2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2025/06740

 

 

 

 

   

     2025          09            02                                         192/ШШ2025/06740

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 гомдол гаргагч: ********** нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: **************** холбогдох,

 

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөж төлөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

*****************

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Б.************* хариуцагчид холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөж төлөхийг даалгах тухай  нэхэмжлэл гаргажээ.

2. Гомдол гаргагч гомдлын шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  … би 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр *********** ОУТХХК-д эмч, эрүүл ахуйчаар ажилд орсон. Тэр хугацаанд надтай огт хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Ажлын байрны тодорхойлолт гэж ерөөсөө хийгдээгүй байгаа. Өдөрт илүү цагаар ажилладаг байсан. Намайг очиход ковидын нөхцөл байдалтай байсан. Жолооч нар нь тээвэрт гарахгүй байсан. Би очоод ажилчдадаа өдөр болгон үзлэг хийж, эмчилгээ хийгддэг байсан. Би өглөө 5 цаг өнгөрөөж босоод хүмүүсээсээ шинжилгээнүүдээ аваад, асуудалтай хүмүүстээ дусал эмчилгээ хийгээд үзлэгээр яваад орой 00 цаг гээд ажил маань дуусаад 5 цагийн нойртой л ажилладаг байсан. 12 дугаар сарын сүүлээр ковидын хугацаа дууссан. Тэгээд нарийн бичгийн ажлаар давхар үүрэг гүйцэтгэж байсан юм. Уурхайн захиралд “би илүү цагаар ажиллаад байна, өглөө 6 цагаас ажил эхлээд шөнийн 00 цаг хүртэл ажиллаж байна. Хөлсөө бодуулъя” гэхээр 12 дугаар сарын сүүл буюу шинэ жилээс өмнө илүү цагийг чинь бодож олгоё, ээлжийн амралтын мөнгийг чинь бодож олгоно гэсэн боловч 12 сарын сүүлээр хэлсэн чинь “байж бай, ************ сарын үеэр болгоё” гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хавьцаа ахиад хэлсэн юм “би илүү цагаа бодуулж цалингаа авмаар байна, ээлжийн амралтын мөнгөө бодуулж авмаар байна. Би уурхай 14/14 хоногоор ажилладаг байхад сардаа харихгүй байх тохиолдол байна. Үгүй бол 26 хоног ажиллаад дөрөвхөн хоног ингээд амарч байна. Тийм болохоор илүү цагийнхаа мөнгийг бодуулж авмаар байна, бас амармаар байна” гэсэн. Тэр үеэс эхлээд л захирал маань намайг загнаад “чи зайл” гээд хөөсөн. “Яагаад ямар шалтгаанаар хөөж байгаа юм бэ” гэсэн чинь “чамд би илүү цагийн мөнгө олгож чадахгүй, ээлжийн амралтыг чинь бодож олгохгүй. Ковид дууссан учраас чи манайд ажиллах шаардлага байхгүй” гээд Н.Сэргэлэн гэх орчуулагч хүнээр дамжуулаад унаж байсан машины маань түлхүүрийг хурааж авсан. Амьдарч байсан байрнаас маань юмнуудаа ав гэж хөөгөөд түлхүүрийг нь булааж авсан. Тэнд ямар ч байх нөхцөлгүй болоод хөөгдсөн байдаг байгаа. Энэ хугацаанд бараг 3 жилийн нүүр үзлээ. Надад шийдвэрлэгдсэн хариу өгсөн юм байхгүй. Хариуцагч талтай буюу *********** ОУТХХК-тай “тохиролцъё, миний хохирлыг барагдуулаад өгөөч ээ. Би ажилдаа буцаад ормоор байна” гээд хэлсэн ч өдийг хүртэл надад шийдтэй хариу өгөөгүй явж байгаа. Тэгэхээр би энэ асуудал дээр гомдолтой байна. Тохиролцох гэж зөндөө үзсэн ч тохирохгүй. Миний хөдөлмөр хүч, цаг хугацаа боломж бүх зүйлийг маань хохироогоод байж байна. Энэ компанид би 11 сар ажилласан. 12 сар болоод ипотекийн зээлд хүртэл хамрагдана гэсэн төлөвлөгөөтэй жагсаалтдаа хүртэл орчихсон явж байсан. Гэтэл намайг 11 сар болоод ажлаас хөөсөн. Миний хувьд үнэхээр гомдолтой байна. Ажилгүй байсан хугацааны цалинг 2023 оны 02 дугаар сараас 2025 оны 09 дүгээр сар хүртэл үндсэн цалин 3,500,000 төгрөгөөр бодохоор 108,500,000 төгрөг болж байгаа. Илүү цагийн цалин нь 119,317 төгрөг болж байгаа. Үүнийг 11 сард үржүүлэхээр 32,812,175 төгрөг болж байгаа. 11 хоногийн илүү цагаар бодохоор 28,874,835 төгрөг болж байгаа. Ээлжийн амралтын мөнгийг 3,500,000 төгрөгийг 22 хоногт хуваахаар нэг өдрийн цалин 159,090 төгрөг. Үүнийг биеэр эдлээгүй гээд 1,5-аар үржүүлэхээр нэг өдрийн цалин 238,635 төгрөг. Ажлын 15 хоногт бодохоор 3,579,545 төгрөгийг ээлжийн амралтын мөнгө гэж нэхэмжилж байгаа. Мөн 11 дүгээр сараас хойш 500,000 төгрөгөөр цалин нэмэгдээд 3,500,000 төгрөг болсон. 2023 оны 1, 2 дугаар сард дутуу олгогдсон 1,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Нийт мөнгөн дүн нь 173,766,555 төгрөг болж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

3.Хариуцагч хариу тайлбартаа: ...хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжихгүй байгаа. Нэхэмжлэгч Б.************* нь *********** ОУТХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа нэгдүгээр нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохдоо хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байгаа. Энэ нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь нэхэмжлэгчтэй *********** ОУТХХК 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эмчээр ажиллахаар бичгээр хөдөлмөрийн гэрээг байгуулж, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний 40/22 тоот хөдөлмөрийн гэрээг гүйцэтгэх захирлын тушаалаар тушаал гаргаад 220407 тоот хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. Тийм учраас нэхэмжлэгчийн нэгдүгээр шаардлага буюу хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна гэдэг нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй. Аль хэдийн бичгээр байгуулагдсан. Тухайн хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгээд явж байсан ажилтанд дахиж хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй. Тийм учраас нэгдүгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хоёрдугаарт үндэслэлгүйгээр халагдсан гэдэг зүйлийг хэлж байна. Гэтэл нэхэмжлэгч нь ************ хаданд ажил үүргээ гүйцэтгэж байсан. Тэр хугацаандаа хамт ажиллаж байсан нэр бүхий 4 ажилтны хамт ажил хаялтыг зохион байгуулж, шууд ажлаа орхиж 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс ажилдаа ирээгүй. Үүнтэй нь холбогдуулан тухайн үед байгууллагын зүгээс цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй.Гэнэт 4 ажилтан Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу урьдчилан мэдэгдээгүй ажил хаялт зохион байгуулснаас байгууллагын үйл ажиллагаа зогссон нөхцөл байдлуудыг үүсгэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч н.***********, тухайн үед хүний нөөцөөр ажиллаж байсан н************* гэдэг гэрчүүдийн мэдүүлгээс тодорхой харагдаж байгаа. Түүнээс хойш нэхэмжлэгчийн зүгээс ажилдаа ирсэн зүйл байхгүй. 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс хойш ажилдаа ирж, тухайн ажилдаа эргэж орох бичгээр өргөдөл гомдол гаргаж шийдвэрлүүлж ажилдаа эргэж орсон зүйл байхгүй. Тийм учраас Хөдөлмөрийн гэрээний 9.3.5 болон 9.3.27-т заасан хөдөлмөрийн ноцтой зөрчлийг шууд үүсгэсэн учраас ажил олгогчийн зүгээс 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 3223 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд дуусгавар болгосон байгаа. Өөрөөр хэлбэл энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон ноцтой зөрчлийг нэхэмжлэлийн зүгээс гаргасан учраас гүйцэтгэх захирлын тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд нийцсэн тушаал гарсан. Тийм учраас ажилд эгүүлэн томилуулахаар гаргаж байгаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Гуравдугаарт нэхэмжлэгч нь тухайн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх хугацаандаа илүү цагаар ажиллаж байсан. Дээрээс нь цалин хөлсийг дутуу олгож байсан гэдэг асуудлуудыг ярьж илүү цагийн хөлс, дутуу олгосон цалин хөлс гаргуулах зэрэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Мөн энэ нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр гэрээ байгуулан ажилласан. Энэ нь хөдөлмөрийн гэрээ болон тухайн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс тодорхой харагдаж байгаа. Маргаан үүсэж буй ажил хаялт болохгүйгээр 10 сарын хугацаанд ажиллаж байх хугацаандаа нэхэмжлэгч нь илүү цагийн хөлс болон илүү цагаар ажиллуулж байсан цалин хөлс дутуу олгож байсантай холбогдуулаад ямар нэгэн бичгээр гомдол санал, хүсэлтийг байгууллагад гаргаж байгаагүй. Цалин хөлстэй холбоотой асуудлаар аливаа гомдол байх юм бол Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу илүү цагаар ажилласантай холбогдуулаад 30 хоногийн дотор, цалин хөлс дутуу олгосонтой холбоотой асуудлаар 90 хоногийн дотор Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.2.2 дахь заасны дагуу маргаан үүсгээд гомдол гаргах боломжтой байсан. Энэ 8 сарын хугацаанд нэхэмжлэгчийн хувьд ямар ч гомдол гаргаж байгаагүй. Энэ нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн илүү цагаар ажилласан нэмэлт хөлсийг шаардаж байгаа нь хууль зүйн үндэсгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

4.Гомдол гаргагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

гомдол /хэргийн 1-2 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-5 дугаар тал/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 6 дугаар тал/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хэргийн 7 дугаар тал/

Хаан банкны дансны хуулга /хэргийн 8-29 дүгээр тал

2023.03.27, №59, Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл /хэргийн 30-32 дугаар тал/

2023.04.14, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хэргийн 33-34 дүгээр тал/

2023.07.31, №13/196 тоот *********** ХХК-ийн  тодорхойлолт /хэргийн 94 дүгээр тал/

Эмчийн өдөр тутмын ажил /хэргийн 95-107 дугаар тал/

Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага /хэргийн 149-151 дүгээр тал/

Өмгөөлөгч авах тухай хүсэлт /хэргийн 170 дугаар тал/

2024.02.05, дугаар 2024/ШЦТ/139 тоот Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол / хоёрдугаар хавтаст хэргийн 27-31 дүгээр тал/

1 ширхэг флаш зэрэг баримтууд,

 

5.Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 39 дүгээр тал/

Хариуцагчаас ************* олгосон итгэмжлэл /хэргийн 40-42 дугаар тал/

Хариу тайлбар /хэргийн 48 дүгээр тал/

2023.02.20, №32/23-Б/ч, Ажлаас чөлөөлсөн захирлын тушаал /хэргийн 55 дугаар тал/

2022.04.01, №22-04/07, Хөдөлмөрийн гэрээ /хэргийн 56-63 дугаар тал/

2022.01.10, №-22/03, Журам батлах тухай гүйцэтгэх захирлын тушаал /хэргийн 64 дүгээр тал/

2022 оны Хөдөлмөрийн дотоод журам /хэргийн 65-74 дүгээр тал/

2023.02.04, №23/1-1 Захирлын тушаал /хэргийн 75 дугаар тал/

2023 оны Хөдөлмөрийн дотоод журам /хэргийн 76-85 дугаар тал/

Ажилтан сонгон шалгаруулж, ажилд авах тухай журам /хэргийн 86 дугаар тал/

2022.12.25, дугаар 38, ************ аймгийн ********* сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын мэдэгдэл /хэргийн 108-109 дүгээр тал/

2023.02.03, *********** олон улсын тээвэр ГХОХХК-ийн прокурорын мэдэгдлийн хариу /хэргийн 110-114 дүгээр тал/

2022.04.01, №40/22 тоот Үндсэн ажилтнаар томилох тухай гүйцэтгэх захирлын тушаал /хэргийн 155 дугаар тал/

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 179-180 дугаар тал/

Хариуцагчаас ******** олгосон итгэмжлэл /хэргийн 183 дугаар тал/

Хариуцагчийн хуулийн этгээдийн гэрчилгээ, лавлагаа /хэргийн 184-187 дугаар тал/

Ирцийн хүснэгт /хэргийн 188-190 дүгээр тал/

2022.04.01, №22-04/07 Хөдөлмөрийн гэрээ /хэргийн 190-197 дугаар тал/

Хариуцагчаас ********* олгосон итгэмжлэл /хэргийн 205-206 дугаар тал/

Хариуцагчаас ******* сухайт дахь гаалийн газар, Авто тээврийн үндэсний төвүүдэд гаргасан хүсэлт /хэргийн 227-228 дугаар тал/

2023.03.27-ний өдрийн дугаар №59, Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулалтын гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл /хэргийн 241-244 дүгээр тал/

Ажлаас халагдах өргөдөл /хэргийн 245-249 дүгээр тал/

СХД-ийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт /хэргийн 250 дугаар тал/

Хариуцагчаас ********т олгосон итгэмжлэл /хоёрдугаар хавтаст хэргийн 22-24 дүгээр тал/ зэрэг  баримтууд,

 

6. Шүүхээс бүрдүүлсэн

2023.08.02-ний өдрийн**************араас авсан гэрчийн мэдүүлэг /хэргийн 117-125 дугаар тал/

2023.09.22-ний өдрийн ************ авсан гэрчийн мэдүүлэг /хэргийн 139-141 дүгээр тал/

2024.08.30-ний өдрийн ***************н, 2024.08.10-ний өдрийн ******************* нараас авсан гэрчийн мэдүүлэг /хэргийн 231-240 дүгээр тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх гомдлын шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Б.************* ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор, нэмэгдэл хөлс ээлжийн амралтын цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгах... гомдол шаардлага гаргаж, үндэслэлээ ...цалин хөлс дутуу олгосныг гүйцээн авах, ажил амралтын цаг баримтлан ажиллах, амласан урамшууллаа олгохыг хүсэхэд ажлаас зайл гэж хөөн тушаал шийдвэр гаргаагүй ажлаас үндэслэлгүй халсан... гэж тайлбарласныг,

хариуцагч эс зөвшөөрч ...5 хоног дараалан ажлын байраа орхиж явсан, хууль бус ажил хаялтад оролцож хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан, гомдлыг бүхэлд нь зөвшөөрөхгүй... гэж маргав.

3.Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

2022 оны 04 сарын 01-ний өдөр дугаар ******** тоот Хөдөлмөрийн гэрээг нэг талаас хариуцагч буюу ажил олгогчийг төлөөлж ***********, нөгөө талаас нэхэмжлэгч буюу ажилтан Б.************* нар бичгээр байгуулж, нэхэмжлэгч ************ ************ хад гэх байршилд, эмчийн ажил албан тушаалд ажиллахаар тохирчээ. /хэргийн 190-197 дугаар тал/

2022 оны 12 сарын сүүл, 2023 оны 02 сарын 13-ны өдөр нэхэмжлэгч илүү цагийн нэмэгдэл, ээлжийн амралт авах хүсэлт гаргасныг ажил олгогч хүлээн зөвшөөрөхгүй, амьдарч байсан албаны орон сууц байр болон тээврийн хэрэгслийг хураан авч, ажиллуулахаас татгалзаж, ажлаас чөлөөлж байгаагаа амаар мэдэгдснээр ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон нь нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 1-2, 241-244 дүгээр тал/

2023 оны 02 сарын 20-ны өдөр №32/23-Б/ч тоот *********** олон улсын тээвэр ХХК-ийн Захирлын тушаал гарч Б.*************ийг 2023.02.13-ны өдөр ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр ажлын байрыг орхисон, ажлын байрандаа 5 хоног дараалан ирээгүй, хуульд заасан шаардлага хангаагүй ажил хаялтад оролцсон нь Хөдөлмөрийн гэрээний 9.3.5, 9.3.27-д заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, Дотоод журам, хөдөлмөрийн гэрээний 9.3.5, 9.3.27 дэх зүйл заалтыг үндэслэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлжээ. /хэргийн 55 дугаар тал/

4. Б.************* үндэслэлгүйгээр ажлаас халсан, ажлаас халсан тушаал шийдвэр танилцуулаагүй бичгээр өгөөгүй гэж маргасан.   

5. Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.1-д ажлын байрны буюу албан тушаалын нэр Эмч, 2.2 ажилтны гүйцэтгэх ажил, үүрэг: Ажилтан нь энэхүү гэрээний хавсралт болох “Ажлын байрны тодорхойлолт”-нд заасан ажил үүргүүдийг хийж гүйцэтгэнэ, 2.3 Хөдөлмөрийн нөхцөл ..., 2.4 ажил үүрэг гүйцэтгэх байршил: ************ ************ хад, 3.1 энэхүү гэрээ нь 2022 оны 04 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ, 3.2 энэхүү гэрээг жолооч ажлын байранд 2022 оны 12 сарын 31-нийг дуустал хугацаанд туршилтын/дагалдангаар/ хугацаагүй байгуулсанд тооцно, ...4.1 Ажилтны ажлын ачаалал, ажлын байрны онцлогоос шалтгаалан ажил, амралтын цагийн хуваарийг Ажил олгогчоос баталж мөрдүүлнэ ... гэжээ.

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцөлийн тусгана. 49.1.1 ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг, 49.1.2 ажил үүрэг гүйцэтгэх байршил, 49.1.3 цалин хөлсний хэмжээ, 49.1.4 хөдөлмөрийн нөхцөл гэжээ.

7. Талуудын хооронд бичгээр хийгдсэн Хөдөлмөрийн гэрээнд ажилтан буюу Б.************* хариуцагч байгууллагад эмчийн ажил албан тушаалд, ************ ************ хад гэх газарт байршин ажиллахаар тохиролцсон боловч цалин хөлс тохиролцоогүй, эмч ямар ажил үүрэг гүйцэтгэхээр талууд тохиролцож байгаа нь тодорхой биш “Ажлын байрны тодорхойлолт” баримтыг ажилтанд танилцуулж гарын үсэг зурсан баримт байхгүй, хөдөлмөрийн ямар нөхцөлд ажилтныг ажиллуулахаар тохиролцож байгаа нь тодорхойгүй тохиролцоогүй, хөдөлмөрийн гэрээг ямар хугацаатай байгуулж байгааг тохиролцоогүй, ажилтаны ажиллах, амрах хугацаа тохиролцоогүй, энэ талаар ажил олгогчийн баталсан баримт хэрэгт авагдаагүй, эдгээр үйл баримтыг хариуцагч баримтаар нотлоогүй. 

8. 2023 оны 01 сарын 02-ны өдрөөс хариуцагч байгууллагад хууль зүйн үйлчилгээ үзүүлсэн гэрч********** мэдүүлэхдээ ...тухайн үед гэрээг өөрчилсөн. Хууль бус гэж хэлэх нь утгагүй харин стандарт гэрээ байгуулсан байсан. Тус гэрээнд үндсэн хөдөлмөрийн харилцааг ажилчдад аль болох давуу талтай боломжтой орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд өөрчилсөн... гэж мэдүүлсэн боловч энэ талаар хэрэгт ямар нэг баримт авагдаагүй байна. /хэргийн 14 дүгээр тал/

9. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна”,

10. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т “хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ” гэжээ.

11. Талуудын хооронд бичгээр байгуулсан гэх Хөдөлмөрийн гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2-т заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг  тусгаагүй, цалин хөлс, ажлын нөхцөл, гэрээний хугацаа, ажил амралтын цагийн хуваарь, гүйцэтгэх ажил үүргийн талаар тохиролцоогүй, гэрээ хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, харин хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзнэ.

12. Б.************* хариуцагч байгууллагад эмчээр ажиллаж, ажил олгогч түүнд цалин хөлс олгож байсан нь Б.*************ийн банкны дансны хуулга, ирцийн бүртгэл гэх баримтаар тогтоогдож байна. Хариуцагч энэ талаар маргаагүй.

13. 2023 оны 02 сарын 13-ны өдөр Б.*************т ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэрийг танилцуулж хүлээлгэн өгөөгүй, сүүлд нөхөн тушаал гаргасан нь гэрч *********** “...Б.*************ийн ажлаас чөлөөлсөн тушаалыг дараа нь би нөхөж гаргасан, тушаалыг гардуулж өгөөгүй...” гэх мэдүүлэг баримтаар тогтоогдож байна. /хэргийн 1-236 дугаар тал/

14. Хэргийн 87 дугаар талд авагдсан дугтуй баримтаар Б.*************ийн ажлаас чөлөөлсөн тушаалыг түүний хаягаар 2023 оны 05 сарын 05-ны өдөр шуудангаар хүргүүлсэн гэх боловч тухайн дугтуйд тушаал байсан эсэх түүнийг Б.************* хүлээн авсан талаар баримт авагдаагүй.

15. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй”, ...мөн хуулийн 43.2.2-т “хөдөлмөрийн хууль тогтоом ...дагаж мөрдөх, хөдөлмөрийн гэрээний хувийг баталгаажуулж өгөх”, 43.2.10-т “хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах” гэжээ.  

16. Хөдөлмөрийн тухай хуулийн 83.4-т “ ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө” гэх хуулийн шаардлагыг хариуцагч биелүүлээгүй зөрчсөн байна.

Тодруулбал Б.************* хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн Хан-уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд, шүүхэд гомдлоо гаргаснаас хойш Б.*************ийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн шийдвэрээ гаргасан нь тогтоогдож байна.

17. Иймд  хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажилтан Б.*************ийн хөдөлмөр эрхлэлтийг харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн шийдвэрийг ажил олгогч нөхөн гаргасан нь хуулийн үндэслэлгүй, Монгол Улсын Хөдөлмөрийн хууль тогтоомжийг мөрдөх хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн нь тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2, 43.2.7, 43.2.10, 83 дугаар зүйлийн 83.3, 83.4, 105 дугаар зүйлийн 105.1, 110 дугаар зүйлийн 110.1, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар Б.*************ийг *********** олон улсын тээвэр ХХК-ийн эмчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 108 500 000 төгрөг, 2023 оны 02 сарын дутуу авсан цалин хөлс 1000 000 төгрөг, ээлжийн амралтын цалин 2 499 990 төгрөг нийт 111 999 990 төгрөг гаргуулан Б.*************т олгож, гомдлын шаардлагаас үлдэх 61 766 565 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

18. Б.************* 2023 оны 02 сараас 2025 оны 09 сар хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олговорт сарын дундаж цалин 3500 000 төгрөгөөр тооцож нийт 108 500 000 төгрөг, 11 сар 10 хоногийн илүү цаг ажилласны нэмэгдэл хөлс 32,812,175 төгрөг, 28 874 835 төгрөг, ээлийн амралтын цалин 3 579 545 төгрөг, 2023 оны 1, 2 сарын дутуу цалин 1000 000 төгрөг нийт 173 766 555 төгрөг нэхэмжилсэн.

19. Хариуцагч тал гомдол гаргагчийн авч байсан цалин хөлсний хэмжээ болон нэхэмжилсэн цалин олговор, дутуу олгосон цалин хөлс, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин хөлсний хэмжээ, түүний тооцооллын талаар маргаагүй, түүнийг баримтаар үгүйсгэж няцаагаагүй учир 2023 оны 03 сараас 2025 оны 09 сар хүртэл нийт 31 сарын ажилгүй байсан хугацааны цалин олговорт ажилтны ажил үүргээ гүйцэтгэж байхдаа сүүлийн 3 сар 2022 оны 11, 12, 2023 оны 01 сарын нийт авсан цалингийн дундаж 3500 000 төгрөгөөр тооцож 108 500 000 төгрөг, 2023 оны 02 сард дутуу авсан цалин хөлс нийт 1000 000 төгрөг, ээлжийн амралтын цалин 2 499 990 төгрөг /1 сарын дундаж цалин 3500 000 : 21 = 166 666 нэг өдрийн цалин, 166 666 х 15 = 2 499 990 төг/  гаргуулахаар тогтоосныг тайлбарлах нь зүйтэй.

20. Талууд хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болох цалин хөлс, ажлын цагийн хуваарийн талаар тохиролцоогүй, Б.************* хичнээн цаг илүү ажилласныг нотлох баримт хэрэгт байхгүй учир илүү цаг ажилласны нэмэгдэл хөлс шаардах эрх үүсээгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгов.

21. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 716 672 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид,  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид  тус тус олгохоор тогтоов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар гомдол гаргагч Б.*************ийг *********** олон улсын тээвэр ХХК-ийн эмчийн ажил албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор, дутуу авсан цалин хөлс, ээлжийн амралтын цалин нийт 111 999 990  төгрөгийг хариуцагч *********** олон улсын тээвэр ХХК-аас гаргуулан гомдол гаргагч Б.*************т олгож, гомдлын шаардлагаас үлдэх 61 766 565 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар Б.Буланчимэгийн нийгмийн даатгалыг нөхөн төлж бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 716 672 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид,  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид  тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНТУУЛ