| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2025/00089/И |
| Дугаар | 314/ШШ2025/00172 |
| Огноо | 2025-03-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 314/ШШ2025/00172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ** дугаар багийн *** дугаар байрны *** тоотод оршин суух, ******** овгийн ********ын ********ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.******** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Миний бие Б.******** нь 1990 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүнсний үйлдвэрийн нарийн боовны цехэд тасралтгүй ажилласан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1993-1994 оны ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүүхэд төрүүлээд 3 сарын дараа ажилдаа орж байсан. Тэгтэл 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүүтэй болж хүүхэд харах чөлөө авсан гэсэн тушаал байсан. Энэ тушаал нь зөрөөд байгаа учраас шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан. 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.” гэв.
2. Хүсэлт гаргагч Б.********оос шүүхэд нотлох баримтаар Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн зөвлөмжийн хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилийн тодорхойлолт, 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаартай тодорхойлолт,
Өвөрхангай аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1990 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 108 дугаартай ажилд авах тухай тушаалын хуулбар,
Өвөрхангай аймгийн үйлдвэрлэл, худалдааны “********” ХК-ийн захирлын 1993 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай, 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай, 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай, 1994 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дугаартай “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаалын хуулбарууд,
Б.********ын №371977 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ******** төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
3. Шүүх Өвөрхангай аймгийн Архивын тасагт хадгалагдаж байгаа Өвөрхангай аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын тушаал, “********” ХК-ийн захирлын тушаал, цалингийн баримтад үзлэг хийж, Өвөрхангай аймгийн Архивын тасгаас 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 39 дугаартай архивын лавлагаа,
1995 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дугаартай мэргэжлийн шалгалтын комиссын тогтоол, түүний хавсралтын хуулбар,
Өвөрхангай аймгийн Хүнсний үйлдвэрийн 1990 оны 11 дүгээр сар, 1991 оны 11 сар, 1992 оны 4 сар, 1993 оны 11 сарын ажилчдын цалингийн хүснэгт зэргийг нотлох баримтаар гаргуулж авсан.
4. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр ********, ******** нараас гэрчийн мэдүүлэг авсан.
Хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, тайлбар, хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.********ын шүүхэд гаргасан 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хүнсний үйлдвэрт ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
2. Хүсэлт гаргагч нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход ажилласан байдлаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.
3. Өвөрхангай аймгийн Хүнсний үйлдвэр нь 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Үйлдвэрлэл худалдааны “******** ХК” болж өөрчлөгдсөн болох нь тус компанийн 1993 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Орон тоо, цалин тогтоох тухай”, 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай, 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай тушаалуудаар тогтоогдож байна.
4. Хүсэлт гаргагч Б.******** шүүх хуралдаанд “...1993 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүүхэд төрүүлээд 3 сарын дараа ажилдаа орж байсан. Тэгтэл 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүүтэй болж хүүхэд харах чөлөө авсан гэсэн тушаал байсан. Энэ тушаал нь зөрөөд байгаа учраас шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан” гэж тайлбарласан.
Өвөрхангай аймгийн үйлдвэрлэл, худалдааны “********” ХК-ийн захирлын 1994 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4 дугаартай “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаалд “талхны цехийн ажилчин ********ын ******** нь 1994 оны 10 дугаар сарын 01-нд хүү төрүүлсэн учир ... тэтгэмжтэй чөлөө олгосугай.” гэсэн байгаа боловч хүсэлт гаргагч Б.******** нь 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүү З.Жамцайг төрүүлсэн нь хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
5. Хүсэлт гаргагч Б.******** нь Өвөрхангай аймгийн үйлдвэрлэл худалдааны “********” ХК-д 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар буюу
Өвөрхангай аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1990 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 108 дугаартай “******** овогтой ********ыг 1990 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс талх нарийн боовны цехэд хэвлэгчээр авч ажиллуулсугай.” гэсэн тушаал,
Өвөрхангай аймгийн үйлдвэрлэл, худалдааны “********” ХК-ийн захирлын 1994 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дугаартай “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаалын хуулбар,
Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 39 дугаартай архивын лавлагаа,
1995 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дугаартай мэргэжлийн шалгалтын комиссын 01 тоот тогтоолын хавсралтын 13-т “нэр Б.********, цех талх, олгосон зэрэг 3-р зэрэг”,
Өвөрхангай аймгийн Хүнсний үйлдвэрийн талхны цехийн ажилчдын 1990 оны 11 сар, 1991 оны 11 сар, 1992 оны 4 сарын цалингийн хүснэгтэд “********” гэж,
Өвөрхангай аймгийн үйлдвэрлэл, худалдааны “********” ХК-ийн талхны цехийн ажилчдын 1993 оны 11 сарын цалингийн хүснэгтэд “********” гэж бичигдсэн цалин олгосон баримтууд,
Б.********ын №371977 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,
Шүүхээс Өвөрхангай аймгийн Архивын тасагт хадгалагдаж байгаа Өвөрхангай аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын тушаал, “********” ХК-ийн захирлын тушаал, цалингийн баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл,
Гэрч ********гийн “******** талх нарийн боовны цехэд 1990 онд орсон. Би өөрөө 1993 оны 02 дугаар сард төрж байсан. Тэр үед ******** жирэмсэн байсан. Намайг төрөхөд Б.******** нь Хүнсний үйлдвэртээ ажиллаж байсан. Манай хүүхэд Б.********ын хүүхэд хоёр нэг жил төрж байсан. ******** 1994 оны 3 сар хавьцаа ажилдаа ороод 1998, 1999 оны аль нэгэнд нь ажлаасаа гарсан санагдаж байна.” гэсэн мэдүүлэг,
Гэрч ********гийн “******** Хүнсний үйлдвэрт 1990 оны 10 сард ажилд ороод 1999 он хүртэл үйлчлэгч, талх, сүүний цехэд нормынажилчин, зоогийн газарт тогооч, зөөгчөөр ажилласан. Би тухайн үед буюу 1983 оноос хойш одоог хүртэл ерөнхий технологич, чанарын инженерээр ажиллаж байна” гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Б.********ыг 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн үйлдвэрлэл худалдааны “********” ХК-ийн талх, нарийн боовны цехэд нормчноор ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээв.
5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******** овгийн ********ын ********ыг 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн үйлдвэрлэл худалдааны “********” ХК-ийн талх, нарийн боовны цехэд нормчноор ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ