| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 181/2024/06608/И |
| Дугаар | 191/ШШ2025/07498 |
| Огноо | 2025-09-11 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 191/ШШ2025/07498
| 2025 09 11 | 191/ШШ2025/07498 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* хаягт орших “ГК” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,, “Блю Скай Тауэр” 607 тоот хаягт орших “ЭАР” ХХК /рд:/-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 257,981,528 төгрөг гаргуулж, Барилгын хөгжлийн төвд хандаж, нэмэлт төсвийн индексийн дагуу бараа материалын үнийн индексийн магадлал хийлгэх зөвшөөрөл олгохыг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү., түүний өмгөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний өмгөөлөгч Б., төлөөлөгч Ү. нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай "" ХХК нь "" ХХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр тоот "Салхит уурхайн шинэ баяжуулах үйлдвэр, тунгаах цех, усан сан, агуулахын барилгын суурь, төмөр карказ, хана, дээврийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулсан.
Улмаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох барилгын ажлыг бүрэн дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгсөн болно.
Барилгын ажлыг гүйцэтгэх явцад дэлхий нийтэд Ковид 19 цар тахал дэгдэж, улмаар Монгол Улсын хил хаагдаж, ачаа тээвэрлэлт хязгаарлагдсаны улмаас анхны гэрээний төсөвт өртөг илтэд нэмэгдэж, санхүүгийн хямрал бий болсон. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан улсын төсөвт хөрөнгөөр санхүүжүүлэх барилга, байгууламжийн төсөвт өртөг хүрэлцэхгүй нь илэрхий болсон тул Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн "Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" 88 дугаар тогтоолыг баталж, уг тогтоолын 4-д "улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн төсөвт өртөгт нөлөөлж байгаа хүчин зүйлийг судалж, үнийн өөрчлөлтийн индексийг батлах", 5-д "улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн төсөвт өртөгт магадлал хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, холбогдох саналаа 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө Улсын Их Хуралд танилцуулах" арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан
УИХ-ын 88 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн "Улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай" 397 дугаар тогтоол гарч, уг тогтоолын 1.1-д "Монгол Улсын Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн өмнөх онд хийсэн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн гүйцэтгэлийн явц байдалтай уялдуулан төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын дүнд багтаан хөрөнгийн зохицуулалт хийж санхүүжүүлэх" арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасан.
УИХ, Засгийн газрын тогтоолын дагуу Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн "Барилга байгууламжийн 2021 оны үнийн индекс батлах тухай" 74 дүгээр тушаал гарч, уг тушаалын 1-д "Барилга байгууламжийн 2021 оны үнийн индекс"-ийг хавсралтаар баталсугай", 2-д "Энэхүү индексийг барилга байгууламжийн төсөвт өртгийг урьдчилан тодорхойлох, төлөвлөх, хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцох, төсөл хөтөлбөрийн тооцоо, судалгаа хийх, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, барилга угсралтын ажлын үнийн өөрчлөлтийн нөлөөллийг тооцох зэрэгт хэрэглэхээр тогтоосугай.", 3-д "Барилга байгууламжийн төсөвт өртөгт дахин магадлал хийх, мөн магадлалаар баталгаажсан төсвийн хөрөнгө оруулалтын аливаа үйл ажиллагаанд "Барилга байгууламжийн 2021 оны үнийн индекс"-ийг хэрэглэхгүй байхыг "Барилгын хөгжлийн төв" ТӨААТҮГ-т даалгасугай" гэсэн байна.
Мөн Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн "Түр журам батлах тухай" 75 дугаар тушаалын хавсралтаар "Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн /барилгын материалын үнэ өөрчлөлтийг тооцох түр журам" баталж, хэрэгжүүлсэн.
Улмаар Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн "Жишиг материал хүргүүлэх тухай" №1/1870 тоот албан бичгээр Төсвийн ерөнхийлөн захирагч нарт, аймаг, нийслэлийн засаг дарга нарт, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн дарга, захирал нарт "... Улсын Их Хурлын 2021 оны 88 дугаар тогтоолд заасны дагуу зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, арга хэмжээг хамруулан ажиллаж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын бусад эх үүсвэр (гадаадын зээл, тусламж, сангийн хөрөнгө, орон нутгийн төсөв, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө оруулалт)-ээр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнд дээрх журамд заасан зарчмыг баримтлан, үнийн өөрчлөлтийг тооцох барилгын материалын үнийг Ажлын хэсгээс нарийвчлан гаргаж, харьцуулалт хийж /20 булгийн 539 нэр төрлийн материал/ баталсан жагсаалтыг харгалзан төсөвт өртгийг өөрчлөн тооцох нь төсвийн ерөнхийлөн захирагчийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжтой тул дээр дурдсан холбогдох материалыг жишиг болгон хэрэглүүлэхээр хүргүүлэв" гэсэн байна.
Ийнхүү зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд нүүрлэсэн цар тахлын хүнд жилүүдэд бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнийн өсөлт, хилийн хориг, тээвэр логистикийн хүндрэлийн улмаас барилгын гүйцэтгэгч компаниудад бодитой учирсан хохирол, зардлыг багасгах зорилгоор Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагын холбогдох шийдвэрүүд гарч улс орны хэмжээнд нэгдсэн журмаар хэрэглэгдсэн.
Манай компани мөн цар тахлын хүнд үед гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг зорьж гэрээний санхүүжилтээс гадна өөрийн хөрөнгө, нөөц бололцоог ашиглаж, өр зээл тавьж барилгын ажлыг дуусгахыг эрмэлзэж ажилласан болно.
Манай "" ХХК нь барилгын ажлын үнийн өсөлтийн индекс хийлгэх хүсэлтийг "" ХХК-д удаа дараа албан ёсоор хандсан. "" ХХК нь 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №01/203 тоот албан бичгээр "... сэндвич хавтангийн төсөвт өртөг нэмэгдсэн эсэх талаар магадлал гаргуулахыг зөвшөөрч, мөн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн №01/305 тоот албан бичгээр "Иймд 2021 оны ажлын гүйцэтгэл дээр бараа материалын үнийн индексийн магадлал хийлгэхийг манай компанийн зүгээс зөвшөөрч байгааг үүгээр мэдэгдэж байна" гэсэн боловч уг ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай гарын үсэг, бичиг баримтын бүрдүүлбэрийг шалтгаангүйгээр зогсоосон болно. Гэтэл "" ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №01/451 тоот албан бичгээр өмнөх зөвшөөрлөөсөө үндэслэлгүй татгалзаж "... нийт 2021 оны ажлын гүйцэтгэл дээр Барилга хөгжлийн төвд хандаж нэмэлт төсвийн индексийн дагуу бараа материалын үнийн индексийн магадлал хийлгэх зөвшөөрөл олгох тухай дурдсан байх тул холбогдох зөвшөөрлийг олгох боломжгүй юм. Харин барилгын дээврийн сэндвичин хавтангийн ажлын гүйцэтгэл дээр бараа материалын үнийн индексийн магадлал хийлгэхийг манай зүгээс зөвшөөрч байгааг үүгээр мэдэгдэж байна" гэсэн байна. Ингэснээр өмнө өгсөн зөвшөөрлийг тодорхой шалтгаангүйгээр хэрэгжүүлэхээс татгалзаж, улмаар УИХ, Засгийн газар, яамнаас гарсан шийдвэрийг үндэслэлгүй хэрэгжүүлэхгүйгээр илэрхий хууль зөрчсөн үйлдлийг хариуцагч байгууллага гаргаж байна.
Түүнчлэн гэрээгээр тохиролцсоны дагуу барилгын ажлыг улсын комисст хүлээлгэн өгсний дараа гүйцэтгэгч байгууллагад Магадлашгүй ажлын зардал болох 257,981,528 (хоёр зуун тавин долоон сая есөн зуун наян нэгэн мянга таван зуун хорин найман) төгрөгийг хариуцагч нь өнөөдрийг хүртэл тодорхой шалтгаангүйгээр шийдвэрлэхгүй байгаа болно.
"Эрдэнэс Монгол" ХХК ийн ТУЗ-ийн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор "Эрдэнэс Силвер Ресурс" ХХК ийн эрх, үүргийг "Эрдэнэс Алт Ресурс" ХХК-д шилжүүлэх замаар нэгтгэх шийдвэр гаргасан тул хариуцагчийн эрх, үүрэг нь эрх залгамжлагч хуулийн этгээдэд шилжсэн болно.
Нэхэмжлэлийн шаардлага:
1. "" ХХК нь "" ХХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр тоот "Салхит уурхайн шинэ баяжуулах үйлдвэр, тунгаах цех, усан сан, агуулахын барилгын суурь, төмөр карказ, хана, дээврийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ"-ний Магадлашгүй ажлын зардал болох 257,981,528 (хоёр зуун тавин долоон сая есен зуун наян нэгэн мянга таван зуун хорин найман) төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
2. “" ХХК нь "" ХХК-тай 2020 оны дүгээр сарын 14-ний өдөр тоот "Салхит уурхайн шинэ баяжуулах үйлдвэр, тунгаах цех, усан сан, агуулахын барилгын суурь, төмөр карказ, хана, дээврийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ"-ний 2021 оны ажлын гүйцэтгэл дээр Барилга хөгжлийн төвд хандаж, нэмэлт төсвийн индексийн дагуу бараа материалын үнийн индексийн магадлал хийлгэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү.
1.1. Нэхэмжлэгч нь төрийн өмчит компани болох хариуцагч талтай Салхитын уурхайд барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд уг ажлыг бүрэн гүйцэтгэж, улсын комисс хүлээн авсан. Гэрээний хэрэгжилтийн явцад цар тахлын нөхцөл байдал үүсэж, үүнээс шалтгаалан материалын үнэ огцом өссөн тул төсөв хүрэлцэхгүй болсон. Ийм нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Улсын Их Хурлаас 88 дугаар тогтоол гарсан.
Тус тогтоолын 4 дүгээр зүйлд үнийн өөрчлөлтийн индексийг батлах, магадлах ажлыг Засгийн газарт даалгасан байдаг. Улмаар Засгийн газрын 397 дугаар тогтоол гарч, энэ тогтоолын 1.1-д хөрөнгө оруулалтад зохицуулалт хийж, санхүүжилт олгох тухай заасан. Уг тогтоолыг бид хэрэгт баримтаар өгсөн болно.
Эдгээр тогтоолын хүрээнд Барилга, хот байгуулалтын сайдын 77 дугаар тушаал гарсан. Тус тушаалын 1 дүгээр зүйлд үнийн индексийг баталсан бөгөөд мөн энэ тушаалаар төсөвт өөрчлөлт оруулах түр журмыг баталсан байдаг. Энэ журмын дагуу төсөв захирагч нарт улсын төсвөөр санхүүжих төсөл арга хэмжээнд үнийн өөрчлөлт тооцох чиглэл өгсөн.
Гэвч уг шийдвэрүүд хэрэгжих явцад манай компани ганцаараа шахуу үлдчихсэн байдаг. Бид хууль тогтоомжийн дагуу ажиллаж, хариуцагч байгууллагад удаа дараа хандсан. Анхандаа хариуцагч зөвшөөрсөн байр суурьтай байсан боловч 2022 онд урьд нь өгсөн зөвшөөрлөөсөө татгалзсан. Иймд бид магадлал хийлгэж чадаагүй хэдий ч барилгын ажлыг зогсолтгүй үргэлжлүүлж, бүрэн гүйцэтгэсэн.
Ийм нөхцөл байдал үүссэн тул бид үнийн өөрчлөлтийн индексийг тогтоолгох хүсэлтээр шүүхэд хандсан. Тодруулбал, тухайн үнийн өсөлтийг харгалзан үзэж, үнийн индексийн магадлал хийлгэх шийдвэр гаргуулахыг хүсэж байна.
Түүнчлэн хоёр дахь шаардлага бол магадлашгүй ажлын төсөв бөгөөд энэ тухай гэрээнд заасан байдаг бөгөөд бид ажлыг гүйцэтгэж хүлээлгэж өгсөн. Эхний шатанд тухайн ажлын төсвийг гэрээнд тусгагдсан дүнгээр гаргасан бөгөөд энэ дүн дээр маргалдахгүй. Харин хил хаалттай, цар тахлын үеийн нөхцөлд орж ирсэн бараа материалын үнийн өсөлт зэргийг харгалзан магадлал хийлгэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Шүүхэд хандаж буй гол зорилго нь бизнесийн алдагдлаа багасгах гэсэн хэрэг болохоос ашиг хонжоо хайсан үйлдэл огт биш.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9 дүгээр зүйлд заасны дагуу шүүхэд хүсэлт гаргаж байна. Гэрээний төсвийн нарийвчилсан задаргааг хэлэлцүүлгийн явцад ажлын тоо хэмжээгээр ярилцаж байсан тул энэхүү баримтыг хариуцагчаас гаргуулах шаардлагатай гэж үзэж байна. Үүнээс гадна хоёр дахь шаардлагын хүрээнд хариуцагч тал нь өмнө нь гурван удаа зөвшөөрсөн хандлага илэрхийлсэн байдаг. Харин дараа нь бид “зөвшөөрлөө цуцалсан” гэсэн тайлбарыг өгсөн. Иймд энэ тухай баримт, бичгийг нэмэлтээр гаргуулж авах хүсэлтэй байна. Мөн Барилга, хот байгуулалтын сайдаас гэрээний оролцогчоор ажилласан төрийн өмчит байгууллагууд УИХ болон Засгийн газрын тогтоолуудыг хэрхэн хэрэгжүүлж буй талаар албан ёсны тайлбар гаргуулах шаардлагатай байна.
Гэрээ дуусгавар болсон актын дагуу ажлын нийт дүн 11.9 тэр бум төгрөг гэж гарсан боловч олгогдсон мөнгөн дүн нь зөрүүтэй байгаа. Энэ зөрүү нь хүлээгдэж буй гүйцэтгэлийн зардал, магадлашгүй зардал, мөн барьцаанд үлдсэн дүнтэй холбоотой юм. Эдгээр дүнгүүдийг нэмж тооцвол гэрээний нийт дүнтэй нийцэж байна.
1.2. Яагаад бид магадлашгүй ажил нэхэмжилж байгаа юм бэ гэвэл, энэ тухай гэрээ дээр тусгайлан заасан байдаг. Тухайн ажлыг хийж гүйцэтгэх явцад тодорхой ажлууд гэрээнд тусгагдсан хэмжээнээс давсан. Үүнийг төсөвчин мэргэжлийн хүн бодож гаргасан бөгөөд бид улмаар "илүү хийсэн ажлаа магадлуулъя" гэж хариуцагч талд удаа дараа мэдэгдэж байсан.
Гэтэл хариуцагч талын зүгээс тухайн үед хяналтын инженер байгаагүй, ажлын явцыг газар дээр нь хянаж, баримтжуулах ямар ч үйлдэл хийгдээгүй. Илүү ажлыг картаар бүртгэж тогтоох журамтай ч хариуцагч тал энэ картыг хөтлөөгүй. Ингэснээр бид хийсэн ажлынхаа заримыг бүртгүүлж чадаагүй.
Бид олон төрлийн ажлыг илүү хийсэн. Далд ажлыг харуулж, батлах боломжгүй тул зөвхөн одоо ил байгаа, харагдаж байгаа ажлыг л баримт болгон гаргаж өгч байгаа. Төслийн менежер ч энэ асуудлыг удаа дараа тавьж байсан. Бид тухайн үед яг ямар хэмжээтэй, яг хэдий хэмжээний ажил хийснээ бүрэн хэмжээгээр очиж үзүүлж, магадлуулж амжаагүй. Бас нэг жишээ нь, надад "төсвөө өг" гэсэн учраас би нэмэлт төсвөө хийлгэж аваачиж өгсөн. Улмаар энэ төсөв дээр үндэслэж, ажил хүлээлцсэн актыг үйлдсэн тул энэ нь тухайн ажлыг хүлээн зөвшөөрсөн гэж бид үзэж байгаа юм.
2022 оны 9 сарын 14-нд гэрээ байгуулсны дараа төсвийн санхүүжилтийн тал хувийг өгөөд бид захиалгаа хийсэн боловч гэнэт хөл хорио тогтоогдсон. Улмаар бид байгаа материалаараа ажлаа үргэлжлүүлээд зогссон.
Хөл хорио цуцлагдсаны дараа ажил руугаа ороход зөвшөөрөл авч байж талбайд нэвтэрдэг болсон. Хил дээр байсан зарим материалууд хорионд орсон тул орж ирж чадаагүй. Бид урьдчилгаа санхүүжилтээр хийх боломжтой бүх ажлыг хийж дуусгасан. Дараагийн санхүүжилтийг 2021 онд хүлээн авсан бөгөөд одоо бид 2021 онд хийж, ашигласан материалын үнийн дүнг үндэслэн төлбөр нэхэмжилж байгаа юм. Тодруулбал, дээврийн асуудлаар хэд хэдэн удаа бичиг явсан. Эхэндээ гадаадаас авах гэж оролдсон ч хил хаалттай тул дотоодоос авахаар болоход үнийн зөрүү гарсан. Үүнийг тухайн үед хариуцагч тал "зөвшөөрнө" гэж хэлж байсан. Миний хувьд 2021 оны төсвөөс л тооцоо хийх ёстой гэж үзэж байгаа. Учир нь тухайн үнийн өөрчлөлтийг зөвшөөрсөн Засгийн газрын тогтоол гарсан. Гэвч Барилга хөгжлийн төвөөс заавал захиалагчийн зөвшөөрөл шаардана гэж хэлсэн. Бид захиалагчийн зөвшөөрөл аваад очсон ч, зохиогчоор батлуулах шаардлага тавьсан. Гэтэл зохиогч нь захиалагч битгий зараарай гээд зурж өгөөгүй.
Удалгүй бичгээ цуцалсан тул бид дахин Барилгын хөгжлийн төвд хүсэлт гаргаж чадахгүй болсон. Үүнээс болоод бид төрийн ажлыг цар тахлын онцгой үед гүйцэтгэчхээд өөрсдөө хохирогч болж үлдсэн. Үүн дээр нэмэгдээд бид хөөсөнцөр хана болон дээврийн ажлыг нэмэлтээр хийсэн.
Тухайлбал, гэрээнд хана 2,533 м.кв байхаар тусгагдсан байсан бол бид нийт 5,672 м.кв хийсэн. Дээврийн хувьд 5,089 м.кв-аар гэрээнд тусгагдсан боловч 6,303 м.кв ажил хийсэн. Гэвч хэрэгт, гэрээгээр тохиролцсон ажлын тоо хэмжээний задаргаа байхгүй байна. Хийсэн ажлын хэмжээний баримтыг тухайн үед бүртгэж амжаагүй ч, бидний зүгээс илүү хийсэн ажлын төсөв байгаа юм гэв.
2. Хариуцагч “Эрдэнэс Алт Ресурс” ХХК нь шүүхэд, түүний төлөөлөгч Т. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:
Нэгт. Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 30 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан БАРИЛГЫН ТӨСӨВ ЗОХИОХ ДҮРЭМ”-ийн
“8.2 Магадлашгүй ажлын энэ нөөц хөрөнгийг барилгын гүйцэтгэгч, захиалагч байгууллагууд харилцан тохиролцсоны үндсэн дээр зураг төсөлд тусгагдаагүй ажлыг санхүүжүүлэхэд зарцуулна.
8.3. Магадлашгүй ажлын зардлын нөөц хөрөнгийг дараах хүчин зүйлстэй холбогдсон нэмэгдэл зардлын нөхөн төлбөрт зарцуулна. Үүнд:
- зураг төсөл батлагдсаны дараа ажлын зургаар ажлын тоо хэмжээнд орсон өөрчлөлтийг санхүүжүүлэх
- зураг төслийн баримт бичиг батлагдсаны дараа илрүүлсэн төсвийн тооцооны алдаа залруулахад
- барилгын материал хийц хэсгийг зураг төсөл зохиогчийн зөвшөөрөлтэйгөөр өөрчилсөн тохиолдолд гарах зардал,
- ажлын баримт бичгийн төслийн шийдлийн өөрчлөлтийн зөрүү
- бусад зардал.
8.4. ажлын зардлыг санхүүжүүлэх актыг захиалагч, зураг төсөл зохиогч болон гүйцэтгэгч байгууллагын удирдлага, талбайн инженер, төсөвчин нар гарын үсэг зурж баталгаажуулна." гэжээ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч талаас буюу магадлашгүй ажлын зардлыг тохиролцож зөвшилцсөн бичиг баримт үйлдэгдээгүй байх тул 257,981,528 төгрөгийг олгох боломжгүй юм.
Хоёрт. Манай байгууллага нь 100 хувь төрийн өмчит компанийн охин компани юм. Өөрөөр хэлбэл, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авахгүй тул барилгын материалын үнийн индексийн өөрчлөлттэй холбоотой тогтоол шийдвэрийг бид хэрэгжүүлэхдээ тухайн гүйцэтгэгч байгууллагатай байгуулсан барилга угсралтын ажлын гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар харилцан тохиролцож шийдвэрлэхээр байсан. Ийм учраас манай байгууллагыг дээрх тогтоол шийдвэрийг биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан үндэслэлээр Захиргааны шүүхэд харьяалагдан шийдвэрлэгдэх боломжгүй, бидэнд тухайн шийдвэрийг биелүүлэхийг даалгах боломжгүй юм.
Гуравт. Ажил гүйцэтгэх гэрээний гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
2.1. Нэхэмжлэгчийн гаргаж буй шаардлага нотлогдохгүй байгаа тул бид зөвшөөрөхгүй. Тухайлбал, “магадлал хийлгэх” тухай асуудлыг нэхэмжлэгч Барилгын хөгжлийн төвөөр хийлгэхийг хүссэн ч энэ нь манай байгууллагаас хамааралгүй, өөрөөр хэлбэл Төсвийн тухай хууль, зохих журамд нийцэх үндэслэлгүй зүйл юм.
Манайхаас энэ асуудалтай холбоотойгоор зөвшөөрсөн гурван албан бичиг байдаг. Гэвч эдгээр бичгийг Барилгын хөгжлийн төв хүлээж авсан эсэх, эсвэл шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгч бүрдүүлж өгсөн эсэх нь тодорхой бус, нотлогдоогүй. Гэтэл яг энэ асуудлаар биднээр “даалгаад өгөөч” гэх мэтээр шаардлага тавьсаар байна. Өнөөдөр цар тахал дуусаад гурван жил өнгөрч байгаа. Энэ хугацаанд уг асуудлыг шийдвэрлүүлэх боломж байсаар ирсэн.
Магадлашгүй ажлын зардлын тухайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181 дүгээр тушаалд тодорхой заасан байдаг. Энэхүү тушаалд магадлашгүй ажлын зардлыг зөвхөн гурван тодорхой тохиолдолд олгохоор заасан. Гэтэл нэхэмжлэгчийн гаргаж буй шаардлагыг ажлын зөрүү гэж ойлгож байна. Магадлашгүй ажлын зардал гэдэг нь захиалагчийн мэдлийн зардалд хамаарагддаг бөгөөд ийм зардлыг санхүүжүүлэхийн тулд зохих акт үйлдэгдсэн байх ёстой. Тухайн ажлыг магадлашгүй гэж үзэж, хийлгэх талаар хоёр тал тохиролцсон тухай баримт хэрэгт байхгүй. Хэрэгт зөвхөн гүйцэтгэлийн акт байгаагаас бус, магадлашгүй ажлын талаар тусгасан ямар ч акт, тусгай тэмдэглэл алга.
Барилгын үндсэн дүрэмд мөн магадлашгүй ажлын талаар тодорхой заасан байдаг. Дүрмийн дагуу бол гүйцэтгэлийн акт дээр заавал “магадлашгүй ажлын зардал” гэж тусгасан байх ёстой. Харин энэ тохиолдолд тийм баримт хэрэгт байхгүй байна. Мөн хэрэгт авагдсан төсөв нь хугацааны хувьд зөрүүтэй, мөнгөн дүн нь ч өөр байгаа. Өөрөөр хэлбэл, ажлыг гүйцэтгэсэн хойно эргэж төсөв гаргасан нь Төсвийн тухай хууль, холбогдох журмуудтай нийцэхгүй.
Мөн уг төсөв дээр хоёр зүйл буюу “баяжуулах” болон “усжуулах” ажил дээр “магадлашгүй ажил” гэж тэмдэглэсэн байдаг. Хэрэгт хоёр гэрээ байгаа: эхний гэрээ нь 9 тэрбум, нэмэлт гэрээ нь 2 тэрбум төгрөгийн дүнтэй. Гэтэл энэ нэмэлт гэрээнд огтхон ч магадлашгүй ажлын зардал нэхэмжлээгүй байгаа. Үүнтэй адилаар эхний 9 тэрбумын гэрээнд ч энэ тухай тусгагдаагүй.
Гэрээ дүгнэсэн акт дээр дурдсан дүнг бид хүлээн зөвшөөрсөн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч энэ нь буруу ойлголт юм. Тэр дүн бол хоёр гэрээний нэгдсэн дүн. Тэгэхээр энэ нь магадлашгүй ажлын зардлыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш.
Нэхэмжлэгч бараа материал татах үеэр цар тахлын нөхцөл байдал байсан талаар хэлдэг. Гэвч тухайн үед манай байгууллага анхааруулсан байгаа. Гэтэл нэхэмжлэгч энэ боломжийг ашиглаагүй. Гэрээ дүгнэх үед хүлээгдэж буй 200 сая төгрөгийн төлбөрийн тухай яригдсан ч үүнд магадлашгүй ажлын зардал ороогүй. Энэ бол гүйцэтгэлтэй холбоотой энгийн хүлээгдэж буй төлбөр юм. Баталгааны дүнгийн хувьд, энэ нь гэрээний дагуу гурван жилийн дараа олгогдох зохицуулалттай.
Тэгэхээр, гэрээ дүгнэсэн актыг нэхэмжлэгч буруу тайлбарлаад байна. Хэрэв үнэхээр магадлашгүй ажил гарсан бол манайхаас ямар нэгэн баримт байх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл тийм нотолгоо, акт, баримт нэг ч байхгүй. Магадлашгүй ажил хийгдсэн эсэхийг нотлох боломж ч тодорхой бус байна. Ер нь бол ийм ажил гарах тохиолдолд урьдчилан тооцож, төсөвлөж тусгасан байх ёстой. “Магадлашгүй” гэдэг нь нэрээсээ л харахад тодорхой бус, магадлалтай зүйл тул зөвхөн мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байж олгох үндэслэл бүрдэнэ.
Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд, энэхүү ажил магадлашгүй ажил гэж тооцогдох үндэслэлгүй тул түүний зардлыг санхүүжүүлэх боломжгүй гэж үзэж байна.
Мөн Барилгын дүрмийн 6.48-д зааснаар тухайн ажил гүйцэтгэгдсэн бол батлагдсан зураг төсөл, нэмэлт ажлын баримт, гүйцэтгэлийн акт зэрэг бүгд байх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс үүнийг бүрдүүлээгүй байна. Барилгын хөгжлийн төвд хүргүүлсэн гүйцэтгэлийн материал дээр ч ажлын дутагдал, бүрдээгүй зүйлс байгаа. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9-т заасны дагуу гаргасан хүсэлтийг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүх зөвхөн нэг талын эрх ашгийг хамгаалах биш, тэнцвэртэй байдлыг хангаж, хоёр талын эрх тэгш байдлыг харгалзан шийдвэр гаргах ёстой гэв.
3. Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:
3а. Нэхэмжлэгчээс: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх7/, компанийн дүрмийн хуулбар /хх8-11/, гэрээний нэмэлт өөрчлөлтийн хуулбар /хх14-17/, "Салхит уурхайн шинэ баяжуулах үйлдвэр, тунгаах цех, усан сан, агуулахын барилгын суурь, төмөр карказ, хана, дээврийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ"-ний хуулбар /хх18-25/, “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн албан тоотын хуулбар /хх26, 28, 30/, "" ХХК-ийн албан тоотын хуулбар /хх27, 29, 31-34/, 10 ширхэг гэрэл зураг /хх45-49/, магадлашгүй ажлын төсөв /хх50-57/, гэрээ дүгнэсэн актын хуулбар /хх167-170/, барилгын ажлын төсвийн хуулбар /хх171-173/, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээний хуулбар /хх174/, төслийн гүйцэтгэл /хх175-180/, Барилга, хот байгуулалтын сайдын “Барилга байгууламжийн 2021 оны үнийн индекс батлах тухай” тушаалын хуулбар /хх181-182/, Барилга, хот байгуулалтын сайдын “Түр журам батлах тухай” тушаалын хуулбар /хх183/, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн өөрчлөлтийг тооцох түр журмын хуулбар /хх184-186/, Барилга, хот байгуулалтын сайдын “Жишиг материал хүргүүлэх тухай” албан тоот, хавсралтын хуулбар /хх188-206/, 10 ширхэг сэтгүүл,
3б. Хариуцагчаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх62-63/,
3.1. Шүүхийн журмаар гаргуулсан баримт: Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албан тоот /хх98/, Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар авах арга хэмжээний тухай” 397 дугаар тогтоолын хуулбар /хх99/, Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 414 дүгээр тогтоолын хуулбар /хх100/, Засгийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 353 дугаар тогтоолын хуулбар /хх101/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 235,127,152 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22,854,376 төгрөгт холбогдох болон Барилгын хөгжлийн төвд хандаж, нэмэлт төсвийн индексийн дагуу бараа материалын үнийн индексийн магадлал хийлгэх зөвшөөрөл олгохыг даалгах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “” ХХК нь гэрээний үүрэгт 257,981,528 төгрөг гаргуулах, Барилгын хөгжлийн төвд хандаж, нэмэлт төсвийн индексийн дагуу бараа материалын үнийн индексийн магадлал хийлгэх зөвшөөрөл олгохыг даалгах тухай шаардлага гаргасан.
3. Хариуцагч “” ХХК нь магадлашгүй зардал олгох журамд заасан нөхцөл үүсээгүй, энэ талаар харилцан тохиролцоогүй, Барилгын хөгжлийн төвөөр үнийн индексийн магадлал хийлгэх зөвшөөрлийг олгосон бөгөөд уг ажиллагаанд хариуцагч хамааралгүй гэж маргаж байна.
4. Зохигч 2020 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Салхит уурхайн шинэ баяжуулах үйлдвэр, тунгаах цех, усан сан, агуулахын барилгын суурь, төмөр карказ, хана, дээврийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. /хх18-25/
Улмаар 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулжээ. /хх14-15/
4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.
5. Нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгө гаргуулах тухай шаардлагыг гэрээнд заасан ажлын хэмжээнээс илүү ажил гүйцэтгэсэн тул илүү гүйцэтгэсэн ажлын хөлс гаргуулна гэж тайлбарлаж байна. Харин энэхүү шаардаж буй мөнгө нь цар тахалтай холбоотойгоор барилгын материалын үнийн өсөлттэй холбоогүй гэж тайлбарласан.
Зохигчийн хооронд байгуулагдсан 2 гэрээний үнийн дүн нь нийт 11,965,675,855 төгрөг байна. Гэрээний дагуу ажил гүйцэтгэгдэж хариуцагч хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул талуудын маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй юм.
Харин хариуцагч нь гэрээнд зааснаас илүү нэмж ажил буюу магадлашгүй ажил хийгдээгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч нь хөөсөнцөр хана болон дээврийн ажлын хэмжээ нэмэгдэж хийгдсэн. Хана нь гэрээнд зааснаар нийт 2,533 м.кв ажил хийх байснаас нийт 5,672 м.кв ажил хийсэн. Харин дээвэр нь гэрээгээр 5,089 м.кв байснаас 6,303 м.кв ажил хийсэн гэж тайлбарлаж байна. Гэвч нэхэмжлэгч энэхүү тайлбараа хуульд заасан үүргийн дагуу нотлоогүй.
5.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь гэрээ дүгнэсэн актаар магадлашгүй ажлын үнийн дүнг тохиролцсон, улмаар энэ үүнийг оролцуулаад төлбөрийн тодорхой хэсэг төлөгдсөн, үлдэх болон барьцааг нэмэхэд гэрээний нийт мөнгөн дүнтэй тохирно гэж тайлбарлаж байна.
Зохигч 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдсэн байна. /хх167-170/
Энэхүү актад гэрээний нийт үнийн дүнг нь 11,965,675,855 төгрөг гэсэн нь гэрээнд заасантай тохирч байна. Улмаар олгогдсон 11,015,488,373 төгрөгийн талаар маргаагүй, бөгөөд актад хүлээгдэж буй 242,366,080 төгрөг, магадлашгүй зардал 235,127,152 төгрөг, баталгаа 472,694,250 төгрөг гэсэн байх бөгөөд эдгээр мөнгөн дүн дээр олгогдсон мөнгөн дүнг нэмбэл гэрээний нийт үнийн дүнтэй тохирч байна.
Үндсэн болон нэмэлт гэрээнээс үзэхэд аль алинд нь магадлашгүй ажлын талаар тохиролцсон зохицуулалт тусгагдаагүй. Өөрөөр хэлбэл, хийх ажил болон нийт мөнгөн дүнг тохиролцсон.
Харин талууд гэрээг дүгнэхдээ магадлашгүй ажлын дүнг 2 хувиар тооцож акт үйлдсэн. Улмаар энэхүү актын дагуу нэхэмжлэгч нь магадлашгүй ажлын зардал гэж нэхэмжлэл гаргасан байна.
Дээрхээс үзэхэд хоёр гэрээний нийт үнийн дүнд энэхүү магадлашгүй ажлын дүнг тооцож гэрээний үнийг тогтоожээ. Тодруулбал, магадлашгүй ажил хийгдэх эсэхээс үл хамаарч үнийн дүнг тодорхой зааснаар нэмэлт ажил хийгдвэл үнийн дүн нь 2 хувьд буюу 235,127,152 төгрөгт багтах, цаашлаад илүү гарсан тохиолдолд гүйцэтгэгч хариуцахаар тохиролцсон гэж үзэхээр байна.
5.2. Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн ажлын гүйцэтгэлийн задаргааг шүүх хуралдаанд тусгайлан судлуулсан. Уг задаргаанаас үзэхэд хэд хэдэн ажил дутуу хийгдсэн гэжээ. Өөрөөр хэлбэл гүйцэтгэгчийн гаргасан баримтаар зарим ажил дутуу хийгдсэн буюу илүү ажил хийгдээгүй байна. /хх175-180/
Гэвч хариуцагч нь гүйцэтгэсэн ажлын доголдол, дутуу хэмжээний талаар маргаагүй.
Цаашлаад зохигч үндсэн гэрээг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаагаар, нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулсан. Гэвч гэрээ дүгнэсэн актыг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр үйлдсэн байх тул шүүхэд 2024 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй.
Дээрхээс үзэхэд хариуцагч нь ажлын доголдлын талаар маргаагүй, ажлыг хүлээн авч акт үйлдсэн тул хэдийгээр магадлашгүй ажил гэж тодорхойлсон боловч уг мөнгөн дүн нь ажлын хөлсөнд багтаж байна. Энэхүү үндэслэлээр 235,127,152 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй. Иймд мөнгөн хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22,854,376 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Хариуцагч нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр болон мөн оны 07 дугаар сарын 19-ны өдөр тус тус барилгын ажлын төсөвт өртөг нэмэгдсэн эсэх талаар магадлал хийлгэхийг зөвшөөрсөн агуулга бүхий албан тоотыг нэхэмжлэгчид олгож байжээ. /хх28, 26/
Цар тахалтай холбоотойгоор Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 75 дугаар тушаалаар “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн өөрчлөлтийг тооцох түр журам” батлагдсан байна. /хх183-186/
Энэхүү журмын 4.1-т зааснаар үнийн өсөлттэй холбогдох магадлалыг энэ хэргийн зохигч биш харин төсвийн ерөнхийлөн захирамж гаргуулахаар зохицуулсан.
Цаашлаад 4.1.1-д захиалагч хүсэлт гаргахаар заасан байх тул хариуцагчийн төлөөлөгчийн бид зөвшөөрөл олгосон гэх тайлбар үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчид зөвшөөрөл олгох бус төсвийн ерөнхийлөн захирагчаар дамжуулах хүсэлт гаргах байжээ. Улмаар үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь зөвшөөрөл олгохыг даалгах тухай шаардлага гаргасан үндэслэлгүй.
Мөн дээрх журмаас үзэхэд гэрээний оролцогч буюу гүйцэтгэгч нь энэ талаар шаардах эрхгүй байна. Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн санаачилгаар энэхүү магадлагааг хийлгэхгүй гэх тайлбарын хувьд төрийн байгууллага албан тушаалтны эс үйлдэхүйтэй холбоотойгоор зохих этгээдэд холбогдуулан жич нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.1-д зааснаар хариуцагч “Эрдэнэс алт ресурс” ХХК-с 235,127,151 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22,854,376 төгрөгт холбогдох болон Барилгын хөгжлийн төвд хандаж, нэмэлт төсвийн индексийн дагуу бараа материалын үнийн индексийн магадлал хийлгэх зөвшөөрөл олгохыг даалгах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,518,058 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,333,586 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД