| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/04256/И |
| Дугаар | 191/ШШ2025/05832 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2025/05832
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: Багануур дүүрэг, .. дугаар хороо, ... тоот хаягт оршин суугч ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, ... тоот хаягт оршин суугч, ******* ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч М.*******т холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.******* би өөрийн өмчлөлийн УНГ Тоёото Секуа маркийн автомашиныг *******ийн ******* гэх найзынхаа хүсэлт гуйлтаар 2024 оны 02 дугаар сарын 26-ны орой Багануур дүүргийн гэрийн гаднах зогсоолоос өгч явуулсан. М.******* нь Говь-Алтай аймагт байрлах алтны уурхайд ажилладаг бөгөөд автомашиныг түрээсээр авч явъя гээд нэг сарын түрээсийг нь 2,500,000 төгрөг байхаар тохиролцсон. 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр цаг орой болсон байсан тул Говь- Алтайгаас нэг ирэхэд нь ирээд гэрээ байгуулъя нотариатаар баталгаажуулъя гэж аман байдлаар тохиролцсон. Ингэж тохиролцсон боловч өдийг хүртэл 600,000 төгрөг нэг удаа, 300,000 төгрөг нэг удаа өгсөн. Түүнээс хойш надтай уулзаагүй утсаа огт авдаггүй ба Фэйсбүүк мессенжер чатаар харилцдаг. М.******* найз нь машины мөнгийг нь өгнөө уучлаарай удаахгүй гэдэг боловч огт мөнгө өгдөггүй. Машинаа буцааж авъя гэтэл найз нь машины мөнгийг нь бүтэн төлье гэж өнгөрсөн өвөл 11 сард тохиролцсон. Гэвч одоог хүртэл мөнгө өгөөгүй. 2023 онд тус машиныг миний бие 20,000,000 төгрөгөөр авч байсан тул энэ мөнгийг М.*******аас гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ.
2.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Г.*******ын 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.******* зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрч байна. Иймд эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
3.Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч М.*******т холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
4.Талуудын хооронд 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр автомашины түрээсийн гэрээ байгуулагдаж, нэг сарын түрээсийн төлбөрийг 2,500,000 төгрөг байхаар тохилцож улмаар УНГ Тоёото Секуа маркийн автомашиныг хариуцагч 20,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж түрээсийн гэрээ цуцлагдсан болон үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 20,000,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 20,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэгч Г.*******тай эвлэрлийн гэрээ байгуулж, талууд харилцан тохиролцсон байна.
6.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Г.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч М.*******т холбогдох 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 20,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 128,975 төгрөг, хариуцагч М.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 128,975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ