Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2018/0110

 

2018 оны 02 сарын 08 өдөр

  Дугаар 221/МА2018/0110

 Улаанбаатар хот

 

   

 Д.Э-ын нэхэмжлэлтэй

     захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.номуулин, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Дашням, хариуцагч С.Отгонжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Атарцэцэг нарыг оролцуулан, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Э-ын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр гүйцэтгэгчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 30 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар

1.Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 12 дугаар зүйлийн 12.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Алтанбулаг сумын Нийгмийн даатгалын тасгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж өгөхийг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалгах тухай нэхэмжлэгч Д.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч Д.Э давж заалдах гомдолдоо:     

“Д.Э би Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/65 дугаар тушаалаар Алтанбулаг сумын Нийгмийн даатгалын тасгийн даргаар 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс томилогдон ажиллаж байтал аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга С.Отгонжаргал Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь заалтыг тус тус үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б/72 дугаар тушаал гаргаж үүрэгт ажлаас минь чөлөөлж, намайг ажилд томилсон 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/65 дугаар тушаалыг хүчингүй болгосон байв.

Ийнхүү аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга С.Отгонжаргал хууль зүйн үндэслэлгүйгээр намайг ажлаас халж, улмаар уг хууль зүйн үндэслэлгүй тушаал гарах хүртэл хугацаанд ажил үүрэг гүйцэтгэсэн хууль зүйн үйл баримтыг үгүйсгэж миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн явдал боллоо гэж үзэж, ажлаас буруу халсныг тогтоолгож, ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж өгөхийг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалгасан шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ.

Гэтэл Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон учир Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр үл зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна:

1.Төрийн албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь буюу төрийн албанаас чөлөөлөх талаар хуульд заасан үндэслэл байгаагүй байхад, мөн энэ талаарх хуулийн заалтыг баримтлахгүйгээр гаргасан захиргааны актыг шүүх хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2.Намайг нэг албан тушаалд томилсон тушаалыг 2 удаа гаргасан болон ээлжийн амралттай байхад нь ажилд томилсон гэж буруутгах шинжтэй дүгнэлтийг шүүх хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь намайг Алтанбулаг сумын Нийгмийн даатгалын тасгийн даргаар томилсон 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/56 дугаар тушаал гарсан боловч өмнө эрхэлж байсан ажлыг хүлээлгэж өгөх хүн томилогдоогүй, мөн тухайн үеийн ажлын шаардлагаас болоод уг томилогдсон ажлыг хүлээн авч амжаагүй байсан тул дахин тушаал гарсан бөгөөд энэ нь ямар нэг хууль зөрчсөн зүйл байхгүй гэж үзэж байна.

Хууль хэрэглэх талаарх хуулийн заалт, хууль хэрэглээний тогтсон практикаар нэг асуудлаар гарсан эрх зүйн актын сүүлчийнхийг нь хүчин төгөлдөрт тооцож мөрддөг журамтай, ээлжийн амралттай байхад ажилд орох хугацааг нь тодорхой заан өөр ажилд томилох нь ямар нэг хууль зөрчсөн үндэслэл болохгүй гэж үзэж байна.

3. Би тухайн үед хүчин төгөлдөр батлагдсан байсан ажлын байрны тодорхойлтод заасан болзлын дагуу уг албан тушаалд томилогдсон, энэ нь хуулийн холбогдох заалт /“Төрийн жинхэнэ албан тушаапын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс тавих"-д нийцэж байхад шүүх “Д.Э-д тохируулан ажлын байрны тодорхойлолтыг боловсруулан... баталгаажуулан” гэж хэрэгт авагдсан ямарч нотлох баримтаар нотлогдоогүй, гүтгэсэн дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

4.Шүүх тухайн байгууллагад жил шахам ажиллаж, төрийн албаны зохих шалгаруулалтад орж төрийн жинхэнэ албанд орох иргэдийн нөөцөд бүртгэлтэй байгаад дээр дурдсанаар хуульд нийцсэн үндэслэлээр ажилд орсон намайг “нийгмийн даатгалын салбарт ажилд ороод 8 сар болсон, улсын байцаагчийн болзол хангаагүй, албан тушаалын ангилалд нийцсэн шалгалтанд ороогүй” гэж буруутгасан атал намайг үндэслэлгүйгээр ажлаас халаад байгаа албан тушаалтан маань өөрөө тухайн салбарт нэг өдөр ч ажиллаж байгаагүй, мөн шалгаруултад ороогүй, улсын байцаагчийн болзол хангаагүй байж уг албан тушаалд томилогдон ажиллаж байгаа нь шудрага ёс, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн зарчимд хэр нийцэж байгаа нь сонин байгаа юм.

5. Шүүх “Нийгмийн даатгалын тухай хуульд “ажлаас халагдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд тэтгэмж авна” гэсэн заалт байгаа” гэж хуульд байхгүй зүйлд болон хүчингүй болсон хуулийн заалтад үндэслэн гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэж үзэж байна.

Иймээс Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг хүчингүй болгож миний нэхэмжлэлийн шаардлагыг ханган зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн эдлүүлж өгөхийг хичээнгүйлэн хүсье ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Э нь 2014 оны 12 дугаар сард Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны нийгмийн даатгалын байцаагчийн ажлын байранд зарлагдсан төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад орж тэнцэн, төрийн албанд анх орох иргэдийн нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн, улмаар тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/100 дугаар тушаалаар тус хэлтсийн бичиг хэрэг, дотоод хяналт, хөрөнгө хариуцсан ажилтнаар буюу төрийн үйлчилгээний албанд томилогдон ажиллажээ.

Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/56, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/65 дугаар тушаалаар Д.Э-ыг тус аймгийн Алтанбулаг сумын нийгмийн даатгалын тасгийн даргын албан тушаалд томилсон байх бөгөөд Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/72 дугаар маргаан бүхий тушаалаар “...албан тушаалын ангилалд нийцсэн шалгалтад ороогүй ...” гэх үндэслэлээр түүнийг тус албан тушаалаас чөлөөлснийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд буруутгах үндэслэлгүй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т “Аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтсийн даргыг нийгмийн даатгалын байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно” гэж заажээ.

Хэдийгээр хуулийн тус зүйл, заалтад “сумын” гэж заагаагүй байх боловч засаг, захиргаа нутаг дэвсгэрийн адил түвшний нэгж болох дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргаар томилох этгээдэд тавигдах шаардлагыг сумын нийгмийн даатгалын тасгийн даргын албан тушаалын хувьд адилтган үзэх үндэслэлтэй.

Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1/159 дүгээр албан бичгээр “харьяа нийгмийн даатгалын газар хэлтсийн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж, хянан баталгаажуулах ажлыг зохион байгуулах, үр дүнг ирүүлэх талаар мэдэгдсэн” байх бөгөөд “тасгийн даргын ажлын байрны загвар тодорхойлолт”-ын чухал шаардлагатай үзүүлэлтийн туршлага гэх шаардлагад “Төрийн албанд 2 ба түүнээс дээш, Нийгмийн даатгалын салбарт 3 ба түүнээс дээш”, мэргэжлийн ур чадвар гэх шаардлагад “улсын байцаагчийн болзол хангасан байх”-аар заажээ.

Анхан шатны шүүх “Сэлэнгэ аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний албаны даргаар тухайн үед ажиллаж байсан Г.С нь нэхэмжлэгч Д.Э-д тохируулан ажлын байрны тодорхойлолтыг боловсруулан ...“ гэж баримт нотолгоогүй дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай байх боловч дээр дурдсан хуулиар тогтоосон шаардлага, Нийгмийн даатгалын ерөнхий газраас загвар хэлбэрээр боловсруулсан ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг тус тус Алтанбулаг сумын нийгмийн даатгалын тасгийн даргын ажлын байрны тодорхойлолтод хамааралгүй гэж үзэх буюу өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээний албан хаагчаар 8 сар ажилласан Д.Э-ыг тус албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах байсан гэж хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэдийгээр Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан үед сонгон шалгаруулалтын захиалга өгөх, сонгон шалгаруулалтад ороогүй бол тухайн албан тушаалд томилохгүй байх нь ажилтныг ажилд томилох эрх бүхий этгээдийн үүрэг, харин захиалгын дагуу төрийн албаны сонгон шалгаруулалтыг зохион байгуулж явуулах нь Төрийн албаны зөвлөлийн эрхлэн хариуцах үүрэг байх хэдий ч тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй нэхэмжлэгчийг томилсон шийдвэрээ хуульд нийцүүлж, түүнийг ажлаас чөлөөлсөн хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна. 

Харин хариуцагч нь Авлигатай тэмцэх газрын “...материалыг хянах боломжгүй” гэх Д.Э-ыг тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар дүгнээгүй 2016 оны 05/6260 дугаар албан бичгийг түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй, мөн шүүх “ээлжийн амралттай байх үед нь дахин томилсон” гэж хариуцагчийг буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй байх боловч эдгээр үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм. Учир нь, нэхэмжлэгч нь удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад ороогүй, төрийн албанд 3 жил ажиллаагүй, мөн нийгмийн даатгалын байцаагчийн эрхгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Д.Э-ын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаагүй, тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар дүгнэлт гараагүй байхад түүнийг Алтанбулаг сумын нийгмийн даатгалын тасгийн даргын албан тушаалд томилсон болох нь тогтоогдсон, энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасантай нийцээгүй байх тул шүүх тус хуулийн зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь буруу биш болохыгг тэмдэглэв. 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

                                    ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

                                    ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ