Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/1030

 

 

 

 

 

 

   2024          09            10                                        2024/ДШМ/1030

 

 

Х.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

яллагдагч Х.Б-ын өмгөөлөгч Ж.Иманмагзам,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/1303 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагч Х.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Х.Б холбогдох 2403003550449 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

........................ овгийн Х.......... Б............, 19.... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ..................... төрсөн, .... настай, э.эгтэй, .............. боловсрол...., мэргэжил....., ................... боловсрол...., мэргэжил...., “.................” ХХК-д .... ажил......., ам бүл .................... хамт ................................... оршин суух ял шийтгэлгүй, /РД: ...................... /;

Яллагдагч Х.Б нь ......... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ...... цагийн үед .................. хорооны нутаг дэвсгэр “..................” худалдааны төвийн урд замд “УАЗ Фургон” загварын ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хохирогч А.Ц-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Х.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ...Хэргийн 123 дахь талд яллагдагчид эрх, үүрэг танилцуулсан тэмдэглэлд уншиж танилцуулсан “Н.Х” гэж бичигдсэн, яллагдагчаас мэдүүлэг авах ажиллагаанд мөн орчуулагч Н.Х-г оролцуулсан /хх 124/, Тээврийн прокурорын газрын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 136 тоот “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” тухай прокурорын тогтоол /хх 144-145/, мөн 2024 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 136 тоот прокуророос яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар санал зэргийг мөн Н.Х-д танилцуулж гарын үсэг зуруулсан байна.

 Үүнээс гадна яллах дүгнэлт гардуулан өгөх ажиллагааг мөн Н.Х-г байлцуулан гарын үсэг зуруулж гардуулжээ. Шүүгдэгч Х.Б нь монгол хэл, бичиг мэдэхгүй этгээд бол энэхүү ажиллагаанууд нь бүхэлдээ өмгөөлөгчтэй явагдах бөгөөд орчуулагчаар Х.Б-ын эх хэл болон сайн мэдэх хэл рүү орчуулга хийх чадвартай хүнийг орчуулагчаар тогтоож оролцуулах ёстой,

Орчуулагчаар томилогдох шаардлагад нийцээгүй хүнийг орчуулагчаар танилцуулж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүхэлд нь оролцуулсан.

...Мөрдөгч 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дугаар бичигдээгүй тогтоолоор Н.Х-д эрх үүрэг танилцуулж, орчуулагчаар томилохдоо монгол хэлээр уншиж, бичиж чадахгүй гэж гараар бичиж орчуулагч томилсон байна. Яллагдагч Х.Б мэдүүлэхдээ “...би уншихдаа муу, бичгийн чадваргүй муу” /хх 124/ гэж мэдүүлжээ.

...Шүүгдэгч Х.Б холбогдох эрүүгийн 2403003550449 дугаар хэргийг мөрдөн шалгах, прокурорын хяналтын шатны бүх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өмгөөлүүлэх эрхээ эдлэх боломжоор хангах, заавал өмгөөлөгчтэй оролцуулах тухай зохицуулалтыг зөрчсөн байна.

...Шүүгдэгч Х.Б нь .............. боловсрол.... гэх боловч түүнийг нотлосон баримт хэрэгт авагдаагүй байгааг дурьдах нь зүйтэй. Хэрэв ........ боловсрол..... монгол хэлээр уншиж, бичиж чадна гэж үзэж байгаа бол орчуулагч томилох, өмгөөлөгчтэй оролцуулах шаардлагагүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг явуулж хяналт тавьж буй мөрдөгч, прокурор үүнийг нотлох ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай юм. Гэтэл орчуулагч томилон оролцуулж байгаа нь мөн эргэлзээ бүхий нөхцөл байдал бий болгож байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б холбогдох эрүүгийн 2403003550449 дугаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Яллагдагч Х.Б нь давж заалдах гомдолдоо: “...Миний бие Х.Б нь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд монгол хэл мэдэхгүй гэж хэлээгүй. Харин муухан мэднэ гэж хэлсэн. Тухайн үед би их сандарсан тул тэгж хэлсэн. Би 10 жилээ ............................................... сургуулийг монгол хэлээр үзэж төгссөн. Монгол хэлийг удаан сонсож ойлгодог, хурдан ярихаар шүүх дээр сандраад муухан мэднэ гэж буруу ойлгуулсан. Тийм учраас миний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Яллагдагчийн өмгөөлөгч Ж.Иманмагзам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллагдагч Х.Б нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Прокурортой ялын саналаа тохирч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг барагдуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байсан. Шүүх хуралдаан болох үед яллагдагч Х.Б-оос “Монгол хэл мэднэ” гэж шүүгчид ойлгуулсан. Орчуулагч оролцуулах шаардлагатай юу гэхэд Б-оос “шаардлагагүй” гэсэн байдаг. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байсан. Прокурорт хэргийг буцаах нь цаг хугацааны хувьд болон прокурорын үйл ажиллагаанд төвөг учруулахаар байдаг. ...” гэв.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч Х.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “............ боловсрол...... 10 жилдээ Монгол хэл үзэж байсан” гэж мэдүүлдэг тул Монгол хэл мэднэ гэж үзээд өмгөөлөгч томилоогүй. Яллагдагч Х.Б-оос өмгөөлөгч авах уу гэж асуухад, “авахгүй, би Монгол хэл, бичиг мэднэ” гэж хэлсэн. Гэхдээ хурдан ярихаар ойлгодоггүй гэж байсан. Орчуулагч ямар учраас томилсон гэхээр Монгол хэл мэдээд байгаа атлаа сандрахаараа ойлгохгүй болчихдог тул шүүх дээр очоод сандрах болов уу гээд орчуулагч томилсон. Өөрөө хэргээ хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гээд миний хажууд хүсэлтээ бичиж өгсөн. Ингээд би Монгол хэл, бичиг мэдэх юм байна гэж ойлгосон. Иймд яллагдагч Х.Б-ын давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Х.Б холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Х.Б-ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг бүхэлд нь хянахад, хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хялбаршуулсан журмаар хэлэлцүүлэх” тухай шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Тээврийн прокурорын газраас Х.Б-ыг ...... оны...... дугаар сарын ...-ний өдрийн ...... цагийн үед .............................. хорооны нутаг дэвсгэр “..............” худалдааны төвийн урд замд ............. улсын дугаартай “УАЗ Фургон” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хохирогч А.Ц-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ талаар шүүгчийн захирамждаа нэг бүрчлэн тодорхой үндэслэлүүдээр дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй”, 1.3 дахь заалтад “монгол хэл, бичиг мэдэхгүй” гэж тодорхой заасан байх ба хавтас хэрэг цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, яллагдагч Х.Б-ын гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгээсээ эхлэн монгол хэл, бичиг үсэг мэдэхгүй гэдгээ илэрхийлж байсан нь нотлогдож байх бөгөөд дээрх хуульд заасны дагуу өмгөөлөгчөөр хангаж, хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд хэргийн оролцогчийн эрх хязгаарлагдсан байдлыг сэргээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь зүйтэй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна.” гэж, 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нь монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлийн улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал бол өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдана.” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.15 дахь заалтад “орчуулагч” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, монгол хэл, бичиг мэдэхгүй хүнд түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичгээс монгол хэл, бичиг рүү, эсхүл монгол хэл, бичгээс түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг рүү бичгээр орчуулж байгаа хүнийг гэж, 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тохиолдолд шүүх, прокурор, мөрдөгч нь орчуулга хийх, хэлмэрчлэх мэдлэг, чадвартай хүнийг орчуулагч, хэлмэрчээр томилно” гэж  тус тус заасан.

Хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дугаар бичигдээгүй тогтоолоор Н.Х гэгчид эрх үүрэг танилцуулж, орчуулагчаар томилохдоо монгол хэлээр уншиж, бичиж чадахгүй гэж гараар бичиж орчуулагч томилсон байх бөгөөд энэ талаарх хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлэг, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдлыг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул яллагдагч Х.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг хийх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/1303 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч Х.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Яллагдагч Х.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                          ШҮҮГЧ                                          Ц.ОЧ

 

                                           ШҮҮГЧ                                          Д.ОЧМАНДАХ

 

                                           ШҮҮГЧ                                          Т.ШИНЭБАЯР