Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 89

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Шүүгдэгч: А.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.А т холбогдох 1828000540061 тоот эрүүгийн нэг хавтас хэргийг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 25-нд Өмнөговь аймгийн Манлай суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Энержи Ресурс” ХХК-д машин бүтээгч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сум, 3 дугаар баг, Цагаан-Овоо, Ямаан хүрэн гудамж, 13-3 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, А.А , регистрийн дугаар ....

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч А.А  нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумаас зүүн урагш 70 километрт буюу Хондот багийн Хадан бууц гэх газар 67-41 ӨМӨ улсын дугаартай “Тоёота приус” маркийн автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.5 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөний улмаас 79-89 ӨМҮ улсын дугаартай “Хюьндай старекс” маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч Х.Т , Э.Б  нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Энэ оны 03 дугаар сарын 12-ны орой ажлаасаа буугаад явж байтал хохирогч Э.Б , Э.Б  нар манай ээжтэй хамт дүүгээ хүргэж өгөх гээд явж байсан. Намайг машин бариад яваад өгөөч гэж гуйсан. 20 цаг 30 минутын үед осол болсон. Нөгөө машины гэрэл цацарч үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Дүрмийн заалтаа мэдэж байгаа. Тойроод гараад ирсэн. Бас нэг бүдэг зам яваад байсан. Зам руугаа нийлэхэд машин гараад ирсэн. Хохирогч манай хойд аавын төрсөн дүү нь байгаа юм. Гарсан хохирлыг төлж барагдуулсан. Шүүх хурлаас өмнө Х.Т ын нөхөр утсаар ярьсан. Хохирол төлбөрийг төлхөөр тохирсон. Миний унаж явсан машин янзлагдаагүй байж байгаад одоо Дорноговь аймаг явж янзлуулж байгаа. Хөрөнгө үнэлгээний дүгнэлтээр гарсан 980.000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгчид төлнө. Банкнаас зээл авч байгаад төлнө. Цалин авдаг хэдий ч уг хохирол төлбөрийг бөөнөөр нь төлөхөд цалин хүрэхгүй. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Банкны зээл авч төлөх боломжтой. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Э.Б д эмчилгээний зардал  буюу хохирол төлбөрт 1.084.000 төгрөг, Э.Б д 984.000 төгрөгийг өгсөн...хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү  гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Т ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өөрийн төрсөн дүү Мөнхзаяаг хөдөө байдаг гэрт хүргэж өгөхөөр явах гэж байгаад хамаатны дүү А.А ийг гуйгаад хамт явахаар болсон юм. Цогтцэций сумаас 18 цагийн үед миний машин болох 67-41 ӨМӨ улсын дугаартай приус-10 маркийн автомашиныг А.А  жолоодоод би хажууд нь суугаад манай дүү Мөнхзаяа хүүхдийн хамтаар арын суудалд суугаад манай хүү Э.Б  мөн арын суудалд суугаад бид тавуулаа 18 цаг өнгөрч байхад Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн нутаг Дэрсэн усны Хүрэн-Овоо гэх газар луу явсан. Явж байгаад хөдөө гэрт очихоос 4 км зайд Хадан бууц гэх газрын баруун талын замд байх нугачаатай замаар өгсөөд гараад ирэхэд өмнөөс нэг машин гарч ирсэн. Тэр машинтай манай машин мөргөлдсөн. Тухайн үед би урагшаа шил мөргөсөн. Машинаас буугаад ирэхэд миний зүүн гар доошоо унжаад хөдлөхгүй байсан. Миний хүү хоёр суудлын голд уначихсан байсан. Хүүгээ босгоод ирэхэд зүгээр байх шиг байсан. Мөнхзаяа хүүгийн хамтаар бэртэл гэмтэл аваагүй байсан. Сумаас машин дуудаад Цогтцэций сум руу яваад Цогтцэций сумын эмнэлэгт очиж үзүүлэхэд миний зүүн гарыг хугарсан байна. Миний хүүгийн баруун хөл мөн хугарсан байна гэж хэлсэн. Аймгийн эмнэлэгт шилжиж ирээд хэвтэж мэс засалд орсон. Зам тээврийн ослын улмаас миний зүүн гар тохой хэсгээрээ 1 удаа хугарсан. Одоо биеийн байдал зүгээр байгаа. Гар шохойтой байгаа. Манай хүү Э.Б гийн баруун хөл хугарсан. Одоо биеийн байдал нь гайгүй байгаа. Шохойтой байгаа. Тухайн зам тээврийн осол жолоочийн анхаарал болгоомжгүй байдлаас болсон байх гэж бодож байна. Миний сууж явсан машин 67-41 ӨМӨ улсын дугаартай миний машин байсан юм. Би тухайн машиныг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Д.Д  гэдэг найзаасаа 3.300.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед машинаа худалдаж аваад би нэр дээрээ шилжүүлж амжаагүй байсан юм. Миний машины буруу талын урд талын гупер, крило, дугуй, их гэрэл зэргүүд гэмтсэн байсан. Тухайн үед шөнө болж байсан учраас би А.А ийг гуйгаад машинаа бариулж явсан юм. А.А  архи согтууруулах ундаа болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглээгүй байсан. Тухайн үед харанхуй болсон байсан. Жолооч гэрлээ асаагаад явж байсан цаг агаар тогтуун байсан юм. Тухайн зам нь орон гаран ихтэй учир 40-50 км цагийн хурдтай явж байсан. Миний эмчилгээнд нийт 1.058.000 төгрөгийн зардал гарсан. Энэ эмчилгээг А.А  төлсөн байгаа. Надад гомдол, санал байхгүй. Нэхэмжпэх зүйл байхгүй. Тээврийн хэрэгсэлтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Би А.А ийг гуйж яваад ийм асуудалд орсон учраас тээврийн хэрэгсэлд учирсан гэмтлүүдийг би өөрөө засч янзлуулна...” гэжээ. /хх-16-17, 31/,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би Э.Б гийн ээжтэй 2017 онд гэр бүл болсон. Э.Б  бол миний дагавар хүү байгаа юм. Тийм учраас би энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Мөн манай эхнэр Х.Т  намайг хууль ёсны төлөөлөгчөөр оруулах талаар хүсэлт гаргасан байгаа. Би тухайн осол болох үед ажил дээрээ байсан учраас сайн мэдэхгүй. Манай эхнэр хүүхэд хоёр хөдөө гэртээ очиж дүүгээ хүргэж өгөхөөр явсан. Хамаатны дүү А.А ийг гуйгаад хамт явж байгаад зам тээврийн осолд орж гэмтсэн. Хүү Э.Б  зам тээврийн осолд орж баруун хөлны дунд чөмөг нь хугарсан гэмтэл авсан. Одоо биеийн байдал нь гайгүй байгаа. 3ам тээврийн осол ямар шалтгаанаар гарсан талаар мэдэх зүйл байхгүй. Эхнэрийн биеийн байдал гайгүй байгаа. Хүүхэд гайгүй болсон мөн эхнэрийн эмчилгээ болон бүх зүйл дээр тусалж дэмжиж байгаа болохоор гомдол, санал байхгүй. Хүүгийн эмчилгээнд 958.000 төгрөг төлсөн байгаа. Эмчилгээнд гарсан зардлуудыг тухай бүрт нь төлж байгаа учир нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-21-22/,

Иргэний нэхэмжлэгч Б.Б ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би 2018 оны 03 дугаар сарын 12-ны орой би 20 цагийн үед Өмнөговь аймгаас Цагаан хад орох гэж яваад Өмнөговь аймгаас зүүн тийш 70 орчим км-т явж байхад овооны цаад талаас машины гэрэл гарч байсан бөгөөд би гэрлээ ойр дээр нь тавиад явж байхад өмнөөс Приус маркийн автомашин эсрэг урсгалаар гарч ирж миний 79-89 ӨМҮ улсын дугаартай автомашины буруу талын урд талаас мөргөж миний эд хөрөнгөд хохирол учруулсан. Миний машины эвдэрсэн эд ангиудын үнэлгээг “Ашид билгүүн” ХХК-иар хийлгэсэн бөгөөд миний машины бодит хохирол үнэлгээгээр нийт 904.000 төгрөг гэж гарсан.  Энэ үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа ба энэ үнэлгээнд засварын газарт хийлгэсэн ажлын хөлс ороогүй байсан. А.А аас засварын мөнгө болох 300.000 төгрөгийг гаргуулж авсан юм. ...Миний машины баруун гар талын их гэрэл, дохио, гупер, буруу талын кирлан, дээд доод гар, гарны тулгаар, амортизатор, жолооны хүрдний тайг, обудны дотор ирмэг хонхойсон, под рам дотогшоо чихэгдсэн. Баруун гар талын хаалга гажиж онгойхгүй болсон. ...Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол, санал байхгүй...” гэжээ. /хх-24,32/,

Шүүгдэгч А.А ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “2018 оны 03 дугаар сарын 12-ны орой 19 цаг өнгөрч байх үед Э.Б  гэх хүний хөдөө байдаг гэрт очих гээд Э.Б  хүүхэдтэйгээ, Мөнхзаяа хүүхэдтэйгээ бид нар 5-уул Э.Б ын Приус машиныг би жолоодоод Цогтцэций сумаас баруун хойшоо гараад явж байсан. Шороон замаар 30 орчим киломерт явж байтал зам уруудаж ороод овгор товгийн өөд өгсөөд гараад иртэл өөдөөс гэнэт машин гарч ирээд мөргөлдсөн. Нөгөө машины жолооч Цогтцэций сумын цагдаад мэдэгдсэн. Машинд сууж явсан Э.Б  эгч болон түүний хүү Э.Б  нар бэртсэн байсан. Сумаас машин дуудаад хүмүүсээ Цогтцэций сум руу явуулсан. Замын дунд овгор товог байсан болохоор машин ирж байгаа нь огт харагдаагүй. Замын үзэгдэх орчин шөнө болоод сайн юм харагдахгүй байсан. Мөн замын дунд овгор товог байсан. Би орой ажлаасаа буугаад явж байсан болохоор архи уугаагүй байсан. Өмнө талд машин ирж байгаа нь харагдаагүй. Өөд өгсөөд товог дээр гартал гэнэт машин гараад ирсэн. Осол болсон дараа нөгөө машины жолооч ах “Би гэрлээ ойр дээрээ шилжүүлээд явж байсан” гэж надад хэлсэн. Гэнэт өөдөөс машин гарч ирсэн болохоор тойрч гарах боломж байгаагүй. 40 орчим километр цагийн хурдтай өөд өгсөж байсан болохоор зөөлхөн явж байсан. Би жолооны В, С ангиллын үнэмлэхтэй. Миний унаж явсан 67-41 ӨМӨ улсын дугаартай машин Д.Д  гэх хүний машин. Эгч Э.Б  Д.Д гээс авахаар ярьсан байсан гэсэн. Ослын улмаас толгойндоо жаахан доргилт авсан, баруун гарын шуунд хөндүүрлээд байгаа, бөөр жаахан өвдөөд байгаа. Өөрөөр хугарч бяцарсан зүйл байхгүй. Миний унаж явсан машины копуд, баруун гар талын төмөр карлон баруун гар талын их гэрэл, баруун гар талын урд гупер, салхины шил зэрэг эд зүйл хагарсан. Жолооны хүрд муруйсан, баруун гар талын урд 16-тай дугуйн бакаришиг мөргөлдөх үед хагарсан байсан...” гэжээ. /хх-25/,

Гэрч А.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би ажлын хүмүүстэй хамт аймагт тэмцээнд оролцож дуусаад 2018 оны 03 дугаар сарын 12-ны орой манай ажлын дэслэгч А.Г , дэслэгч С.Б , ахлах ахлагч Ц.А, Г.Л  нарын хамт аймгаас орой 18 цаг өнгөрч байхад Ханбогд сумын Цагаан хад руу старекс машинаар гараад явж байсан. Аймгаас засмалаар явж байгаад жолооч замдаа дайвар авна гээд нэлээд зогссон. Тэндээсээ шороон зам руу салаад явж байхад өөдөөс нэг машин гэрэл цацраад ирж байгаа харагдсан. Би хамгийн хойд суудал дээр суугаад явж байсан. Нэг машин өөдөөс гараад ирсэн зөрөх нь үү гэтэл өөдөөс мөргөлдсөн. Бид нар машинаас буусан. Манай жолооч цагдаад дуудлага өгсөн. Миний биед гэмтэл учирсан зүйл байхгүй. Манай машины жолооч архи огт уугаагүй байсан. Осол орой 20 цагийн үед гарсан. Миний сууж явсан машин нэг их хурдтай яваагүй. Аймгаас гараад их удаан явсан. Тийм учраас зөөлхөн л явсан байх. Миний биед гэмтэл учирсан зүйл байхгүй учраас үзүүлэх шаардлагагүй. Надад гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-26/,

            Гэрч А.Г ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би ажлын хүмүүстэй хамт аймагт тэмцээнд оролцож дуусаад 2018 оны 03 дугаар сарын 12-ны орой манай ажлын дэслэгч С.Б , ахлах ахлагч Ц.А, Г.Л  А.Б  нарын хамт аймгаас орой 18 цаг өнгөрч байхад Ханбогд сумын Цагаан хад руу 79-89 ӨМҮ улсын дугаартай старекс машинаар явсан. Аймгаас засмалаар явж байгаад жолооч замдаа дайвар авна гээд нэлээд зогссон. Тэндээсээ шороон зам руу салаад явж байсан.  Би жолоочийн ар талын суудлын голд суусан. Би аймгаас гарахдаа жаахан архи уусан байсан болохоор унтаад явж байсан. Миний хажууд Ц.А, С.Б  нар сууж явсан. Хамгийн арын суудал дээр А.Б , жолоочийн хажуу талын суудалд Г.Л  сууж явсан. Нэг сэртэл машин мөргөлдсөн манай машины хүмүүс машинаас буусан байсан. Манай жолооч цагдаад дуудлага өгсөн. Миний биед гэмтэл учирсан зүйл байхгүй. Манай машины жолооч архи огт уугаагүй байсан. Осол орой 20 цагийн үед гарсан байх. Би унтаад явж байсан болохоор сайн мэдээгүй, мөн өөдөөс машин гарч ирж байгааг хараагүй. Миний биед гэмтэл учирсан зүйл байхгүй учраас үзүүлэх шаардлагагүй. Надад гомдол санал байхгүй...” гэжээ. /хх27/,

            Гэрч Ц.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би ажлын хүмүүстэй хамт аймагт тэмцээнд оролцож дуусаад 2018 оны 03 дугаар сарын 12-ны орой манай ажлын дэслэгч А.Г , дэслэгч С.Б , ахлах ахлагч А.Б , Г.Л  нарын хамт аймгаас орой 18 цаг өнгөрч байхад Ханбогд сумын Цагаан хад руу старекс машинаар гараад явж байсан. Аймгаас засмалаар явж байгаад жолооч замдаа дайвар авна гээд нэлээд зогссон. Тэндээсээ шороон зам руу салаад явж байсан. Би машинд жолоочийн арын суудлын заалны хаалганы эвхдэг суудал дээр суугаад унтаад явсан. Миний хажууд зүүн гар талд С.Б , А.Г  нар байсан. Миний арын суудал дээр А.Б  сууж явсан. Миний утсанд дуудлага ирээд сэрээд утсаа харчихаад зам руу хартал нэг машины гэрэл өөдөөс тусаад орж ирээд 2 машин мөргөлдсөн. Бид нар машинаас буусан. Манай жолооч цагдаад дуудлага өгсөн. Миний биед гэмтэл учирсан зүйл байхгүй. Манай машины жолооч архи огт уугаагүй байсан. Осол болох үед жолооч машинаа тоормослосон. Миний сууж явсан машин нэг их хурдтай яваагүй. Шинжээч эмчид үзүүлэх шаардлагагүй. Надад гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-28/,

Гэрч Х.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 03 дугаар сарын 12-ны орой 19 цаг өнгөрч байх үед би Цогтцэций сумаас хүүтэйгээ хамт Ханхонгор сумын Хондот багт байх хөдөө гэртээ хүргүүлэхээр манай эгчийн Приус-10 маркийн машинаар А.А  гэх дүүгээрээ жолоодуулаад явсан. Машин дотор урд жолоочийн хажуу талын суудал дээр Э.Б , жолоочийн арын суудал дээр Х.Т 6 настай хүү Э.Б , би хүүтэйгээ хамт Э.Б гийн хажууд сууж явсан. Сумаас баруун хойш хөдөө байдаг гэр лүү очихоор замдаа явж байсан. Зам өөд өгсөөд товог гараад иртэл өөдөөс машин гарч ирээд мөргөлдсөн. Манай жолооч, Э.Б  2 түрүүлж буусан. Би машинд үлдсэн. Бид нар сум руу Алтантуяа гэх хүн рүү яриад бид нарыг ирж аваад Цогтцэций сумын эмнэлэгт хүргэж ирсэн. Надад болон миний хүү Соджаргалын биед гэмтэл учраагүй. Э.Б  эгчийн зүүн гарын тохойны дээгүүр хугарсан, түүний хүү Э.Б гийн баруун хөлийн гуян дундуур хугарсан. Өөр гэмтсэн хүн байгаагүй. Манай хүүхэл С 3 настай эрэгтэй. Осол болох үед жолооч машинаа тоормослосон. Гэхдээ гэнэт өөдөөс машин гарч ирээд манай жолооч жолооны хүрдээ зүүн гар тал руу дарсан. Тэгээд л мөргөлдсөн. Үйл явдал маш хурдан болсон. Миний сууж явсан машин нэг их хурдтай яваагүй. 40-50 километр цагийн хурдтай явсан байх. Бид нар хамгаалах бүс зүүгээгүй байсан. Би өөрийгөө болон хүүхдийг шинжээч эмчид үзүүлэх хүсэлт байхгүй. Надад гомдол, санал байхгүй...” гэжээ. /хх-29/,

            Гэрч Б.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 03 дугаар сарын 12-ны орой тэмцээнд оролцоод буцах гэж байгаад хилийн цэргийн 0131-р ангийн Гашуун сухайт хилийн заставын алба хаагчид гээд 1 хүүхэн 4 залууг аваад манай нөхөр Б.Б  79-89 ӨМҮ улсын дугаартай старекс маркийн машиныг жолоодоод аймгаас 18 цаг өнгөрч байхад гарсан. Урд талд миний хажууд цэргийн нэг залуу суусан байсан. Бусад хүмүүс нь арын суудалд суугаад явцгаасан. Засмал замаар явж байгаад 19 дэх километрийн гармаар урагшаа шороон замаар явсан. Аймгаас 70 орчим километрт явж байтал өмнөөс овооны цаана нэг машин ирж байгаа бололтой гэрэл харагдаж байсан. Өмнө суусан бид гурав өөдөөс ирж байгаа машины гэрэл цацарч байгааг хараад машин ирж байна гээд ярилцаж байсан. Манай машин жаахан өөд өгсөөд гараад иртэл өөдөөс нэг машин гарч ирээд мөргөлдсөн. Манай нөхөр Цогтцэций сумын цагдаад мэдэгдсэн. Шөнө харанхуй байсан. бартаа саад гэх юм байхгүй. Жаахан өөд газар байсан болохоор овооны цаана машин ирж байгаа бололтой гэрэл цацарч харагдсан. Осол 20 цагийн үед гарсан. Манай нөхөр архи уугаагүй байсан. Яагаад осол болсныг сайн хэлж мэдэхгүй байна. Манай машин замаараа явж байсан ч өөдөөс машин гарч ирээд мөргөлдсөн. Машин ямар хурдтай явсныг мэдэхгүй. Зөөлхөн явж байсан. Ослын улмаас толгой хөдөлсөн байсныг бариулсан. Одоо гайгүй болсон...” гэжээ. /хх-30/,

Гэрч С.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Манай заставын хэсэг алба хаагч нар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд зохион байгуулагдсан тэмцээнд оролцоод аймгийн төвөөс застав руугаа явахаар старекс маркийн 79-89 ӨМҮ улсын дугаартай автомашины жолоочоор хүргүүлэхээр ярьж тохироод аймгийн төвөөс 2018 оны 03 дугаар сарын 12-ны орой 18 цагийн үед Цогтцэций сумын чиглэлд гарсан. Машиныг жолооч нь өөрөө жолоодож машинд жолоочийн эхнэр нь болон манай ажлын А.Г , Ц.А, А.Б , Г.Л  бид нар явж байсан. Засмал замаас салаад шороон замаар явж байгаад өөдөөс гарч ирсэн машинтай мөргөлдчихсөн. Машинаас буугаад харахад бидний сууж явсан автомашин Приус маркийн автомашинтай мөргөлдсөн байсан. Тэр машинд сууж явсан хүмүүс бэртэж гэмтсэн гээд Цогтцэций сумын эмнэлэг рүү машин дуудаж хүргүүлсэн. Бид нар аймгаас машин дуудаж мөн Цогтцэций сумын төвд ирээд байна. Осол яг хаана гарсныг бол би мэдэхгүй байна. Дов, толгодтой газар байсан. Нэг дов руу бидний зорчиж явсан машин өгсөөд гарч ирэх үед эсрэг талаар мөн замаар гарч ирсэн машинтай мөргөлдсөн. Цаг агаар бол тогтуун байсан үзэгдэх орчин гэвэл шөнө гэрэл тавиад явж байсан. Осол шороон зам дээр гарсан. Автомашин хэдэн километр цагийн хурдтай явж байсныг сайн мэдэхгүй. Би арын суудалд сууж явсан болохоор тэр талаар сайн мэдэхгүй байна. Автомашиныг жолооч нь өөрөө жолоодоод жолоочийн эхнэр болон Г.Л  хоёр урд талын суудалд, бусад хүмүүс арын суудалд сууж явсан юм. Ослын улмаас миний биед ямар нэг гэмтэл бэртэл учраагүй...” гэжээ. /хх-33/,

Гэрч Г.Л ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би ажлын хүмүүстэй хамт аймагт тэмцээнд оролцож дуусаад 2018 оны 03 дугаар сарын 12-ны орой манай ажлын дэслэгч А.Г , дэслэгч С.Б , ахлах ахлагч Ц.А, А.Б  нарын хамт аймгаас орой 18 цаг өнгөрч байхад Ханбогд сумын Цагаан хад руу старекс машинаар явсан. Аймгаас засмалаар явж байгаад жолооч замдаа дайвар авна гээд нэлээд зогссон. Тэндээсээ шороон зам руу салаад явж байсан. Явж байхад өөдөөс нэг машин гэрэл цацраад ирж байгаа харагдсан. Би урд талын суудалд жолоочийн эхнэртэй хамт суугаад явж байсан болохоор харсан. Би жолоочид урдаас машин ирж байна гээд ярилцаж байсан. Тэгсэн жолооч жаахан зам тавьсан байдалтай өөд өгсөж яваад жаахан товог дээр гарахад өөдөөс машин гарч ирээд манай машины баруун гар талын урд хэсэг рүү мөргөсөн. Хүмүүс машинаас буугаад манай жолооч цагдаад дуудлага өгсөн. Миний биед гэмтэл учирсан зүйл байхгүй. Манай машины жолооч архи огт уугаагүй байсан. А.Г  дэслэгч жаахан уусан байсан. Гэхдээ машин дотор унтаад явж байсан. Бусад нь архи уугаагүй байсан. Шөнө гэрэл тусгаад явж байсан. Замд өгсүүр газар байсан. Түүнээс бартаа саад салхи шуурга байгаагүй. Миний биед гэмтэл учирсан зүйл байхгүй учраас шинжээч эмчид үзүүлэх шаардлагагүй. Надад гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-34/,

Гэрч Д.Д гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “67-41 ӨМӨ улсын дугаартай Тоёота приус-10 маркийн автомашин минийх байсан. Гэхдээ манай найз Х.Т  гэх хүнтэй машины нэр шилжүүлэхээр тохиролцсон байсан. Энэ машин Х.Т ын машин гэж хэлж болно. Надад бол хохирол, гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Одоогоос 14 хоногийн өмнө манай найз Х.Т  миний машиныг 3.300.000 төгрөгөөр авахаар тохиролцож зарсан...” гэжээ. /хх-35/,

Гэрч О.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “79-89 ӨМҮ улсын дугаартай Б.Б , Б.Э  нарын машин байгаа юм. Манай “Бэрс капитал” ХХК-ийн нэр дээр машиныг шилжүүлээд зээл авсан байгаа. Уг машиныг мөргөлдсөн талаар мэдээгүй. Тухайн машин нь 1.000.000 төгрөгийн барьцаатай байгаа юм. Манайхаас тээврийн хэрэгсэл барьцаанд тавиад зээл авсан иргэн зээлээ цаг хугацаанд нь төлбөр төлөх графикийн дагуу зээлээ төлж байгаа тохиолдолд тухайн машин ямар байх нь хамаагүй. Хэрэв зээлээ төлөөгүй тохиолдолд машиныг хураан авдаг юм...” гэжээ. /хх-36/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-2/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай /хх-3/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-7/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-13/,

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-14/,

Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-15,23/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Т ын хүсэлт /хх-18/,

Хүсэлтийг хангах тухай мөрдөгчийн тогтоол /хх-19/,

Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-20/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-37,40,43,46,49,52,55,59-60/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №155 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “Б.Б ы биед баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар биеийн эрүүл мэндийг сарниулах гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэжээ. /хх-38/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №154 дүгээр шинжээчийн дүгнэлтэд: “Б.Э гийн биед ямар нэг гэмтэл тогтоогдсонгүй...” гэжээ. /хх№41/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №156 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “А.А ийн биед тархины доргилт, эрүү, баруун шууны зөөлөн эдийн няцрал, эрүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-44/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №158 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “Х.Т ын биед тархины доргилт, зүүн атгаалын далд хугарал, толгойн орой, духны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхины цус хуралт, баруун тохойны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн атгаалын далд хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна...” гэжээ. /хх-47/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №157 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “Э.Б гийн баруун дунд чөмөгний далд хугарал  гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар саниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-50/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтэд: “...67-41 ӨМӨ улсын дугаартай Тоёота приус маркийн машины жолооч А.А  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.5 дахь хэсэгт заасан “...суурин газрын гаднах замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөн. 79-89 ӨМҮ улсын дугаартай старекс маркийн автомашины жолооч Б.Б  Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй гэж үзэж байна. Зам тээврийн ослын материалтай танилцахад гэрчүүд болон жолооч нар хоёр автомашиныг шороон замаар явж байгаад өгсүүр газар луу өгсөж гарч ирээд хоорондоо мөргөлдсөн гэж мэдүүлсэн, материалд авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зурагт зам тээврийн осол болсон газар нь огцом өгсүүр байх тул уг зам нь тээврийн хэрэгслүүдийн үзэгдэх орчинг хязгаарласан гэж үзэхээр байна. 67-41 ӨМӨ улсын дугаартай Тоёота приус маркийн машины жолооч А.А  нь шороон замын зүүн талаар явж байсан нь ослын газрын фото зургаар харагдаж байх тул түүнийг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.5 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэн дүгнэлтийг гаргав...” гэжээ. /хх-53/,

Бэлэн мөнгөний орлогын баримт /хх-54,58/,

“Ашид билгүүн” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний дүгнэлт, Авто техникийн эвдрэл, хохирлын үнэлгээнд: “...Toyota Prius-10 маркийн автомашин. Уг машины урд буфер хагарч зурагдсан. Урд салхины шил хагарч, крыло баруун урд чихэгдэж урагдсан капут хунирч чихэгдсэн баруун их гэрэл хагарч, баруун урд шанаа хунирсан байв. Зах зээлийн жишиг үнийн болон зардлын хандлагын аргыг ашиглан 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар гаргав. ...нийт дүн 980.000...”гэжээ. /хх-56/,

67-41 ӨМӨ тээврийн хэрэгслийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-57/,

“Ашид билгүүн” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний дүгнэлт, Авто техникийн эвдрэл, хохирлын үнэлгээнд: “...Hyundai Starex маркийн автомашин. Уг машины баруун урд гэрэл дохио хагарч, дээд доод гар тахийж, амортизатор гулзайж, баруун урд крыло хунирч, урд буфер хагарч, под крыло хагарч, буферийн доторх төмөр тахийж, баруун урд шанааны доод үзүүр чихэгдсэн байв. Зах зээлийн жишиг үнийн болон зардлын хандлагын аргыг ашиглан 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар гаргав. ...нийт дүн 904.000 төгрөг...” гэжээ. /хх-61/,

79-89 ӨМҮ тээврийн хэрэгслийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-62-64/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-39,42,45,48,51,65,66,67/,

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-68/,

Хувийн баталгаа авсан баримт /хх-69/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-72/,

Шүүгдэгч А.А ийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-73/,

Иргэдэд үйлчлэх автомат машинаас авсан оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-74/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-75,77,82,84,87/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-76/,

Шүүгдэгч А.А ийн жолоочийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-78/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Т ын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-80/,

Э.Б гийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-81/,

Иргэний нэхэмжлэгч Б.Б ы жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-83/,

Х.Мгийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-85/,

Б.Соджаргалын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-86/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-88/,

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тухай тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-89-97/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №44/498 тоот албан бичиг /хх-98/,

Х.Шаравын нэрэмжит Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн албан бичиг /хх-99/,

Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хх-100,111/,

Х.Т ын өвчний түүх /хх-101-110/,

Э.Б гийн өвчний түүх /хх-112-125/,

Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-126-131/,

Шүүгдэгч А.А ийн хүсэлт /хх-132/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-133,134,135/,

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-136/,

Яллах дүгнэлт, хавсралт /хх-137-140/,

Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-141/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч А.А нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумаас зүүн урагш 70 километрт буюу Хондот багийн Хадан бууц гэх газар 67-41 ӨМӨ улсын дугаартай “Тоёота приус” маркийн автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.5 дахь хэсэгт заасан “...суурин газрын гаднах замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 79-89 ӨМҮ улсын дугаартай “Хюьндай старекс” маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч Х.Т, Э.Б  нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч А.А т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос санал болгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.А нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн болох нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн: “...67-41 ӨМӨ улсын дугаартай Тоёота приус маркийн машины жолооч А.А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.5 дахь хэсэгт заасан “...суурин газрын гаднах замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөн. 79-89 ӨМҮ улсын дугаартай старекс маркийн автомашины жолооч Б.Б Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй гэж үзэж байна. Зам тээврийн ослын материалтай танилцахад гэрчүүд болон жолооч нар хоёр автомашиныг шороон замаар явж байгаад өгсүүр газар луу өгсөж гарч ирээд хоорондоо мөргөлдсөн гэж мэдүүлсэн, материалд авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зурагт зам тээврийн осол болсон газар нь огцом өгсүүр байх тул уг зам нь тээврийн хэрэгслүүдийн үзэгдэх орчинг хязгаарласан гэж үзэхээр байна. 67-41 ӨМӨ улсын дугаартай Тоёота приус маркийн машины жолооч А.А  нь шороон замын зүүн талаар явж байсан нь ослын газрын фото зургаар харагдаж байх тул түүнийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.5 дахь хэсгийг зөрчсөн...” гэх дүгнэлтээр тогтоогдож байх ба уг үйлдлийн улмаас Х.Т, Э.Б  нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №158 дугаар шинжээчийн  “Х.Т ын биед тархины доргилт, зүүн атгаалын далд хугарал, толгойн орой, духны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхины цус хуралт, баруун тохойны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэлнь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн атгаалын далд хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-47/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №157 дугаар шинжээчийн “Э.Б гийн баруун дунд чөмөгний далд хугарал  гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар саниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр /хх-50/  тус тус тогтоогдож байна.

            Иймд Шүүх шүүгдэгч А.А ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зорчигч Х.Т , Э.Б  нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Шүүгдэгч А.А ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгч А.А т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд тулгуурлан шүүгдэгч А.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн байдалд тохирно гэж дүгнэлээ.

            Шүүх шүүгдэгч А.А ийн арилжааны банкинд эзэмшдэг данс болон дансны үлдэгдэл, түүний “Энержи Ресурс” ХХК-нд машин бүтээгч ажилтай зэрэг цалин хөлс, орлого олох боломжийг нь харгалзан үзэж торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.А ийн  жолоодож явсан 67-41 ӨМӨ улсын дугаартай Приус маркийн автомашин нь  Х.Т ын эзэмшлийнх болох нь түүний хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...миний сууж явсан машин миний машин байсан. Би тухайн машиныг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Д.Д  гэдэг найзаасаа 3.300.000 төгрөгөөр худалдаж авсан байсан юм. Машинаа худалдаж аваад би нэр дээрээ шилжүүлж амжаагүй байсан юм...” гэсэн мэдүүлэг  /хх-17/, мөн гэрчээр Х.Т ын “...А.А ийг ажлаасаа буугаад ирэхээр нь өөрийн 67-41 ӨМӨ улсын дугаартай Приус машиныг жолоодуулаад хөдөө явсан...” гэсэн мэдүүлэг /хх-31/, гэрч Д.Д ий “...67-41 ӨМӨ улсын дугаартай Приус 10 маркийн автомашиныг найз Х.Т д зарсан одоо Х.Т ын машин гэж хэлж болно...” гэсэн мэдүүлэг /хх-35/ тээврийн хэрэгслийн тодорхойлолт /хх-78/ зэргээр тогтоогдож байна.

Иймд иргэний нэхэмжлэгч Х.Т ын эзэмшлийн 67-41 ӨМӨ улсын дугаартай Приус 10 маркийн автомашины эвдрэл гэмтлийг “Ашид билгүүн” ХХК-ийн тусгай мэдлэг бүхий шинжээч нар хуульд заасан журмын дагуу 980.000 төгрөгөөр үнэлж тогтоосон байх тул шүүгдэгч А.А аас 980.000 төгрөгийг гаруулан иргэний нэхэмжлэгч Х.Т д олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.А нь дээрх 980.000 төгрөгийн хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн ба хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд ямар хэмжээгээр хийх талаар санал хүсэлт гаргаагүй бөгөөд банкнаас зээл авч төлөх талаар мэдлүүлсэн тул шүүх шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэсэн болно.

Уг гэмт хэргийн улмаас Х.Т, насанд хүрээгүй хохирогч Э.Б н биед баруун дунд чөмөгний далд хугарал бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл /хохирол/ учирсан байх тул хохирогч нарын эрхийг хангах үүднээс эмчилгээтэй холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь  шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.А нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э эд 958.000 төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Т д 1.058.000 төгрөгийн эмчилгээний зардал төлсөн болох нь хохирогч иргэний нэхэмжлэгч Х.Т , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э  нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Түүнчлэн Ашид билгүүн ХХК-ийн автомашин техникийн үнэлгээгээр иргэний нэхэмжлэгч Б.Б ы эзэмшлийн 79-89 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохиролд 904.000 төгрөг гарсан байх ба шүүгдэгч А.А  нь мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Б д 1 сая төгрөг өгсөн талаараа мэдүүлсэн, мөн иргэний нэхэмжлэгч Б.Б  нь шүүгдэгч А.А аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг иргэний нэхэмжлэгч Б.Б д төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул тус шүүх хуралдааныг нээлттэй явууллаа.

Шүүх хуралдаанд шүүгдэгч А.А нь өмгөөлөгч авахгүй өөрийгөө өмгөөлж оролцох талаараа хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч А.А ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь 600.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч А.А нь охирогч, иргэний нэхэмжлэгч Х.Т д 1.058.000 /нэг сая тавин найман мянга/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э эд 958.000 /есөн зуун тавин найман мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Б д 1.000.000  /нэг сая/ төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.А аас 980.000 /есөн зуун наян мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гаргуулан иргэний нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 4 дүгээр баг, Уурхайчдын 5-167 тоотод оршин суух Э.Б д /регистрийн дугаар: .../   олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Т , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э  нар эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                                Э.ОЮУН-ЭРДЭНЭ