Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 35

 

НЭХЭМЖЛЭГЧ, ХАРИУЦАГЧИЙН ЭВЛЭРЛИЙГ

БАТАЛЖ, ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж

Нэхэмжлэгч: Л.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дуут сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн цалинг мэргэжилтний цалингийн ангилалд оруулж ТЗ-3-2 болгож бууруулсан үйлдлийг хууль бус үйлдэл болохыг тогтоолгох, Байгаль орчины хяналтын улсын байцаагч Л.А-г ТЗ-6-2 дахь шатлалаар цалинжуулахыг даалгах,  цалингийн зөрүү 439936 төгрөг нөхөн гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.А Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 онд Дуут сумын Засаг даргын Тамгын газрын хяналтын улсын байцаагчийн ажлын байрны сул орон тооны сонгон шалгаруулалтад орж тэнцэн Дуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 23 дугаар тушаалын дагуу Байгаль орчны хяналтын байцаагчийн ажилд томилогдож, ТЗ-3-1-1-д зааснаар цалинжиж байсан.  2010 онд Мэргэжлийн хяналтын газраас улсын байцаагчийн эрх авсан.

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Улсын ерөнхий байцаагчийн албан даалгаварын дагуу сумдын мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын цалинг 2014 оны 3 дугаар сараас эхлэн ТЗ-6 дахь шатлалаар цалин олгож эхэлсэн. Гэтэл Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын Тамгын газрын цалингийн сан хүрэлцэхгүй байна гэх үндэслэлээр ямар нэгэн тушаал шийдвэр гаргахгүйгээр 2016 оны 1 сарын 01-ний өдрөөс цалингийн шатлалыг үндэслэлгүйгээр бууруулж, ТЗ-3-1-2 дэх шатлал болгон өөрчилсөн.  Эхний 6 сарын байдлаар цалингийн ангилал буурснаар 439936 төгрөг үндсэн цалингаас аваагүй. Иймд 2016 оны 1 сараас 6 сар хүртэлх цалингийн зөрүү 439936 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, ТЗ-6-2 дахь шатлалаар цалинжуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Л.А-г 2014 оны 3 сараас эхлэн ТЗ-ын 6 дах шатлалаар цалинжуулж эхэлсэн. 2016 оны 1 сараас эхлэн ТЗ-ийн 3 дахь шатлалаар цалинжуулсан. Учир нь сумуудын байгаль орчны хяналтын улсын байцаагч нар зарим нь ТЗ-ийн 6 дахь шатлалаар зарим нь ТЗ-ийн 3 дахь шатлалаар цалинжуулж байсан. Үүнийг аль нэгээр нь шийдвэрлэх талаар сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар төрийн сангийн мэргэжилтэн М.О-д тодруулахад сумын ЗДТГ-ын мэргэжилтэнтэй адил цалин авах ёстой, ямар нэгэн байгууллагын даргын албан бичгээр цалин нэмэгдүүлэхээ боль гэсэн хариу өгсөн. Мөн сумын төсөв 2016 онд өмнөх оноос 8.6 сая төгрөгөөр буурч батлагдсан тул цалингийн сан хүрэлцэхгүй болсон гэжээ.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээндээ: Дуут сумын Засаг даргын Тамгын газрын дарга Т.Б-ийн Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн цалинг мэргэжилтний цалингийн ангилалд оруулж ТЗ-3-2 болгож бууруулсан үйлдлийг хууль бус үйлдэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Л.А татгалзаж, Байгаль орчины хяналтын улсын байцаагч Л.А-г 2017 оны 01 сарын 01-нээс эхлэн ТЗ-6-2 дахь шатлалаар цалинжуулахыг Дуут сумын Засаг даргын Тамгын газрын дарга Т.Б хүлээн зөвшөөрч, 2016 оны 1 сараас 2016 он дуустал олгогдоогүй байгаа цалингийн зөрүү 1203781 төгрөг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, уг цалингийн зөрүү 1203781 төгрөгийг 2017 оны Дуут сумын Засаг даргын Тамгын газрын төсөвт суулган 2017 оны 01 сард нэхэмжлэгч Л.А-д олгохоор эвлэрийн гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Нэхэмжлэгч: Л.А нь Дуут сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн цалинг мэргэжилтний цалингийн ангилалд оруулж ТЗ-3-2 болгож бууруулсан үйлдлийг хууль бус үйлдэл болохыг тогтоолгох, Байгаль орчины хяналтын улсын байцаагч Л.А-г ТЗ-6-2 дахь шатлалаар цалинжуулахыг даалгах,  цалингийн зөрүү 439936 төгрөг нөхөн гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дуут сумын Засаг даргын Тамгын газрын дарга Т.Б-ийн Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн цалинг мэргэжилтний цалингийн ангилалд оруулж ТЗ-3-2 болгож бууруулсан үйлдлийг хууль бус үйлдэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Л.А татгалзаж, Байгаль орчины хяналтын улсын байцаагч Л.А-г 2017 оны 01 сарын 01-нээс эхлэн ТЗ-6-2 дахь шатлалаар цалинжуулахыг Дуут сумын Засаг даргын Тамгын газрын дарга Т.Б хүлээн зөвшөөрч, 2016 оны 1 сараас 2016 он дуустал олгогдоогүй байгаа цалингийн зөрүү 1203781 төгрөг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, уг цалингийн зөрүү 1203781 төгрөгийг 2017 оны Дуут сумын Засаг даргын Тамгын газрын төсөвт суулган 2017 оны 01 сард нэхэмжлэгч Л.А-д олгохоор тохиролцон эвлэрлийн гэрээг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бичгээр  байгуулж, гарын үсэг зуран баталгаажуулж,  маргаанаа  дуусгавар  болгож байгаа  нь хуульд харшлаагүйн бусдын  эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт зааснаар Л.А-ийн Дуут сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн цалинг мэргэжилтний цалингийн ангилалд оруулж ТЗ-3-2 болгож бууруулсан үйлдлийг хууль бус үйлдэл болохыг тогтоолгох, Байгаль орчины хяналтын улсын байцаагч Л.А-г ТЗ-6-2 дахь шатлалаар цалинжуулахыг даалгах,  цалингийн зөрүү 439936 төгрөг нөхөн гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Г.ЯНЖИНДУЛАМ