| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00203/И |
| Дугаар | 137/ШШ2025/00472 |
| Огноо | 2025-09-16 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 137/ШШ2025/00472
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч О.Н-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Б , Б.Г нарт холбогдох Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Үйлдвэр /17042/, .. байр, .. тоот 56.25 мкв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр О.Н /РД:.../-ийг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /Бүртгэлийн дугаар ../-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Зээлийн гэрээ /Бүртгэлийн дугаар ../-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, IVECO маркийн .. улсын дугаартай автомашиныг худалдах, худалдан авах гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Х дүүрэг, ..-р хороо, үйлдвэр гудамж, .. тоотод оршин суух, Б овогт О-ийн Н /РД: ..../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Анх манай ээж, аав надад Улаанбаатар хот, Х дүүрэг, ..-р хороо, Үйлдвэр/17042/, .. тоот 56.25 мкв 2 өрөө орон сууцыг нийт 115,312,000 төгрөгийн үнээр худалдан авч миний нэр дээр шилжүүлэн өгч байсан юм. 2023 онд ээж Д.О надад “Над дээр талийгаач Б-ийн бутач хүү Г ирж уулзлаа. Танай байрыг худалдаж авъя, аав маань надад авч өгнө гээд яриад байдаг байсан юм. Хүслийг нь гүйцээх гэсэн юм гээд уйлаад гуйгаад байна. Миний охин амьдрах байртай байгаа юм чинь наад байраа өгчих дөө. Урьдчилгааг нь найзаасаа зээлж байгаа юм байх түүний нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээг нь гаргуулах юм байна. Үлдэгдэл төлбөрийг нь “Зээлийн гэрээ байгуулж нөхөн төлнө гэнэ. Том оврын автомашин бас барьцаалах юм гэнэ. Ямар гэрээ хийх юм түүнийг нь хийгээд өгчхөөрэй” гэсэн юм. Ингээд миний бие Г гэдэг залуутай уулзсан. Г надад ойлгуулахдаа "Ээжтэй чинь яриад үнийн дүнг тохиролцчихсон, улсад төлөх татвар шимтгэлийг бага байлгах үүднээс орон сууц худалдах гэрээний үнийн дүнг 80,000,000 төгрөгөөр бичүүлж байгаа, гэхдээ үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Ч.Б-ийн нэр хийлгэнэ, учир нь Ч.Б надад байрны урьдчилгаа мөнгийг зээлж байгаа бөгөөд барьцаа болгон тухайн байрыг өөрийн нэр дээр байлгах гэж байгаа юм, үлдэгдэл төлбөрийг 2 хувааж төлнө. Ингэхдээ 3-н сарын хугацаатай 2%-ийн хүүтэй 27,500,000 төгрөгийг зээлж байгаа бөгөөд үүнд тохирсон “Зээлийн гэрээ”-г байгуулж чамд өгнө. Үлдэгдэл төлбөрт машин оролцуулахаар ярьсан байгаа гэхдээ машины нэрийг нь одоо чиний нэр лүү шилжүүлэх бөгөөд би өөрөө тухайн машиныг унаж ашиглаж халтуур хийж, тухайн мөнгөө гаргаж өгөөд буцаан өөрийн нэр лүү шилжүүлж авна гэж хэлсэн.
Тухайн үед Г нь Ч.Б-тэй цуг явж байсан бөгөөд бид Яармагийн нотариат орж 2 гэрээг байгуулсан. Үүнд:
1. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /Бүртгэлийн дугаар ../; 2. Зээлийн гэрээ /Бүртгэлийн дугаар ../-г тус тус байгуулсан. Ингээд Ч.Б-ийн Х банкны .. тоот данснаас миний Х банкны.. тоот данс руу тухайн үед 35,550,000 төгрөг шилжүүлсэн юм. Мөн IVECO маркийн ... улсын дугаартай автомашиныг Ч.Б гэдэг хүнээс миний нэр лүү шилжүүлж гэрчилгээг нь шинээр гаргуулаад буцаагаад өөрөө аваад явсан. Үүнээс хойш удаан хугацаанд тухайн байр миний нэр дээр байсан. Тэгж байгаад жилийн дараа миний нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө устсан буюу өөрчлөгдсөн. Ээжид “том оврын нүүрс зөөдөг автомашин барьцаална” гэж хэлсэн атлаа яагаад надад “автобус шилжүүлснийг ойлгоогүй”. Тухайн автомашины барааг одоо хүртэл хараагүй, надад хүлээлгэж өгөөгүй. Буцааж өөрөө авна гэсэн тул би өөрөө ч авъя гээгүй юм. Одоогоор миний нэр дээр тухайн автомашины бүртгэл байдаг. Ямар ч мөнгө төгрөг нэмж төлөгдсөн зүйлгүй орхигдсон. Ээж Д.О маань байнга шахуу Г , Ч.Б нартай утсаар ярьж мөнгөө нэхдэг. Г нь .. дугаарын утастай, Ч.Б нь .. дугаарын утастай. Холбогдох бүрд "Удахгүй мөнгө өгнө” гэсээр хоног хугацааг өнгөрөөж байгаа бөгөөд сүүлдээ ээжийн утсыг нь блоклож холбогдох боломжгүй болсон. Г-ийн ээжийг Н гэдэг бөгөөд .. дугаарын утсаар ярьж асуутал “Цаад Г чинь хүн амьтан хулхидаад мөнгө аваад яваад байгаа сурагтай надад хамаагүй. Өөртэй нь учраа ол” гэж хэлсэн. Энэ байр байдлаас харвал анхнаасаа биднийг хуурч гэрээ хэлцэл хийсэн байх бөгөөд Г нь Ч.Б-тэй үгсэн хуйвалдаж дүр үзүүлсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор олон янзын гэрээ хэлцлүүдийг хийж үл хөдлөх эд хөрөнгийг маань өөрийн болгож авсан байна. Бодит байдал дээр миний бие Худалдах, худалдан авах гэрээний дагуу 35,550,000 төгрөг авснаас өөр зүйлгүй. Зээлийн гэрээг байгуулснаас бус зээл өгсөн буюу бодитоор мөнгө өгөөгүй. Автомашиныг бодитоор хүлээн аваагүй буюу зөвхөн нэр шилжсэнээс өөр зүйлгүй. Энэхүү автомашинтай холбоотой осол аваар гарах, төлбөр хураамж төлөх үндэслэлгүй тул буцаан нэр шилжүүлэх хүсэлттэй буюу өөрийн нэр дээрээс хасалт хийлгэх зорилготой. Иймд 2023 оны 06 сарын 07-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /Бүртгэлийн дугаар .. болон Зээлийн гэрээ /Бүртгэлийн дугаар ../, Автомашин худалдсан гэрээнүүд тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.10, 56.5-д заасан хэлбэр агуулж байх тул тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, хууль бусаар шилжсэн эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлж, Улаанбаатар хот, Х дүүрэг, ..-р хороо, Үйлдвэр /17042/, .. тоот 56.25 мкв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр О.Н /РД:../-ийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч О.Н-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Б-д холбогдох иргэний хэрэгт цугларч буй нотлох баримтаас үзвэл “хариуцагч Ч.Б нь тус орон сууцыг худалдан борлуулсан буюу иргэн О.Д-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийгдэж, "Т банк" ХХК-д барьцаалагдсан буюу барьцааны гэрээ хийгдсэн" болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2025 сарын 06 сарын 16-ны 9/7985 тоотоор тодорхой болсон тул үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Үүнд:
Нэхэмжлэлийн шаардлага:
1. Үл хөдлөх эд хөрөнгийн үлдэгдэл үнэ 64,450,000 /Жаран дөрвөн сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулах;
2. Зээлийн гэрээ /Бүртгэлийн дугаар ../-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох; 3. IVECO маркийн .. улсын дугаартай автомашиныг худалдах, худалдан авах гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай;
Учир нь тус орон сууцны жинхэнэ үнэ 115,312,000 төгрөгийн үнэтэй байсан. Б.Г тус байрыг 100,000,000 төгрөгөөр худалдан авахаар Н-ийн ээж О-тай тохиролцож байсан бөгөөд Ч.Б-ийн нэр дээр үл хөдлөхийг гаргахаар болсон. Тохиролцсон төлбөрөөс 35,550,000 төгрөг шилжүүлэн өгсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг дараа өгөхөөр тохиролцохдоо 27.500.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж, IVECO маркийн .. улсын дугаартай автомашины нэрийг шилжүүлэн орхигдуулсан байна.Иймд 2023 оны 06 сарын 07-ны өдрийн .. бүртгэлийн дугаартай "Зээлийн гэрээ" болон IVECO маркийн .. улсын дугаартай автомашиныг худалдах, худалдан авах гэрээ хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн үлдэгдэл төлбөр болох 64,450,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэлийн шаардлага хангуулж өгнө үү. /Жич: 64,450,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид 480,200 төгрөг төлөх ёстой. Өмнө нэхэмжлэгч 4-н шаардлагын хүрээнд 280,800 төгрөг төлсөн байгаа. Эдгээр шаардлагын хоёрыг нь өөрчилсөн буюу татгалзсан тул 140,400 төгрөг үлдэнэ. Үлдэгдэл 140,400.7 төгрөг+ шинээр төлсөн 340,200 - Нийт 480,600.7 төгрөг гэж тооцов.
Нэхэмжлэгч О.Н-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Б , хамтран хариуцагч Б.Г нарт холбогдох иргэний хэрэгт цугларч буй нотлох баримтаас үзвэл хариуцагч Ч.Б нь 2025 оны 07 сарын 22-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...Би 27,500,000 төгрөгийг нь төлнө” хэмээн зөвшөөрсөн байгааг, мөн хамтран хариуцагч Б.Г нь 2025 оны 09 сарын 15-ны өдөр шүүхэд өгсөн тайлбартаа “...30,000,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэсэн бичгээр өгсөн байгааг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн үлдэгдэл төлбөр 64,450,000 /Жаран дөрвөн сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 6,950,000 /Зургаан сая есөн зуун тавин мянган/ төгрөгөөс татгалзаж байгаагаа үүгээр уламжилж байна.
Иймд шүүхээс хариуцагч нарын зөвшөөрсөн үнийн дүнгээр буюу нийт 57.500.000 /Тавин долоон сая таван зуун мянган/ төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, О овогт Ч-ийн Б /../-гээс 27,500,000 төгрөгийг, Х овогт Б-ын Г /../-оос 30,000,000 төгрөгийг тус тус гаргуулан, 2023 оны 06 сарын 07 өдрийн .. дугаартай Зээлийн гэрээ болон .. улсын дугаартай IVECO маркийн цагаан өнгийн автобусны зориулалттай автомашиныг шилжүүлсэн хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцон, хариуцагч Ч.Б /../ нь өөрийн нэр дээр автомашиныг буцаан авахыг даалган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.
Жич: Хамтран хариуцагч Х овогт Б-ын Г /../ нь ихээхэн буруу ойлголттой явж байх тул түүнийг залруулах үүднээс дараах материалыг шүүхээр уламжлан хариуцагчид танилцуулж байгаа болно. Талийгаач Б.М нь БНХАУ иргэн Ж -ж.аас 2015 оны 09 сарын 17-ний өдөр 30,000,000 төгрөг зээлсэн болохыг нотолж Зээлийн гэрээг нь хавсаргав. Мөн талийгаач Б.М нь анх маргаан бүхий байрыг авахаар гэрээ байгуулсан хэдий ч тус гэрээнийхээ төлбөрийн үүргийг гүйцэтгэж чадахгүй явсны улмаас Ж –ж -д хандаж өөрийн өмнөөс төлүүлж байсан бөгөөд нэгэнт Ж -ж д өр төлбөртэй болсон тул түүнийг дарах үүднээс түүний дагавар охин О.Н-д эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн байр болно. Энэ байдлыг талийгаачийн хүүд зөвөөр тунгаан ойлгуулах, тус болох үүднээс Ж –ж -гийн эхнэр О нь тус байрыг тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээс үлэмж хэмжээгээр бууруулан өгсөн учиртай юм.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум, ..-р баг, .. тоотод оршин суух, О овогт Ч-ы Б /РД: .., утас: ../ нь шүүхэд хариу ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч О.Н-ийн нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие нэхэмжлэлд дурдагдсан Г-той найз нөхдийн харилцаатай бөгөөд Г нь надаас бага багаар мөнгө зээлсээр хамгийн сүүлд 85,000,000 төгрөгийн үнэтэй миний том тээврийн хэрэгслийг зээлээр худалдан авсан. Ингээд надад 140,000,000 төгрөгийн өртэй болсон учир Г нь миний төрсөн аав М надад байр авч өгсөн. Чи тэр байрыг өөрийнхөө өрөнд авчих гэсэн тул би Н-тэй худалдах худалдан авах гэрээг байгуулж, Улаанбаатар хот, Х дүүрэг ..-р хороо Үйлдвэр .. 56,25 мкв 2 өрөө орон сууцыг над руу шилжүүлсэн. Ингэхдээ Г аав ихэнх төлбөрийг нь төлсөн үлдэгдэл хэдэн төгрөг төлөх учиртай би мөнгөгүй байгаа чи төлчих үлдэх 27,500,000 төгрөг дээр нь чи зээлийн гэрээ хийчих гэхдээ найз нь өөрөө төлөөд дуусгачихна гэсэн. Мөн байрны урьдчилгаанд төлсөн мөнгийг чамд буцаан өгнө гэж хэлсэн. Ингээд би Н-ийн данс руу 35,550,000 төгрөгийг шилжүүлж, үлдэх 27,500,000 төгрөг дээр зээлийн гэрээг Н-тэй байгуулж, өөрийн төрсөн эгч Ч.Б-ийн нэр дээр бүртгэлтэй .. УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаа болгож Н-ийн нэр лүү шилжүүлж өгсөн. О.Н-ийн ээж болох О , Г нар нь хоорондоо юу Ярилцсаныг мэдэхгүй, Г-оос өрөндөө л авсан. Би ч гэсэн өнөөдөр хохирогч болчхоод байна. Бидний хооронд байгуулсан гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Миний бие Н шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар Ганзориг болон түүний ээж Н нарт танилцуулж хэлсэн. Би үлдэх 27,500,000 төгрөгийг Г-ийн өмнөөс төлж байраа өөрөө авахыг хүсэж байна. Мөн хэргийн талаар нэхэмжлэгч талтай тохирч эвлэрч шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум, ..-р баг, .. тоотод оршин суух, Х овогт Б-ын Г /РД: .., утас:../ нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний төрсөн эцэг Б.М нь Монгол улсын Цагдаагийн байгууллагад мөрдөн байцаагчаас Улсын мөрдөн байцаах газрын тамгын дарга хүртэл албан тушаал хашиж байгаад 2021 онд өвчний улмаас нас барсан. Аав маань надад 2 өрөө байр авч өгсөн бөгөөд надад хэлэхдээ урьдчилгаа 50,000,000 төгрөг төлсөн баримтыг өгсөн. Үлдэгдэл 50,000,000 төгрөг байгаа аав нь өөрөө төлж дуусгаад байрны ордерыг авч өгнө гэж байсан ч амжилгүй нас барсан. Ингээд би найз Б-ээ байрыг зарсан бөгөөд Б үлдэгдэл мөнгийг төлж дуусгахаар тохирсон. Гэтэл байрны эзэн Ж ж хэмээх Хятадын иргэний эхнэр аав чинь 30,000,000 төгрөгийн өртэй байсан гээд дахин 30,000,000 төгрөг нэхэмжилжээ. Уг 30,000,000 төгрөгийг төлсөн гэж ярьж байсныг санаж байна. Гэхдээ нэгэнт нэхэмжлэгч тал өгөөгүй гэж байгаа бол аавынхаа ясыг өндөлзүүлж хэл ам хийх боломжгүй байна. Иймд 30,000,000 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Н нь хариуцагч Ч.Б , Б.Г нарт холбогдуулан Улаанбаатар хот, Х дүүрэг, ..-р хороо, Үйлдвэр /17042/, .. тоот 56.25 мкв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр О.Н /РД:.../-ийг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /Бүртгэлийн дугаар ../-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Зээлийн гэрээ /Бүртгэлийн дугаар ../-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, IVECO маркийн .. улсын дугаартай автомашиныг худалдах, худалдан авах гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Б , Б.Г нар нь үл хөдлөх эд хөрөнгийн үлдэгдэл 64,450,000 төгрөгөөс хариуцагч Ч.Батхүү нь 27,500,000 төгрөг, хариуцагч Б.Г нь 30,000,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч, IVECO маркийн .. улсын дугаартай автомашиныг худалдах, худалдан авах гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүлээн зөвшөөрч өөрийн нэр дээр авах тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох үл хөдлөх эд хөрөнгийн үлдэгдэл 64,450,000 төгрөгөөс 6,950,000 төгрөгийг татгалзсан тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч О.Н-ийн нэхэмжлэлтэй Ч.Б , Б.Г нарт холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн үлдэгдэл үнэ 64,450,000 /Жаран дөрвөн сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулах, Зээлийн гэрээ /Бүртгэлийн дугаар ../-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох; 3. IVECO маркийн .. улсын дугаартай автомашиныг худалдах, худалдан авах гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар нь үл хөдлөх эд хөрөнгийн үлдэгдэл 64,450,000 төгрөгөөс 57,500,000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, зээлийн гэрээ болон IVECO маркийн .. улсын дугаартай автомашиныг худалдах, худалдан авах гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,800 төгрөгийн 50 хувь болох 140,400 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн буюу 64,450,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 480,200 төгрөг төлөхөөс 340,200 төгрөг гээд нийт 480,600 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 240,300 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 240,300 төгрөгийг хариуцагч нараас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б