Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/47

 

 

 

2024 оны 9 сарын 12-ны өдөр                    Дугаар 2024/ДШМ/47                           Өвөрхангай аймаг

 

 

Ш.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

 

                                                            Прокурор Ц.Эрдэнэбат /цахимаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямдалай

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох

Шүүгдэгч Ш.Б

Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямдалай, Г.Адъяатогтох нарын гомдлоор Ш.Б-д холбогдох эрүүгийн 2227001160109  тоот хэргийг 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш.Б нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” 7.1.6-д “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7-д Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг зөрчин албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж 2021 оны 8 дугаар сард тус аймгийн ..... сумын ..... гэдэг газарт зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж байсан иргэн Д.Н-ийн үйлдлийг таслан зогсоож, эрх бүхий байгууллагад мэдэгдэж шалгуулахаар шилжүүлэх албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,

2021 оны 7 дугаар сард /наадмын өмнө/ мөн ..... сумын ..... гэх  газарт зохих зөвшөөрөлгүйгээр түлээний мод бэлтгээд харьж явсан иргэн Г.Д-той тааралдаж торгуулийн мөнгө гэж 300 000 төгрөг авч, түүнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгуулахаар эрх бүхий албан тушаалтанд шилжүүлэх албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос: Ш.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.Б-г нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-г нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэхээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-г бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалган, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-д оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хассан ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолохыг дурдан, шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймгийн .....сумын байгаль хамгаалагч Ш. Бг 2021 оны 8 дугаар сард тус сумын 3 дугаар багийн иргэн Д.Н тус сумын ..... гэх газарт, мөн 2021 оны 7 дугаар сард тус сумын 3 дугаар багийн иргэн П.Д, Д.Х нар ..... гэх газарт зөвшөөрөлгүй мод тус тус бэлтгэсэн хууль бус үйлдлүүдийг таслан зогсоож эрх бүхий байгууллагад мэдэгдэж хуулийн дагуу шалгуулахаар шилжүүлэх албаны үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт прокуророос яллах дүгнэлттэй шүүхэд шилжсэн байна.

Ш.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдал хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа бүрэн хийгдээгүй хэргийн талаар нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй байтал дээрх хуулийн заалтуудыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 зүйлийн 1 дэх хэсэгт шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд баримтлана гэж заасныг ноцтой зөрчсөн. Тухайлбал:

а. Гэрч П.Д, Д.Х нар 2021 оны 7 дугаар сард .....сумын ..... гэх газар зөвшөөрөлгүй бэлтгэсэн модоо ах Батчулууныхаа тээврийн хэрэгслээр зөөвөрлөж явахдаа байгаль хамгаалагч Ш.Баасансүрэнтэй таарсан талаар мэдүүлсэн ба Батчулуун нь ямар марк, дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг, хэзээ тээврийн хэрэгслээ П.Д, Д.Х нарт мод зөөж тээвэрлүүлэхээр өгч байсан талаар гэрчээр асуулгах,

б. Гэрч Д.Н нь 2021 оны 8 дугаар сард .....сумын ..... гэх газар зөвшөөрөлгүй мод бэлтгэж байгаад байгаль хамгаалагч Ш. Б-тэй таарсан,зохих газарт мэдээлж шалгуулаагүй талаар мэдүүлсэн Гэтэл Д.Н нь хэзээ хэн хэнтэй хаана ямар багаж хэрэгслээр ямар хэмжээтэй өвс ямар хугацаанд Ш.Б-д хадаж өгсөн, хадсан өвсөө ямар тээврийн хэрэгсэлд ачиж зөөж хаана хүргэлцсэн, ачсан жолоочийг таних эсэх талаар түүнээс асууж тогтоож холбогдох гэрчүүдийг тус тус асуулгах, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойн санд ямар хохирол учирсанг тогтоолгох талаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулсан боловч шүүх миний гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй.

в. Тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШЗ/95 дугаар шүүгчийн захирамжаар гомдол гаргагч Б.Б нь хохирогч, гэрч нартай төрөл садангийн холбоотой байдлыг тогтоох шаардлагатай гэж шүүх хуралдааныг хойшлуулсан гэтэл энэ ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй /иргэний бүртгэлийн байгууллагын бүртгэл лавлагаагаар тодорхойлох/

Орхоны Хөндийн Байгалын Цогцолборт Газрын Хамгаалалтын Захиргаа нь Хархорин дахь сум дундын цагдаагийн хэлтэст 2024 -02-02 -ний өдрийн 09 дугаартай албан тоотоор, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ой санд 2021 онд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн ,тээвэрлэсэн Д.Н, П.Д, Д.Х нарын хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжтэй, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг Хархорин дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан байсан. Өмгөөлөгч миний бие анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт дээрх тоотын хуулбарыг гаргаж өгч, Хархорин дахь сум дундын прокуророос хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх эрхийн актыг авах хүсэлт гаргасныг мөн хүлээн авахаас татгалзсан. Дээрх хүмүүст холбогдуулан шалгасан хэрэг хаагдсан мэдээлэл байсан. Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа байсан.

Гэрч Д.Н дахин өгсөн мэдүүлэгтээ .. Би ..... гэх газарт оныг нь санахгүй байна 2021 юм уу 2022 оны зун Батсүх гэдэг хүний цэвэрлэгээний талбайгаас 2м урттай 15 орчим мод бэлтгэчихсэн байхад Ш.Б ирсэн модны чинь бичиг хаана байна гэж асуусан бичиг аваагүй учир ...байхгүй гэж хэлсэн ... хэдэн он гэдгийг санахгүй байна тэрээр албан тушаалаа ашиглаж ажил хийлгээгүй саахалт айлын хувиар хийж өгсөн, /2 хх-ийн 106 хуудас/ гэснээс үзэхэд хууль бусаар мод бэлтгэсэн гэх үйлдэл хэзээ гарсан нь тодорхой тогтоогдоогүй.

Гэрч П.Д, Д.Х нар ..... гэх газраас 2021 оны 7 дугаар сарын эхээр түлээний унанги мод бэлтгээд Батчулуун ахынхаа ногоон өнгийн Портер машинаар ачиж яваад Ш.Баасансүрэнтэй таарсан, энэ асуудал шалгагдаагүй талаар мэдүүлж /1 хх-ийн 47, 51 хуудас/ мэдүүлгийн эх сурвалж болох Батчулууны машиныг дурдаж заасан байхад энэ талаар Батчулууныг гэрчээр асууж мэдээллийн үнэн зөв байдлыг хангах ажиллагаа хийгээгүй байхад гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн Ш.Б-галбан тушаалын байдлаа урвуулан ашигласан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдал байдлыг анхаарч үзээгүй /Д.Н, П.Д, Д.Х нарын хууль бусаар мод бэлтгэсэн гэх үйлдлийг шалгаад Хархорин дахь сум дундын прокуророос хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх эрхийн актыг авах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан/ орхигдуулсан нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3,16.5 дугаар зүйлүүдийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар гарсан. Энэ тайлбарын 1.10-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэрчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй тул гэмт хэрэг үйлдэгдэх үед хэргийн газарт байснаас бусад гэрчээс мэдүүлэг авахдаа эх сурвалжийг заавал тодруулна. 1.11-д гэрчийн мэдүүлгийн үнэн зөвийг үнэлэхдээ тэрээр хэргийн бусад оролцогчтой садан төрөл, найз нөхдийн гэх мэтээр хэрэгт хувийн сонирхолтой байж болох нөхцөл байдлыг сайтар судалбал зохино. Түүнчлэн гэрчийн ой тогтоолт, нүдний хараа, сонсгол хэл яриа, нас, согтуурал мансуурал зэрэг дотоод шалтгаан, мөн цаг агаар хугацаа бусдын дарамт шахалт ,айдас гэх мэт гадны нөлөөний улмаас хэргийн байдлыг үнэн зөв тусгах тогтоох илэрхийлэхэд саад учруулах нөхцөл байдал байгаа болон хэрэг гарахад байсан эсэхийг шалгаж үзнэ.

Мөн 1.15-д мэдүүлгийн агуулга, бүрэн дүүрэн байдал ,зөрүү байгаа эсэхийг шинжлэн судалсны эцэст бусад гэрч .яллагдагч шүүгдэгч нарын мэдүүлэгтэй харьцуулан үзэх замаар шалгана .Мэдүүлгийн нотлох баримтад тавигдах үндсэн шаардлага болох мэдээллийн үнэн зөв бүрэн бөгөөд зөрүүгүй байдлыг хангах зорилгоор туршилт, үзлэг, шинжилгээ хийх нэмж гэрч байцаах, нүүрэлдүүлэн байцаах зэрэг тодорхой ажиллагаануудыг явуулна гэж тус тус заасан.

Гэтэл шүүхээс эдгээр заалтыг анхаараагүй тухайлбал гомдол гаргагч Б.Б гэрч нартай төрөл садангийн холбоотой гэж мэдүүлсэн, гэрч түүний гуйлт дарамтад орсон байхыг үгүйсгэхгүй байдал, гэрчүүд архины хамааралтай, Б.Б урьд хууль бусаар мод бэлтгэж шүүхээр шийтгүүлсэндээ шүүгдэгч Ш.Б-г мэдээлсэн гэж өс санаж удаа дараа хүч хэрэглэн зодож гэмтээсэн үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээсэн хэрэгт авагдсан нотлох баримтуудад ч үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Энэ тогтоол нь нотлох баримтын нотолгооны ач холбогдол онцлог, шалгаж үнэлэхэд заавал баримтлах шаардлагыг тодорхойлж хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт шүүн таслах ажиллагаанд нэг мөр ойлгож мөрдүүлэх талаар гарсан албан ёсны тайлбар болно. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямдалай давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Ш.Б-д холбогдох анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Б-гийн өмгөөлөгч Г.Нямдалай би дор дурдсан үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Шүүх хуралдаанд өгсөн удаа дараагийн гэрчийн мэдүүлгүүд нь мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгээс болон өмнөх шүүх хуралдаануудад өгсөн мэдүүлгээс эрс зөрүүтэй байна. Шүүх дүгнэхдээ яг хэдэн оны хэдэн сарын ямар үйлдэл нь ял оногдуулах үндэслэл болоод байгааг дүгнээгүй.

Мөрдөн шалгах нэмэлт ажиллагааны тухай шүүгчийн захирамжид заасан заалтууд биелэгдээгүй. Гэрчүүдийн мэдүүлэг, мэдүүлэг өгөх үед байлцсан этгээдүүдийн хоорондын харилцаа хамаарал тодорхой бус, энэ талаар гэр бүлийн гэсэн баримт авагдаагүй.

2021 оны 07 дугаар сарын 05-08-нд 300000 төгрөгийг шүүгдэгчид өгсөн, авсан гэж байгаа нь шүүгдэгчийн гар утас дахь бичлэг зурагтай тохирохгүй байхад шүүх энэ талаар тодруулаагүй.

П.Д, Д.Х нар Ч гэх ахынхаа машиныг ганц удаа ашигласан гэсэн, Ч нь тухайн цаг хугацаанд биш 2022 онд зохих зөвшөөрөлтэй нэг удаа машинаа явуулсан байж болох талаар гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан зөвшөөрлийн бичиг зэрэг хүчин зүйлийг шүүх дүгнээгүй, энэ талаар гэрчээр Ч-ын мэдүүлэг, холбогдох материалыг Цагдаагийн газраас гаргуулах шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтийг хангаагүйгээс тогтоолын үндэслэл ойлгомжгүй болсон.

Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож Ш.Б-г цагаатгаж өгнө үү. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг хэрэглэж шүүгдэгчид оногдуулсан 1 жил 5 сарын хорих ялыг тэнсэх ялаар сольж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Ш.Б-д холбогдох хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар бусдад давуу байдал олгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн Ш.Б-ганхан шатны шүүх гэм буруутайд тооцсон нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдал шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, нотлох баримтыг бүрдүүлэх зорилгоор хүсэлтүүдийг удаа дараа гаргаж байхад урьдчилсан хэлэлцүүлгээр авч хэлэлцээгүй, хангаагүй. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгээс шүүх хуралдааныг хойшлуулах, нотлох баримт гаргуулан авах хүсэлтийг гаргахад хэлэлцээгүй. Өвөрхангай аймгийн .....сумын Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 9 тоот албан бичгээр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Цагдаагийн хэлтэст энэ хэргийн гэрч болох Д.Н, П.Д, Д.Х нар нь Өвөрхангай аймгийн .....сумын тусгай хамгаалалттай газрын координатад заасан ....., ..... гэх газраас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн үйлдлийг шалгуулахаар гомдол гаргасан. Уг гомдлыг Хархорин сумын Цагдаагийн хэлтсээс шалгахад уг хүмүүсийг мод хууль бусаар бэлтгэсэн үйлдэл тогтоогдоогүй байна гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан шийдвэр гаргасан. Энэ тухай Ш.Б-д утсаар мэдэгдсэн байсан. Уг бичгийг авах гэхээр ямар шалтгаанаар авах гэж байгаа талаар албан бичиг өг гээд Прокурорын газар өгөхгүй байсан. Иймээс Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор Батсүхэд хүсэлт гаргахад надад өгөх боломжгүй, хэрэгт нь хийнэ гэсэн тайлбар хэлээд хүсэлтийг чинь хангалаа гэсэн шийдвэр өгч байсан.

Ингээд шүүх хуралдаанд ороход ийм баримт хэрэгт авагдаагүй байсан. Ийм учраас анхан шатны шүүх хуралдаан дээр дахиад энэ хүсэлтээ гаргасан. Энэ хүсэлтийг хангах үндэслэлгүй үндэслэлээ тодорхой заагаагүй. Ингээд гэм буруугийн шүүх хуралдаанаар хэрэг хянан шийдвэрлэж шүүгдэгч Ш.Б-г гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Энэ хэрэгт Д.Н, П.Д, Д.Х нар нь 2021 онд 3-н жилийн өмнө хаана ямар мод бэлтгэсэн нь тодорхойгүй, албаны хүмүүсээс мэдүүлэг авахад ийм нөхцөл байдал тогтоогдоогүй учраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаагүй, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр татгалзах прокурорын тогтоол гарсан. 2021 онд Д.Н, П.Д, Д.Х нар нь тусгай хамгаалалттай ойд хууль бусаар зөвшөөрөлгүй мод бэлтгэж явахад Ш.Баасансүрэнтэй таарчихаад шалгаагүй гэсэн. Үүнийг Цагдаагийн байгууллагад шалгуулахад ийм үйл баримт болоогүй гэдэг. Ийм хэрэг гараагүй байна гэдэг нь  Прокурорын тогтоол гарчихсан байгаа. Нөгөө талаар шүүх хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр 60 хоногийн хугацаанд буцаасан. Энэ хугацаанд прокуророос 5 дугаар сарын 30-ны өдөр 3-н гэрчээс мэдүүлэг авсан. Өөр ямар ч ажиллагаа хийгээгүй байдаг. Тухайн захирамжид заасан гол үндэслэл нь гэрчилж байгаа хүмүүсийн хоорондын төрөл садан, харилцан хамаарлыг тогтоох зорилготой байсан. Энэ заалтыг хангаагүй, өөрсдөөс нь хоорондоо ямар хамааралтай юм бэ?, ах дүүгийн холбоо байна уу? гэж мөрдөгч асуусан. Тэгэхээр улсын бүртгэлийн байгууллагаас ямар ургийн овогтой, хэдэн онд төрсөн, ямар регистрийн дугаартай, хэн хэн нь хоорондоо ах дүүгийн хүүхдүүд юм уу?, эсвэл төрсөн ах дүү нар юм уу?, төрөл садны ямар холбоотой талаар захирамждаа заасан заалт байхад мөрдөгч биелүүлээгүй байгаа. Нэмэлтээр ирсэн гэрчийн мэдүүлгүүд дотор энэ 3-н гэрч тухайн үйл баримтыг ярихдаа цаг хугацааны хувьд тодорхой яриагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямдалай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.Б-г цагаатгах байр суурьтай оролцоно. 2021 оны 8 дугаар сарын үед Ш.Б мод бэлтгээд явж байсан гэх гэрчийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байдаг. Тухайн хэргийг 60 хоногоор нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаахдаа гэрчүүдийг асуулгах, үнэн зөв мэдүүлэг өгч чадах эсэх зэргийг тусгаж Д.Н, П.Д нарыг гэрчээр оролцуулсан. Тэр хүмүүс хоорондоо таараагүй гэдгийг үгүйсгэсэн байгаа. Ш.Б тэр хавийн хүүхдүүдэд “Хөдөлмөр” зуслан гэж ажиллуулдаг байгаа. Энэ талаар баримт болон бичлэг нь өнөөдрийг хүртэл хавтаст хэрэгт авагдаагүй. Гэрчээр оролцож байгаа 3-н хүн тааралдаад ой мод огтолсон бол хариуцлага тооцож шалгадаг. Гэтэл 2021 онд Ш.Б-тэй таараагүй гэдэг. Батчулуун гэдэг ах нь 1 удаа машинаа өгч явуулсан байдаг. Энэ талаар хавтаст хэргийн 191 дүгэр хуудсанд авагдсан. Энэ баримтыг хавтаст хэрэгт авч өгнө үү гэхэд Прокуророос татгалзсан. Гэрчүүд хоорондоо ах дүү хүмүүс байгаа. Ашиг сонирхлын хувьд өргөдөл гаргагчтай хамааралтай хүмүүс байгаа. Ш.Б-г байгууллагын даргын ажлаас чөлөөлөгдөх асуудал яригдаж байна. Энэ хүний ажил амьдрал хэцүүхэн байна. Шүүхийн үнэлэлт дүгнэлт хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ш.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бямбадорж гэдэг хүн надад гомдол гаргаж ах дүү нарыгаа гэрчээр дуудаж намайг буруутгаж байгаад гомдолтой байна. Би өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Миний хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэв.

Прокурор Ц.Эрдэнэбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Ш.Б-гийн тухайд Авлигын эсрэг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.6, 7.1.7-д заасныг бүртгэж, албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж 2021 оны 8 дугаар сард Ж.Н-ийн үйлдлийг зогсоох, эрх бүхий байгууллагад мэдэгдэж байсан мөртлөө шалгуулахаар шилжүүлэх, албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй өөртөө давуу байдал бий болгосон. Мөн 2021 оны 7 дугаар сард П.Д-той торгуулийн мөнгө гэж 300,000 төгрөгийг авч, түүнийг Зөрчлийн тухай хуулиар шалгуулахаар эрх бүхий албан тушаалтанд шилжүүлээгүй, шилжүүлэх үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байсан. Энэ хэрэг анхан шатны шүүхээр 2 удаа хэлэлцэгдсэн хэрэг байгаа. Өмгөөлөгч нар нь хэргийн тухайд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, шүүх хуралдааны хэлэлцүүлэг явцыг хооронд нь хольж яриад байна. 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өмгөөлөгчийн дурдаад байгаа өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан, зөрчилтэй нотлох баримтыг үнэлэхэд эргэлзээ бүхий нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар үнэлээгүй. Мөн прокурорын тогтоолын талаар ярьж байна. Энэ прокурорын шийдвэрийг би өөрөө гаргаагүй, өөр прокурор гаргасан учраас энэ талаар мэдэхгүй байна.

Гэмт хэргийн шинжтэй юу? шинжгүй юу? гэдгийг тухайн цаг хугацаанд Ш.Б тодруулж шалгах ёстой. Хохирогч нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн эсэх асуудал анхан шатны шүүх хуралдаан 60 хоногийн хугацаанд хойшлуулахад хийгдсэн ажиллагаа дутуу гэдэг асуудал яригдаж байна. Хохирогч Д.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн 2 удаагийн мэдүүлэг байдаг. Гэрч А.Ч, Д.Н, П.Д, Д.Ц, н.Б нарын мэдүүлгийн нотлох баримтууд байдаг. Эдгээр нотлох баримтуудад шүүгдэгч Ш.Б-тэй холбоотой ажлын байрны тодорхойлолт, албан тушаалд томилсон шийдвэр бичгийн нотлох баримт хангалттай авагдсан. Шийтгэх тогтоолын тодорхойлолт хэсэгт аль нотлох баримтыг үнэлсэн, аль нотлох баримтыг үнэлээгүй талаар тодорхой тусгасан. Гомдол гаргагч Бямбадорж хохирогч, гэрч нартай садан төрлийн холбоотой байдлыг шалгаж тогтоосон уу? гэдэг агуулга яригддаг.

Мөн иргэний бүртгэлийн байгууллагаас лавлагаа авч тодорхойлох гэдэг нь онолын агуулга ойлгомжгүй байна. Учир нь Д.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад Б-той садан төрлийн холбоотой гэж мэдүүлдэг. Садан төрлийн холбоотой хүмүүсийн мэдүүлгийг үнэлэхдээ хувийн сонирхолтой эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоож үнэлэх эсэх асуудал яригдана. Цаг хугацааны хувьд 2 үйл явдал болсон. Д.Н-ийн үйлдлийг таслан зогсоосон агуулга дээр анхан шатны шүүх хуралдаанд хэлж байсан. Харин өмгөөлөгч нараас энэ талаар дурдахгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт албан тушаалын байдал гэдэгт албаны эрх нөлөө хамаарна. Нийтийн албан тушаалтан хууль тогтоомжийг хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарахгүй албан тушаалын онцлог байдаг. Өвөрхангай аймгийн .....сумын нутаг дэвсгэрт иргэдийн амьжиргааны эх үүсвэр болж байгаа хэрэглээний мод болон түлээний модны эрх олгох чиг үүрэгтэй албан тушаалтны хувьд нөлөө бүхий гэж үзэхээр байна. Ш.Б нь Д.Н архины хамааралтай хүн байгаа. Д.Н надаас гуйсан. Тэгээд би гуйсныхаа хариуд ингэж тусалсан гэдэг юм яриад байна. Мөн шүүгдэгч байгаль хамгаалагчийн албаны бүрэн эрхээ хувийн зорилгод ашиглах, албан үүрэгт нь нөлөөлөхүйц харилцаанаас ангид байж чадаагүй зөрчил гаргасан. Нийтийн албан тушаалтанд нийтийн болон өөрийн ашиг сонирхлыг зохицуулах, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан албан тушаалын албаны эрх мэдэл, бүрэн эрхийг хувийн зорилгод ашиглахгүй байх, албан тушаалд нөлөөлөхүйц аливаа хэрэгцээнээс ангид байх хууль тогтоомжийг зөрчсөн. Д.Н, П.Д нар түлээний мод бэлтгэх эрхийн бичиг гүйцэтгэсэн модыг зохих байгууллагад өгч шалгуулахгүйгээр гэдэг агуулгаар мэдүүлэгт нь дурдагддаг. Шүүгдэгч Ш.Б тухайн цаг хугацаанд өөр газар амарч байсан гэдэг агуулга яригддаг. Гэхдээ тухайн цаг хугацаанд хаана байсан бэ гэдэг агуулгыг шүүхийн хэлэлцүүлэгт миний бие шүүгдэгчээс асууж тодруулсан. Шүүгдэгчээс хүүхдийн зуслан ажиллуулж байхад мод хагалж байна гэдэг. Гэрч нарын мэдүүлгээр 300,000 төгрөг нь банкны дансны хуулгаар нотлогдохгүй байгаа. Хууль бусаар мод бэлтгэсэн асуудал яригдаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд аль нотлох баримтыг үнэлсэн, алийг үнэлээгүй талаар бичсэн. Ш.Б нь нийтийн албан тушаалтан мөн юм уу?, биш юм уу? гэдэг асуудал яригдана. Мэдүүлгийн нотлох баримтыг мэдэх асуудлыг садан төрлийн хамааралгүй хүмүүсийн мэдүүлгийн нотлох баримтыг үнэлэхэд анхаарах асуудлууд байдаг. Гэхдээ энэ нь садан төрлийн хамааралгүй гэдэг үндэслэлтэй,

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох, Г.Нямдалай нарын гаргасан гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай тогтоогоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЗ/95 дугаартай захирамжид заагдсан ажиллагаа бүрэн хийгдээгүй, мөн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь прокуророос нотлох баримт гаргуулах, н.Б-ыг гэрчээр асуулгах, .....сумын Засаг даргын тамгын газраас баримт гаргуулах тухай хүсэлтүүд гаргасан ба үүнийг ямар үндэслэлээр хангахаас татгалзсан нь тодорхойгүй бөгөөд дээрх ажиллагааг хийлгэсний эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ш.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
  2. Шүүгдэгч Ш.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.НЯМДОРЖ

             ШҮҮГЧИД                               Н.ЭНХМАА                

                                                                                                           Б.ЦЭРЭНПҮРЭВ

 

 

 

 

 

 

 

 

2