2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2025/07010

 

 

 

 

   

     2025          09            09                                          192/ШШ2025/07010

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ************* нэхэмжлэлтэй,

хариуцагч: ***************холбогдох,

 

            зээлийн гэрээний үүрэгт 128 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

      

            шүүх хуралдаанд:

            **************

            шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 128 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:   Д.********* бид хоёр таньдаг найз нөхдийн холбоотой байж байгаад намайг *********** аймагт ажилладаг байхад мөнгөний хэрэг байна, зээлүүлээч гээд гуйгаад байхаар нь ажил төрлөө зохицуулаад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эрт амарч ирээд би 70,000,000 төгрөг зээлүүлсэн. Сарын дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дахиад мөнгө зээлүүлсэн. Он гараад ажил дээрээ очоод байж байтал мөнгөний хэрэг гараад байна, найздаа туслаач гэсээр байгаад би ************ь аймгаас гараад Төв аймаг дээр ирээд нотариат орж мөнгөө өгчхөөд өдөртөө ажил руугаа буцаж байсан. Тэрнээс хойш мөнгө өгөхгүй худлаа ярьж явсаар байгаад би тэсэхээ байгаад 2023 оны 07 дугаар сард эхний зээлсэн 70,000,000 төгрөгөөр нь шүүхэд хандаад шүүхийн шийдвэр гараад 2 жил болж байна. Тэр мөнгөө ч гүйцэт барагдуулаагүй явж байгаа. Дараагийнх нь болохоор байрны асуудал байгаа манай талд шийдэгдэх гэж байгаа тэгэхээр нийлүүлээд төлчихнө гээд 2022.01.17-ны өдөр 2 сарын хугацаатай 80 000 000 төгрөг зээлсэн боловч тэр нь бас худлаа болж таарсан. Энэ зээлсэн мөнгөө бол огт төлөөгүй байгаа. 128 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шийдвэр гаргаж өгнө үү..гэв.  

 

3.Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1-2 тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 тал/

            2022.01.17-ны өдрийн БД0082 дугаар Зээлийн гэрээ /хэргийн 4-5 тал/

            Хаан банкны дансны хуулга /хэргийн 6 тал/

            Хас банкны дансны хуулга /хэргийн 7 тал/ зэрэг баримтууд,

 

5. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Хариуцагчийн иргэний үнэмлэх /хэргийн 11 тал/ зэрэг  баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч ...үндсэн зээл 80 000 000 төгрөг, хүү 8000 000 төгрөг, алданги 40 000 000 төгрөг нийт 128 000 000 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...зээлсэн мөнгөө тохирсон хугацаандаа төлөөгүй... гэж тайлбарлав.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар ямар нэг тайлбар баримт ирүүлээгүй.

4. Хэрэгт авагдсан баримт зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

2022 оны 01 сарын 17-ны өдөр нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч, хариуцагч буюу зээлдэгч нарын хооронд бичгээр Зээлийн гэрээ байгуулж, хариуцагч 80 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, хоёр сарын хугацаатай 80 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлэх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.

Нэхэмжлэгч 2022.01.17-ны өдөр зээлийн гэрээний дагуу 40 000 000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар, 40 000 000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хас банкны дансаар тус тус хариуцагчид шилжүүлсэн нь банкны дансны хуулга баримтаар тогтоогдож байна. 

4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ “,  мөн хуулийн 282.1-т “нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

5. Зохигчдын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ баримтаас үзэхэд нэг талаас нэхэмжлэгч 80 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлэх, нөгөө талаас хариуцагч зээлсэн мөнгийг тохиролцсон хугацаанд  хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээж,  гэрээний аль нэг тал хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг нөгөө талдаа төлөхөөр харилцан тохирсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т заасан анзын гэрээ, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

6. Талууд хүсэл зоригоо илэрхийлж, анзын гэрээ, зээлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1, 232 дугаар зүйлийн 232.3, 282 дугаар зүйлийн 282.3-т нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл болжээ.

7. Нэхэмжлэгч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж, 80 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн байна. Харин хариуцагч зээлсэн мөнгийг хүүгийн хамт хугацаанд нь буцаан төлөх хариу үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байна.

8. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч шүүхийн тогтоосон хугацаанд тайлбараа ирүүлээгүй, шүүхэд ирж тайлбараа өгөөгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хуулийн журамтай.

 9. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн  232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасан үндэслэлтэй тул хариуцагчаас үндсэн зээл 80 000 000 төгрөг, хүү 8000 000 төгрөг, алданги 40 000 000 төгрөг нийт 128 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

10. Хариуцагч зээлсэн мөнгийг хүүгийн хамт эргүүлэн төлөх үндсэн үүргээ зөрчсөн учир нэхэмжлэгч гэрээний хариуцлага буюу алданги шаардах эрхтэй. Алдангийн хэмжээг нэхэмжлэгчийн шаардлагын хэмжээгээр тооцсоныг тайлбарлах нь зүйтэй.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 797 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 797 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Д.*********аас зээлийн гэрээний үүрэгт нийт 128 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.************т олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 797 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 797 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНТУУЛ