Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00380

 

 

 

 

 

 

       2022         03         04                                              380

 

 

С.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2021/02852 дугаар шийдвэртэй,

С.Б-гийн хүсэлттэй,

Нөхөн олговор гаргуулах тухай иргэний хэргийг гуравдагч этгээд Хан-Уул дүүргийн прокурорын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б-, гуравдагч этгээд Хан-Уул дүүргийн прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа, гуравдагч этгээд Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пагам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Даваасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний өвөө Пнь 1938 оны 03 дугаар сарын 29-ний өдөр улс төрийн хэрэгт баривчлагдаж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 16 дугаар хурлын тогтоолоор шүүх цааз бичгийн 43, 44, 45 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэгдээд Дотоод явдлын яамны дэргэдэх тусгай комиссын 1942 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 3 дугаар тогтоолоор цагаатгагдан суллагдсан.

Цагаатгалын нөхөн олговор 1,000,000 төгрөгийг П-ийн хүү П.Б-, охин П.Ү- нар авсан. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулиар 40,000,000 төгрөгийн мөнгөн олговрыг авахаар миний ээж П.Ү- материал бүрдүүлсэн боловч 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нас барсан тул хуулиар олгогдох нөхөн олговрыг өв залгамжлалаар охин С.Б- надад олгож өгнө үү.

 

2. Гуравдагч этгээд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Дорнод аймгийн Түмэндэлгэр сумын харьяат Пнь 1938 оны 03 дугаар сарын 29-ний өдөр баривчлагдаж, Онцгой бүрэн эрх комиссын 1938 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 16 дугаар тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44, 45 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэгдэн, Дотоод явдлын яамны дэргэдэх тусгай комиссын 1942 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 3 дугаар хурлын тогтоолоор суллагдан, цагаатгагдсан.

Хэлмэгдэгч П-ийн нөхөх олговрын 1,000,000 төгрөгийг Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 55 тоот шийдвэрээр төрсөн хүүхдүүд болох П.Б-, П.Цэвэлмаа, П.Ү- нар хуваан авсан байна.

Хэлмэгдэгчийн охин П.Ү- нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчээр бүртгүүлэн нотлох баримтын бүрдүүлбэрийг ханган, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Зууны мэдээ” сонины №36/6261/ дугаарт Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын “Нөхөн олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн жагсаалт” гэсэн гарчигтай “улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн хүүхэд” гэх хэсгийн 5 дугаарт П.Ү- 40,000,000 төгрөгийн нөхөх олговор авахаар бичигдсэн. Олон нийтэд мэдээлэгдсэнээс хойшхи энэхүү хугацаанд улсын комисст ямар нэгэн гомдол маргаан гараагүй бөгөөд хэлмэгдэгчийн хүүхдүүдээс П.Цэвэлмаа нас барсан, П.Б-, П.Ү- нар нөхөх олговорт олгогдох мөнгийг хуваах хэлцэл хийсэн.

Хэлмэгчдийн төрсөн хүүхэд болох нэхэмжлэгч П.Ү- нь 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нас барсан байх тул өвлөх эрх үүсэж, охин Б.Бямбасүрэнгийн нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээ гарсан байдал, үндсэн нэхэмжлэгч П.Ү-, П.Б- нарын хийсэн дээрх хэлцэл зэргийг үндэслэн С.Б-, П.Б- нарт тэнцүү нөхөн олговор 40,000,000 төгрөгийг хувь тэнцүү олгохыг дэмжиж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахад татгалзах зүйлгүй.

 

3. Гуравдагч этгээд Хан-Уул дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд тайлбар гаргаагүй, анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс нөхөх олговорт 40,000,000 төгрөг гаргуулж нэхэмжпэгч С.Б-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжпэгч С.Б- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Гуравдагч этгээд Хан-Уул дүүргийн прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хэлмэгдэгч П-ийн охин П.Ү- нөхөх олговрын нэхэмжлэлийн бүрдүүлбэр баримтуудаа бүрдүүлж байх хугацаандаа буюу 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нас барсан. Улмаар түүнийг нас барснаас 1 жилийн дараа өв нээгдэж, төрөөс олгох нөхөх олговрын 40,000,000 төгрөгийг шаардах эрх охин С.Б-д өвлөгдсөн. Анхан шатны шүүх Дорнод аймгийн тойргийн нотариатчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 0121 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь буруу байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “...хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд 1,000,000 төгрөгийн, бусад хэлмэгдэгчид 500,000 төгрөгийн нөхөх олговор олгохоор, ингэхдээ 1 дүгээр зүйлийн 1.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт нөхөх олговор нэг удаа олгоно” гэж заасан. Хууль тогтоогчоос хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан “нөхөх олговрыг нэг удаа олгох” гэснийг хассан байх тул нөхөх олговрыг дахин олгох буюу энэ нь 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотой гэж үзэхээр байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол эхнэр /нөхөр/ эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40,000,000 төгрөг” гэж нарийвчлан заасан нь хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт тусгагдсан заалттай харилцан хамааралгүй гэж ойлгогдож байна.

2. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “Нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний дотор байна” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх иргэн С.Б-гийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

6. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Миний ээж нөхөх олговор авах гээд материалаа бүрдүүлж байх явцдаа нас барсан учраас хуульд заасан хугацаа хэтэрсэн. Хуулийн дагуу 1 жилийн дараа өв нээгдсэн боловч цар тахлын улмаас хатуу хөл хорио тогтоосон байсан. Улмаар намар нь би Дорнод аймагт очиж материалаа бүрдүүлснээр нэхэмжлэл гаргасан.

 

7. Гуравдагч этгээд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль 2018 оны 02 дугаар сараас эхлэн хэрэгжээд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд дуусгавар болно гэсэн байдаг. Энэ хугацаанд П.Ү- 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчээр бүртгүүлээд холбогдох материалаа 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гаргаснаар манай мэдээллийн санд бүртгэгдсэн. 2019 онд төсөвт багтаахын тулд насны эрэмбээр нь сонинд нөхөх олговор авах хүмүүсийн нэрийг тусгасан. Ингээд 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр П.Ү-ын нэр зарлагдсан боловч тэрээр нас барсан тул Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2 дахь хэсэгт заасны дагуу түүний охин С.Б-д өв нээгдэж, өвлөх эрхийн гэрчилгээ гарснаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байна. Анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

2. П.Ү-ын өв залгамжлагч С.Б- нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч П-ийн цагаатгалын нөхөх олговорт 40,000,000 төгрөг гаргуулах тухай хүсэлт гаргасан байна.

 

Хэлмэгдэгч П-ийн төрсөн охин П.Ү- 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хэлмэгдэгчийн нэхэмжлэгчээр бүртгүүлэн нотлох баримтын бүрдүүлбэр хангаж өгсний дагуу Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос Зууны мэдээ сонины 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 36/6261/ дугаарт П.Ү-ыг нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн болохыг нийтэд зарлажээ.

 

П.Ү- нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр буюу нөхөх олговрын бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа нас барсан. Улмаар 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 0121 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр нөхөх олговрын 40,000,000 төгрөгийг шаардах эрхийг С.Б-д өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт Нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гэж заасан байх ба нэхэмжлэгч С.Б- нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

 

Хэрэв хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хэтрүүлсэн гэж анхан шатны шүүх үзэж байгаа бол Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт зааснаар уг хугацааг сэргээх эсэх асуудлыг шийдвэрлэх байжээ. Анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх эсэх нөхцөл байдлыг тодруулаагүй тохиолдолд давж заалдах шатны шүүхээс уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй болно.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг буруу бичсэнийг анхааруулах нь зүйтэй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2021/02852 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар гуравдагч этгээд Хан-Уул дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                       ШҮҮГЧИД                                       Г.ДАВААДОРЖ

 

                                                                                               Э.ЗОЛЗАЯА