Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2023/ДШМ/40

 

                                         А.*******д холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай   

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сүрмандах

Хохирогчийн өмгөөлөгч М.Гансүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү

Нарийн бичгийн дарга Б.Номин нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шийдвэрлэн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор А.*******д холбогдох эрүүгийн дугаартай, 175/2023/0022/Э/208/2023/0030 индекстэй 2 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

овогт гийн *******, Монгол Улсын иргэн, ****** оны **** дугаар сарын ******-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, ******** настай, *****эгтэй, *********боловсролтой, ********мэргэжилтэй, З*********** ажилтай байсан, одоо өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл **********хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ******* дугаар баг ********** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:********/,

Шүүгдэгч А.******* нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Улаанбаатараас Сүхбаатар сумын чиглэлийн А402 дугаартай олон улсын чанартай хатуу хучилттай авто зам дээр “*******” улсын дугаартай Тоёото приүс 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 Эсрэг хөдөлгөөний хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”. Мөн дүрмийн 11.3, хавсралт 2-н 1.1, 1.4 дүгээр заалтуудыг зөрчсөний улмаас 2 хүний амь нас хохирч, бага насны хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч С.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: А.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон, хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч С.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч гийн *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасныг баримтлан А.*******ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч А.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялаа эдэлж дууссаны дараа үеэс эхлэн хугацааг тоолж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч А.*******аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******од 84.476.958 төгрөгийг, хохирогч С.*******д эмчилгээний зардал 687.827 төгрөг, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар машины эвдрэлийн үнэ 19.975.000 төгрөгийг тус тус гаргуулж олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гарсан зардал 1.160.000   төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ч.д олгож,

Хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдан,

Шүүгдэгч А.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдан шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шийтгэх тогтоолыг шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч бид дор дурьдсан үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1.Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 -т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрч байгаа ба гэм буруугийн талаар маргаан байхгүй. Харин түүнд оногдуулсан ял шийтгэлийг хүндэдсэн гэж үзэж байна.

Түүнчлэн А.*******ын биед өвчүү ясны хугарал, зүүн талын 3,4,5,6,7,8,9,10,11 дүгээр хавирганы хугарал баруун талын 2,3 дугаар хавирганы хугарал баруун тойг, зүүн тойг ясны хугарал, бяцрал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчны хугарал, баруун зүүн талын цээжний хөндийд бага хэмжээний шингэн хуралдалт, нүүр баруун нүдний зовхи, баруун өвдөг, зүүн өвдөгт шарх, дух, цээж, сарвуунд цус хуралт үүссэн нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7794 дугаартай дүгнэлтээр нотлогдсон.

Шүүгдэгч нь дээр дурьдсан олон тооны гэмтлийн улмаас удаан хугацаагаар хэвтэрт, бусдын асаргаанд байсан ба одоо ч хөл дээрээ босоогүй алхаж явж бусдын тусламжгүйгээр босож суух хөдөлгөөн хийх боломжгүй, толгой нь байнга өвддөг, шөнө бүтэн унтаж чаддаггүй биеийн эрүүл мэнд нь сайнгүй байгаа болно. Хөл дээрээ явж сууж чадахгүй байгаа шалтгаан нь зүүн хөлний тойг яс нь үйрч бяцарсан тул хадах боломжгүй байсны дээр одоо хүртэл бороолж эдгэрээгүй холбоотой юм. Шүүгдэгч нь өөрөө хөл дээрээ босоогүй, хөдөлмөрийн чадвар алдалт нь нөхөн сэргээгдээгүй учир гэм хорын хохирлоо төлж чадаагүй бөгөөд харин тэтгэврийн насанд хүрмэгцээ хөдөлмөрийн чадвар алдалтын групп тогтоолголгүйгээр тэтгэврээ сонгож тогтоолгон, тэтгэврийн зээл авах болзол бүрдмэгц зээл авч 1,400,000 төгрөг л хохирогчид төлсөн, өөрөөр хохирогч нарт мөнгө төгрөг төлж чадахгүй учир тэдэнтэй уулзаж, уучлалт гуйж чадаагүй болно.

Харин хохирогч Ц., Ч. нарын хувьд хоёулаа сэтгэцийн өвчний улмаас амьдрал ахуйгаа аваад явах чадваргүй байсан шүүгдэгч А.******* нь тэднийг харж хандаж амьдралыг авч явсан учраас өөрөө босож чадахгүй, хэвтэрт байсан хэдий ч оршуулгын зан үйлд зарцуулах мөнгө төгрөгийг бүгдийг нь гаргасан учраас хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байна.

Түүнд ял шийтгэл халдаахдаа:

- Замын хөдөлгөөнд оролцох явцдаа гүйцэж түрүүлэх гэж эсрэг урсгалд орох үед тормозны механизмд үүссэн гэмтлийн улмаас машинаа зогсоох боломжгүй байдалд хүрч урдаас гарч ирсэн тээврийн хэрэгслийг мөргөхгүйн тулд замаас гарах гэж замын далан хэсэг рүү гарах гэж байх явцдаа урдаас ирж явсан тээврийн хэрэгслийг мөргөсөн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй,

-Эсрэг урсгалд зорчиж явсан тээврийн хэрэгслийн жолооч нь бага насны /2настай/ хүүхдийг машины арын суудалд зориулалтын бэхэлгээ бүхий суудалд суулгаж зорчуулах дүрэм зөрчсөн байдал нь бага насны хүүхэд хүндээр гэмтэхэд ихээхэн нөлөөлсөн байгаад огт үнэлэлт өгөөгүй, /Зам тээврийн ослын гэмт хэрэг нь А.*******ын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдлээс шалтгаалж гарсан хэдий ч хүүхдийн зориулалтын сандлыг машины арын суудалд бэхэлж, хүүхдийг зорчуулсан бол хүүхэд гэмтэхгүй байх бүрэн боломжтой байсан/

-Анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, өөрөө хөдөлмөрийн чадвараа алдсан хөл дээрээ босоогүй зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэм хорын хохирлыг нөхөн төлж чадаагүй, Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн дагуу даатгалаас нөхөн төлбөр гаргуулах гэсэн боловч хохирогч С.*******гийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ олдохгүй байгаа, эмчилгээний зардлын баримтыг шүүх хурал дээр гаргаж өгсөн 84.476.958 төгрөгийг 5 хоногийн завсарлага аваад ч төлөх боломжгүй, тэтгэврээс өөр орлогогүй зэрэг нөхцөл байдалд шүүх үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр “ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн хэрнээ 5 жилийн хорих ял оноосон нь хүндэдсэн гэж үзэж гомдолтой байна.

2.Бага насны хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол, эмчилгээний зардлыг бүхэлд нь Засгийн газын тусгай сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 хэсэгт заасныг үндэслэн Монгол улсын Засгийн газрын Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангаас олгуулахаар шүүх хурлын явцад гаргасан хохирогчийн өмгөөлөгчийн үндэслэлтэй саналыг дэмжсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн аваагүй, хуулийг буруу тайлбарлаж, хууль хэрэглээний алдаа гаргасан тул гомдолтой байна.

 Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 хэсэгт тодорхой гэмт хэргийн зүйлчлэлүүдийг заан нэрлэсний зэрэгцээ түүнчлэн хүнд гэмтэл учирсан хохирогчийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт заасан дараах хохиролд нөхөн төлбөр олгоход зарцуулна гэж заасан бөгөөд энэ харилцааг журмаар зохицуулахаар тусгасан байгааг шүүгч анхаараагүй гэж дүгнэж байна.

Уг хуулийн 10.3 заалтад Түүнчлэн гэдэг холбоос үг оруулж хүнд гэмтэл учирсан хохирогчийн гэж хуульчилж өгсөн байгаа, уг харилцааг журмаар зохицуулахаар 10.5 дугаар зүйлд заасан байгаа зэргээс хамаарч Эрүүгийн хуулиас бусад хууль, журмыг төсөөтэй хэрэглэж болох зарчмын дагуу хүнд гэмтэлтэй бага насны хохирогч Б.*******гийн эмчилгээний зардлыг Засгийн газрын 2020 оны 220 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангаас гаргуулаад уг журмын 6.1-д заасны дагуу шүүгдэгчээр /ялтнаар/ нөхөн төлүүлэх боломжтой гэж байсан гэж үзэж гомдолтой байна.

Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгч А.*******ын биед олон тооны гэмтэл үүссэн, хөл дээрээ босож бусдын тусламжгүйгээр явах суух, бие засах боломжгүй, биеийн эрүүл мэнд муу байгаа байдал, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 -д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан хуульд заасан ялын доод хэмжээгээр ялыг оногдуулах боломжтой байсан гэж үзэж гомдолтой байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 заасны дагуу шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Насанд хүрээгүй хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд учирсан хохирол буюу хүнд гэмтлийг Монгол, Турк улсад эмчлүүлэхэд гарсан зардал болох 84.476.958 төгрөгийн гэм хорын нэхэмжлэлийг А.оос гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул давж заалдах дараахь гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхээс Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас учирсан гэм хорын 84.476.958 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэжээ.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд “Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн, энэ хуулийн 10.3-т заасан гэмт хэргийн улмаас амь насаа алдсан этгээдийн гэр бүлийн гишүүн, хүнд гэмтэл учирсан хохирогчид нөхөн төлбөр олгох зориулалттай байна.  10.3 дугаар зүйлд “Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн хөрөнгийг ..., түүнчлэн хүнд гэмтэл учирсан хохирогчийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт заасан дараах хохиролд нөхөн төлбөр олгоход зарцуулна” гэж заасныг зөвхөн Эрүүгийн хуулинд заасан тодорхой/ гэмт хэргийн улмаас амь насаа алдсан этгээдийн гэр бүлийн гишүүн, хүнд гэмтэл учирсан хохирогчид хамаарахаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

 Учир нь: Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10.3 дугаар зүйлд дурьдаж заасан гэмт хэргийн улмаас амь насаа алдсан этгээдийн гэр бүлийн гишүүн, хүнд гэмтэл учирсан хохирогч энэ хуулийн үйлчлэлд хамаарна гэж анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг уялдуулан авч үзвэл Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл /Хүнийг алах/ гэмт хэргийн улмаас хүнд хохирол учирсан байх, 11.1 дүгээр зүйл /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/ гэмт хэргийн улмаас амь насаа алдах, 11.4 дүгээр зүйл /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах/ гэх мэтээр тухайн зүйлд л заасан гэмт хэргийн улмаас амь насаа алдах, хүнд хохирол учирсан байхаар хуульчилсан гэж тайлбарлаж байгаа нь хуулийг илтэд үндэслэлгүй хэрэглэжээ.

Гэтэл Засгийн газрын тусгай ангийн тухай хуулийн 10.1, 10.3 дугаар зүйлд “...түүнчлэн” гэж бусад гэмт хэргийн улмаас хүнд хохирол учирсан хохирогч энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх тул Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, насанд хүрээгүй хохирогч Б.*******гийн эрүүл мэндийн хохирлыг эмчлүүлэхэд зарцуулсан 84.476.958 төгрөгийг Засгийн газрын тусгай сангаас гаргуулан түүний хууль ёсны төлөөлөгч М.*******од олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөхцөл байдлуудын тал бүрээс нь харгалзаж үзнэ гэж зааснаар харгалзан үзсэн. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзсан. Хор уршиг бүрэн арилаагүй харин ч илүү мөнгө төгрөг хэрэгтэй болсон байдалтай байна. Энэ бүх нөхцөл байдлыг харгалзан шүүх энэ хүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар жолоодох эрхийг 8 жил хасаж, 5 жилийн хорих ял оногдуулсан нь тохирсон байна гэж үзэж байна. 1 хүний амь нас хохироход л 1-5 жил хорих ял оногдуулна гэж тодорхой заасан байдаг. Гэтэл энэ хэрэгт 2 хүний амь нас хохироод дахин нэг хүүхдэд хүнд гэмтэл учруулсан байна. Харин ч хамгийн бага хэмжээг оногдуулсан, ял тохирсон байна гэж үзэж байна. Гомдол үндэслэлгүй байна, шүүхээс оногдуулсан ял нийцсэн гэж үзэж байна.

Энэ хэргийн улмаас 2 хүн нас барсан, бага насны хүүхэд эрүүл мэндийн хэвийн бус байдалд байгаа нь харамсалтай байна. Гэхдээ гарч байгаа эмчилгээний зардал болон цаашид гарах эмчилгээний зардлыг шүүгдэгч А.******* төлөх чадваргүй урчаас хүүхдийн эрхийг хангах үүднээс тусгай сангаас гаргуулж өгнө үү гэсэн өмгөөлөгчийн байр суурь харагдаж байна. Анхан шатны шүүх нь энэ зардлыг тусгай сангаас гаргахгүй талаар үндэслэлээ тайлбарлаад шийдвэрийг гаргасан. Тусгай сангийн тухай хуулийн 10.1, 10.3-т заасан мөн Засгийн газрын 2020 оны тогтоолоор гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох журам батлагдсан байгаа юм. Энэ хууль журмыг харахад 21 төрлийн гэмт хэргийг заасан байгаа.

2 талын өмгөөлөгч бол түүнчлэн гэдэг үг байгаа юм чинь энэ 21 төрлийн гэмт хэргээс өөр гэмт хэрэгт бас ойлгож болно гэж эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс тайлбарлаж байна. Гэхдээ түүнчлэн гэдэг үгний агуулга эдгээр гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон түүнчлэн хүнд гэмтэл  учирсан байвал гэж аль алийг нь хамруулж үзээд хохирлыг олгуулж болно гэхдээ энэ 21 төрлийн гэмт хэргийн улмаас гэдгийг хуульд заасан байна гэж үзэж байна. Өмгөөлөгч нарын ярьж байгаа 84,000,000 төгрөгийг тусгай сангийн зардлаас гаргах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Бусад хохирогч нарын хувьд гомдол гаргаагүй, хохирол төлбөрийн асуудалд маргаагүй учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр А.*******д холбогдох эрүүгийн дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.******* нь  2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Улаанбаатараас Сүхбаатар сумын чиглэлийн А402 дугаартай олон улсын чанартай хатуу хучилттай авто зам дээр “*******” улсын дугаартай Тоёото приүс 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа  замын хөдөлгөөний дүрэм журмыг зөрчсөний улмаас 2 хүний амь нас хохирч, бага насны хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч С.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулж, авто тээврийн  хэрэгслийн хөдөлгөөний  аюулгүй байдал, ашиглалтын  журам зөрчих  гэмт хэрэг үйлдсэн болох нь  шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.*******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******, гэрч Д.*******, Ц.*******,  нарын мэдүүлэг,  Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 49, 50 дугаартай  дүгнэлтүүд, Шүүхийн  шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 сарын 06-ны өдрийн 7795, 7796, 7794 дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.

 2.Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч А.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 Эсрэг хөдөлгөөний хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас осол гарч гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч 2 иргэн нас барж, иргэн С.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, бага насны хүүхэд Б.*******гийн  эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар хэргийг зүйлчлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн зөв тайлбарлан хэрэглэжээ.

3.Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл шүүгдэгчийн эрүүл мэндийн хувьд хүнд байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх талаар гомдол гаргасан.

Шүүгдэгч А.*******ын  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирлын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад  2 жилээс 8 жил хүртэл  хугацаагаар хорих ялаар шийтгэхээр зааснаас анхан шатны шүүх 5 жилийн хугацаагаар  хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэсэн  нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн,  түүнчлэн шүүх тухайн зүйлд заасан хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулсан байх тул шүүгдэгчийн ял хөнгөрүүлэх гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

4.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү, хохирогчийн өмгөөлөгч М.Гансүх нар нь  давж заалдах гомдлын үндэслэлээ анхан шатны шүүхийн шийдвэрийг насанд хүрээгүй хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд учирсан хохирол буюу хүнд гэмтлийг Монгол, Турк улсад эмчлүүлэхэд гарсан зардал болох 84.476.958 төгрөгийн гэм хорын хохирлыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу гаргуулах үндэслэлтэй байхад шүүх тухайн хуулийг хэрэглээгүй  гэжээ.

5.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн, энэ хуулийн 10.3-т заасан гэмт хэргийн улмаас амь насаа алдсан этгээдийн гэр бүлийн гишүүн, хүнд гэмтэл учирсан хохирогчид нөхөн төлбөр олгох зориулалттай байна. 

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10.5 дугаар зүйлд зааснаар  хохирогчид нөхөн төлбөр олгох журмыг Засгийн газар батлахаар заажээ.  Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 220 дугаартай  журам шинэчлэн батлах тухай тогтоолоор “Гэмт хэргийн хохирогчид  нөхөн төлбөр олгох журам”-ыг  шинэчлэн баталсан байна.

Тус журмын 2.1-т “Эрүүгийн хуульд заасан дор дурдсан  гэмт хэргийн улмаас  амь насаа алдсан этгээдийн хууль ёсны төлөөлөгч, хүнд гэмтэл учирсан  хохирогчид  нөхөн төлбөр олгоход зарцуулна.” гэж 21 төрлийн гэмт хэргийг нэрлэн заажээ. 

Шүүгдэгч А.*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэг нь энэхүү журамд заасан 21 төрлийн гэмт хэрэгт ороогүй байх тул анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхгүй.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн  10.3-т “Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн хөрөнгийг түүнчлэн хүнд гэмтэл учирсан хохирогчийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт заасан дараах хохиролд нөхөн төлбөр олгоход зарцуулна” заасан тул шүүх хуулийг төсөөтэй хэрэглэх боломжтой гэж маргадаг.

Тус хуулийн дээрхи зүйлийн “түүнчлэн” гэх холбоос үгийг хуульд /журамд заасан 21 төрлийн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон түүнчлэн хүнд гэмтэл  учирсан байвал/ тодотгосон байдлаар хэрэглэсэн гэж үзнэ.  Өөрөөр хэлбэл  дээрхи гэмт хэргүүдийн улмаас амь насаа алдсан этгээдийн хууль ёсны төлөөлөгч, хүнд гэмтэл авсан хохирогчид Засгийн газрын нөөц сангаас  хохирлыг гаргуулахаар зохицуулсан байна.

6.Иймд шүүгдэгч болон хохирогч нарын өмгөөлөгчдийн А.*******ын гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогчид учирсан  эмчилгээний зардлыг засгийн газрын нөөц сангаас гаруулах тухай гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

4.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас    өөрөөр    тайлбарлаж     хэрэглэсэн   гэж    үзвэл   энэхүү   магадлалыг 

гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

           ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                           ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН