Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ/38

 

*******од холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганчимэг даргалж, ерөнхий шүүгч Г.Уртнасан, шүүгч Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                   Б.Оюунцэцэг

Хохирогч                                                       М.

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Ө.Батболд

Шүүгдэгч                                                       *******

Нарийн бичгийн дарга                             Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/177 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч аймгийн ерөнхий прокурор Н.гийн бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч *******ын давж заалдах гомдлоор шүүгдэгч *******од холбогдох эрүүгийн 2421000210076 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* овогт *******гийн *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баянтүмэн суманд 1964 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, *******ийн ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: *******/

2. Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Хөгжимт драмын театрт 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Ерөнхий сайдын иргэд, олон нийттэй хийсэн уулзалтын үеэр Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хохирогч М.ийг эрхэлж байгаа албан тушаал, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагаатай нь холбогдуулан “...20 бүлэг хулгайч, 70 үйлдэлтэй, 77 бодын хохиролтой хулгайчид анхан шатны шүүхээс ял өгч байхад түүний ялыг хөнгөлж байсан , гэдэг шүүгч нар байгаа шүү, энд эсэргүүцэл бичдэггүй Дорнод аймгийн прокурор гэж нэг прокурор байгаа,  Улаанбаатар хотоос ирсэн, түүнийг Дорнод аймгаас хөөж явуул...” гэж хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******оос сэтгэцэд учирсан хор уршигт 1,100,000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, ******* тоотод оршин суух, ******* овогт ийн ид олгохоор тогтоож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

5. Аймгийн ерөнхий прокурор Н. бичсэн эсэргүүцэлдээ: “... Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийтгэх тогтоолын тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Улсын яллагчийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлтийн “Шүүхийн шийдвэр” хэсэгт “... шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэв...” гэжээ.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.” гэж хуульчилсан байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч нь “Улсын яллагчийн дүгнэлт”-д шүүх хуралдаанд уншиж сонсогосон шийдвэрийн тогтоох хэсгийг бичиж, нэг хувийг хэрэгт хавсаргуулахаар шүүхэд хүргүүлдэг.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаа буюу 90 хоногийн дотор белүүлэхээр хугацаа тогтоож өгсөн нь шүүх хуралдаанд уншиж сонсгосон торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон хугацаатай зөрүүтэй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж өөрчлөлт оруулуулахаар эсэргүүцэл бичив.” гэжээ.

6.Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “ ... Би 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын иргэд олон нийттэй хийж байсан уулзалтанд оролцоод нилээн олон асуудлыг хөндөж ярьсан нь үнэн. Бичлэг дээр бүгд байгаа. Эхлээд би хилийн тортой болгох, дрон тоног төхөөрөмжтэй болгох, манай аймагт малын хулгай утга учраа алдаж байгаа талаар, мөн түүнийг өөгшүүлдэг шүүгч нар, прокурорын асуудал гэх мэт олон асуудлыг хөндөж ярьсан нь үнэн.

Энэ зүйлсээс “20 бүлэг хулгайч, 70 үйлдэлтэй, 77 бодын хохиролтой хулгайчид анхан шатны шүүхээс ял өгч байхад ялыг нь хөнгөлж байсан , шүүгч нар байгаа шүү, энд одоо эсэргүүцэл бичдэггүй Дорнод аймгийн прокурор гэж байгаа, Улаанбаатар хотоос ирсэн, тэрийг манай аймгаас хурдан хөөж явуулаарай” гэж хэлсэн. Гэхдээ би нарт холбогдох хэргийн шийдвэрт эсэргүүцэл бичээгүй гэж хэлээгүй байгаа юм. Ерөнхийдөө эсэргүүцэл бичдэггүй гэдэг агуулгатай хэлсэн юм. Гэтэл , шүүгч нарын шийдсэн хэрэгт эсэргүүцэл бичдэггүй гэсэн утга руу аваачиж намайг худал мэдээлэл тараасан гэж яллаж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй.

Энд гэдэг үгийг яаж бодохдоо энэ хэрэгт гэсэн агуулгаар ойлгож прокурор яллаж, шүүх надад ял оногдуулж байгааг ойлгох ухаан надад алга. Манай аймагт эсэргүүцэл бичдэггүй прокурор байна л гэсэн санаагаар би хэлсэн. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

7. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 9 дүгээр сарын 25-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэдтэй уулзаж, тэдний санаа бодлыг сонсохоор ирсэн. Орон нутагт оршин байгаа дутагдлын талаар миний бие ярьсан. Малын хулгайчид Өвөр монгол, Орос, сүүлдээ Монголоос хулгай хийж хөдөөгийн олон малчдыг хохироож байна. 2018, 2020 онд Монгол улсын хил давуулан Өвөр монголоос хулгай хийж байсан ба олон тооны хонь хил давуулан баригдсан ыг малаа алдсан олон малчид сэжиглэдэг юм. 2018 онд гуай 44 адуу, 2020 онд ****** 25 адуу, 38 адуу, манайх 32 адуугаа алдсан. ыг шалгаж өгнө үү гэж аймгийн прокурор , орлогч прокурор , хяналтын прокурор нарт өөрийн биеэр хэлж байсан ч шалгаж өгөөгүй. Иймд Ерөнхий сайдад гомдол, санал гаргасан төдий юм. ын хэрэг дарагдаж, хамтрагч нар нь чөлөөлөгдсөн байдаг. Миний бие тэр хурал дээр “анхан шатны шүүх ял өгчихөөд байхад эсэргүүцэл бичдэггүй прокурор байгаа гэж амьсгаа авсан нь таслал нь юм. Шалгуулах хэргээ олон нийтэд зарлахгүй шүү дээ. ын хэрэг дээр эсэргүүцэл бичдэггүй ийг энд эсэргүүцэл бичдэггүй прокурор байгаа гэж бодит үнэнг хэлсэн. Өөр нэр төрд халдаагүй шүү. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Ерөнхий сайдын хувьд тухайн үед Дорнод аймагт ажилласан. Дорнод аймгийн хэмжээнд тулгамдсан хэд хэдэн асуудлын талаар хэлэлцсэн. *******ын хувьд  20 гаруй жил гомдол гаргаж явж байгаа хүн юм. Прокурорын газарт прокурортой уулзаж ярилцаж байсан талаар баримт хавтаст хэрэгт хавсаргагдсан байгаа. 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар ын гэх хүний хэрэгт гомдол эсэргүүцэл гаргаагүй, шүүхийн шийдвэр хүчинтэй болсон талаар баримтыг авсан байдаг. 09 дүгээр сарын 25-ны өдрийн уулзалт дээр анхан шатны шүүх нь ял өгөөд байхад давж заалдах шатны шүүхээс ялыг нь хөнгөрүүлдэг талаар дурдсан. ын ын хэргийн талаар энэ хүн бол яриагүй. Ерөнхийдөө олон асуудлыг хөндөж байсны нэг асуудал дээр прокурор ийн нэр хөндөгдсөн. Энэ асуудал дээр нь гомдол гаргасан. Гэхдээ “гийн хэрэг дээр эсэргүүцэл бичээгүй” гэж хэлээгүй юм. Ер нь эсэргүүцэл бичдэггүй прокурор гэж дурдсан. *******ын хувьд шүүхийн шатнаас өмгөөлөгч авсан. Худал мэдээллийг олон нийтэд тараасан гэдэг үндэслэлээр яллагдагчаар татагдсан байсан. ын хэргийг шалгуулах талаар шат шатны газарт гомдол гаргаж явсан. Тухайн уулзалт дээр нэр дурдсан нь үнэн. Гэхдээ гэмт хэргийн шинжгүй байгаа гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

9. Хохирогч М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Дорнод аймагт хяналтын прокуророор ажилладаг. 2022 онд ажилд томилогдож ирсэн. Намайг ажилд томилогдоод удаагүй байхад буюу 5 сар орчмын дараа ******* гэж хүн ирж уулзсан. Би тухайн үед нэр усыг нь мэдэхгүй байсан. Ингээд надад малын хулгайн талаар ярьж тайлбарлаж байсан. Би хувьдаа мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцдэг хүн юм байна л гэж ойлгосон. Гэтэл дараа нь 2023 онд нийт цугласан тэр олон хүний дунд ярилцлага өгсөн. Ингэхдээ миний нэр төрд халдсан үйлдэл гаргасан. Ерөнхийдөө энэ хүний хэлсэн, ярьсан бүх зүйл хуулийн байгууллагын эсрэг чиглэсэн байсан. Үүнээс гадна нэр онцолж, миний нэрийг дурдаж эсэргүүцэл бичдэггүй прокурор гэж ярьсан. Намайг эсэргүүцэл бичдэггүй, шүүгч нартай архи уудаг, малчдаас хонь, мал авдаг гэж дурдсан. Яг үг хэлж байх үед нь над руу хэд хэдэн хүн залгаж нэрийг чинь дурдаад тайлбар гаргаж байна гэж мэдэгдсэн. Энэ өдрөөс хойш над руу Улаанбаатар хотоос, ажлын хамт олноос, танилууд холбогдож энэ талаар ярилцаж эхэлсэн. Ингэж хүний нэр хүндэд халдаж болохгүй. Би энэ өвгөнд ямар ч халтай ажиллагаа хийгээгүй. Намайг ирэхээс өмнө ч гэсэн малын хулгай байж л байсан. Бүр “Улаанбаатар хотоос ирсэн прокурорыг Дорнод аймгаас хөөж явуул” гэж хэлсэн. Дараа нь малын хулгайн хэргийн хохирогч нар маань хүртэл надад хандаж ирсэн. “Та нөгөө ******* гуайн ярьдаг прокурор мөн биздээ? Та миний хэргийг удаашруулаад байгаа юм биш үү” гэж ярих болсон. Үүний дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын ерөнхий прокурор, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэх хүмүүст нийт 8 удаа гомдол гаргасан. Энэ хүний хувьд андуураад миний нэрийг хэлсэн зүйл биш. Санаатайгаар дайрч давшилсан үйлдэл гаргасан. Одоо л гэнэт энхийн цагаан тагтаа шиг зан гаргаад байх юм. Энэ хүн Цагдаагийн газрын талаар нэг ч ярьдаггүй. Мөрддөг, илрүүлдэг, мэдүүлэг авдаг хүнд нь хандах хэрэгтэй талаар хэд хэдэн удаа тайлбарлаж байсан. Мэдлэгтэй үгүй нь хамаагүй. Олон нийтийн өмнө миний нэр хүндэд маш ноцтойгоор халдсан. Ер нь бол анхан шатны шүүхээс энэ хүнд хөнгөн ял оногдуулсан шүү. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй байхад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон. Сэтгэцэд учирсан хохирлыг ч мөн журмын дагуу шийдвэрлээгүй, маш бага хэмжээгээр тогтоосон гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх хуралдаан дээр ч гэсэн би “хэргийн доторх нарийн ширийн зүйлсийг мэдээд байна” гэж хэлсэн. Хаанаас яаж олж байгаа нь мэдэгдэхгүй байна. Цаашдаа ч гэсэн би миний нэр төрд халдах бүрт нь гомдол гаргана. Яг дээрх үйлдэл нь олон нийтэд хандаж нэр дурдсан учраас гомдол гаргасан. Би энэ хүнд гомдолтой байна гэв.

10. Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч *******од холбогдох хэрэг дээр дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн. Шүүгдэгчийн хувьд “хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг гаргасан. Хэргийн нөхцөл байдал тодорхой байгаа. Худал мэдээлэл тараах гэмт хэрэг үйлдэгдсэн. Анхан шатны шүүхээс нотлох баримтуудыг бүрэн үнэлж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Энэ нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж харж байна. Тиймээс шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй учраас түүний гаргасан гомдлыг хүлээн авахгүй байх саналыг гаргаж байна. Харин анхан шатны шүүх 177 тоот шийтгэх тогтоолыг гаргахдаа хуулийг ноцтой зөрчсөн байна. 450 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль буюу 450,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан. Үүнийг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тайлбарласан. Гэвч энэ нь бичгээр гарсан шийдвэрээс зөрүүтэй байгаа учраас дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн. Анхан шатны шүүхийн шийдэрийг зөвтгөж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдол, прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

3. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.

4. Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Хөгжимт драмын театрт 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Ерөнхий сайдын иргэд, олон нийттэй хийсэн уулзалтын үеэр Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хохирогч М.ийг эрхэлж байгаа албан тушаал, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагаатай нь холбогдуулан “...20 бүлэг хулгайч, 70 үйлдэлтэй, 77 бодын хохиролтой хулгайчид анхан шатны шүүхээс ял өгч байхад түүний ялыг хөнгөлж байсан , гэдэг шүүгч нар байгаа шүү, энд эсэргүүцэл бичдэггүй Дорнод аймгийн прокурор ******* гэж нэг прокурор байгаа, *********** Улаанбаатар хотоос ирсэн, түүнийг Дорнод аймгаас хөөж явуул...” гэж хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, /хх-ийн 88-89, 181-183х/,

-хохирогч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “... Миний бие 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс Дорнод аймгийн Прокурорын газарт прокуророор томилогдон ажиллаж байна. ...Үүнээс хойш ******* гэгч нь өөрийнхөө хохирсон хэрэгт миний нэр дээр гомдол хүсэлт гаргаж байгаагүй, өөрөө биечилж уулзаж байгаагүй. Харин миний хяналтанд байгаа хэргийн шийдвэрлэлтийн араас хууль бусаар мэдээлэл цуглуулж, миний гаргасан шийдвэр бүхэнд гомдол гаргадаг болсон. ...2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Дорнод аймагт ажиллаж байх хугацаандаа иргэдийн санал хүсэлтийг сонсож байх үед ******* нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулж байгааг мэдсээр байж прокурорууд малын хулгайч нарыг даврааж байна, өөгшүүлдэг гэх яриан дотроо “...мөн 20 бүлэг хулгайч, 70 үйлдэлтэй, 77 бодын хохиролтой хулгайчид анхан шатны шүүхээс ял өгч байхад түүний ялыг хөнгөлж байсан , гэдэг шүүгч нар байгаа шүү, энд одоо эсэргүүцэл бичдэггүй Дорнод аймгийн прокурор гэж прокурор байгаа, тэр Улаанбаатараас ирсэн, тэрийг манай аймгаас хөөж явуулаарай” гэж олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглаж миний ажил хэргийн нэр хүндэд халдах зорилготой илт худал мэдээлэл тараасан. ...Намайг ирснээс хойш миний шийдвэрлэсэн малын хулгайн хэрэг дотор давж заалдах шатны шүүхээс ял багасгасан тохиолдол байхгүй. ...*******ын гэмт үйлдлийн улмаас миний ажил хэргийн нэр хүнд унасан, ажлын шугамаар харьцдаг болон шүүх, прокурор, цагдаа зэрэг байгууллагуудаар буруу ойлголт төрүүлж, хууль буруу хэрэглэдэг, ажлын хариуцлага алддаг мэтээр худал мэдээллийг байнга гаргаж миний ажил хэргийн нэр хүнд болон сэтгэл санаанд хохирол учруулаад байх тул гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-60х/  

-гэрч Ж.гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...би ******* гэх хүнийг Дорнод аймгийн иргэн гэдгээр нь мэднэ. Түүнээс биш түүнийг яг танихгүй. *******ын ярилцлагад гарч буй 20 бүлэг хулгайч, 70 үйлдэлтэй, 77 бодын хохиролтой малын хулгайн хэрэг бол нарт холбогдох 18 холбогдогчтой 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр шийдэгдсэн хэрэг юм. Уг хэрэг дээр би илтгэгч шүүгчээр, шүүгч даргалагч шүүгчээр, улсын яллагчаар Хосбаяр прокурор оролцсон. М. прокурор оролцоогүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-63х/,

-гэрч З.ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Намайг шүүгчээр ажиллаж байх үед ******* гэдэг хүн шүүхийн ажил хэрэгтэй холбоотой гомдол гаргаж явдаг байсан. 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт Монгол Улсын Ерөнхий сайд иргэдтэй хийсэн уулзалт дээр прокурор , шүүгч Ж., З. бид нарыг холбогдуулж 20 бүлэг хулгайч, 70 үйлдэлтэй, 77 бодын хохиролтой малын хулгайн хэргийн талаар ярьсан байсан. Энэ хэргийн талаар хэлэхийн тулд шийдвэрлэсэн хэргийн магадлалыг судалж үзэхэд 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ДШМ/36 дугаартай магадлалаар шүүгдэгч Э. нарын 18 хүнд холбогдох хэргийн талаар шийдвэрлэсэн байна. Магадлалаас үзэхэд энэ хэрэг дээр улсын яллагчаар прокурор оролцсон, прокурор М. оролцоогүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-66х/,

-хэргийн газрын нөхөн үзлэг, эд зүйл /видео бичлэг/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-24, 25-29х/,

-Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 258 тоот дүгнэлт /хх-ийн 80-82х/,

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 14х/,

-“Jaran.mn” видео сайтын Facebook page-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-37х/,

-эд зүйл /баримт бичиг буюу шийтгэх тогтоол, магадлал/-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 45-47х/,

-Шүүх сэтгэц судлалын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 20 тоот дүгнэлт /хх-ийн 74-75х/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91х/,

-Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн *******од өвчний хяналтын картын хуулбар, эмнэлгийн магадлагаа зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

6. Анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс үзэхэд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж уншиж сонсгосон атлаа “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж бичсэн нь шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй байх тул мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараах үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө гэж”, мөн зүйлийн 1.3-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн гаргасан алдаа нь энэ үндэслэлд хамаарч байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдалд тохирсон ба эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн байх ба шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймд дээрх үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/117 дугаар шийтгэх тогтоолын 3 дахь заалтын  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. ...” гэснийг “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ГАНЧИМЭГ

 

       ШҮҮГЧИД                                         Г.УРТНАСАН

 

                                                                    Ц.ЭРДЭНЭЗУУ