Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2026/0316

 

    

 

 

 

  2026            03            31                                         128/ШШ2026/0316

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Э*******,

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын мэргэжилтэн, улсын байцаагч Б.З*******,

Гуравдагч этгээд: “М*******” ХК хооронд үүссэн зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Э*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч прокурор М.Г*******, хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын мэргэжилтэн, улсын байцаагч Б.З*******, хариуцагч байцаагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******, гуравдагч этгээд “М*******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Равжаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдлын шаардлага: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын мэргэжилтэн, улсын байцаагч Б.З*******гийн оногдуулан 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

2. Хэргийн  нөхцөл байдал, процессын түүх:

2.1. Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын мэргэжилтэн, улсын байцаагчийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар “...”М*******” ХК-ийг даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг тохиролцсон хугацаа, хэмжээнд олгоогүй...” болохыг тогтоосон гэж үзээд зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, торгох шийтгэлийг оногдуулсан.

 

2.2. Зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн материалыг прокурор Н.Э*******ээс хүлээн авч танилцаад, “даатгалын нөхөн төлбөрийг хугацаанд нь олгоогүй” гэх үйлдэлд иргэн гомдол гаргасан өдрөөс хойш 8 сарын дараа зөрчлийн хэрэг нээж торгууль оногдуулсан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацааг ноцтой зөрчиж, хялбаршуулсан журмаар зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн хэмээн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн байна.

3. Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Э******* гомдлын шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Э******* би, Санхүүгийн шалгалт, зохицуулалтын газрын мэргэжилтэн, улсын байцаагч Б.З******* 2026 оны 01 зохицуулах хорооны Хяналт дүгээр сарын 16-ны өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар "М*******" ХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан материалыг хянасан.

 

3.2. Хэрэгт иргэн Ю.С*******аас Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан гомдол, Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн "Даатгалын нөхөн төлбөрийн тухай" " дугаартай "М*******" ХХК-д хүргүүлсэн албан бичиг, "М*******" ХК-аас Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн , 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай албан бичиг, "М*******" ХК- ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З*******гийн холбогдогчоор өгсөн мэдүүлэг, "М*******" ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтууд цугларсан байна. Цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд 2025 оны 5 дугаар сард иргэн Ю.С*******аас Санхүүгийн зохицуулах хороонд хандаж "М*******" ХК нь даатгалын нөхөн төлбөр олгохгүй байгаа асуудлыг шалгуулах" тухай гомдол гаргасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр даатгалын нөхөн төлбөр олгуулах талаар дугаартай албан бичгийг "М*******" ХК-д хүргүүлж, "М*******" ХК-аас 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр "даатгалын зүйлд учирсан хохиролд нөхөн төлбөр олгохоос татгалзаж, тус маргааныг иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа талаар талаар 25/919 дугаартай албан бичгийг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн үйл баримт тогтоогдсон.

 

3.3. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт "Хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд гарсан маргааныг урьдчилан шийдвэрлэн олон хэсгийн 33.2 дахь хэсэгт "Зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч нь Хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно" гэж, Даатгалын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт "Зохицуулах хороо дараах үндэслэлээр даатгагчид албадлагын арга хэмжээ авч болно", мөн хэсгийн 67.1.4 дэх заалтад "Зохицуулах хорооноос энэ хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу өгсөн даалгаврыг биелүүлээгүй", 73 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Зохицуулах хороо даатгагчид албадлагын арга хэмжээ авахдаа дараах агуулга бүхий даалгаврыг өгч болно", мөн хэсгийн 73.1.10 дахь заалтад "даатгуулагч болон хувьцаа эзэмшигчийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх" талаар хуульчилсан.

 

3.4. Хуулийн дээрх зохицуулалт нь Санхүүгийн зохицуулах хороо нь иргэн Ю.С*******аас гаргасан гомдлын дагуу тухайн даатгалын тохиолдлын талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон үйлчлүүлэгчийн хоорондын маргааныг захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэж, уг шийдвэрээ маргааны оролцогч нарт танилцуулснаар тухайн маргаанд оролцогч талууд гэрээ болон хохирол, нөхөн төлбөрийн асуудлаар шүүхэд хандах боломж нээгдэж, улмаар маргааныг шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлэхээр нарийвчлан зохицуулсан гэж үзэхээр байна. Харин Санхүүгийн зохицуулах хорооноос "М*******" ХК-д хүргүүлсэн дээрх "...даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгож, энэ талаарх мэдээллийг 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор тус хороонд болон даатгуулагчид эргэж хариу мэдэгдэх..." тухай албан бичгийг Даатгалын тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу өгсөн даалгавар гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

3.5. Мөн Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасан "Даатгалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл хориглосон хэм хэмжээг зөрчсөн, эсхүл нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгагчийн шаардсан хугацаанд гаргаж өгөөгүй" гэсэн хэм хэмжээ нь Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1.3 дахь заалтад заасан даатгуулагч, мөн хуулийн 10 дугаар зүйлд заасан даатгуулагчийн эрх, үүргийг зөрчсөн зөрчилтэй холбоотой зохицуулалт юм. Даатгагчийн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 4, 15 дахь хэсэгт заасан хэм хэмжээнд хамаарч байгаа эсэхийг эрх бүхий албан тушаалтан шалгаж, тогтоох үүрэгтэй.

 

3.6. Гэтэл эрх бүхий албан тушаалтан даатгуулагчийн холбогдох зөрчилд даатгагчид холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно", мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй" гэсэн хууль ёсны зарчмыг зөрчиж, хуулийг төсөөтэй хэрэглэсэн байна. Мөн Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад "энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн", мөн хэсгийн 1.2 дахь заалтад "энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн", мөн хэсгийн 1.3 дахь заалтад "энэ хуульд хүнд арван мянгаас дээш хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш хоёр жил өнгөрсөн" бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно" гэж хуульчилсан бөгөөд Ю.С*******аас Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан өдрөөс хойш 8 сарын дараа "М*******" ХК-д Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэхээр байна.

 

3.7. Иймд Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь заалтыг удирдлага болгон Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт зохицуулалтын газрын мэргэжилтэн, улсын байцаагч Б.З*******гийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн "М*******" ХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж байна...” гэжээ.

 

 

4. Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын мэргэжилтэн, улсын байцаагч Б.З******* гомдлын шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.

4.1. Даатгалын тохиолдол үүссэн нөхцөл байдал, түүнийг Санхүүгийн зохицуулах хороо хянан шийдвэрлэсэн талаар Санхүүгийн зохицуулах хороонд даатгуулагч иргэн Ю.С*******аас 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн "... иргэн С.Ю нь 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 5148 УКУ улсын дугаартай Ниссан экс маркийн тээврийн хэрэгслийг жолоодон аймгийн сумын 2 дугаар багийн нутагт Зоон даваа гэх газарт замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам тээврийн осол гаргаж тэр даруй аймгийн цагдаагийн газарт мэдэгдэж, цагдаа ирж үзлэг хийн даатгалаар хохирлоо барагдуулах боломжтой гэж үзэж тодорхойлолт хийж өгсөн.

 

4.2. "М*******" ХК нь тодорхой хариу өгөхгүй 30 хоногийн хугацаа өнгөрч эцэст нь нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан тул нөхөн төлбөрөө авч чадахгүйд гомдолтой байна." гэх өргөдлийг холбогдох нотлох баримтын хамт ирүүлсэн. Өргөдөлтэй холбогдуулан "М*******" ХК-аас даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан шийдвэрийн талаарх тайлбарыг нотлох баримтын хамт гаргуулахад, даатгагч 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 25/457 тоот албан бичгээр хороонд ирүүлсэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариу тайлбарыг холбогдох баримт материалыг хавсарган ирүүлсэн бөгөөд нөхөн төлбөр олгохоос татгалзсан тус албан тоотыг хянаж үзэхэд, "... иргэн С.Ю нь 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 5148 УКУ улсын дугаартай Ниссан экс маркийн тээврийн хэрэгслийг жолоодон аймгийн сумын 2 дугаар багийн нутагт Зоон даваа гэх газарт замын хөдөлгөөнд оролцож байхдаа өөдөөс урсгал сөрж орж ирсэн тээврийн хэрэгслийг мөргөхгүйн тулд баруун гар тийш огцом дарсны улмаас замын хажуу талын хашлага шонг мөргөж зам тээврийн осол гаргасан бөгөөд дээрх осол дээр аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн ахмад Сэмжид овогтой Н үзлэг, хэмжилтийг хийж жолооч С.Юийг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалт "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэх заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 14.7.51 дэх заалтын дагуу 100 нэгжээр торгож шийдвэрлэсэн байдаг.

 

4.3. Даатгагчийн зүгээс жолоочийн мэдүүлсэн осол гарах үед 50 орчим км/цагийн хурдтай явсан гэх тайлбарыг бататгах зорилгоор Монгол улсын зөвлөх инженер доктор А.Цд хандаж хүсэлт гаргасны дагуу зөвлөх инженер тухайн жолоочийн өгсөн тайлбар, хэргийн газрын зураглал, осол гарсан газар хийгдсэн бүдүүвч зурагт авагдсан хэмжилтийг үндэслэн дүгнэлт гаргасан тул даатгагчийн зүгээс инженерийн дүгнэлттэй санал нэг байгаа бөгөөд жолооч С.Ю нь Замын хөдөлгөөний дүрмээр зөвшөөрөгдсөн хурдны хэмжээг хэтрүүлэн зорчиж байхдаа тус осол гарсан байх үндэслэлтэй байх тул талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.26-д "замын хөдөлгөөний дүрмийн 12.4... дэх заалтыг зөрчсөн" болон Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх хэсэгт "даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох орчин нөхцөл, орчныг бүрдүүлсэн" гэж 8.5.3-т "даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан" гэж тус тус заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна." гэж дурдсан байдаг.

 

4.4. Хороо дээрх даатгалын маргааныг Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасны дагуу талуудын ирүүлсэн баримт материалын хүрээнд хянаад, 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гарсан зам тээврийн осол нь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад С.Н шалгаж, жолооч С.Юийг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалт "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан буруутай болохыг тогтоож, тодорхойлсон байх ба энэхүү заалт нь тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд хамаарахгүй байх тул даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгуулахаар урьдчилан шийдвэрлэж, 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн тоот албан бичгийг тус даатгагч болон даатгуулагчид хүргүүлсэн. Даатгагч "М*******" ХК нь дээрх шийдвэрийн хариу болгож, 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн тоот албан бичгээр даатгалын гэрээний маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа уламжилсан.

 

4.5. "М*******" ХК нь Хорооны 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн тоотоор гаргасан шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар маргаан шийдвэрлүүлэх нэхэмжлэлээ гаргаагүй, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснаар даатгуулагчид нөхөн төлбөр олгох үүргээ биелүүлээгүй үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь заалтыг зөрчсөн болох нь даатгагчийн Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлсэн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ******* тоот албан бичиг болон мэдүүлгээр тус тус тогтоогдож байсан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт "Даатгалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, ... хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно." гэж заасны дагуу 1500 нэгж буюу 1,500,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан болно.

 

4.6. Улсын ерөнхий прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Э*******ийн гаргасан 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаартай "Прокурорын дүгнэлт"-д “... Санхүүгийн зохицуулах хорооноос "М*******" ХК-д хүргүүлсэн дээрх"... даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгож, энэ талаарх мэдээллийг 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор тус Хороонд болон даатгуулагчид эргэж хариу мэдэгдэх” тухай албан бичгийг Даатгалын тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу өгсөн даалгавар гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна." гэжээ. Хорооны 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн тоот албан бичгээр шийдвэрлэсэн урьдчилсан шийдвэр нь өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд гарсан маргааныг урьдчилан шийдвэрлэсэн агуулгатай бөгөөд Прокурорын дүгнэлтэд дурдсан даалгаварт хамааралгүй болно.

 

4.7. Мөн прокурорын дүгнэлтэд "...Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасан "Даатгалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл хориглосон хэм хэмжээг зөрчсөн, эсхүл нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгагчийн шаардсан хугацаанд гаргаж өгөөгүй" үйлдлийг зөрчилд тооцож, шийтгэл оногдуулахаар хуульчилсан гэжээ. Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд даатгагчийн эрх үүргийг, 10 дугаар зүйлд даатгуулагчийн эрх, үүргийг тус тусад нь зохицуулсан байдаг бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасан "Даатгалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, ..." гэсэн заалт нь даатгагч, даатгуулагч нь Даатгалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох хариуцлагын арга хэмжээ авах зохицуулалт ба даатгагч, даатгуулагч аль, алинд нь хамааралтай болно.

 

4.8. Мөн прокурорын дүгнэлтэд Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтын дагуу хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй бөгөөд, мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно" гэж хуульчилсан бөгөөд Ю.С*******аас Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан өдрөөс хойш 8 сарын дараа "М*******" ХК-д зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэхээр байна. Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг ирүүлсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасны дагуу 1500 нэгж буюу 1,500,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан. үлсэн"

 

4.9. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад "энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн", мөн хэсгийн 1.2 дахь заалтад "энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн", мөн хэсгийн 1.3 дахь заалтад "энэ хуульд хүнд арван мянгаас дээш хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш хоёр жил өнгөрсөн" бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно" гэж заасан.

 

4.10. СЗХ/ дугаартай хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн хэрэг нь Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасны дагуу торгосон бөгөөд энэ нь дээрх хуулийн хөөн хэлэлцэх хугацааны 2 жил гэсэнд хамаарах зохицуулалттай байна. Учир нь зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бөгөөд 1500 нэгжийг 10 дахин нэмсэн буюу 15.000 нэгж болж байгаа тул Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан 2 жил гэсэнд хамаарч байгаа бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэж байна. Иймд Улсын ерөнхий прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Э*******ийн гаргасан 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаартай "Прокурорын дүгнэлт"-ээр Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 102579 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

 

5.Гуравдагч этгээд “М*******” ХК гомдлын шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.

         

5.1 "М*******" ХК-ийн тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний даатгуулагч Ю.С*******ын улсын дугаартай Ниссан экс маркийн тээврийн хэрэгслийг 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр аймаг 2-р багийн нутагт "Зоон Даваа" гэх газар асфальтан замд С.Ю нь жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ замын хажуу хашлага мөргөсөн гэх тохиолдолд нөхөн төлбөр хүссэн материал бүрдүүлж ирүүлснийг судлаад тус тохиолдол нь талуудын хооронд байгуулагдсан. Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлд хамаарч байсан тул нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Уг нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн шийдвэрийг даатгуулагч Ю.С******* хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээр "Санхүүгийн Зохицуулах Хороо"-нд гомдол гаргасан.

 

5.2. Санхүүгийн зохицуулах Хороо гомдлыг хянаад Ю.С*******д даатгалын нөхөн төлбөрийг олгуулах тухай 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн тоот албан бичгийг манайд ирүүлсэн. Манай компанийн зүгээс даатгалын нөхөн төлбөртэй холбоотой иргэнтэй байгуулсан даатгалын гэрээний маргааныг Даатгалын тухай хуулийн 3.2-т "Даатгагч, даатгуулагчийн хооронд үүсэх гэрээний харилцааг Иргэний хуулиар зохицуулна" гэж заасны дагуу өөрийн татгалзлыг батлах зорилгоор иргэний шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн тоот албан бичгээр "Санхүүгийн Зохицуулах Хороо"-нд хүргүүлж ажилласан. Гэтэл "Санхүүгийн Зохицуулах хороо"-ны мэргэжилтэн улсын байцаагч Б.З******* нь "Мандал Даатгал" ХК-ийг даатгалын тохиолдол болсон үед Даатгалын тухай хуулийн 9.1.4-т заасан хугацаа хэмжээнд нөхөн төлбөрийг олгоогүй, 82.1-т зааснаар даатгалын нөхөн төлбөрийг маргаан шийдвэрлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргаагүй нь Зөрчлийн тухай хуулийн 11.13 зүйлийн 12 зөрчсөн болох нь тогтоогдсон гэж үзэн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №******* тоот шийтгэлийн хуудсаар 1500 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.

 

5.3. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйл. Санхүүгийн зохицуулах хороо 4.1-т "Санхүүгийн зохицуулах хороо /цаашид "Хороо" гэх/ нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах бүхий төрийн байгууллага мөн” гэж заасан, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т "Хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд гарсан маргааныг урьдчилан шийдвэрлэнэ” гэж заасан. Гэтэл өөрийн чиг үүрэг, эрх мэдлийг хэтрүүлэн хэрэглэж үндэслэлгүй шийтгэлийн хуудсаар торгуулийн арга хэмжээ авсан. Тус тайлбарыг бид зөрчлийн хэрэг нээж тайлбар мэдүүлэг авах явцад хорооны байцаагчид хэлж байсан боловч бидний тайлбар хүлээн авалгүй торгуулийн арга хэмжээ авсан.

 

5.4. 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №******* тоот Шийтгэлийн хуудсанд дурдсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12-т "Даатгалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл хориглосон хэм хэмжээг зөрчсөн, эсхүл нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгагчийн шаардсан хугацаанд гаргаж өгөөгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэсэн заалт байх ба дээрх заалтын аль урьдчилсан нөхцөлийг манай компани зөрчсөн болох нь тодорхойгүй бөгөөд үндэслэлгүй байсан. Зөрчлийн тухай хуулийн 11.13.12-т заагдсан заалт нь даатгуулагч даатгалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, даатгагчийн шаардсан хугацаанд баримтуудаа өгөөгүй буюу даатгуулагчийг хуульд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлагын арга хэмжээ тооцох хэм хэмжээний зохицуулалт юм. Гэтэл дээрх зохицуулалтыг манай байгууллагад хамаатуулж зөрчлийн арга хэмжээ тооцож байгаа нь үндэслэлгүй төдийгүй хуулийг буруу тайлбарлаж өөрийн эрх хэмжээнээс давсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

 

5.5. Иймд Санхүүгийн Зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын мэргэжилтэн, улсын байцаагч Б.З*******гийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсаар "Мандал Даатгал" ХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.13 дугаар зүйлийн 12 дах хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Э*******ийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул улсын байцаагч Б.З*******гийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Б.З*******гийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар “даатгалын тохиолдол болсон үед Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасан нөхөн төлбөрийг олгоогүй, 82.1-д зааснаар даатгалын нөхөн төлбөрийн маргаан шийдвэрлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй” зөрчил гаргасан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасны дагуу 1,500,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулжээ.

3. Хариуцагчаас шийтгэл оногдуулах болсон үндэслэлээ “...иргэн Ю.С*******аас гаргасан гомдлын дагуу даатгалын маргааныг шийдвэрлээд даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгуулах тухай 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн тоот албан бичгийг тус даатгагч болон даатгуулагчид хүргүүлсэн. Даатгагч "М*******" ХК нь дээрх шийдвэрийн хариу болгож, 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн тоот албан бичгээр даатгалын гэрээний маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа уламжилсан боловч Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар маргаан шийдвэрлүүлэх нэхэмжлэлээ гаргаагүй атлаа мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснаар даатгуулагчид нөхөн төлбөр олгох үүргээ биелүүлээгүй үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь заалтыг зөрчсөнд тооцсон...” гэж тайлбарласан.

4. Тус шийтгэлийн хуудсыг хүлээн аваад, хүчингүй болгуулахаар Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор Н.Э*******ээс “...даатгалын нөхөн төлбөрийг хугацаанд нь олгоогүй үйлдэлд иргэн гомдол гаргасан өдрөөс хойш 8 сарын дараа зөрчлийн хэрэг нээж торгууль оногдуулсан, ... иргэн Ю.С*******аас гаргасан гомдлын дагуу тухайн даатгалын тохиолдлын талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон үйлчлүүлэгчийн хоорондын маргааныг захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэж, уг шийдвэрээ маргааны оролцогч нарт танилцуулснаар тухайн маргаанд оролцогч талууд гэрээ болон хохирол, нөхөн төлбөрийн асуудлаар шүүхэд хандах боломж нээгдэж, улмаар маргааныг шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлэхээр нарийвчлан зохицуулсан байхад нөхөн төлбөр олгоогүй хэмээн шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй...” гэж шүүхэд гомдол гаргасан, мөн гуравдагч этгээд “М*******” ХК-аас “...шийтгэлийн хуудсыг хүлээн аваад эс зөвшөөрч, прокурорт гомдол гаргасан, хүлээн зөвшөөрөхгүй...” гэсэн тайлбарыг гаргаж байна.

5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Даатгалын нөхөн төлбөрийн тухай” дугаартай албан бичгээр “...Өргөдлийг талуудын ирүүлсэн баримтын хүрээнд хянахад, даатгалын гэрээний хугацаанд буюу 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр улсын дугаартай Ниссан икс трэйл маркийн тээврийн хэрэгслийг иргэн С.Ю жолоодон аймгийн багийн нутаг "Зоон даваа" гэх газар замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам тээврийн осол гаргаж даатгалын зүйлд хохирол учруулсан байх ба уг тохиолдлыг танай компанийн зүгээс судалж үзээд, даатгуулагчийг хурд хэтрүүлсний улмаас осол гаргасан нь зөвлөх инженерийн дүгнэлтээр нотлогдсон гээд тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 4.26-д "Замын хөдөлгөөний дүрмийн ... 12.4... дэх заалтуудыг зөрчсөн" гэж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-т "даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн” гэж заасныг тус тус үндэслэн нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэхээр байна. Учир нь дээрх зам тээврийн ослыг аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад С.Н шалгаж, жолооч С. Юийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан буруутай болохыг тогтоож, тодорхойлсон байх ба энэхүү заалт нь тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд хамаарахгүй байна.Иймд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1. Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас үүссэн хохирлын нөхөн төлбөрийг олгож, энэ талаарх мэдээллийг 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор тус Хороонд болон даатгуулагчид эргэж хариу мэдэгдэнэ үү.” гэсэн мэдэгдлийг “М*******” ХК-д хүргүүлсэн.

6. Тус албан бичгийн хариуд “М*******” ХК-аас 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн дугаар албан бичгээр “... "Мандал Даатгал" ХК-ийн № тоот тээврийн хэрэгслийн даатгалын гэрээгээр даатгагдсан "Мандал дижитал кредит" ХХК-ийн өмчлөлийн улсын дугаартай "Nissan X-Trail маркийн тээврийн хэрэгслийг 2025 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 17:00 цагийн орчимд аймаг 2-р багийн нутагт "Зоон даваа" гэх газар асфальтан замд Сэрээтэр овогтой Ю нь жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ өөдөөс урсгал сөрж орж ирсэн тээврийн хэрэгслийг мөргөхгүйн тулд баруун гар тийш огцом дарсны улмаас замын хажуу талын хашлага шонг мөргөсөн гэх тохиолдолд нөхөн төлбөр хүссэн материал бүрдүүлж ирүүлснийг судлаад тус тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Учир нь эрх бүхий албан тушаалтны "Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд" тээврийн хэрэгслийн тоормосны мөр анх эхэлснээс хашлагыг мөргөсөн "А" цэг хүртэл 24 метр, "А" цэгээс цааш хөндлөн гулссан мөр 28 метр гэж тэмдэглэсэн боловч энэхүү мөрийг ашиглан хурдыг тогтоох аргачлалын дагуу осол гарсан үндсэн шалтгааныг тодорхойлоогүй гэж харж байна. Иймд тус маргааныг иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгааг уламжилж байна.” гэсэн хариуг хүргүүлжээ.

7. Гэтэл хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчаас “...Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар маргаан шийдвэрлүүлэх нэхэмжлэлээ гаргаагүй тул Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Даатгалын нөхөн төлбөрийн тухай” дугаартай албан бичиг хүчин төгөлдөр болсон гэж үзнэ, иймд тус албан бичгээр өгсөн үүргийг биелүүлээгүй...” гэж тайлбарласан бол “М*******” ХК-аас “...тус маргааныг иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгааг уламжилсан тул нөхөн төлбөрийг өгөх үүрэг үүсээгүй...Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл даатгуулагч шүүхэд нэхэмжлэл гаргахаас биш уг зохицуулалтын хүрээнд гаргасан шийдвэрийг заавал биелүүлэх үүрэггүй” гэж маргасан, үүнээс үзвэл, талуудын хооронд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос гаргах шийдвэрийн цар хүрээ, Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан Санхүүгийн зохицуулах хорооны эрх хэмжээг маргааны үйл баримтад холбогдуулан хэрхэн тайлбарлан хэрэглэх асуудлаар маргаан үүссэн байна.

8. Хуулийн эдгээр зохицуулалтыг хэрхэн тайлбарлан хэрэглэх талаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2025/0063 дугаар тогтоолд “...Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд гарсан маргааныг урьдчилан шийдвэрлэнэ” гэж, Даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хянах эрхийг даатгалын асуудал хариуцсан Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлнэ”, 82 дугаар зүйлийн 82.1-д “Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Санхүүгийн Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно” гэж тус тус заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороо нь даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хянах эрх бүхий захиргааны байгууллагын хувьд даатгагч, даатгуулагчийн хооронд гарсан аливаа маргааныг, түүний дотор даатгалын нөхөн төлбөр олгох эсэхтэй холбоотой маргааныг захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх эрхийг дээрх хуулийн заалтуудаар олгосон гэж үзнэ.

9. Гэхдээ Санхүүгийн зохицуулах хорооны болон санхүүгийн зах зээлийн харилцаанд оролцогчдын эрх зүйн байдал, зохицуулах чиг үүргийн онцлогоос хамаарч даатгагч, даатгуулагчийн хооронд үүссэн гэрээний эрх зүйн маргааныг урьдчилан шийдвэрлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг хянах, зохицуулах чиг үүргийн хүрээнд өөрийн эрх хэмжээний асуудлаар захиргааны акт гаргах замаар дээрх эрх хэмжээг ялгамжтай хэрэгжүүлэхээр байна.

10. Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Санхүүгийн зохицуулах хороо /цаашид Хороо гэх/ нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн. Өөрөөр хэлбэл, уг байгууллага нь санхүүгийн зах зээлийн харилцаанд оролцогчдын үйл ажиллагааг нийтийн эрх зүйн үүднээс хянан зохицуулах буюу тухайн зах зээлд үйлчилгээ үзүүлж буй этгээдүүд нь холбогдох хууль, журмын дагуу үйл ажиллагаа явуулж буй эсэх, хууль зөрчсөний улмаас хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг зөрчсөн эсэхийг шалгаж тогтоох, зөрчигдсөн эрхийг сэргээн хамгаалах чиг үүрэгтэй захиргааны байгууллага юм.

11. Хорооны энэхүү чиг үүргийг Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль (нийтийн эрх зүйн хэм хэмжээ)-аас гадна Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль, Даатгалын тухай хууль зэрэг хууль тогтоомжоор зохицуулсан. Эдгээр хуулиуд нь нэг талаас нийтийн захиргааг хэрэгжүүлэгч Хороо, нөгөө талаас санхүүгийн зах зээлд үйлчилгээ үзүүлэгч этгээдийн хооронд үүссэн нийтийн эрх зүйн (захирах-захирагдах) харилцааг зохицуулсан хэм хэмжээнээс гадна санхүүгийн зах зээлд оролцогчдын буюу санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч болон үйлчлүүлэгч/хөрөнгө оруулагчдын хоорондын хувийн эрх зүйн (харилцан зөвшилцөх) харилцааг зохицуулсан холимог шинжтэй гэж болохуйц хэм хэмжээг агуулсан хууль тогтоомжоор зохицуулсан байдгаараа онцлог шинжтэй.

12. Тухайлбал, Даатгалын тухай хуулийн зорилт нь уг хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар даатгалын үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг тогтоож, төрийн эрх бүхий байгууллагаас даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах гэсэн нийтийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдэх боловч, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар “Даатгагч, даатгуулагчийн хооронд үүсэх гэрээний харилцааг Иргэний хуулиар зохицуулах”-аас гадна уг хууль дахь даатгалын нөхөн төлбөр, даатгагч, даатгуулагчийн эрх, үүргийг зохицуулсан зүйл, заалт зэрэг нь хувийн эрх зүйн харилцааг зохицуулсан шинжтэй байна.

13. Иймд Хороо нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасны дагуу урьдчилан шийдвэрлэх чиг үүргээ хэрэгжүүлэхдээ тухайн маргаан нь нийтийн эрх зүйн шинжтэй юу, эсхүл хувийн эрх зүйн хэм хэмжээнээс үүдэлтэй байна уу гэдгийг харгалзан үзэх шаардлагатай, үүнээс хамаарч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэсэн Хорооны шийдвэрийн эрх зүйн үр дагавар нь ялгаатай байхаар байна.

14. Тодруулбал, Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар Хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд давж заалдах зохицуулалт нь тухайн маргааны үндсэн шинжээс хамаарч, маргааны аль тал нь аль шүүхэд хандах боломжтой нь тодорхойлогдох буюу Хороо болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хоорондын захирах-захирагдах харилцаанд үндэслэн үүссэн маргааныг (тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх зэрэг албадлагын арга хэмжээ авах, шийтгэл оногдуулах гэх мэт) урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэсэн Хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл тусгай зөвшөөрөл эзэмшигч захиргааны хэргийн шүүхэд, харин тусгай зөвшөөрөл эзэмшигч болон үйлчлүүлэгчийн хороонд байгуулагдсан (иргэний) гэрээнээс үүдэлтэй маргаанд Хороо нь хөндлөнгийн буюу зохицуулагчийн үүднээс урьдчилсан шийдвэр гаргасан бөгөөд даатгуулагч уг шийдвэрийг эс зөвшөөрвөл иргэний хэргийн шүүхэд хандах эрхтэй гэж ойлгоно.

15. Өөрөөр хэлбэл, даатгалын нөхөн төлбөр олгохыг даалгах агуулгатай Хорооноос гарсан шийдвэрийг даатгагч зөвшөөрвөл даатгуулагчид нөхөн төлбөрийг олгох, харин зөвшөөрөөгүй тохиолдолд даатгуулагч шүүхийн журмаар маргах боломжтой, түүнчлэн Хорооноос нөхөн төлбөр олгох үндэслэлгүй талаар шийдвэр гарвал даатгуулагч шүүхэд хандах эрхтэй...” гэж тайлбарлажээ[1].

16. Ийнхүү даатгалын гэрээний маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэж, даатгалын нөхөн төлбөр олгох тухай Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн дугаар албан бичгийн хариуд “М*******” ХК-аас нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн шийдвэрээ хэвээр үлдээж байгаа талаар тус хороонд мэдэгдсэн агуулгаас үзвэл, даатгагч, даатгуулагчийн хооронд иргэний буюу даатгалын гэрээнээс үүдэлтэй маргаан үүссэн. “М*******” ХК нь даатгуулагч иргэн Ю.С*******д нөхөн төлбөр олгохоос татгалзсан, тухайн иргэн уг асуудлаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх боломжтой тул энэ маргааны хувьд Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Даатгалын нөхөн төлбөрийн тухай” дугаартай албан бичгээр захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон, шүүхийн журмаар маргаан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн гэж үзнэ.

17. Иймд хариуцагчийн “...дээрх шийдвэрийг даатгагч эс зөвшөөрсөн бол захиргааны хэргийн шүүхэд хандах ёстой байсан, гэтэл хандаагүй тул хүчин төгөлдөр болсон...” гэх агуулгатай тайлбар үндэслэлгүй, Зөрчлийн тухай хуулийн  11.13 дугаар зүйлийн 12-т заасан “Даатгалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл хориглосон хэм хэмжээг зөрчсөн, эсхүл нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгагчийн шаардсан хугацаанд гаргаж өгөөгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан зөрчлийг “М*******” ХК үйлдээгүй байна.

18. Түүнчлэн, Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол;”, 1.2-т “энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй” гэж заасан.

19. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно” гэж тусгайлан зохицуулжээ. Үүний дагуу 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан 10-500 нэгжийг 10 дахин нэмж дүйцүүлэн тооцвол 100-5000 нэгж буюу 100,000-5,000,000 төгрөгийн торгууль оногдуулахаар зөрчил үйлдсэн хуулийн этгээдийн хувьд зургаан сарын хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэхээр байна. Харин 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу 5000 нэгж буюу 5,000,000 төгрөгөөс дээш торгууль оногдуулахаар заасан зөрчил үйлдсэн хуулийн этгээдийн тухайд зөрчил шалгах шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа нь зөрчил үйлдсэнээс хойш 1 жил байна.

19. Хариуцагчаас “М*******” ХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг зөрчсөн гэж буруутгасан, уг хэсэгт ... хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан, үүний дагуу тус компанид маргаан бүхий шийтгэлийн хуудсаар 1,500,000 төгрөгийн торгууль оногдуулсан.

20.Энэхүү торгуулийн хэмжээ нь 1005,000 нэгжийн хүрээнд хамаарч байх тул Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу зөрчлийг шалган шийдвэрлэх хугацаа нь зөрчил үйлдсэнээс нь хойш зургаан сар байхыг шаардана.

21. Гэтэл Ю.С*******аас гомдол гаргасан 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс зургаан сарын хугацааг тооцоход 2025 оны 10 дугаар сард хариуцагч шийтгэл оногдуулах байтал 2026 оны 01 дүгээр сарын 16 өдөр шийтгэлийн оногдуулсан нь буруу, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12, 112 дугаар зүйлийн 112.4.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасныг баримтлан Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор Н.Э*******ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Б.З*******гийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Б.З*******гаас 70200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

  

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ГАНГЭРЭЛ

 

 

 

[1] М ХХК ба Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч М.Т, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2025/0063 дугаар тогтоол, 128/2024/0909