Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 96

 

 

 

                                  

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Батбилгүүн,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч: П.Ш  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Ш д холбогдох 1828000650069 тоот эрүүгийн нэг хавтас хэргийг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 21-нд Өмнөговь аймгийн Хүрмэн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 7 дугаар баг, Оюутын 6-7 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, П.Ш , регистрийн дугаар ...

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч П.Ш  нь 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 08-86 өмү улсын дугаартай Тоёота Аксио маркийн автомашин жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Э.Б н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Н.Ш , Э.Д  нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй...”  гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Б гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би Хөдөө аж ахуйн их сургуулийн нэгдүгээр курсын оюутан бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр оюутны дүн шивэх 7 хоногийн амралт эхэлж, хичээл амарсан байсан юм. Би 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн төрсөн эх А.Э тэй уулзах гэж мөн гэртээ очиж амрах санаатай Өмнөговь аймгийн Даланзадгад суманд очсон. Би гэртээ амарч байгаад 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хот руу буцах болж шуудангийн унаанд суулгүйгээр фейсбүүкээр Улаанбаатар хот руу жижиг автомашинтай жолооч байна, хүн авч явна гэсэн зарын дагуу утсаар нь холбогдож яриад сууж явахаар болсон. Тэр өдөр 15 цаг 30 минутын үед 08-86 ӨМҮ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Аксио маркын автомашинтай жолооч П.Ш  манай гэрийн ойролцоо ирж намайг авсан. Би уг автомашины жолоочийн хойд талын суудал буюу баруун хойд суудалд суусан. Тухайн үед манай найз Э.Д  надтай хамт явахаар болж уг автомашинд сууж явсан ба миний хажууд суусан байсан. Манай найз Э.Д  бид хоёрыг автомашинд суухад жолоочоос гадна үл таних эрэгтэй зүүн хойд талын суудал дээр суусан байсан. Ингээд жолооч П.Ш  аймгийн төвийн нэг айлд очиж юм тавьчаад гарч ирээд дахин хот руу явах настай эрэгтэй хүнийг урд талын суудалд суулгаад, шатахуун түгээх станц орж бензин авангаа хүнээс юм авах ёстой гээд тэндээ хэсэг хүлээж байгаад 16 цаг 40 минутын үед Улаанбаатар хот руу хөдөлцгөөсөн. Бид нар аймгийн төвөөс Цогт-Овоо сум орох гээд явж байсан ба 17 цаг өнгөрч байсан санагдаж байна, цагаа сайн санахгүй байна. Гүвээ даваад доошоо уруудаж байхад эргэх хэсэг гарч ирсэн ба жолооч П.Ш  нь хурдтай явж байгаад эргэж чадалгүй автомашиныг замын хажуу хэсгийн жалгаруу хуулж дугуйгаа жалганы хувилд цохин шидэгдэж, автомашин нь 3 удаа бүтэн эргэж онхолдон 4-н дугуйн дээрээ буцаад зогссон. Тухайн үед би найз Э.Д тай юм яриад явж байсан санагдаж байна. Бусад болсон явдлын зарим зүйлийг нь сайн санахгүй байгаа юм. Тухайн үед жолооч П.Ш  нь ухаан алдсан байсан ба бусад зорчиж явсан хүмүүс автомашинаас буусан. Би автомашинаас буугаад замын хажуу талын хашлаганы хажуугийн налуу шороон дээр хэвтсэн ба толгой эргээд ухаан орж гараад, толгойны дээд зулай хэсэгт хагарч цус их алдаад байж байхад 30-40 минутын дараа цагдаа, түргэн тусламж хоёр хамт ирсэн. Түргэн тусламж ирээд жолооч П.Ш  бид хоёрыг зөөлөн явдалтай автомашинд суулга гээд Тоёота Приус 20 маркийн автомашинд суулгаад Цогт-Овоо сум руу явсан. Намайг Цогт-Овоо сум руу очиход гадаа гэгээтэй харанхуй болоогүй байсан санагдаж байна, тэгээд эмнэлэгт хэвтэж, толгойныхоо зулай хэсэгт оёдол тавиулаад шөнөдөө аймгийн эмнэлэгээс түргэн тусламжийн автомашин ирээд бид нарыг аймгийн төвийн эмнэлэг рүү авч явсан юм. Аймгийн төвийн эмнэлэгт очиж рентген зураг авхуулсан ба миний зулай хэсэгт хагарсан, баруун гарын бугалга, мөр хэсэгт зулгаралттай, баруун гарын шууны мах тасарсан, нуруу гэмтсэн байсан ба аймгийн эмнэлгийн эмч нь зорчиж явсан үл таних эрэгтэй, найз Э.Д  бид гурвыг маргааш өглөө ирээрэй, өнөөдөртөө гэртээ хариад амарчих гэж хэлсэн. Харин жолооч П.Ш г эмнэлэгт хэвтүүлсэн. Ингээд маргааш нь буюу 2018 оны 04 дүгээр сарын 09-ний аймгийн эмнэлэгт очиж үзүүлэхэд эм бичиж өгсөн ба Улаанбаатар хот руу явж үзүүлээрэй гэж хэлсэн. Би Улаанбаатар хот руу явалгүйгээр гэртээ байгаад байсан ба 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Даланзадгад сумын эмнэлгийн автомашинаар жолооч П.Ш  бид хоёрыг Улаанбаатар хот руу авч яваад “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д очиж жолооч П.Ш г хэвтүүлж, харин намайг компьютер томографикийн зураг авхуулаад гадуур байж бай, хэвтэх шаардлагагүй гэж хэлсэн. Би тухайн үед сууж явсан тээврийн хэрэгслийг хэдэн километр цагийн хурдтай явж байгааг анзаараагүй. Ер нь бол хурдтай явж байсан ба зүүн хойд талын суудалд сууж явсан эрэгтэй сүүлд нь надад хэлэхдээ осол гарахаас өмнө автомашины хянах самбар руу харахад 140 км цагийн хурдтай явж байсан гэж хэлж байсан. Жолооч П.Ш  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Тухайн замд явж байхад тэмдэг тэмдэглэгээ байгаа эсэхийг анзаарч хараагүй ба сүүлд нь эмнэлгийн автомашинд суугаад явж байхад гүвээ ураадаад автомашин осолдсон газрын наад талд огцом эргэлт гэсэн тэмдэглэгээ байсан. Өөр тэмдэг тэмдэглэгээ байгаа эсэхийг анзаарч хараагүй. Тээврийн хэрэгсэлд 4 зорчигч сууж явсан ба зүүн урд талын суудал буюу жолоочийн хажууд настай эрэгтэй суусан, түүний хойд талд 20 гаран насны эрэгтэй хүн суусан, би баруун хойд талын буюу жолоочийн хойд талд суусан, харин хойд суудлын голд манай найз Э.Д  суусан байсан. Зорчигч нараас урд талын настай эрэгтэй болон жолооч П.Ш  хоёр хамгаалах бүс зүүсэн байсан гэсэн. Харин би болон найз Э.Д , бас 20 гаран насны нэрийг нь мэдэхгүй залуу бид гурав хамгаалах бүс зүүгээгүй байсан. Жолооч бид нарыг хамгаалах бүс зүүгээрэй гэж шаардаагүй. Жолооч тээврийн хэрэгслийг зогсоох гэж ямар ч арга хэмжээ авч чадаагүй. Миний биеийн байдал одоогийн байдлаар хэвийн биш байна, толгой нуруу өвдөнө, мартамхай, ууртай болсон. Эмчилгээний зардалтай холбоотой нэмэжлэх зүйл байхгүй, жолооч П.Ш гийн ар гэрийнхэн намайг дагуулж яваад эмнэлэгт үзүүлж эмчлүүлсэн. Эмчилгээний зардалтай холбоотой баримтууд жолоочийн ар гэрийнхэ байгаа надад байхгүй. Би хохирол төлбөр аваагүй. Би гомдолтой байна, мөн шүүх хуралд оролцоно...” гэжээ. /хх-14-16/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Б гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Тухайн үед ямар тэмдэг тэмдэглэгээ байсныг мэдээгүй, буцаад явж байхад осол болсон газраас баруун тийш болон зүүн тийш замын тойрсон хэсэг дээр огцом эргэлт гэсэн тэмдэг цаана наана хоёр талдаа байсан осол болсон газраас нэлээд зайтай байгаа харагдсан. Машин их хурдтай явж байсан болохоор би миллийг нь хараагүй. Жолооч машиныг замаас гарсан дараа машинаа зогсоох ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Би шинжээчийн бүх дүгнэлтүүдтэй танилцлаа, санал хүсэлт байхгүй. Надад өөр хэлэх зүйл байхгүй, гомдолтой байна, нэхэмжилж байгаа зүйл байхгүй...” гэжээ. /хх-17/,

Гэрч Э.Д ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 15 цаг 30 минутын үед энэ машинд суугаад  аймгийн төвөөс Улаанбаатар хот руу гарсан. Би аймгийн төвөөс гараад унтчихсан байсан, нэг мэдэхэд машин замаас гараад шороо руу орж байгаа юм шиг пижигнэсэн дуу гарахаар нь харсан чинь машин замаас гараад шороон дээгүүр явж байх шиг болсон. Тэгээд юу болсныг мэдээгүй, машин хөрвөөх шиг болсон. Би машинаас хаалга нээгээд бууж ирэхэд машины дөрвөн дугуйн дээрээ зогссон байсан. Би арын суудлын голд нь сууж явсан. Машиныг бие нь муу байгаа танихгүй ах жолоодож явсан. Би унтаж явсан болохоор машин ямар хурдтай явсныг мэдэхгүй байна. Машины урд талын суудалд сууж явсан зорчигч, жолооч хоёр хамгаалах бүс зүүсэн, ард суусан гурав хамгаалах бүс зүүгээгүй байсан. Машин замаас гараад осол болсон байх. Миний баруун өвдөг өвдөж байна...” гэжээ. /хх-19/,

Гэрч О.Э ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 15 цаг өнгөрч байхад танихгүй гурван залуу, жолооч П.Ш гийн машины ард суугаад аймгийн төвөөс Улаанбаатар хот руу гарсан. Явж байгаад хэдэн километр яваад онхолдсоныг мэдэхгүй. 80-90 километр яваад онхолдсон байх. Машиныг жолоодож явсан П.Ш  архи уугаагүй эрүүл байсан. Жолооч бид хоёр хамгаалах бүс зүүсэн байсан ард суусан гурав бүс зүүгээгүй байсан байх. Би машины миллийг хараагүй, машин хурдтай явж байсан. Осол юунаас болж гарсныг би мэдэхгүй. Машин замаас гарах шиг болохоор нь би “Хөөе” гэж хэлснээ санаад байгаа юм. Бид нарын өөдөөс автомашин гүйцэт түрүүлсэн зүйл болоогүй. Осол болохоос өмнө тийм зүйл болоогүй. Миний бие зүгээр байна. Өмнө талд эрэг гараад ирсэн, би ингээд үхдэг юм байна гэж бодсон. Өөр зүйл болоогүй. Ослын дараа жолооч хааз дээрээ гишгээд машин асуулттай өндөр хаазтай орилж байсан. Би тонгойж байгаад түлхүүрийг нь хариулж машиныг унтраахад жолооч ухаангүй байсан. Машин 4 дугуйн дээрээ буугаад, урагш харсан байсан. Машинаас намайг бууж ирэхэд машины дугуй хийгүй байсан...” гэжээ. /хх-20-21/,

Гэрч Н.Ш ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 15 цаг өнгөрч байхад зарын дагуу энэ машинд суугаад аймгийн төвөөс Улаанбаатар хот руу гарсан. 16 цаг 40 минутын үед Цогт-Овоо сумаас баруун тийш 30 км-т осолд ороод эмнэлэгт хүргэгдсэн. Замд явж байхад жолоочийн хажууд сууж явсан танихгүй ах жолоочийг замаасаа гараад явж байна гэж хэлэхээр нь би зам руу харахад жолооч машины замын өмнө талын шороон замаар жолоодож явж байсан. Тэгээд 100 гаруй метр явж байгаад далангаас буугаад эрэг рүү орж явж байгаад 2 бүтэн эргээд 4 дугуйн дээрээ буусан байсан. Би буруу тал буюу зүүн гар талын арын цонхоор гараад “Эмнэлэг рүү яриатах” гэж утсаар найз руугаа залгасан. Би жолоочийг танихгүй, зарын дагуу машинд сууж явсан. Жолооч архи уугаагүй байсан. Би машины зүүн гар талын ард цонхон талд суусан, миний баруун гар талд 2 танихгүй залуу сууж явсан. Би машинд байсан хүмүүсийг танихгүй. Жолооч яагаад замаас гарсныг мэдэхгүй байна. Жолоочийн хажууд сууж явсан ах жолоочийг замаас гарчихлаа гэж хэлсэн чинь жолооч буцааж зам руугаа машинаа оруулж чадахгүй байсаар далан руу буусан байх. Би машиныг ямар хурдтай явж байсныг хараагүй. Миний бодлоор 100 гаран км цагийн хурдтай явж байсан байх. Бид нарын өөдөөс ямар нэгэн машин ирээгүй, хажуу талаар машин гүйцэж түрүүлээгүй. Машин хурдтай явсан. Тэгээд жолоочийн анхаарал сарниснаас болсон байх гэж бодож байгаа. Миний толгой, хүзүү өвдөж байна, зүүн гар шалбарсан байна. Миний бие эрүүл байвал гомдолгүй, замын зардал буцааж өгөх байх, өөр зүйлгүй...” гэжээ. /хх-22-23/,

Шүүгдэгч П.Ш гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “... 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр би өөрийн 08-86 ӨМҮ улсын дугаартай Тоёота Аксио маркийн тээврийн хэрэгслээрээ Улаанбаатар хот руу явахдаа хамаатны ах О.Э , Э.Д , Э.Б , Шижирбаатар нарыг аваад  хамтдаа явсан. Цогт-Овоогоос баруун тийш 30 гаран км-т явж байхад гэнэт машин замаас гараад замын хажуугаар явсан. Нүдэнд эрэг харагдахаар нь түүний адагаар машинаа гаргах гэсэн боловч эрэг рүү машин мөргөөд түүнээс хойш юу болсныг мэдээгүй. Нэг мэдэхэд Цогт-Овоо сумын эмнэлэгт сэрсэн. Би тухайн үед согтууруулах ундааны зйл хэрэглээгүй байсан. Би 90 км цагийн хурдтай явж байсан. Би машиныг жолоодож явсан. Миний хажууд О.Э  ах суугаад арын суудалд хэн хэн нь хаана суусан байсныг анзаараагүй. Би хамгаалах бүсээ зүүсэн, арын суудлын хамгаалах бүс нь суудлынхаа цаагуур нь байдаг байсан. Осол маш богино хугацаанд болсон болохоор машиныг зогсоох ямар нэгэн арга хэмжээг би авч чадаагүй. Миний машины тормозны механизмд ямар нэгэн эвдрэл байхгүй хэвийн зүгээр байсан. Залуурын дугай хагарснаас болж осол болсон байх гэж бодож байна.  Гэв гэнэт л замаас машин гараад л осол гарчихсан. Замаас хэр хол зайтай явсныг нь мэдэхгүй байна. Тухайн замд ямар нэгэн анхааруулах тэмдэг байсан үгүйг нь хараагүй...” гэжээ. /хх-74-75/,

Шинжээч Т.Т ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд зааснаар дүрмийн 2 дугаар хавсралтад заагдсан 5.3, 5.5 тэмдгээр тэмдэглэгдсэн хүн ам төвлөрч суурьшсан нутаг дэвсгэрийг суурин газар гэж тодорхойлсон байдаг тул Цогт-Овоо сумаас баруун урагшаа 34 км нь суурингийн гаднах замд орно. Зам тээврийн осол гарах үед жолоочийн самбаачлах хугацаа гэж байдаг, тухайн тээврийн хэрэгсэлд аюул саад бий болсныг мэдсэн үеэс хойш тээврийн хэрэгсэл зогсох хүртэл бүх хугацааг хэлж байгаа юм. Уг хугацаа харилцан адилгүй их бага байж болно. Тухайн жолооч самбаачлах хугацааг хэрхэн ашигласан, мөн тээврийн хэрэгсэл жолоодох дадлага туршлага зэргээс хамаарч янз бүр байж болно...” гэжээ. /хх-65/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай /хх-2/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-11/,

Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-12/,

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-13/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-26,28,31,34,36,59,61/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 207 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “.Э.Б гийн биед сээрний 3,4,5-р нугалмын хугарал, тархины доргилт, хуйхны няцарсан шарх, зүүн шуу, мөр, баруун бугалга, нурууны цус хуралт, баруун шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-27/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №4817 тоот шинжээчийн дүгнэлтэд: “Э.Д ын биед тархины доргилт, зүүн нүдний алимын салстын цус хуралт, зүүн нүдний гадна булан, баруун өвдөгний зулгаралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэжээ. /хх-30/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №4815 тоот шинжээчийн дүгнэлтэд: “Н.Ш ын биед тархины доргилт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэжээ. /хх-33/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 246 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “О.Э ын биед ямар нэг гэмтэл тогтоогдсонгүй...” гэжээ. /хх-35/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 239 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “...П.Ш гийн биед баруун шуу ясны хугарал, хуйхны язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-37/,

Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хх-38/,

Өвчний түүх /хх-40-58/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтэд: “...Жолооч П.Ш  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “ ...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгслээ зогсоож чадаагүйн улмаас замаас гарч онхолдсон гэж үзэж байна. П.Ш гийн КЛ82112114 регистрийн дугаараар тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэхийг Цагдаагийн ерөнхий газрын дотоод сүлжээний хайлт лавлагаа хэсгээс лавлахад 195693 дугаартай ВСDE ангиллын жолооны үнэмлэхтэй, хүчинтэй төлөвт байв. Лавлагааг хавсаргав. Тухайн зам тээврийн осол гарахад зам, замын байгууламж үзэгдэх орчин нөлөөлөөгүй байна...” гэжээ. /хх-60/,

Өмнөговь аймгийн авто тээврийн төвийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 05/01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Уг тээврийн хэрэгслийг 20018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байсан эсэхийг тодорхойлох боломжгүй ба тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт жилд нэг удаа хамруулж тэнцсэн тохиолдолд “тэнцсэн” гэсэн үнэлгээ өгөн замын хөдөлгөөнд оролцох эрх олгодог. Тухайн тээврийн хэрэгсэл нь 2017 оны 11-р сарын 23-ны өдөр Ховд аймгийн Автотээврийн төвийн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна. 08-86 ӨМҮ улсын дугаартай Toyota axio маркийн тээврийн хэрэгсэл нь хөдөлгөөнд оролцох боломжгүй байгаа тул Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн байранд авчиран суурин тоног төхөөрөмжөөр үзлэг хийх боломжгүй байгаа ба нүдээр үзлэг хийхэд их хэмжээний эвдрэл гэмтэлтэй байгаа тул аль нь ослын өмнө үүссэн болохыг тодорхойлох боломжгүй байна...” гэжээ. /хх-62-64/,

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тухай тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-77-85/,

Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа /хх-86/,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюут 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-87/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-88-89,90/,

Шүүгдэгч П.Ш гийн иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-91/,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-92,

П.Ш гийн бакалаврын дипломын хуулбар /хх-93-94/,

Э.Д ын хүсэлт /хх-95/,

Э.Б гийн хүсэлт /хх-96/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-98/,

Бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-102-109/,

Хэргийн газрын үзлэгийн дүрс, дуу бичлэгийн CD зэрэг болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:

Шүүгдэгч П.Ш г 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 08-86 ӨМҮ улсын дугаартай Тоёота Аксио маркийн автомашин жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас осол гаргаж улмаар тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Э.Б н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж Өмнөговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч П.Ш  нь 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн 08-86 ӨМҮ улсын дугаартай Тоёота Аксио маркийн автомашинаар Улаанбаатар хот явахаар олон нийтийн сүлжээнд зар байршуулж зарын дагуу О.Э , Н.Ш , Э.Д , Э.Б  нарын 4 зорчигчийг тээвэрлэн Цогт-Овоо сумын төвөөс баруун тийш 34 дэх километрт зам тээврийн осол гаргажээ.

Уг зам тээврийн осол гаргахад шүүгдэгч нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авч чадаагүй, Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт “...жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан шинжээч Т.Т ын “...Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд зааснаар дүрмийн 2 дугаар хавсралтад заагдсан 5.3, 5.5 тэмдгээр тэмдэглэгдсэн хүн ам төвлөрч суурьшсан нутаг дэвсгэрийг суурин газар гэж тодорхойлсон байдаг тул Цогт-Овоо сумаас баруун урагшаа 34 км нь суурингийн гаднах замд орно. Зам тээврийн осол гарах үед жолоочийн самбаачлах хугацаа гэж байдаг, тухайн тээврийн хэрэгсэлд аюул саад бий болсныг мэдсэн үеэс хойш тээврийн хэрэгсэл зогсох хүртэл бүх хугацааг хэлж байгаа юм. Уг хугацаа харилцан адилгүй их бага байж болно. Тухайн жолооч самбаачлах хугацааг хэрхэн ашигласан, мөн тээврийн хэрэгсэл жолоодох дадлага туршлага зэргээс хамаарч янз бүр байж болно...” гэсэн мэдүүлэг /хх-65/, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн “...Жолооч П.Ш  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “ ...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгслээ зогсоож чадаагүйн улмаас замаас гарч онхолдсон гэж үзэж байна. П.Ш гийн КЛ82112114 регистрийн дугаараар тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэхийг Цагдаагийн ерөнхий газрын дотоод сүлжээний хайлт лавлагаа хэсгээс лавлахад 195693 дугаартай ВСDE ангиллын жолооны үнэмлэхтэй, хүчинтэй төлөвт байв. Лавлагааг хавсаргав. Тухайн зам тээврийн осол гарахад зам, замын байгууламж үзэгдэх орчин нөлөөлөөгүй байна...” гэсэн дүгнэлт  /хх-60/ болон зам тээврийн осол гарсан талаар мэдүүлсэн хохирогч Э.Б  /хх-15-16/, гэрч Э.Д  /хх-19/, гэрч О.Э  /хх-20/, гэрч Н.Ш  /хх-22/ нарын мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Түүнчлэн шүүгдэгч П.Ш гийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Э.Б н бие махбодид хүндэвтэр зэргийн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 207 дугаар шинжээчийн “Э.Б гийн биед сээрний 3,4,5-р нугалмын хугарал, тархины доргилт, хуйхны няцарсан шарх, зүүн шуу, мөр, баруун бугалга, нурууны цус хуралт, баруун шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-27/-ээр нотлогдон тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч П.Ш гийн биед уг гэмт хэргийн улмаас хүндэвтэр хохирол учирч Х.Шаравын нэрэмжит Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчилүүлсэн нь хэрэгт авагдсан шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 239 дугаартай дүгнэлт /хх-37/, өвчний түүхийн хуулбар /хх-38-58/ зэргээр тогтоогдох хэдийч өөрөө өөртөө учруулсан хохирол байх тул гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, харин шүүгдэгчийн хувийн байдал, ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх үндэслэл гэж үзлээ.

Шүүгдэгч П.Ш д холбогдох 1828000650069 дугаартай хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос санал болгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

            Иймд шүүх шүүгдэгч П.Ш г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Э.Б н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч П.Ш гийн хувийн байдлыг нотолсон дүгнэж үзвэл: Шүүгдэгч нь дээд боловсролтой, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, дипломын хуулбар /хх-93-94/, түүний биеийн байцаалтаар тогтоогдож байна.

 Хөрөнгө орлогын хувьд Өмнөговь аймаг дахь арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данс эзэмшдэг тодорхой мөнгөн хадгаламжтай болох нь тодорхойлолт болон албан бичгээр /хх-78-85/, оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгөтэй эсэх лавлагаагаар /хх-89/ шүүгдэгчийн нэр дээр эд хөрөнгө бүртгэгдээгүй нь тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Ш гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгч П.Ш д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан шүүх шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүл мэндийн байдлыг  гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд тулгуурлан шүүгдэгч П.Ш д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн байдалд тохирно гэж дүгнэлээ.

            Шүүх шүүгдэгч П.Ш гийн эрүүл мэндийн байдал болон орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3  сарын дотор сард 266.667 төгрөгөөр  төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэлээ.

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Б  нь  мөрдөн байцаалтын шатанд “ Д.П.Ш д гомдолтой байна...хохирол төлбөрөө аваагүй эмчилгээ хийлгэх шаардлагатай...” гэсэн агуулга бүхий мэдүүлэг өгсөн байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Б  нь шүүхэд хохирол төлбөрийн баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул шүүгдэгч П.Ш г одоогийн байдлаар бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Иймд хохирогчийн эрхийг хангах үүдээс хохирогч иргэний нэхэмжлэгч Э.Б  нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч П.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хэрэгт хавсаргаж ирүүлсэн хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн 1 ширхэг CD-г хэрэгт үлдээж шийдвэрлэлээ.

Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул нээлттэй явууллаа.

Шүүх хуралдаанд шүүгдэгч П.Ш нь өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох талаараа хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П.Ш г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ш г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ш  нь 800.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр 266.667 /хоёр зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран долоо/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ш  нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Б  эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч П.Ш  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хэргийн газрын үзлэгийг дуу, дүрсний бичлэгээр бэхжүүлсэн М2U00145 нэртэй CD-г хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ш д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                                Э.ОЮУН-ЭРДЭНЭ