Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 601

 

Д.Шд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогч О.А, түүний өмгөөлөгч Б.Дамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 644 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 844 дүгээр магадлалтай, Д.Шд холбогдох 1808027280341 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч О.А, түүний өмгөөлөгч Б.Дамба нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 оны 2 дугаар сарын 9-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Хошууд овогт Дын Ш нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Шыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Д.Шын баривчлагдсан 2 хоногийг 30.000 төгрөгөөр тооцож, шүүгдэгчийн төлөх торгох ялаас хасч, шүүгдэгч Д.Шаас 46.760.000 төгрөг гаргуулан хохирогч О.Аод олгуулах, хохирогч О.Аын нэхэмжилсэн мөнгөн аяганы үнийн зөрүү 7.790.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, зээлийн хүүгийн төлбөр 11.852.000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Шын баривчлагдсан 2 хоногийг 30.000 төгрөгөөр тооцож, шүүгдэгчийн төлөх торгох ялаас хасч тооцсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Шын баривчлагдсан 2 хоногийг 30.000 төгрөгөөр тооцож, нийт эдэлбэл зохих торгох ялын хэмжээг 9.970.000 төгрөгөөр тогтоосугай.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогч О.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч О.А, түүний өмгөөлөгч Б.Дамба нар гаргасан гомдолдоо: “...1.Шүүх шүүгдэгч Д.Шд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ "... Шүүгдэгч Д.Ш нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулахаа илэрхийлж байгаа ... зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид ... торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.’’ гэжээ. Шүүх дээрхи үндэслэлээр шүүгдэгч Д.Шд торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан залилах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарна. Хүнд гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх үндэслэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол” түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх үндэслэл болдог. Гэтэл шүүх хүнд гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Д.Шд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасан “хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол” гэх хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарах үндэслэлээр түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

2.Шүүх шүүгдэгч Д.Шд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ " ... Шүүгдэгч Д.Ш нь бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг ... зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.” гэжээ. Гэтэл шүүгдэгч Д.Ш нь одоо бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа эрхэлдэггүй, түүний эрхэлж хийж байсан бизнес нь өр зээлийн улмаас одоо бүрэн зогссон байхад шүүх үүнийг үл харгалзан одоо хийгдэж байгаа бизнес мэтээр баримтгүйгээр дүгнэж, "үндэслэл болохооргүй" нөхцөл байдлыг үндэслэн түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлсэн нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Тодруулбал, шүүгдэгч Д.Ш нь 2016 оны 12 дугаар сарын 27-ноос 2017 оны 1 дүгээр сарын 15-ны хооронд "Жи Эс Би Капитал" ББСБ-аас 3 удаа зээл авсан. Нийт 500.000.000 гаруй төгрөгийн зээл аваад одоог хүртэл нэг ч төгрөг эргэж төлөөгүй, зээлийн хугацаа нь 2 жил гаруй хэтэрсэн байгаа нь тус ББСБ-ын 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 18/1471 дугаартай албан тоотоор нотлогддог. /1хх-136/

3.Шүүгдэгч Д.Ш нь хорихоос өөр төрлийн ял шийтгэл хүлээхийн тулд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо 20 хоногт нөхөн төлж барагдуулна гэж шүүхэд болон надад хэлж, итгүүлснээс шүүх хуралдаанд би өөрийн байр сууриа бодитой, үнэн зөвөөр илэрхийлж чадаагүй, мөн шүүх ч гэсэн түүний худал үгэнд итгэж, дээрх дүгнэлтүүдийг гаргаж, хэргийг шийдвэрлэсэн. Д.Ш нь маш их худлаа ярьдаг хүн. Тийм учраас би шүүх хуралдаанд ... Шүүгдэгч Д.Шд хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах тохиолдолд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг арилгах талаар тодорхой хугацаатай үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг гаргасан боловч шүүх бидний саналын үндэслэлд ямар ч дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Гэмт хэрэг гарснаас хойш 2 жил шахам хугацаа өнгөрсөн. Шүүгдэгч Д.Ш нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй. Үүнээс болж хохирогч О.А миний бизнесийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, маш ихээр хохирч байна. Товч дурьдвал, би мөнгөн аяганы чиглэлээр үйлдвэр эрхэлдэг. Жилд дунджаар 8000-14.000 ширхэг мөнгөн аяга үйлдвэрлэдэг байсан бол одоо 2000-4000 ширхэг аяга үйлдвэрлэх хэмжээнд хүрч үйлдвэрлэлийн хүчин чадал буурч, алдагдал хулээх болсон нь гагцхүү Д.Шын үйлдсэн гэмт хэрэг, түүний учруулсан хохирол, хор уршигтай шууд холбоотой юм.

2018 оны 4 дүгээр сард би мөнгөн аяганы үйлдвэрээ зогсоохгүйн тулд сарын 2.5 хувийн хүүтэй 50.000.000 төгрөгийг Капитрон банкнаас зээлсэн. Улмаар зээлийн хүү төлж байсан зэрэг нөхцөл байдлаас болж улам хүндэрч, аргагүйн эрхэнд би өөрт байгаа бүх хөрөнгөө Капитрон банкинд барьцаалж, бага хувийн буюу сарын 1 хувийн хүүтэй 180.000.000 төгрөгийг Капитрон банкнаас дахин зээлж, өндөр хүүтэй өмнөх 50.000.000 төгрөгийн зээлээ дарсан, үлдэх мөнгөөр нь үйлдвэрээ сэргээх гэж аль болох зүтгэж байгаа ч зээлийн хүүд сар бүр их хэмжээний мөнгө төлж байгаа нь илүү алдагдал хүлээхэд хүрч байна. 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Ш нь анхан шатны шүүх хуралдааны өмнө надад "Би чиний байдлыг ойлгож байна. 20 хоногоос хэтрэхгүй үлдэгдэл мөнгийг чиь бүрэн өгнө. Бас зээлийн хүүг чинь төлнө. Надад хорих ял оногдуулахгүй талаар шүүх хурал дээр үг хэлж өгөөч. Надад итгэ." гэхээр нь түүнд итгэсэн. Шүүх хуралдааны дараа 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр би Д.Штай уулзахад тэрээр "20 хоног дотор мөнгө өгч амжихгүй юм байна. Хэд хоногийн хугацаа өгөөч" гэхэд нь зөвшөөрсөн. Тэгээд Ш надад хохирол, хор уршиг төлөх талаар тодорхой хугацаа заасан баримт бичиж өгсөн. Энэ өдрөөс хойш Д.Ш надтай уулзахгүй, хохирол, хор уршгаа төлөхгүй байж байгаад давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны өмнө уулзаж, хохирол, хор уршиг төлөх талаар дахин баримт бичиж өгсөн боловч мөн л хугацаа нь хэтэрсэн. Дээрхи нөхцөл байдлуудаас үзэхэд хохирогч О.А би шүүхийн шийдвэргүйгээр Д.Шаас хохирлоо барагдуулж авна гэдэг ямар ч боломжгүй, түүнд хууртсаар эцэс төгсгөлгүй явах нь миний хувьд маш хэцүү байна.

Иймд дээрх үндэслэлээр буюу 2 шатны шүүхээс шүүгдэгч Д.Шд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах гомдол гаргаж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогч О.Аын өмгөөлөгч Б.Дамба хэлсэн саналдаа: “Шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээхгүй, иргэний харилцаа гэж маргасан боловч шүүхээс гэм буруутайд тооцсоны дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал бий. Д.Шын үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэрэг байтал хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн зүйлийн 1.2-т зааснаар дүгнэлт гаргасан нь хуульд нийцээгүй. Шүүгдэгч хохирол төлөхөө илэрхийлсэн гэх боловч ямар эх үүсвэрээр, ямар аргаар төлөх нь тогтоогдоогүй байхад Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Д.Шын үйлдлийн улмаас О.Аод учирсан хохирлын үлдэгдэл 46.760.000 төгрөг, мөн 180.000.000 төгрөгийн зээлийн үүрэг үргэлжилж байгаа. Д.Ш өнгөрсөн хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд утсаа салгаад, худлаа яриад явж байна. Хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгүй, хохирол төлөгдөөгүй байдал нь шүүхийн үндэслэл болгосон заалтууд баримтаар тогтоогдоогүй гэдгийг харуулна. Хохирлыг төлөх үүрэг хүлээлгэсэн, хугацаатай албадлагын арга хэмжээ авахуулах хүсэлт гаргасан боловч бидний хүсэлтийг няцаасан ямар дүгнэлт гаргасан нь тогтоол, магадлалд дурдагдаагүй. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Ш бусдыг залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Шүүх хуульд заасан сонгомол санкцаас торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч О.А, түүний өмгөөлөгч Б.Дамба нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Шд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Ш нь 2018 оны 2 дугаар сараас 2018 оны 3 дугаар сарын 13-ны хооронд нийт 5 удаагийн үйлдлээр хохирогч О.Аыг хуурч мэхлэн 779 ширхэг мөнгөн аягыг залилан авч, нийт 110.760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан талаарх хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Харин шүүгдэгч Д.Ш нь гэмт хэрэг үйлдэж, бусдад учруулсан хохирлын үлдэгдэл 46.760.000 төгрөгийг анхан шатны шүүхийн шийдвэр гаргахаас өмнө нөхөн төлөөгүй, уг төлбөрийг цаашид ямар эх үүсвэрээр хэрхэн төлж барагдуулахаа нотлоогүй, мөн гэм хорын хохирол нөхөн төлөхөөс гадна торгох ялыг биелүүлэх боломжтой эсэх нь эргэлзээтэй байхад шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд илтэд нийцээгүй буюу шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.

Шүүгдэгч Д.Ш нь анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо үлдэх хохирлыг 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх боловч тэрээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед шүүхийн гаргуулахаар тогтоосон 46.760.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй байх тул энэ талаар хохирогч О.А, түүний өмгөөлөгч Б.Дамба нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Д.Шд торгох ял оногдуулж шийдвэрлэсэн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 644 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 844 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Д.Шд холбогдох 1808027280341 дугаартай хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

                                                     ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                     ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                          Д.ГАНЗОРИГ

                                                                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН