээний үүргийг шаардаж, уг гэрээ 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан. 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг гэрээний үүрэг биелэгдсэн эсэх, төлбөр төлөгдсөн эсэхтэй холбоотой ямар нэгэн баримт авагдаагүй. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн талаар нотлох баримт гаргаж өгсөн боловч хэнд, хэзээ, ямар эд хөрөнгө хүлээлгэж өгсөн нотлох баримт байхгүй. “ТТ-” ХХК-аас УУ-” ХК-ийн данс руу орсон төлбөрийн баримт байхгүй. Нэхэмжлэгч шаардлагаа нотолсон баримт гаргаж өгөөгүй. Гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 05 дугаар сард дууссан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

1.Хэргийн үйл баримт, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл

1.1. Нэхэмжлэгч УУ-” ХК нь хариуцагч “ТТ-” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 24,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” гэж маргажээ.

 

1.2. Зохигчдын хооронд 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Бүк2016/20 дугаар бетон эдлэл бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр бетон эдлэл тунель бүтээгдэхүүнийг 1500*1500*2000 хэмжээтэй 22 ширхгийг нэг бүрийн үнэ 1,360,000 төгрөгөөр тооцож нийт 29,920,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч талууд гэрээнд гарын үсэг зурснаас хойш ажлын 3 хоногийн дотор урьдчилгаа 20,000,000 төгрөгийг төлөх, үлдэгдэл төлбөр 9,920,000 төгрөгийг бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дууссанаас хойш 3 хоногийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ. (хх-ийн 6, 7, 10, 11)

 

1.3. Мөн бетон эдлэл бэлтгэн нийлүүлэх 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Бүк2016/09 дугаартай гэрээнд гэрээний зүйл нь 2500*200*1000 хэмжээтэй төмөр бетон хоолой 34 ширхгийг 1,695,000 төгрөгөөр тооцож, 57,630,000 төгрөг төлөхөөр тохиролцсон ба хариуцагч 2016 оны 03 дугаар оны 28-ны өдөр 45,000,000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 12,630,000 төгрөг, нийт 57,630,000 төгрөг төлөгдөж уг гэрээ дуусгавар болсон байна. (хх-ийн 11 ар тал, 21, 22)

 

1.4.Гэтэл анхан шатны шүүх дээрх 2 гэрээ байгуулагдсан огноо, гэрээний зүйл болон нийт үнэ өөр, өөр байхад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн нь үндэслэлгүй болсон байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан зарлагын баримт №283, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 18/136 дугаар хариуцагчийн нэхэмжлэгчид ирүүлсэн “Төлбөр барагдуулах” тухай албан бичиг зэрэг нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй байна.

 

1.5. Хариуцагч “...29,920,000 төгрөгийн үнэ бүхий бетон эдлэлийг хэнд хүлээлгэн өгсөн нь нотлох баримтаар тогтоогдохгүй, Бүк2016/20 дугаартай гэрээ байгуулагдсан эсэх тодорхойгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, шаардах эрхээ алдсан” гэх тайлбараа нотолсон баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Гэтэл анхан шатны шүүх зарлагын баримтад хүлээлгэн өгсөн эд хариуцагч, хүлээн авагч, шалгасан нягтлан бодогч гэсэн гаргацгүй гурван гарын үсэг зурсан байх бөгөөд хариуцагч талаас хэн хүлээн авсан нь тодорхойгүй, хариуцагч байгууллагын тамга тэмдэг дарагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

2. Давж заалдах гомдлын зарим хэсгийн хангасан үндэслэл

2.1. Хариуцагч “ТТ-” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 18/136 дугаар төлбөрийг барагдуулах тухай албан бичигт 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Бүк2016/09 дугаартай гэрээг дурдсан байгаа боловч үлдэгдэл төлбөр 29,920,000 төгрөгөөс 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 10,920,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 19,000,000 төгрөг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн агуулга нь сүүлд хийгдсэн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Бүк2016/20 дугаартай гэрээний үнийн дүнтэй тохирч байна.

 

Түүнчлэн, 2 гэрээний нийт дүн 87,550,000 төгрөг бөгөөд нэхэмжлэгч өмнөх гэрээний талаар шаардлага гаргаагүй болохоо тайлбарласнаас үзэхэд сүүлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл байгаа болохыг хариуцагч уг албан бичгээр хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

2.2. Хэрэгт төлбөр төлсөн талаар баримт авагдаагүй боловч нэхэмжлэгч нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 10,920,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөгийг тус тус төлөгдсөн гэж тайлбарласныг хариуцагч талаас үндэслэл бүхий баримтаар няцааж чадаагүй, хариуцагч 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 18/136 дугаар албан бичгээр төлбөрийн үлдэгдлийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу өгчээ.

 

Иймд нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр тасалдсан, мөн зүйлийн 79.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр эхлэн тоологдсон гэж үзлээ.

 

2.3. Хариуцагч төлбөрийн үлдэгдлийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч төлсөн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дуусах бөгөөд нэхэмжлэгч 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааны дотор байна.

 

Иймд 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Бүк2016/20 дугаартай гэрээний үнэ 29,920,000 төгрөгөөс 13,920,000 төгрөг төлөгдсөн, 16,000,000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас уг 16,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

2.4. Бүк2016/20 дугаар бетон эдлэл бэлтгэн нийлүүлэх гэрээний 5.2-т заасан алдангийн тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт тус тус нийцсэн байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй. Гэвч нэхэмжлэгч удаан хугацаагаар гэрээний үүргийн шаардлага гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн шаардсан алдангийн хэмжээг 50 хувиар бууруулан тооцож 4,000,000 төгрөг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч “ТТ-” ХХК-аас 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч УУ-” ХК-д олгож, нэхэмжлэлээс 4,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/03411 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч “ТТ-” ХХК-аас 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч УУ-” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “...хэвээр үлдээсүгэй” гэснийг, “...хэвээр үлдээж, хариуцагч “ТТ-” ХХК-аас 257,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

              

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                           ШҮҮГЧИД                                     Д.БЯМБАСҮРЭН

 

                                                                                 Н.БАТЗОРИГ