| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 240/2018/0084/Э/ |
| Дугаар | 93 |
| Огноо | 2018-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Мөнхтулга |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,
Улсын яллагч: С.Мөнхтулга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Н,
Шүүгдэгч: Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Г т холбогдох 1828000000059 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1975 оны 9 дүгээр сарын 20-нд Өмнөговь аймгийн Сэврэй суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, алт мөнгөний дархан ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, 7а-1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Т.Г , регистрийн дугаар ...
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 4 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруунсайханы 7а-1 тоотод хашаанд байрлах Өлзийт-2 дэлгүүрийн хажууд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч С.Б гийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хотоос найзууд ирсэн. Хоол унд хийж өгөөд нэг шил архи гаргасан. Уудаггүй учраас амархан согтсон байсан. Нэг мэдэхэд байшин дээрээс эхнэрээ татсан зогсож байсан. Найзууд ирсэн. Эхнэрийн хамарнаас цус гарсан байсан...” гэв.
Хохирогч С.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр манай нөхөр Т.Г ийн найзууд нь манайд ирсэн. Тэд нар ойрд уулзаагүй гээд хоол хийж өгөөд архи задалж ууцгаасан. Бид нар шөнө дуулаад сууцгааж байсан чинь 03 цаг өнгөрч байх үед Т.Г хашаанд байдаг байшин галлах гээд гарсан. Нэг найз нь хамт гарсан. Намайг дуудаж байна гэхээр нь би гарсан чинь Т.Г гэрийн өмнө байдаг байшинг галлаж байсан. Би дөхөөд очсон чинь Т.Г над руу их муухай харж байснаа л гэнэт чи муу яадаг гэнээ гээд өмнөөс аймаар хараад дөхөхөөр нь би айгаад эргээд зугтаасан. Араас хөөж байхаар нь би хашаанаас гарч зугтаад гүйсэн чинь Т.Г араас хөөгөөд байсан. Би хашааны урдуур тойроод хашааны өмнө байдаг Өлзийт гэх дэлгүүрийн хажуу талаар дээш гардаг шатан дээр баригдсан. Т.Г миний үснээс зулгаагаад яадаг гэнээ чи гээд толгой руу, нүүр лүү цохиод байсан. Миний хамраас их цус гарсан. Т.Г шатны хажуу талаар даваад гар гэхээр нь би даваад хажуу талын 1 давхар байшингийн дээвэр дээр гарсан /өмнө нь би тэр газраар давж дэлгүүр ордог байсан/. Т.Г миний үснээс зулгаачихаад нүүр лүү дахиад цохиод байсан. Би зугтаад байшингаас буудаг модон шатаар доош буух гэж байгаад хөл халтираад шатны хажуугаар доош унжиж байшингаас зүүгдсэн чинь Т.Г дээр зогсож байгаад миний 2 гарнаас барьж татсан. Гэрээс найзууд нь гарч ирээд яаж байна гэж байсан. Т.Г ийн гарнаас нь миний гар мултраад доошоо газарт хөлөөрөө буугаад арагшаа байшин луу савж унахад нэг найз нь барьж түшиж авсан. Намайг гэрт оруулж түргэн дуудсан. Манай нөхөр элэгний өвчтэй болохоор архи бараг уудаггүй, жаахан архи уугаад л тасарчихдаг юм тэр үед бол их архи уугаад тасарсан байсан байх. Тухайн үед бидний хооронд огт муудалцаж хэрэлдсэн зүйл болоогүй байсан. Үгүй, урьд нь намайг огт зодож байгаагүй. Хааяа нэг ам мурийх асуудал гардаг л байсан. Гэхдээ тэгтлээ муудалцаад байдаггүй байсан. Би Т.Г той хамтран амьдраад 2 жил болж байна, гэрлэлтээ батлуулаагүй. Миний нүүр, нүд хавдсан байсан одоо эдгэрсэн. Т.Г намайг саяхан Улаанбаатар хот руу явуулж нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлж, толгойн томографийн зураг авахуулж шинжилгээнүүд өгүүлсэн. Одоо миний биед ямар нэг гэмтэл байхгүй гэсэн хариу гарсан. Тухайн үед шөнийн 03 цаг өнгөрч байсан болохоор ойр хавьд огт хүн байгаагүй. Т.Г миний эмнэлэгт хэвтсэн зардал, эм тариа бүгдийг авч өгсөн надад одоо нэхэмжлэх зүйл огт байхгүй. Гомдолгүй. Шүүх хуралд оролцохгүй, хэргийн материалтай танилцахгүй...” гэжээ. /хх-20-21,29-30/,
Гэрч Б.Ц ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Өчигдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 05-ны орой би найз Т.Г ийн гэрт нь Д.Д , Л.Л , Т.Г , түүний эхнэр нарын хамт 2 архи хувааж ууцгаагаад байж байтал шөнө 03 цагийн үед Т.Г хашаандаа байдаг байшингийн зуухыг галлана гэхээр нь би хамтдаа гарч гал түлэхэд нь тусалсан чинь Т.Г зуух руу нүүрс хийнэ гээд би нүүрсийг нь хийх гэсэн чинь Т.Г “Наадахыг чинь хэмжиж хийдэг юм, чи манай эхнэрийг дуудчих” гэсэн. Би гэр лүү нь ороод эхнэрийг нь дуудчихаад гэрт нь Л.Л , Д.Д бид нар гитар тоглоод дуу дуулж байсан чинь гадаа эмэгтэй хүн орилох дуу гарсан. Л.Л хаалга нээгээд харсан чинь Т.Г гэрийнхээ урд талын байшин дээр гарчихсан эхнэрийхээ гарнаас бариад доош нь дүүжлэгдчихсэн зогсож байсан. Л.Л бид хоёр гарч гүйгээд “Тэгэж болохгүй хөөе” гэж хашгираад очоод эхнэрийг нь тосч авах гэсэн чинь амжаагүй эхнэр нь газарт хөлөөрөө буусан. Би эхнэрийг нь гэрт оруулаад харсан чинь нүүр нь нил цус болчихсон, уруул, нүд нь хавдчихсан хамар амнаас нь цус их гарчихсан байсан. Орон дээр суулгаад эмнэлэг дуудсан. Т.Г гаднаас орж ирсэн байсан. Т.Г гадагшаа гараад алга болчихсон. Цагдаад дуудлага өгсөн чинь цагдаа нар ирээд Т.Г гэх хүн цагдаа дээр ирчихсэн байна гэж байсан. Тэр үед Т.Г их согтсон байсан. Т.Г гэрт байхдаа бол огт муудалцаж маргалдаагүй. Эхнэр нь 3-4 хундага архи уусан байх, гэхдээ согтоогүй байх шиг байсан. Гадагшаа гарч нэг шил архи авчирч байсан өөрөө гарч ороогүй. Тухайн үед тэр гэрт байсан хүмүүс хоорондоо огт муудалцаагүй. Т.Г юунаас болж эхнэрийгээ зодсон талаар ёстой мэдээгүй...” гэжээ. /хх-22-23/,
Шүүгдэгч Т.Г ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр манай найзууд болох Д.Д , Л.Л , Б.Ц нар манайд нийлж хоол хийж идээд би найзууддаа 1 шил архи гаргаж өгч хувааж ууж дуусгаад дахин нэг шил архи хувааж уугаад инээлдээд, дуулаад сууцгаасан. Би гэртээ эхнэр С.Б гийн хамт байсан. Тухайн үед би гарч хашаандаа байдаг байшингийн готель зуухыг галлаад орж гараад байж байсан. Шөнө харанхуйд нэг сэргэсэн чинь би эхнэртэйгээ муудалцчихсан гэрийнхээ өмнө байдаг дэлгүүрийн байшингийн дээвэр дээр манай эхнэр байшингаас зүүгдчихсэн би гарнаас нь татчихсан зогсож байсан. Тэгээд гарыг нь алдчихсан. Гэрээс Б.Ц , Л.Л нар гараад ирчихсэн доор зогсож байсан. Би байшингаас буугаад гэрт орсон чинь эхнэрийн нүүр ам хавдчихсан, цус гарчихсан сүрхий царайтай болсон байсан. Манай найзууд “Чи чинь эхнэрээ зодоод яаж байгаа юм” гэж хэлсэн. Би хүн зодчихсон байна гээд шууд цагдаа дээр очиж мэдэгдсэн. Би С.Б тэй хамтран амьдраад 2 жил болж байна, бид гэрлэлтийн баталгаа хийлгээгүй. С.Б г би л зодсон байх өөр зодсон хүн байхгүй. Юунаас болж зодсоноо мэдэхгүй байна, би архи их уугаад тасарчихсан зарим зүйлийг огт санахгүй байгаа, би санаж байгаа зүйлээ л ярилаа. Гэр дотор байхдаа эхнэртэйгээ огт муудалцаагүй. Хааяа маргалддаг л байсан. Гэхдээ би эхнэртээ гар хүрч зодож байгаагүй. С.Б тухайн үед 4-5 хундага архи уусан байх. Би эхнэрийхээ хаана нь юугаар цохиж зодсныг огт мэдэхгүй, санахгүй байна. Би гэртээ ороод эхнэрийгээ зодсоноо мэдээд шууд цагдаад дээр ирж мэдэгдсэн. Тэгэхэд 04 цаг болж байсан гэхээр хэрэг шөнийн 03 цаг өнгөрөөгөөд болсон байх. С.Б миний биед гэмтэл учруулсан зүйл байхгүй. Яагаад тийм зүйл хийснээ би бодоод олохгүй байна...” гэжээ. /хх-24-25/,
Гэрч Л.Л ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 04 дүгээр сарын 05-ны орой Б.Ц , Д.Д бид нар Т.Г ийн гэрт нь архи ууцгааж байсан юм. Бид нар гитар тоглоод дуулаад шөнийн 03 цагийн үед Т.Г гарч байшингийн котел галлачихаад ирье гээд гарсан. Б.Ц хамт гарч яваад эргэж орж ирээд “Т.Г эхнэрээ дуудаж байна, нүүрс хийгээд ир гэнээ” гэсэн. Эхнэр нь гарч яваад их удалгүй л гадаа эмэгтэй хүн орилох чимээ гарахаар нь Б.Ц бид хоёр хамт гарсан чинь харанхуйд Т.Г гэрийнхээ урд байшингийн дээвэр дээр зогсчихсон эхнэрийнхээ хоёр гарнаас нь барьчихсан эхнэр нь доош зүүгдчихсэн байж байсан. Бид хоёр наанаас нь боль гээд гүйгээд очих хооронд Т.Г ийн эхнэр газар унасан. Т.Г байшингийн дээврээс буугаад ирэхээр нь би бариад авсан чинь намайг тавь гээд эхнэр лүүгээ очих гээд байсан. Би барьж тэвэрч яваад гэрт нь оруулсан чинь эхнэрийг нь Б.Ц түшээд гэр лүү нь оруулсан. Тэгээд хартал эхнэрийнх нь хамар амнаас цус гарчихсан байхаар нь орон дээр хэвтүүлээд Д.Д нүүрнийх нь цусыг арчиж өгсөн. Б.Ц эмнэлэг дуудсан. Би Т.Г ийг гэрийн баруун талд хориод зогсож байсан. Т.Г тухайн үед эхнэр лүүгээ очих гээд байсан. Тэгснээ би өөрөө цагдаа дээр очъе гээд гараад явчихсан. Шөнө Т.Г ийн эхнэр гэртээ байхдаа ямар ч гэмтэл шарх байгаагүй, Т.Г дуудаж гаргаад зодсон байх гадаа өөр хүн байгаагүй. Тухайн үед бүгд л адилхан халамцуу байсан байх, гайгүй л байх шиг зүгээр яриад байсан. Тэр хоёр гэрт байхдаа огт муудалцаж хэрэлдээгүй, зүгээр юм яриад байж байсан. С.Б тухайн үед архи уусан, их согтоогүй байсан. Би Т.Г оос “Чи яаж байгаа юм бэ?” гэсэн чинь Т.Г “Энэ муу ингэдэг байхгүй юу?” гэж хэлж байсан, өөр зүйл хэлээгүй...” гэжээ. /хх-26-27/,
Гэрч Д.Д ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 04 дүгээр сарын 05-ны орой Б.Ц , Л.Л бид нар Т.Г ийн гэрт очиж хоол хийж идчихээд зурагт үзэж сууцгааж байгаад архи авчирч хувааж уугаад дуусан чинь Т.Г ийн эхнэр дахин нэг шил архи авчирч хувааж ууж байтал шөнө Т.Г гадаа байгаа байшингаа галлана гээд гарахад Б.Ц хамт гарч яваад эргэж орж ирээд Т.Г ийн эхнэрийг нөхөр чинь дуудаж байна гээд орж ирсэн. Эхнэр нь гараад явсны дараа их удаагүй 5 минут орчим болж байхад гадаа хүн орилох чимээ гараад Л.Л , Б.Ц нар гарсан. Эхнэрийг нь оруулж ирсний дараа араас нь Т.Г орж ирсэн. Бид нар түргэн дуудсан чинь цагдаа дуудъя гэж байсан чинь Т.Г гараад явчихсан байсан. Т.Г ийн эхнэрийг хэн зодож гэмтэл учруулсныг би мэдээгүй, шөнө Т.Г эхнэрээрээ галд нүүрс хийлгэнэ гэнээ гээд дуудаад гарсан дараа л эхнэрийнх нь нүүр аймар болчихсон цус гоожчихсон орж ирсэн. Гэрээс гарахдаа бол тэр эмэгтэй зүгээр байсан. Т.Г согтсон эсэх нь мэдэгдэхгүй байсан. Гэр дотор тэр хоёр ямар ч муудалцсан зүйл байгаагүй. Архи ууж байсан, гэхдээ их согтоогүй байсан...” гэжээ. /хх-28/,
Шүүгдэгч Т.Г ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “Би С.Б тэй танилцаж хамтран амьдраад 2 жил болж байна. Бид гэрлэлтийн баталгаа хийлгээгүй, дундаасаа хүүхэдгүй. 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр манай найзууд болох Б.Ц , Д.Д , Л.Л гэх хүмүүс манайд ирцгээсэн. Бид тэд нартай ойрд уулзаагүй байсан болохоор хоол хийж дайлаад архи гаргаж хувааж ууцгаасан юм. Шөнө нэлээд орой болтол дуулцгааж сууж байсан. Би архиндаа согтоод тасарчихсан юу болсноо санахгүй байна, нэг мэдэхэд би гэрийнхээ өмнө байдаг байшин дээр зогсоод эхнэрийнхээ хоёр гараас татчихсан зогсож байсан. Манай эхнэр байшингаас доош унжчихсан байж байсан. Тэгээд юу болж байна гэж бодтол эхнэрийн гарыг алдаад доош нь унагасан. Манай найзууд гэрээс гарч ирээд юу болж байна яаж байна гээд байж байсан. Би гэртээ орсон чинь эхнэрийн нүүр нь хавдаад хамраас нь цус гоожчихсон байсан. Түүнийг хараад би зодсон юм байна гэж мэдээд шууд цагдаагийн газар луу очиж би эхнэрийгээ зодчихлоо гэж мэдүүлэг өгсөн. Би архи уугаад тасарчихсан байсан болохоор юунаас болж зодсоноо мэдэхгүй байна. Миний гарын ар талын үений хэсэг шалбарчихсан байсан, би С.Б г байшин дээр бариад зогсож байсан юм тийм болохоор би л зодсон байх. Тухайн үед гадуур надаас өөр хүн байгаагүй, манай найзууд бүгд гэр дотор байсан. Би өмнө нь эхнэрийгээ огт зодож байгаагүй. С.Б миний биед гар хүрээгүй. С.Б тухайн үед ямар хэмжээний согтуу байсныг мэдэхгүй байна. Би гэрээс яах гэж гарснаа ч санахгүй байна, гэр дотор байхдаа эхнэртэйгээ муудалцаагүй байх...” гэжээ. /хх-54-55/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-2/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-5,7-10/,
Мэргэжилтэн оролцуулах тухай мөрдөгчийн тогтоол /хх-6/,
Согтуурлын зэрэг шалгасан магадлагаа /хх-11-18/
Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-19/,
Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-31/,
Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №201 тоот шинжээч эмчийн дүгнэлтэд: “С.Б гийн биед тархины доргилт, зүүн дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-32/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-33-34/,
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын албан бичиг /хх-35/,
Х.Шаравын нэрэмжит Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн албан бичиг /хх-36/,
Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хх-37/,
Өвчний түүх /хх-38-49/,
Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-50/,
Хувийн баталгаа гаргасан баримт /хх-51/,
Шүүгдэгч Т.Г ийн хүсэлт /хх-56/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-57/,
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-58-65/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-66/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-67/,
Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Баруунсайханы 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-68/,
Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-69/,
Мөрдөгчийн мэдэгдэл /хх-70/,
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-71,72/,
Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-73/,
Яллах дүгнэлт, хавсралт /хх-74-76/,
Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-77/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 4 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруунсайханы 7а-1 тоот хашаанд байрлах Өлзийт-2 дэлгүүрийн хажууд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч С.Б гийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Г т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д зааснаар хамтран амьдрагч гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг хэлнэ гэж заасан байх ба хохирогч С.Б г шүүгдэгч Т.Г той хамтран амьдрагч гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Т.Г ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч С.Б г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч С.Б гийн бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн хохирол /гэмтэл/ болох нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №201 тоот шинжээч эмчийн: “С.Б гийн биед тархины доргилт, зүүн дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон.
Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлтэй маргахгүй. Эхнэр нь бүрэн эдгэрсэн биеийн байдал эрүүл болсон. Т.Г нь элэгний өвчтэйн улмаас олон жил согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй тул тухайн үед хурдан согтож болж байгаа үйл явдлыг хянах чадваргүй болсон нь харагддаг. Т.Г нь хохирогчийг гэмтээсэн талаараа өөрөө цагдаагийн байгууллагад ирж мэдэгдсэн байдаг. Одоогоор алт мөнгөний дархан хийдэг. Энэ орлогоор амьдралаа залгуулдаг. Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг оруулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Т.Г нь ажил хөдөлмөр эрхэлдэг болох нь түүний биеийн байцаалтаас харагддаг. Тиймээс миний үйлчлүүлэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож өгнө үү гэсэн агуулага бүхий санал, дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Учир нь: Шүүгдэгч Т.Г нь алт мөнгөний дарханы ажил хийдэг гэх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар хэдэн төгрөгийн орлого олдог, мөн түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжтой эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй, тодорхойгүй байх тул торгох ял оногдуулах боломжгүй юм.
Шүүх шүүгдэгч Т.Г т ял шийтгэл оногдуулахдаа прокурорын гаргасан санал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч түүнд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Г ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийгөө илчилж цагдаагийн байгууллагад хандсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо. Харин шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч С.Б д хөнгөн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө “...шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Т.Г ийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “...хамтран амьдрагч хохирогч Л.Сувдын биед халдаж...” гэж хохирогч С.Б гийн нэрийг буруу бичсэн техникийн шинжтэй алдаа гарсан.
Мөн шүүгдэгч Т.Г ийн ургийн овгийг Т.Г гэж биеийн байцаалтад бичсэн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс авсан биеийн байцаалт болон хавтаст хэрэгт авагдсан түүний иргэний үнэмлэхийн хуулбараар Т.Г болох нь тогтоогдсныг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Г ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г ийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Г т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ