Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 787

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: “Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн а/51 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” гэжээ. 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд: “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2, 64 дүгээр 64.1.2 дахь заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "б" заалтуудыг тус тус үндэслэн орон нутгийн төсвийг хэлэлцэн баталдаг.

Өмнөговь аймгийн 2016 оны төсөвт "П" ХХК-нд олгох нөхөх олговрын мөнгө суугаагүй /тусгагдаагүй/ тул төлөх боломжгүй болно.

Мөн "П" ХХК нь нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тогтоолгохдоо тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага буюу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай тохиролцолгүй дангаараа нөхөн төлбөрийн хэмжээг тогтоолгосон санхүүгийн баримтыг Ашигт малтмалын газрын дарга үндэслэн зөвхөн нэг талын нөхөн төлбөрийн хэмжээг харгалзан нөхөн олговрын хэмжээ, хугацааг тогтоох тухай а/11 тушаал гаргасан нь хууль бус захиргааны акт байх тул төрийн байгууллагын эрх ашгийг зөрчсөн байна гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл "П" ХХК-ийн хүсэлтээр нөхөн төлбөрийн хэмжээ тогтоолгосон "Улаанбаатар Аудит корпараци"-ийн дүгнэлтийг харгалзан шууд Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хандаж нөхөн төлбөрийг төлүүлэх шийдвэрийг гаргасан нь хууль бус гэж үзэж байна.

Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн тушаалыг Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр авч танилцаж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралд асуудал болгон танилцуулж нөхөн төлбөрийн хэмжээг судлах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Мөн Улс орны нийгэм, эдийн засгийн байдал төсөв, санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд орон нутгийн төсвөөс 2 785 411 771 /хоёр тэрбум долоон зуун наян таван мянга дервөн зуун арван нэгэн мянга долоон зуун далан нэг/ төгрөгийг 1 сарын дотор төлж барагдуул гэсэн нь хууль бус гэж үзэж байх тул Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуулиар олгосон эрх буюу "П" ХХК-тай харилцан тохиролцох нөхцөл боломжийг бий болгон өгч Ашигт малтмалын газрын даргын захиргааны хууль бус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “П******* ХХК-ны эзэмшиж буй Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг дахь ашигт малтмалын ХХ/-******* хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий Баруун ноён уул нэртэй талбай нь Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 02 сарын 13-ны өдрийн 8/2 тоот тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан газар нутагтай давхацсан. Энэхүү газар нутаг нь манай аймгийн есөн гайхамшгийн нэг болсон байгалийн нэн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар нутаг төдийгүй түүх дурсгалын олдворууд ихтэй, нэн ховор, ховор амьтад элбэгтэй, дэлхийн улаан номонд орсон цоохор ирвэсийн нүүдэллэн амьдардаг, нутгийн иргэд үе улиран шүтэж биширч ирсэн газар нутаг юм.

Монгол улсын нэгдэн орсон цоохор ирвэсийг хамгаалах тухай, нэн ховордсон ан амьтдыг хамгаалах тухай олон улсын гэрээ конвенцэд ч /олон улсын сайцын конвенц, Олон улсын зүйл амьтан ургамлыг худалдаалах конвенц/ энэхүү ховордсон амьтны бэлчээрлэн амьдарч буй газар нутаг хүрээлэн буй орчныг хамгаалах үүргийг төр хүлээх ёстой.

Гэтэл энэхүү газар нутагт ашигт малтмал эрэх хайх тусгай зөвшөөрөл олгосон нь Монгол улсын ашигт малтмалын тухай хууль нь олон улсын гэрээ конвенцтэй зөрчилдөж байна гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн дээрх газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авсантай холбоотойгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөхтэй холбоотой харилцаа үүссэн. Хуулийн боломжит хугацаанд талууд тохиролцох байсан ч талууд нэгдсэн ойлголтонд хүрч чадаагүй. 

Гэтэл тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “У*******” ХХК-аар дүгнэлт гаргуулж тус дүгнэлтийг үндэслэн ашигт малтмалын газрын даргын а/11 тоот тушаал гарч уг нөхөн олговрын хэмжээг хэвээр нь баталж 2016 оны 04 сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахыг даалгасан нь үндэслэлгүй гэж үзэн нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан. 

Гэтэл ашигт малтмалын газрын даргын 2016 оны 08 сарын 02-ны өдрийн а/51 тоот тушаал гарч өмнөх а/11 тушаалыг хүчингүй болгосон боловч нөхөн төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа зэргийг тогтоосон байна. Энэхүү тушаал нь 2016 оны 07 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Захиргааны ерөнхий хуулийн 4дүгээр зүйлийн 4.2.6, 13 дугаар зүйлийн 13.3, 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.4., 24 дүгээр зүйлийн 24.2, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1.2, 26 дугаар зүйлийн 26.1, 27дугаар зүйлийн 27.5, 27.6, 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж захиргааны байгууллага захиргааны акт гаргахдаа зайлшгүй баримтлах журам болон ажиллагааг хийж гүйцэтгээгүй, үүргээ биелүүлээгүй, журмыг баримтлаагүй, эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд буюу Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуулиар олгогдсон

Тодруулбал: Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар ашигт малтмалын газрын дарга нь нөхөх олговор төлөх хугацааг нарийвчлан тогтоох эрх хэмжээгүй этгээд бөгөөд төлөх хугацааг тогтоохдоо хоёр тэрбум долоон зуун наян таван мянга дөрвөн зуун арван нэгэн мянга долоон зуун далан нэгэн төгрөгийг 1 сарын дотор төлж барагдуулах боломж нөхцөл байгаа эсэхийг, аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх, Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хөндлөнгийн шинжээч томилох, нотлох баримт гаргах эрхийг хангаагүй, тухайн захиргааны актын бодитой хэрэгжих нөхцөл боломжийг судлаагүй шийдвэр гаргасан байх тул Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 08 сарын 02-ны өдрийн а/51 тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 07 сарын 01-ний өдрөөс Захиргааны ерөнхий хуулийн мөрдөж эхэлсэн. Энэ хуулийн дагуу хуулийг хэрэгжүүлэгч захиргааны байгууллага иргэн, аж ахуй нэгжийн эрх ашгийг хөндөж, хязгаарлахаас сэргийлж, талуудын тэгш эрх оролцоог хангаж өгснөөр ач холбогдолтой. Ашигт малтмалын газар нь захиргааны байгууллага болохын хувьд Захиргааны ерөнхий хуулийг биелүүлэх ёстой байтал уг хуулийг хэрэгжүүлээгүй. 

Өмнөх шүүх хуралдаан дээр хариуцагчийн төлөөлөгч шүүгчийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд мэдэгдээгүй шалтгааныг асуусан асуултад сонгууль болох гэж байгаагаас шалтгаалан удирдлагууд солигдох гэж байсан учир энэ асуудлыг яаралтай шийдвэрлэсэн гэсэн хариулт өсгөн. 2016 оны 02 сарын 13-ны өдөр талуудын харилцан тохиролцох хугацаа дууссан. 2016 оны 02 сарын 16-ны өдөр “У*******” ХХК-ийн дүгнэлт гарсан. 2016 оны 03 сарын 30-нд Ашигт малтмалын газрын даргын а/11 дугаар тушаал гарсан ба уг тушаалын хуулийн үндэслэлгүй байсан. Уг тушаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж нэхэмжлэгч талаас маргаж тайлбар хүргүүлсэн. Учир нь нэхэмжлэгчээс “П*******” ХХК-д 3.7 тэрбум төгрөг төлөх шийдвэр гарсан. Одоо 2.7 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байхад нэхэмжлэгчээс төлөх боломжит хугацааг асуулгүйгээр нэг сарын хугацаанд төл гэж шаардсан. Энэ нь бодит нөхцөл байдалд хэрэгжих боломжгүй акт байна гэж маргасан. 2016 оны 08 сарын 04-нд дахин Ашигт малтмалын газраас  а/51  дугаартай өмнөх тушаалаа хүчингүй болгосон тушаал гарсан. Уг тушаалаа гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан мэдэгдэх зарчмыг хэрэгжүүлэлгүйгээр нэхэмжлэгч талд мэдэгдэлгүйгээр гаргасан. 

Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасан эрх хөндөгдөж буй этгээдийг шийдвэр гаргах ажиллагаанд захиргааны байгууллага татан оролцуулах үүргээ биелүүлээгүй. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 болон 15.1.4-т заасан мэдээлэл авах эрх болон нотлох баримт гаргаж өгөх эрхээр хангаагүй. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-д заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, түүнд шаардагдах ач холбогдол бүхий нотлох баримтыг шаардах, үнэлэх үүргийг Ашигт малтмалын газар гүйцэтгээгүй. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д заасан “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэсэн ажиллагааг хийгээгүй. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д заасан нотлох баримт цуглуулах ажиллагааг хийгээгүй. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй. 

Хариуцагчийн гаргасан 2.7 тэрбумын нөхөн төлбөрийг тогтоосон захиргааны акт нь эерэг нөлөөлөлтэй акт биш. Нэхэмжлэгч байгууллага нь татварын мөнгөөр төсвөө бүрдүүлдэг байгууллага. Нэхэмжлэгч тал шүүх хурал дээр 9 сард хэргийн материалтай танилцах үедээ а/51 дугаар тушаалын талаар мэдсэн. Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна. Гэтэл өнөөдрийг хүртэл Ашигт малтмалын газраас ирсэн ийм баримт байдаггүй. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасан сонсох ажиллагаа хийгээгүй шалтгааныг захиргааны байгууллага өөрөө нотлох үүрэгтэй. Гэтэл үүнээгээ нотлоогүй төдийгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаснаа тайлбарладаггүй.  

Нэхэмжлэгч талаас нөхөн төлбөр тогтоох эрхгүй гэж маргаагүй. Ашигт малтмалын газар тогтоохдоо нэхэмжлэгч талын нөхцөл байдлыг судалж үзэх шаардлагатай байсан. Учир нь нэхэмжлэгч талаас 2.7 тэрбум биш 1.7 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийн тооцоо гарсан. а/51  дугаар тушаалд гомдол гаргах эрхийн талаар тусгаагүй. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар хоорондоо тохиролцох хугацаа өнгөрсөн болохоос биш тохирцгоож чадаагүй гэсэн үг биш.  Ашигт малтмалын газар тохиролцож чадаагүй гэж үздэг. Хэнээс болж тохиролцож чадаагүйгээ тогтоох ёстой. Нэхэмжлэгч тал буруутай тул бид эсрэг талд нь ажиллах ёстой гэдэг байдлаар хуулийн буруугаар хэрэгжүүлж бусдын эрх ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргаж болохгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би 600 км газраас шүүх хуралдаанд цагтаа ирж шаардагдсан нотлох баримтыг захирамжид заасан хугацаанд гаргаж өгч  байхад хариуцагч болон гуравдагч этгээд нар 600 метрийн газраас цагтаа ирэлгүй шүүх хуралдааныг удаашруулж нотлох баримтыг өнөөдөр гаргаж өгч байгаа нь шүүхийг үл хүндэтгэсэн үйлдэл болж байна. Тиймээс маргаан бүхий а/51 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

2.Хариуцагчийн хариу тайлбарт

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарт: “Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2016 оны 05 дугаар сарын 05-нь өдөр Ашигт малтмалын газрын даргад холбогдуулан Ашигт малтмалын газрын даргын 2016

оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Нөхөх олговрын хэмжээ, хугацааг тогтоох тухай” А/11 дүгээр тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Нөхөн олговрын хэмжээ, хугацааг тогтоох тухай” А/11 дүгээр тушаалын “Үндэслэх” хэсэгт Ашиг малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг орхигдуулсан байсан тул Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/51 дүгээр тушаалаар дээрх А/11 дүгээр тушаалыг хүчингүй болгосон.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь “П*******” ХХК-д нөхөх олговор олгох үүрэгтэй.

Харин Ашигт малтмалын газар (хуучин нэршлээр нь) мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хэрэв талууд нөхөх олговрын талаар харилцан тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн нөхөн олговрын хэмжээ болон төлөх хугацааг тогтоосон шийдвэр гаргах эрхтэй болно.

Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Нөхөн олговрын хэмжээ, хугацааг тогтоох тухай” А/11 дүгээр тушаал хүчингүй болсон бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

Хариуцагч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай” нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбар гаргав.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх үүрэгтэй.

Нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хамгаалалтанд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоож чадаагүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтоохоор Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зохицуулсан болно.

Ашигт малтмалын хайгуулын ХV-******* тоот тусгай зөвшөөрлийг эзэмших “П*******” ХХК-иас Ашигт малтмалын газарт ( хуучин нэрээр ) гаргасан “Нөхөх олговрын хэмжээ болон төлөх хугацааг тогтоож өгөх тухай” өргөдлийн дагуу захиргааны акт гаргах үйл ажиллагааг явуулсан.

“У*******” ХХК-аас тус хайгуулын ХV-******* тоот тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн хайгуулын ажлын зардалд хийсэн дүгнэлтийг үндэслэн нөхөх олговрын хэмжээг 2.785.411.771 төгрөгөөр тогтоож а-51 дүгээр тушаалыг гаргасан.

Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн ИТХ болон хайгуулын XV-******* тоот тусгай зөвшөөрөл эзэмшигч “П*******” ХХК энэхүү нөхөх олговрын талаар 2015 оноос эхлэн хоорондоо ярилцаж байсан боловч нэгдсэн тохиролцоонд хүрээгүй болохыг нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлдээ нэгэнтээ хүлээн зөвшөөрсөн байна. Нэхэмжлэгч нь тухайн газрыг тусгай хамгаалалтанд авах шийдвэр гаргахдаа

тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх үүрэгтэйгээ мэдэж, түүнийг төлөх санхүүгийн нөөц боломжоо тооцоолсон байх нь хэнд ч ойлгомжтой байгаа, мөн түүнчлэн энэхүү нөхөх олговрын асуудал нэг тийш шийдвэрлэгдэхгүй удааширсан зэргийг харгалзан үзээд төлөх хугацааг 2016-08-31-ний өдрөөр тогтоосон болно. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Ашигт малтмалын газрын дарга нь нөхөх олговор төлөх хугацааг нарийвчлан тогтоох эрх хэмжээгүй этгээд...” гэсэн нэхэмжлэгчийн тайлбар ямарч үндэслэлгүй байна. а-51 дүгээр тушаалыг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 биш, харин 14.5-ыг үндэслэсэн болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-ын дагуу захиргааны акт гаргахаас өмнө тусгай хамгаалалтанд авах шийдвэр гаргасан байгууллага болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд нөхөх олговрын хэмжээ болон төлөх хугацааны талаар тохиролцох, зөвшилцөх процесс явагддаг. Хэрэв талууд хоорондоо тохиролцохгүй бол нөхөх олговрын хэмжээ болон төлөх хугацааг тогтоосон захиргааны акт гаргах шаардлагатай болдог. Энэ тохиолдолд тухайн газар нутгийг тусгай хамгаалалтанд авах шийдвэр гаргасан байгууллага (нэхэмжлэгч Өмнөговь аймгийн ИТХ) нь нэгэнт тохиролцоонд хүрээгүй учраас нөхөх олговрын хэмжээ болон төлөх хугацааг тогтоосон захиргааны акт гаргахыг мэдэх ёстой учраас нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар а-51 дүгээр тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журам, шаардлагыг хангаагүй гэсэн нь үндэслэлгүй байна.

Тэгээд ч иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд хуульд заасан зарим ажиллагааг хийхгүй байх боломжтой ( Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3).

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нөхөх олговор нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хууль ёсны ашиг, тэдний оруулсан хөрөнгө, мөнгийг хамгаалах, хохирлыг арилгахад чиглэсэн чухал заалт, хөшүүрэг юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ашигт малтмалын газар нь төрийн захиргааны байгууллага, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Үйл ажиллагаандаа  Ашигт малтмалын тухай хуулийг мөрдөн ажилладаг. Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нэхэмжлэлтэй хэрэгт Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан харилцаа үүссэн. Хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн талбайг орон нутаг тусгай хамгаалалтанд авсан бол нөхөх олговор олгох ёстой. Нөхөх олговор олгох хэмжээн дээр талууд тохиролцож чадаагүй бол төлөх хэмжээ болон төлөх хугацааг тогтоосон захиргааны акт гарах шаардлага болдог. Үүний дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг үндэслэн а/51 дугаар тушаалыг гаргасан. Уг тушаалыг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хөндлөнгийн байгууллага болох “Улаанбаатар Аудит” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн гаргасан. Ашигт малтмалын тухай хууль нь нарийвчилсан зохицуулалттай хууль. Нарийвчилсан зохицуулалт байхгүй тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн нэхэмжлэгч талын дээр хэлсэн зохицуулалтуудыг хэрэглэнэ.  Энэ тохиолдолд нарийвчилсан зохицуулалттай Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-г баримтлан шийдвэр гаргасан. Захиргааны ерөнхий хуулиар зохицуулагдах харилцаа биш. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргав.

“Илт хууль бус захиргааны актад тооцуулах” ... нэхэмжлэлийн агуулга болсон Ашигт малтмалын газрын Даргын 2016-03-30-ны өдрийн а/11 дүгээр тушаалыг мөн даргын 2016-08-02-ны өдрийн а/51 дүгээр тушаалаар хүчингүй болгосон байх тул энэ нэхэмжлэлийг шүүхээр хэлэлцэх боломжгүй байна.

АМГ-ын Даргын 2016-03-30-ны өдрийн а/11 дүгээр тушаал нэгэнтэй хүчингүй болсон учраас Өмнөговь аймгийн ИТХ-ын нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангахгүй байгаа тул нэхэмжлэлийг буцаахыг хүсье” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан тайлбартаа: “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас гаргасан “Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай” хүсэлттэй танилцаад доорхи тайлбарыг гаргаж байна.

Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт ашигт малтмалын хайгуулын ХХ/-******* тоот тусгай зөвшөөрлийг “П*******” ХХК нь 2007 оноос хойш эзэмшиж, эрэл хайгуулын ажлыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу явуулж ирсэн.

Хайгуулын ажил үр дүнтэй болж, Эрдэс Баялагын Мэргэжпийн Зөвлөлийн 2011- 06-06-ны өдрийн ХХ-11-02 тоот Дүгнэлтээр энэ ордны нүүрсний бодит нөөцийг 5.764.3 мянган тонноор тогтоож, ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэсэн.

ХV-******* тоот тусгай зөвшөөрлийн талбайг Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012-07-02-ны өдрийн 75, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012-11-26-ны өдрийн 1/5, 2013207-02-ны өдрийн 3/6, 2013-12-02-ны өдрийн 4/8 дугаар тогтоолуудаар орон нутгийн тусгай хамгаалалтанд авч байсан боловч тухай бүр дээрх тогтоолуудыг захиргааны хэргийн шүүхээс хууль бус болохыг нь тогтоож байсан юм.

Гэвч Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015-02-13-ны өдрийн 8/2 тоот тогтоолоор ХV-******* тоот тусгай зөвшөөрлийн талбайг дахин орон нутгийн тусгай хамгаалалтанд авч, компанийн зүгээс ямарч үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тогтоох талаар удаа дараа хүсэлт тавьсан ч тохиролцоонд хүрч чадаагүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу нөхөх олговрын хэмжээ болон төлөх хугацааг тогтоож өгөхийг хүссэн өргөдөл хүсэлтийг хуулийн дагуу Ашигт малтмалын газарт гаргасан. Тусгай зөвшөөрөлтэй талбайд 2007 оноос хойш гаргасан зардлын талаар “У*******” ХХК-иар дүгнэлт гаргуулж, тэрхүү дүгнэлтийг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн. (Дүгнэлтийг хавсралтаар шүүхэд өгсөн болно).

Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хайгуулын ажлын үр дүнд уг орд газар дахь ашигт малтмалын нөөц тогтоогдож (2011-06- 06) улсын бүртгэлд бүртгэгдсэнээс хойш 2012 оны 07 дугаар сараас эхлэн уг талбайг 5 удаа тусгай хамгаалалтанд авч байсан бөгөөд энэ хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан нөхөх олговрын талаар байнга ярьж, сануулж ирсэн бөгөөд Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга болон аймгийн Засаг дарга нар ч нөхөх олговрыг шийдвэрлэнэ, тохиролцоё гэдэг байсан боловч тохиролцох талаар нэг ч нааштай алхам хийлгүйгээр хугацаа алдуулж, бидний хохирлыг улам нэмэгдүүлж байсан.

“П*******” ХХК-ны зүгээс Ашигт малтмалын газарт ХV-******* тоот тусгай зөвшөөрөлтэй холбоотой нөхөх олговрын хэмжээ болон төлөх хугацааны талаар өргөдөл гаргасан гэдгийг нэхэмжпэгч эхнээс нь сайн мэдэж байсан ба Ашигт малтмалын газраар шийдвэр гаргуулах нь зөв гэдгийг хүлээн зөвшөөрч байсан. Тийм учраас нэхэмжлэлдээ бичиж буй шиг захиргааны акт гаргахад ( а-51 дүгээр тушаал ) эрх ашиг нь хохирсон, захиргааны шийдвэр гаргах журам зөрчигдсөн гэдэг нь огт үндэслэлгүй үнэнд нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт ашигт малтмалын хайгуулын XV-******* тоот тусгай зөвшөөрлийг “П*******” ХХК нь 2007 оноос хойш эзэмшиж, хайгуулын ажлыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу явуулж ирсэн. Хайгуулын ажил үр дүнтэй болж, Эрдэс Баялагын Мэргэжлийн Зөвлөлийн 2016 оны 06 сарын 06-ны өдрийн ХХ-1102 тоот дүгнэлтээр энэ ордны нүүрсний бодит нөөцийг 5.764.З мянган тонноор тогтоож, ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэсэн. XV-******* тоот тусгай зөвшөөрлийн талбайг Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 07 сарын 02-ны өдрийн 75, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 11 сарын 26-ны өдрийн 1/5, 2013 оны 07 сарын 02-ны өдрийн 3/6, 2013 оны 12 сарын 02-ны өдрийн 4/8 дугаар тогтоолуудаар орон нутгийн тусгай хамгаалалтанд авч байсан боловч тухай бүр дээрх тогтоолуудыг захиргааны хэргийн шүүхээс хуулъ бус болохыг нь тогтоож байсан юм. Гэвч Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 02 сарын 13-ны өдрийн 8/2 тоот тогтоолоор ХУ-******* тоот тусгай зөвшөөрлийн талбайг дахин орон нутгийн тусгай хамгаалалтанд авч, компанийн зүгээс ямарч үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тогтоох талаар удаа дараа хүсэлт тавьсан ч тохиролцоонд хүрч чадаагүй. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу нөхөх олговрын хэмжээ болон төлөх хугацааг тогтоож өгөхийг хүссэн өргөдөл хүсэлтийг хуулийн дагуу Ашигт малтмалын газарт гаргасан.

Тусгай зөвшөөрөлтэй талбайд 2007 оноос хойш гаргасан зардлын талаар “У*******” ХХК-аар дүгнэлт гаргуулж, тэрхүү дүгнэлтийг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн. 2012 оны 07 дугаар сараас эхлэн уг талбайг 5 удаа тусгай хамгаалалтанд авч байсан бөгөөд энэ хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан нөхөх олговрын талаар байнга ярьж, сануулж ирсэн бөгөөд Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга болон аймгийн Засаг дарга нар ч нөхөх олговрыг шийдвэрлэнэ, тохиролцоно гэдэг байсан боловч тохиролцох талаар нэг ч нааштай алхам хийлгүйгээр хугацаа алдуулж, бидний хохирлыг улам нэмэгдүүлж байсан. “П*******" ХХК-ийн зүгээс Ашигт малтмалын газарт Х\/-******* тоот тусгай зөвшөөрөлтэй холбоотой нөхөх олговрын хэмжээ болон төлөх хугацааны талаар өргөдөл гаргасан гэдгийг нэхэмжлэгч эхнээс нь сайн мэдэж байсан ба Ашигт малтмалын газраар шийдвэр гаргуулах нь зөв гэдгийг хүлээн зөвшөөрч байсан. Тийм учраас нэхэмжлэлдээ бичиж буй шиг захиргааны акт гаргахад эрх ашиг нь хохирсон, захиргааны шийдвэр гаргах журам зөрчигдсөн гэдэг нь огт үндэслэлгүй үнэнд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн а/11 тушаалыг хүчингүй болгуулах”  гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргажээ /хх-1, 3-4/. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн а/51 дүгээр тушаалыг гаргажээ. Уг тушаалаар нэхэмжлэгчийн анх маргаж байсан Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн а/11 тушаалыг хүчингүй болгожээ. Үүний дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн а/51 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” гэж өөрчилжээ /хх-1, 106-107/. 

Гуравдагч этгээд “П” ХХК нь Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт Баруун ноён уул-1 нэртэй газарт 22071,01 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийг 2007 оноос хойш эзэмшин үйлдвэрлэлийн нөөц 5.764.3 мянган тонноор тогтоож, уг үйлдвэрлэлийн нөөцийг ашиглах зорилгоор Ашигт малтмалын газартай 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр  “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ” байгуулжээ. Улмаар уг гэрээнд Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 86 дугаар тогтоолыг үндэслэн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хавсралт №102/2-оор “...гэрээний 1.а, 1.б-д заасан ажлуудыг 2015 оны 09 дүгээр сарын 22, 2015 оны 12 дугаар сарын 22-ны дотор хийж гүйцэтгэх, 1.а, 1.б заалтуудын биелэлтийг 2016 оны 03 дугаар сарын 22-ны дотор хийж гүйцэтгэхээр тохиролцов...” гэсэн нэмэлт өөрчлөлтийг оруулжээ /хх-1, 169-174 /. 

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1/5 тогтоол, мөн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 4/8 тогтоолоор тус тус гуравдагч этгээд “П” ХХК-ийн ХҮ-******* тусгай зөвшөөрөлтэй талбайг орон нутгийн тусгай хамгаалалтанд авчээ /хх-1, 120-154/. 

Гэвч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1/5 тогтоолын гуравдагч этгээд “П” ХХК-ийн ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийн талбай хамаарах хэсгийг Өмнөговь аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 86 дугаар тогтоолоор, мөн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 4/8 тогтоолын “П” ХХК-ийн ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийн талбайн холбогдох хэсгийг  Захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар 11 өдрийн 02 дугаар шийдвэрээр тус тус хүчингүй болгон шийдвэрлэжээ /хх-1, 120-152/.

Үүний  дараагаар “П” ХХК-иас Ашигт малтмалын газарт 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 14/51 “Нөхөн олговрын хэмжээ, хугацааг тогтоолгох тухай” албан бичиг /хх-1, 80/-ийг хүргүүлжээ. 

Ашигт малтмалын газрын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн а/39 тушаал /хх-1, 48, 167/-аар гуравдагч этгээд “П” ХХК-ийн ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийн талбайг аймгийн тусгай хэрэгцээнд авснаар олгох нөхөх олговрын хэмжээг “У*******” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн геологийн албанаас хянасан 2 677 027 000 /хоёр тэрбум зургаан зуун далан долоон сая хорин долоон мянган/ төгрөгөөр, хугацааг 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тогтоожээ. 

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 02 дугаар сарын 13-ны  өдрийн 8/2 тогтоолоор гуравдагч этгээд “П” ХХК-ийн ХV-******* тоот тусгай зөвшөөрлийн талбайг орон нутгийн тусгай хамгаалалтанд  дахин авахаар шийдвэрлэж, энэ талаарх мэдэгдэлийг Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн ажлын албанаас хүргүүлжээ /хх-1, 7-10, 156, 157-162/.

 Уг тогтоол гарснаас хойш гуравдагч этгээд компаниас 2015 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 15/47 “Нөхөх олговор нэхэмжлэх тухай” албан  бичиг /хх-1, 164/-ийг Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраад  хүргүүлжээ.

Энэ албан бичгийн хариу Өмнөговь аймгийн Засаг даргаас 2015 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 1-763  албан бичиг /хх-1, 227/-т “...нөхөн олговрын хэмжээг тогтоох, харилцан зөвшилцөх асуудлыг судалж шийдвэрлэх ажлын хэсгийг байгуулж танай компанитай уулзалт зохион байгуулах, санал солилцох болсон тул боломжит цаг хугацааг тогтоож бидэнд мэдэгдэнэ үү... ” гэжээ. Мөн Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн а/186 захирамж /хх-1, 231/-аар “П” ХХК-иас ирүүлсэн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нөхөн төлбөр гаргуулах хүсэлтийг судалж, санал танилцуулах ажлын хэсгийг байгуулжээ.

Үүний дараагаар гуравдагч этгээд компаниас Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Засаг даргад 2015 оны 05 дугаар сарын 13-ны 15/59-ээр “уулзалт зохион байгуулах талаар” /хх-1, 155/, 2015 оны 05 дугаар сарын 15-ны 15/65 “...нөхөн олговрын хэмжээг харилцан тохиролцохдоо үндэслэл болгох тооцооллыг үндэслэл болгох хүсэлт  ” /хх-1, 153/, 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 15/90 “...нөхөн олговрын хэмжээг харилцан тохиролцох асуудал сунжирч байгаа талаар ” /хх 177/, 2015 оны 11 дүгээр 17-ны өдрийн р15/107 “...нөхөн олговрын хэмжээг харилцан тохиролцох асуудал сунжирч байгаа талаар ” /хх-1, 176/, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16/04 “...хуульд заасан нэг жилийн хугацаа дуусгавар болж байх тул нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэж өгнө үү” /хх-1, 175/ гэсэн албан бичгүүдийг явуулжээ.

Улмаар гуравдагч этгээд “П” ХХК-иас Ашигт малтмалын газарт 2016 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 16/14 “Нөхөн олговрын хэмжээг шинэчлэн тогтоож өгөхийг хүсэх тухай” албан бичиг /хх-2, 11-14/-ийг хүргүүлжээ. 

Үүний дагуу Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн а/11 дүгээр “Нөхөн олговрын хэмжээ, хугацааг тогтоох” тухай тушаал /хх-1, 6/ гарч, 2016 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр 4/2096 албан бичгээр нэхэмжлэгч Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хуралд нөхөн олговрыг 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах мэдэгдэл /хх-1, 5/-ийг хүргүүлжээ. 

Нэхэмжлэгчээс дээрх тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шийдвэрийг “үндэслэх хэсэгт Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-дахь хэсгийг орхигдуулсан” гэж хүчингүй болгож дахин 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн а/51 дүгээр тушаал /хх-1, 68-69/-ыг гаргаж, нөхөн олговрыг 2016 оны 08 дугаар сарын 31-н дотор төлж барагдуулах талаар мэдэгдэл хүргүүлжээ.

Дээрх үйл баримтаас дүгнэхэд Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 02 дугаар сарын 13-ны  өдрийн 8/2 тогтоолоор гуравдагч этгээд “П” ХХК-ийн ХV-******* тоот тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь орон нутгийн тусгай хамгаалалтанд авахаар шийдвэрлэсэн үеэс Ашигт малтмалын тухай хуулийн  14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч гуравдагч этгээд ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон байх бөгөөд нэхэмжлэгч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлөх үүрэг хүлээжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу нэг жилийн хугацаанд нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг нэхэмжлэгч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон тусгай зөвшөөрөл эзэмшигч гуравдагч этгээд “П” ХХК хоорондоо тохиролцон тогтоох байжээ. Гэтэл нэхэмжлэгч, гуравдагч этгээд талуудад энэ  нэг жилийн хугацаанд тохиролцоонд хүрээгүй гэдэг нь талуудын тайлбар, дээрх үйл баримтын хэсэгт дурдсан албан бичгүүд, ажлын хэсэг байгуулсан тушаал зэрэг баримтуудаар тогтоогдож байна. 

“У*******” ХХК нь аудитын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл /хх-1, 196-198/-тэй этгээд байна. Аудитын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу аудитын хуулийн этгээд нь санхүүгийн тайлангийн аудит, санхүүгийн тайланг нягтлах ажил, бусад баталгаажуулах ажил хийхээр заажээ. “У*******” ХХК-иас “П” ХХК-ийн ХV-******* тоот тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын хуримтлагдсан зардлыг гарган хайгуул, үнэлгээний хөрөнгийг баталгаажуулсан ажил нь энэхүү хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан санхүүгийн тайланг нягтлах бөгөөд баталгаажуулах ажилд хамаарахаар байна. 

Үүнээс үзэхэд  “У*******” ХХК -ийн “П” ХХК-ийн ХV-******* тоот тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын хуримтлагдсан зардлыг гарган хайгуул, үнэлгээний хөрөнгийг баталгаажуулсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд 14.5-д заасан хөндлөнгийн байгууллагын дүгнэлт гэж үзэхээр байна.

Эндээс дүгнэхэд нэхэмжлэгчээс “...хариуцагчаас нөхөн олговрын хэмжээг тогтоохдоо “У*******” ХХК-ийн дүгнэлтийг  үндэслэсэн нь үндэслэлгүй...” гэж маргаж байгаа нь үгүйсгэгдэж байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцоонд хүрээгүй учир эрх бүхий хөндлөнгийн этгээд болох “У*******” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох хариуцагчаас “П” ХХК-ийн ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хамгаалалтанд авсантай холбогдуулан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг  тогтоосон шийдвэр буюу маргаан бүхий актыг өөрт хуулиар тусгайлан олгогдсон  бүрэн эрхийн дагуу гаргасан гэж үзэхээр байна.  

Иймд нэхэмжлэгчээс “... Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар ашигт малтмалын газрын дарга нь нөхөх олговор төлөх хугацааг нарийвчлан тогтоох эрх хэмжээгүй...” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэжээ. 

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5-д зааснаар тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан болон тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын  “...төлбөр төлөх нөхцөл байгаа эсэх, аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх,  хөндлөнгийн шинжээч томилох, нотлох баримт гаргах...” зэрэг нэхэмжлэгчийн маргаж байгаа талуудын оролцоог тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлөх үүргийг зааж, улмаар нэг жилийн хугацаанд тохиролцоонд хүрэх, тохиролцоонд хүрээгүй бол төрийн захиргааны байгууллага уг асуудлыг дангаар шийдвэрлэх зэрэг байдлаар тусгайлан зохицуулжээ. 

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д тусгай хэрэгцээнд авсан газрыг нөхөн олговрын хэмжээ, төлөх хугацааг тогтоох талаар шийдвэр гаргах бүрэн эрхийг ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад олгосон хуулийн тусгайлсан зохицуулалт. Уг хуулийн зохицуулалтын дагуу төрийн захиргааны байгуулага нь тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцоонд хүрээгүй тохиолдолд дангаараа аудитын байгууллагын дүгнэлтийг үндэслэн нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг  тогтоох бүрэн эрхтэй харин тохиролцоонд хүрээгүй бусад этгээдэд энэ талаар мэдэгдэх үүргийг тусгайлан хуульчлаагүй байна. Тухайлан хэлбэл, хариуцагч байгууллага хуулиар хүлээсэн бүрэн эрхээ хэтрүүлсэн, сонгох боломжоо ашиглаагүй нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй. 

Тодруулбал, гуравдагч этгээд компанийн тусгай зөвшөөрлийн талбайг нэхэмжлэгч байгууллага тусгай хамгаалалтанд авснаар буюу 2015 оны 02 дугаар сарын 13-ны  өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл нэг жилийн дотор гуравдагч этгээд компанид нэхэмжлэгч байгууллага нөхөх олговрыг төлөх үүргийг хуулийн дагуу хүлээсэн. Энэ нэг жилийн хугацаанд нөхөх олговрын хэмжээг харилцан тохиролцох талаар арга хэмжээнүүдийг авч байсан нь дээр дурдсан үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч байгууллага нэг жилийн хугацаанд нөхөн олговрыг төлөхтэй холбоотой үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой болон гуравдагч этгээдтэй тохиролцох үйл ажиллагаанд оролцож ирснийг харуулж байна. Ийнхүү талууд нөхөх олговрын талаар тохиролцоонд хүрээгүй учир хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан хуулиар өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь үндэслэлтэй байна. 

Үүний учир нэхэмжлэгчээс “...төлбөр төлөх нөхцөл байгаа эсэх, аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх,  хөндлөнгийн шинжээч томилох, нотлох баримт гаргах зэрэг Захиргааны ерөнхий хуульд заасан нэхэмжлэгч талын оролцоог хангах эрхийг хангаагүй” гэж маргаж байгаа үндэслэл тогтоогдсонгүй. 

Дээрхээс дүгнэвэл маргаан бүхий захиргааны акт хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

          3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5, Аудитын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн а/51 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            А.САРАНГЭРЭЛ