Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/37

 

*******д холбогдох  эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                   М.Мэндбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Г.Цэрэндолгор

Шүүгдэгч                                                       *******

Нарийн бичгийн дарга                             Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/164 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2421000000098 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* овогт *******ийн *******, Монгол Улсын иргэн, Ховд  аймгийн Цэцэг суманд 1998 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй,  мэргэжилгүй, Дорнод аймгийн Булган суманд барилгын туслах ажилтай, ам бүл 3, эгч, эмээ нарын хамт Улаанбаатар хот Багануур дүүрэг 4 дүгээр хороо, Наран хорооллын ******* тоотод оршин суух үндсэн хаягтай боловч одоогоор Дорнод аймгийн Булган сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД:*******/

2. Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "******* *******" худалдааны төвийн түрээсийн тасагт гар утасны худалдаа эрхэлдэг хохирогч *******ы лангуунаас Самсунг А05с загварын гар утас, хохирогч гийн Самсунг загварын AKG гэх бичиглэлтэй гар утасны чихэвч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 699,000 /зургаан зуун ерэн есөн мянган төгрөг/-ийн хохирол учруулсан,

мөн Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар баг Дэнжийн тоотод 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр насанд хүрээгүй хохирогч тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь бүсэлхий нурууны 3-р нугалмын сэртэнгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол,

мөн өдөр хохирогч тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь дух, эрүү, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч ******* овогт *******ийн Баасантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ыг 6 сарын хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.3, 3 дахь хэсэг заасныг тус тус журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 60 хоногийн хорих ялаар тус тус сольж, нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 9 /ес/ сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 9 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ас сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрт нийт 6,773,400 төгрөгийг гаргуулж, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлын зөрүү болох 180,000 /нэг зуун наян мянга/ төгрөгийг, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрт 3,293,400 /гурван сая хоёр зуун ерэн гурав мянга дөрвөн зуу/ төгрөгийг тус тус гаргуулж, Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг тоотод оршин суух, хохирогч ******* //-д, 3300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар баг Дэнжийн тоотод оршин суух, //-д тус тус олгож,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж,

Насанд хүрээгүй хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нар давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч ******* нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн хохирогч *******д хохирлын зөрүү 180 000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч , нарт эмчилгээний зардал өгч байсан боловч хохирогч нар нь аваагүй гэж мэдүүлж байна.

ын хувьд Багануур дүүргийн харъяатай эмээ дээрээ өссөн мал маллан амьдардаг. Өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй төлөв томоотой хүн. Үүрийнгэгээтэй фэйсбүүкээр танилцаад найз охинтой болсон. Үүрийгэгээтэй болж бүтэн цуг Багануур явна гэж ярилцсаны үндсэн дээр Дорнод аймагт ирсэн гэдэг. Дорнодод ирээд очих газар байхгүй тул Үүрийнгэгээгийн гэрт байсан. Баян малтай хүн ирчихсэн мэт бодож *******ас утас, мөнгө нэхэж өгөхгүй болохоор нь уурлаж тунихад ******* нь найз охиноо утастай болгох гэж хулгайн хэрэг үйлдсэн харагддаг. Өөрийн цочмог уурнаас болж бусдын биед халдан зодсон үйлдэл бас байна. ын хувьд буруу зүйл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч хохирогч нараас уучлалт гуйн очиход Үүрийнгэгээгийн ах нь зодсон байдаг.

… Хохирогч *******ы хувьд сэтгэл санааны хохирол гэж тогтоосон 3 293 400 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Худалдаж байсан утас нь алга болсон боловч уг утасны хохирлыг бүрэн барагдуулсан. Иймд *******д сэтгэл санааны хохирол гэж тогтоосон 3 293 400 төгрөгийг багасгаж, *******д оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ялаар сольж өгнө үү.” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

3. Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "******* *******" худалдааны төвийн түрээсийн тасагт гар утасны худалдаа эрхэлдэг хохирогч *******ы лангуунаас Самсунг А05с загварын гар утас, хохирогч гийн Самсунг загварын AKG гэх бичиглэлтэй гар утасны чихэвч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан,

мөн Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар баг Дэнжийн тоотод 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр насанд хүрээгүй хохирогч тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь бүсэлхий нурууны 3-р нугалмын сэртэнгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол, мөн өдөр хохирогч тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь дух, эрүү, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч ын мэдүүлэг /хх 119/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн хохирогч ******* /хх 1819, 21/, /хх 25, 28/, /хх 79-80, 183/, насанд хүрээгүй хохирогч /хх 84-86, 185/ нарын мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Н.Уянгын 2024 оны 3 сарын 13-ны өдрийн №149,  2024 оны 3 сарын 18-ны өдрийн №150 тоот дүгнэлтүүд /хх 89-90, 97-98/, Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн гаргасан Эд хөрөнгийн үнэлгээ /хх 31-33,40-42/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 06,76/, эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч ын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж,  шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

5. Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.3, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 сарын хорих ялаар тогтоон, уг ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

6. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон баримтуудыг шинжлэн судалж, хохирогч нарт учирсан бодит хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг зөв тогтоон, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болон сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрт нийт 6 773 400 төгрөгийг шүүгдэгч *******ас гаргуулж, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлын зөрүү болох 180 000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрт 3 293 400 төгрөгийг тус тус хохирогч *******д, 3 300 000 төгрөгийг хохирогч д тус тус олгож,  хохирогч нь хохирол болон нөхөн төлбөр нэхэмжлээгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй талаар тус тус дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

7. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас давж заалдах журмаар “... шүүгдэгч хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ялаар сольж өгнө үү. Мөн хохирогч *******ы сэтгэл санааны хохирол гэж тогтоосон 3 293 400 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул багасгаж өгнө үү…” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ. 

Шүүгдэгч ******* нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа гэх тайлбарыг гаргасан хэдий ч анхан шатны шүүхээс түүний хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялын хэмжээ тохирсон байх тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 9 сарын хорих ялыг өөр төрлийн ялаар солих үндэслэлгүй гэж үзэв.

 Улсын дээд шүүхээс баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.8 дугаар зүйлд шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо уг журмаар баталсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэргийн хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирлын хэмжээнд нөлөөлж болох нөхцөл байдлуудыг харгалзан үзээд дээд болон доод хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэхээр, мөн журмын 4 дүгээр зүйлд заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтээр 1 дүгээр зэрэглэлд хамаарч байгаа тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний дүнгээр тооцон гаргуулахаар, үүнээс доогуур тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй байхаар зохицуулсан

Хэргийн материалаас үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч *******ы сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 1 дүгээр зэрэглэлээр тогтоосныг шүүгдэгч болон хохирогч нарт танилцуулсан байх ба тэд хүснэгтээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан байна. /хх 46/

Анхан шатны шүүх дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгтэд заасныг үндэслэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ы сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг 3 293 400 төгрөгөөр тогтоож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

8. Шүүгдэгч ын 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 95 хоногийг шүүгдэгчийн ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байх ба мөн шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдаанаас хойш гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлын зөрүү 180 000 төгрөгийг хохирогч *******д төлж барагдуулсныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/164 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч ******* нь анхан шатны шүүх хуралдааны дараа буюу 2024 оны 6 сарын 07-ны өдөр гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 180 000 төгрөгийг хохирогч *******д төлснийг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ын 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 95 хоногийг шүүгдэгчийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ГАНЧИМЭГ 

        ШҮҮГЧИД                                                       Ц.ЭРДЭНЭЗУУ                                                                                                                   Г.УРТНАСАН