Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/Ма2022/00419

 

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00419

 

 

Э.Д-ы нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2021/03156 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Д-ы нэхэмжлэлтэй, хариуцагч П.Г болон Ө Х- ХХК-д тус тус холбогдох 59,484,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Д-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түвшинжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Э.Д- нь Ө Х- ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 40,000,000 төгрөгийг нэг сарын 1.6 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатайгаар 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл зээлдүүлж хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Зээлдэгч нь 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөгийг, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 15,000,000 төгрөгийг, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 15,000,000 төгрөгийг тус тус хүүгийн хамт зээлдэгчид эргүүлэн төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл огт төлбөр төлөөгүй байна.

Хариуцагч талаас зээлийн гэрээ байгуулагдаагүй буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тайлбарладаг боловч хариуцагчаас зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасан хүсэл зоригоо дүр үзүүлэх төдийгөөр илэрхийлсэн болохыг нөгөө тал мэдэж байсан бол хүчин төгөлдөр бус болох ёстой. Гэтэл Э.Д- нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж ойлгоогүй ба П.Г энэ тухай яриагүй. Мөн орон сууцны төлбөрт 40,000,000 төгрөг шилжүүлсэнд нэхэмжлэгч маргаагүй. Тухайн орон сууцыг Э.Д-д зарахаар тохиролцсон боловч орон сууц нь Ө Х- ХХК-ийн нэр дээр шилжүүлэх боломжгүй, хариуцагчийн өмчлөлийнх биш болох нь тогтоогдсон тул Э.Д- нь 40,000,000 төгрөгийг буцааж авахаар болсон. Иймд П.Г нь 40,000,000 төгрөгийг 1,6 хувийн хүүтэй зээлж авахаар тохиролцон 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт заасан талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон буюу худалдах, худалдан авах гэрээний үүргийг дуусгавар болгон зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй учраас зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр юм. Зээлийн гэрээний 3.4 дэх хэсэгт зээл олгох, төлбөр, хугацааг заасан бөгөөд П.Гийн Хаан банкны дансаар 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр мөнгийг шилжүүлж авсныг зээлийн гэрээнд дурдсан. Иймд хүү, болон алдангийг тооцох үндэслэлтэй. Харин зээлийн гэрээнд Ө Х- ХХК-ийн тамга тэмдэг дарагдаагүй бөгөөд П.Г нь өөрөө гарын үсэг зурж, зээлийн гэрээний дагуу 40,000,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан тул тухайн зээлийн гэрээний харилцаа П.Г, Э.Д- нарын хооронд үүссэн. Иймд зээлийн гэрээний төлбөр, хүү, алдангид нийт 59,484,000 төгрөгийг хариуцагч П.Гоос нэхэмжилж, харин хариуцагч Ө Х- ХХК-аас татгалзаж байна. Нэхэмжлэгч талын хувьд хариуцагч П.Гоос 5,000,000 төгрөгийг хүлээн авсанд маргахгүй гэжээ.

 

2. Хариуцагч нарын хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагаас 35,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Ө Х- ХХК нь Прожект ХХК-ийн орон сууцны барилгаас бартерын журмаар орон сууц авсан бөгөөд тухайн үед орон сууцны гэрчилгээ гараагүй, гүйцэд баригдаж дуусаагүй байсан. Уг орон сууцыг нэхэмжлэгч нь худалдаж авахаар амаар тохиролцож, урьдчилгаа 40,000,000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны өөрийн данснаас Шинэ яармаг хороолол байрны төлбөр гэх утгатайгаар П.Гийн данс руу шилжүүлсэн. Ийнхүү тухайн үед орон сууцыг худалдан авах гэж байсан боловч Э.Д- нь бичгээр хийгдсэн гэрээ байхгүй учраас орон сууцыг авахаа больсон тул манай зүгээс тодорхой хугацаанд төлбөрийг буцааж төлөхөөр болсон. Энэ талаар Э.Д- нь ямар нэгэн баримт үйлдэхийг шаардсаны дагуу зээлийн гэрээг хийсэн. Энэхүү зээлийн гэрээ нь дүр үзүүлж, тухайн үед өгсөн авсныг баримт болгон хийсэн бөгөөд зээлийн гэрээний харилцааг илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл талуудын хооронд байгаагүй тул хүү, алданги бодохгүйгээр гэрээ байгуулсан. Мөнгө шилжүүлсэн огноо нь 2019 оны 12 дугаар сарын 31-нд өгсөн гэж үзэж байгаа. Зээлийн гэрээг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хийсэн нь зээлийн гэрээтэй холбоотой харилцаа үүсээгүй гэдгийг нотолно. П.Г нь энэхүү 40,000,000 төгрөгөөс 2020 оны 12 дугаар сарын 07 өдөр 5,000,000 төгрөгийг буцааж өгсөн болно. Иймд үлдэгдэл 35,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Гоос 35,000,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Э.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24,484,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Д- нь хариуцагч Ө Х- ХХК-аас татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 771,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Гоос улсын тэмдэгтийн хураамжид 332,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Д-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаанаас өмнө ямар харилцаа үүссэн болохыг хангалттай үндэслэлтэй дүгнээгүй гэж үзэж байна. Зээлийн гэрээнээс өмнө үүссэн харилцаа нь орон сууц худалдах, худалдан авах гэрээ бус баригдаж дуусаагүй, гэрчилгээ нь гараагүй байсан барилгыг өмчлөлдөө шилжүүлэх захиалгын гэрээ бөгөөд хуульд бичгээр байгуулах, нотариатаар гэрчлүүлэх хэлбэрийн шаардлага тавьсан гэрээ биш. Иймд шүүхээс хуульд заасан шаардлага хангаагүй тул талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаагүй, үүрэг үүссэн гэж үзэхгүй тул үүрэг солигдох боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Угтаа бол Э.Д-, П.Г нарын хооронд орон сууц захиалгын гэрээ амаар байгуулагдаж, түүний үндсэн дээр 40,000,000 төгрөгийг хариуцагчийн данс руу шилжүүлсэн. Гэвч хариуцагч үүргийн гүйцэтгэлийг биелүүлэх боломжгүй болсон тул талууд гэрээнээс татгалзсан. Мөн хариуцагч 40,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх боломжгүй байсан тул нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулсан байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчаас давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Э.Д- нь хариуцагч Ө Х- ХХК болон П.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний төлбөр, хүү, алдангид нийт 59,484,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ө Х- ХХК-д холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзсан байх тул тус компанид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцжээ.

 

3. Нэхэмжлэгч Э.Д- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч П.Гоос орон сууц худалдан авахаар амаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 40,000,000 төгрөг шилжүүлсэн боловч хариуцагч уг орон сууцыг нийлүүлэх боломжгүй болж, мөнгийг буцаан өгөх үүрэг хүлээсэн. Талууд худалдах, худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр сольсон, зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй гэж тайлбарласан бол хариуцагч П.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг 35,000,000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, ...зээлийн гэрээний харилцаа байгаагүй, орон сууц авахаа больсон тул миний зүгээс тодорхой хугацаанд төлбөрийг буцааж төлөхөөр зээлийн гэрээг дүр үзүүлж, өгсөн авсны баримт болгон хийсэн, зээлийн гэрээний харилцааг илэрхийлсэн хүсэл зориг байгаагүй тул хүү, алданги тооцохгүй гэрээ байгуулсан гэх үндэслэлээр үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч П.Гоос 35,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Д-д олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцэхгүй байна.

 

4.1. Э.Д- нь Ө Х- ХХК-ийн захирал П.Гтой аман хэлбэрээр гэрээ байгуулж, орон сууц худалдан авахаар гэрээний урьдчилгаа төлбөрт 40,000,000 төгрөгийг Хаан банк дахь түүний 5090455365 дансанд шилжүүлсэн байна. Уг орон сууц худалдах, худалдан авах гэрээ биелэгдэх боломжгүй болсны улмаас талууд гэрээнээс татгалзсан болох нь тэдгээрийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээгээр шилжүүлсэн мөнгийг буцаан өгөх үүрэг хариуцагч П.Гт үүссэн байна. Энэ үүрэгтэй холбогдуулан 40,000,000 төгрөгийг буцаан төлөх нөхцөлийн талаар харилцан тохиролцоод талууд 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан байна. /хх 4-5, 7/

 

4.2. Гэрээний зээлдэгч гэх талд Ө Х- ХХК-ийг төлөөлөн үүсгэн байгуулагч П.Г гэж бичигдсэн байгаа боловч тус компанийн тамга, тэмдэг дарагдаагүй, гэрээнд П.Гийн гарын үсэг зурагдсан, Э.Д- нь П.Гийн данс руу мөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, хариуцагч нь гэрээний субъектийн талаар маргаагүй тул нэхэмжлэгч Э.Д-, хариуцагч П.Г нарын хооронд мөнгөн төлбөр төлөх хугацаа тогтоож, үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд алданги тооцон төлөх үүргийн харилцаа үүссэн гэж үзэх тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

 

4.3. Гэхдээ зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүд холбогдох хэсгийг хангах боломжгүй байна. Учир нь зохигчдын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ гэх гэрээ байгуулагдсан боловч зээлдүүлэгчээс гэрээний зүйл болох 40,000,000 төгрөгийг зээлдэгчид бодитоор шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулсанд тооцох үндэслэлгүй. Мөн уг зээлийн гэрээг байгуулахаас өмнө буюу 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч П.Г нь нэхэмжлэгч Э.Д-д буцаан шилжүүлэх 40,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг нь буцаан өгснөөр түүний гүйцэтгэх үүрэг 35,000,000 төгрөг болсон байхад 40,000,000 төгрөгөөр тооцон гэрээ байгуулж, хүү, алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нийцэхгүй байна.

 

4.4. Харин хариуцагч П.Г нь гэрээгээр тохирсон хугацаанд үүргээ биелүүлээгүй болох нь түүний тайлбараар нотлогдсон байх тул үүргийн зөрчлийг 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс үүссэн гэж үзнэ. Гэрээний 3.7 дахь хэсэгт алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байх тул дээрх өдрөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа сүүлийн байдлаар нэмэгдүүлсэн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл гэрээнд заасны дагуу 151 хоног тутамд 35,000,000 төгрөгийн 0.5 хувиар алданги тооцвол 26,425,000 /35,000,0000.5 хувь151/ төгрөг болж байна. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алдангийг 17,500,000 төгрөгөөр тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 52,500,000 төгрөгийг хангах нь мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2021/03156 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Гоос 52,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,984,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтын 332,950 гэснийг 420,450 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,370 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД                                   Г.ДАВААДОРЖ

Д.ЦОГТСАЙХАН