| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/01229/И |
| Дугаар | 191/ШШ2025/05780 |
| Огноо | 2025-06-30 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/05780
| 2025 06 30 | 191/ШШ2025/05780 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороо, ... тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, .. дугаар хороо, ...тоот хаягт оршин суугч, ******* овогт *******-******* ******* /регистрийн дугаар *******/-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Ажлын үлдэгдэл хөлс 34,230,000 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нарыг оролцуулан, хариуцагч Э.******* хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* хариуцагч Э.*******т холбогдуулж ажлын үлдэгдэл хөлс 34,230,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч С.******* шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2023 оны 06 дугаар сарын сүүлээр Э.******* нь С.*******тай холбогдоод экскаватораар Дорноговь аймгийн сумын нутаг дэвсгэрт Хангийн замын зам засварын үйл ажиллагаа явуулж байгаа ХХК-ийн гүүр хоолойн ажилд сарын 20,000,000 төгрөгийн хөлсөөр ажиллах ажил байгаа талаар ярьж, энэ ажил дээр ажиллах санал тавьсан. Э.******* нь тухайн компанид туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа талаараа хэлж уг зам засварын ажлын гүүр хоолойн ажлыг хийж гүйцэтгэхдээ С.*******ыг тухайн ажилдаа ажиллуулсан. Тэгээд С.******* нь дээрх саналыг хүлээн зөвшөөрсөн ба Э.******* нь урьдчилгаа 5,000,000 төгрөгийг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр, 3,000,000 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нийт 8,000,000 төгрөг шилжүүлсэн. 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс Дорноговь аймгийн сумын нутаг дэвсгэрт байдаг Хангийн замын зам засварын ажил руу очиж өөрийн эзэмшлийн волво 130 маркийн УБ улсын дугаартай экскаватораараа 3 км орчим замын шуудуйн суурь болон 30 гаруй км гүүр хоолойн орох, гарах нүхийг ухаж, замын чулуун тэгшилгээ, гүүр хоолойн орох, гарах ханыг цемент цутгаж хийсэн байдаг. Анх ажил гүйцэтгэж эхлэхдээ С.******* нь Э.*******т хандаж гэрээ, контракт байгуулах тухай хэлэхэд санаа зоволтгүй, ажиллаж байх явцдаа гэрээ байгуулж болох байх гэж хэлж ойлгуулсан. С.*******ын хувьд Э.*******т итгээд дахин гэрээний талаар асууж тодруулаагүй бөгөөд гэрээ байгуулсан асуудал огт байдаггүй. Э.******* нь С.*******ыг Дорноговь аймгийн сумын нутаг дэвсгэрт байдаг Хангийн замын зам засварын болон гүүр хоолойн ажилд 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарыг дуустал ажиллуулсаны хөлс болох нийт 80,000,000 төгрөг төлөх ёстой байснаас Э.*******ын Хаан банкны тоот данснаас С.*******ын Хаан банкны тоот данс руу дараах гүйлгээгээр ажлын хөлсийг нь шилжүүлж С.*******т нийт 80,000,000 төгрөг төлөх байснаас 45,770,000 төгрөгийг шилжүүлсэн тул үлдэх 34,230,000 төгрөг гаргуулна. Дансны хуулгаар 3,800,000 төгрөг шилжүүлсэн тул нэхэмжлэлээ 3,800,000 төгрөгөөр багасгаж байна гэв.
2.Хариуцагч Э.******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр С.*******тай уулзаж, Дорноговь аймгийн, сум руу сарын 20,000,000 төгрөгөөр түрээсэлж, ажиллахаар тохиролцсон. 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг дуустал ажилласан. Үүнээс хойш экскаватороор боомт руу зөөвөрлөж, захиалагч компани дээр ажиллаж, үлдэгдэл төлбөр тооцоогоо авсан. 3 сарын түрээс 60,000,000 төгрөг төлөхөөс 49,550,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 10,045,000 төгрөг байна. Энэ нь наадмын 5 хоног амарсан 3,333,000 төгрөг хасагдана. С.******* 7 хоног ажил зогсоосны улмаас надад учирсан хохирол /12 хүний цалин, хоол, мексерийн түрээс 13,020,000 төгрөг/ алдагдал гарсан. Цутгаж байсан шуудууны ажил 450 м газар дутуу үлдсэн. Захиалагч компаниас 60,000,000 төгрөгийн гүйцэтгэл авах ёстойг аваагүй. Иймд С.*******т өгөх өглөг байхгүй гэжээ.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар итгэмжлэл, Хаан банк ХК-ийн дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, Гэрэл зураг зэрэг баримтыг,
Хариуцагчаас нотлох баримтаар Хаан банк ХК-ийн дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариу тайлбар зэрэг бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Үзлэг хийх ажиллагаа явуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч С.******* хариуцагч Э.*******т холбогдуулж ажлын үлдэгдэл хөлс 34,230,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Дорноговь аймгийн сумын нутаг дэвсгэрт байдаг Хангийн замын зам засварын болон гүүр хоолойн ажилд 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарыг дуустал ажиллуулсаны үлдэгдэл хөлс 34,230,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж тайлбарлав.
5.Хариуцагч Э.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг дуустал ажилласан хөлс 49,550,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 10,045,000 төгрөг байна. Наадмын 5 хоног амарсан 3,333,000 төгрөг, С.******* 7 хоног ажил зогсоосны улмаас надад учирсан хохирол 13,020,000 төгрөг гарсан. Өгөх өглөг байхгүй гэж маргажээ.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хаан банк ХК-ийн дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, Үзлэг хийсэн тэмдэглэл, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7.Хариуцагч Э.******* нь нэхэмжлэгч С.*******тай 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр уулзаж, Дорноговь аймгийн, сумын нутаг дэвсгэрт Хангийн замын зам засварын ажилд С.******* нь өөрийн эзэмшлийн волво 130 маркийн УБ улсын дугаартай экскаватораар 3 км орчим замын шуудуйн суурь болон 30 гаруй км гүүр хоолойн орох, гарах нүхийг ухах ажил гүйцэтгэх, захиалагч нь сарын 20,000,000 төгрөгийн хөлс төлнө гэж /амаар/ харилцан тохиролцсон нь талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.
8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 3,800,000 төгрөгөөр багасгасан тайлбар бичгээр гаргасан /хавтаст хэргийн 98 тал/ бөгөөд Захиалагч Э.******* Гүйцэтгэгч С.*******т ажлын хөлс 49,570,000 төгрөг шилжүүлсэн, хүлээн авсан тухайд талууд маргаагүй.
9.Захиалагч Э.******* нь 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг дуустал ажил гүйцэтгэхээр, Гүйцэтгэгч С.******* нь 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарыг дуустал ажил гүйцэтгэхээр тохиролцсон гэж хугацааны талаар маргаж байгаа боловч Захиалагч Э.*******ын хариу тайлбар, урьдчилгаа болон цалин шилжүүлсэн баримтаас үзэхэд Дорноговь аймгийн, суманд гүүр хоолойн ажил 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхэлсэн гэж үзэхээр байна.
10.Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1.Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэж заасан бөгөөд зохигчид сарын 20,000,000 төгрөгийн хөлс төлнө гэж харилцан тохиролцсон тухайд маргаагүй.
11.Нэхэмжлэгч С.******* нь 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарыг дуустал ажил гүйцэтгэсэн гэж гэрэл зураг /хавтаст хэргийн 31-36 тал/-ууд ирүүлсэн боловч он, сар, огноо, тайлбар бичээгүй, хаана авагдсан гэрэл зураг болох нь тодорхой бус байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтад хамааруулан үнэлэх боломжгүй гэж үзсэн.
12.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн хөрөнгөөр гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүрэ-гтэй, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан.
13.Хариуцагч Э.******* нь үлдэгдэл 10,045,000 төгрөг байна. Энэ нь наадмын 5 хоног амарсан 3,333,000 төгрөг хасагдана. С.******* 7 хоног ажил зогсоосны улмаас 13,020,000 төгрөгийн алдагдал гарсан гэх хариу тайлбар гаргасан боловч сөрөг нэхэмжлэл гаргаагүй болно.
14.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн нэхэмжлэгчийн хүсэлтээр Үзлэг хийсэн тэмдэглэлд 10,000,000 төгрөгөө хэзээ өгөх вэ тэрийгээ хэлэл дээ гэхээр юм орж ирэхээр зохицуулна шүү дээ хөгшөөн гэх харилцан ярианаас үзэхэд талууд 10,000,000 төгрөг төлөх хугацааны талаар ярилцаж байх ба хариуцагчийн гаргасан үлдэгдэл 10,045,000 төгрөг байна гэх хариу тайлбар илүү үндэслэл бүхий гэж үзнэ.
15.Нэхэмжлэгч С.******* нь 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарыг дуустал ажил хийсэн хугацаа болон ажлын хөлс 80,000,000 төгрөгөөр тохиролцсон гэх нотлох баримтаа ирүүлээгүй нь нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2.Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
16.Шүүх хэрэг авагдсан бичгийн нотлох баримтууд зохигчдын тайлбар зэргээс Захиалагч Э.******* нь 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг дуустал ажил гүйцэтгэх, Гүйцэтгэгч С.******* нь өөрийн эзэмшлийн волво 130 маркийн УБ улсын дугаартай экскаватораар дээрх ажлыг сарын 20,000,000 төгрөгөөр тооцож ажлын хөлс 60,000,000 төгрөг төлөхөөр тохиролцож, ажлын хөлс 60,000,000 төгрөгөөс ажлын хөлс 49,570,000 төгрөг шилжүүлсэн, хүлээн авсан тухайд талууд маргаагүй тул үлдэгдэл хөлс 10,045,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24,185,000 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
17.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******аас 175,670 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******т олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.*******аас 10,045,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24,185,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******аас 175,670 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ