Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00464

 

 

 

 

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00464

 

Я.Д-, Д.Т-, Д.Д- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2021/02830 дугаар шийдвэртэй,

Я.Д-, Д.Т-, Д.Д- нарын нэхэмжлэлтэй

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогтсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2021/00760 дугаар захирамжаар Я.Д-, Д.Д-, Д.Т- нараас 107,619,884 төгрөг гаргуулж “Голомт банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр авагч “Голомт банк” ХХК-д төлөх 107,619,884 төгрөг төлбөрөөс 33,116,850 төгрөг төлсөн, 74,503,034 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа.

Шийдвэр гүйцэтгэгч 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу гудамж, 6 дугаар байр, ... тоотод оршин байх 54,01 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, доод салхитын 7 гудамж, ... тоот хаягт оршин байх 36 м.кв хувийн сууц, мөн хаягт оршин байх 427 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус битүүмжилж, 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолоор хураасан.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4-119/18716 тоот албан бичгээр Д.Т-ын өмчлөлийн, дээр дурдсан хаягт оршин байх 2 өрөө орон сууцыг 51,784,588 төгрөгөөр, Я.Д-гийн өмчлөлийн, дээр дурдсан хаягт оршин байх 427 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг 7,905,051 төгрөгөөр, мөн хаягт оршин байх Я.Д-, Д.Д- нарын өмчлөлийн, 36 м.кв хувийн сууцыг 8,436,960 төгрөгөөр тус тус зах зээлийн үнийг шинжээч тогтоосон болохыг мэдэгдсэн.

Гэтэл зах зээлийн үнэлгээгээр 2 өрөө орон сууц 85,000,000 төгрөгөөр, газар 15,000,000 төгрөгөөр, хувийн сууц 25,000,000 төгрөгөөр худалдан борлуулагдаж байгаа. Дээрхи хөрөнгүүдийг зах зээлийн үнээс харьцангуй доогуур, хэтэрхий нэг талыг баримталж үнэлсэн байх ба зах зээл дээр энэ төрлийн үл хөдлөх эд хөрөнгүүд нь хэдэн төгрөгний үнэ ханшаар худалдан борлогдож байгааг үндэслээгүй. Хөрөнгө үнэлгээний тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг баримтлаагүй, үндэслэлгүй үнэлгээ гаргасан.

Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2021/00760 дугаар захирамжаар Д.Т-, Я.Д-, Д.Д-, У.Ганцэцэг нараас 108,003,009 төгрөгийг гаргуулж “Голомт банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Д.Т-, Я.Д-, Д.Д-, У.Ганцэцэг нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Т-ын өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу гудамж, 6 дугаар байр, ... тоотод оршин байх 54,01 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Я.Д-, Д.Д- нарын өмчлөлийн, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхит 7 дугаар гудамжны ... тоот хаягт оршин байх 36 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт оршин байх Я.Д-гийн өмчлөлийн 427 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрын хамт 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 21300649/127-3, 21300649/127-4 дугаартай тогтоолуудаар битүүмжлэн, 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 21300649/127-6, 21300649/127-7 дугаартай тогтоолуудаар тус тус хураасан.

Талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчээр хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийг томилон 2 өрөө орон сууцыг 51,784,588 төгрөг, газар, хувийн сууцыг 16,342,011 төгрөг, нийт үнийг 68,126,599 төгрөгөөр тогтоосон.

Үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Д.Т-, Я.Д-, Д.Д- нар болон төлбөр авагч “Голомт банк” ХХК-д 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр албан бичгээр хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Я.Д-, Д.Д-, Д.Т- нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2202010673 дугаартай, 427 м.кв талбай бүхий газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017912 дугаартай, 36 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201028896 дугаартай, 54.1 м.кв талбайтай орон сууцыг нийт 68,126,599 төгрөгөөр үнэлсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг хүчингүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Зохигчид маргаж буй үйл баримтаа нотлох үүрэгтэй бөгөөд шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэр гаргадаг. Гэтэл нэхэмжлэгч талаас хөрөнгийг хэт доогуур үнэлсэн талаарх нотлох баримтыг ирүүлээгүй, тухайн үнэлэгдсэн хөрөнгийг хэт доогуур үнэлсэн гэж байгаа боловч зах зээлд хэдэн төгрөгийн үнэтэй байгаа талаар дурдаагүй, “Дамно” ХХК-ийн үнэлсэн үнэлгээний тайлангаас өөрөөр тухайн хөрөнгийн бодит байдал, зах зээлийн үнийг тодорхойлсон тайлан, бусад холбогдох баримт байхгүй байтал шүүх үнэлгээ тогтоох ажиллагааг хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар үнэлгээчинд тавигдах шаардлага болон сонгон шалгаруулж, тусгай зөвшөөрөл олгох талаар нарийвчлан зохицуулсан бөгөөд “Дамно” ХХК-ийн үнэлгээчин нь дээрх шаардлагыг хангасан Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий этгээд юм. Үнэлгээчин Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээний тайланг гаргасан бөгөөд шүүх өртгийн ба зах зээлийн хандлагын аргыг хэрэглэсэн талаар дүгнэсэн байна.

Хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдол үндэслэлгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй. Үнэлгээчин зах зээлийн хандлагын аргаар бус өртөгийн хандлагын аргаар үнэлсэн. Өмчлөх эрхтэй газрыг үнэлэхдээ эзэмших эрхтэй газартай харьцуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Я.Д-, Д.Т-, Д.Д- нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.а. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 182/ШШ2021/00760 дугаар захирамжаар хариуцагч Д.Т-, Я.Д-, Д.Д-, У.Ганцэцэг нар нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д зээлийн гэрээний үүрэгт 107,619,885 төгрөгийг хэсэгчлэн төлөх хугацаа болон хэмжээг тохиролцож, тохиролцсон төлбөрийг зохих ёсоор төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн нөхцөлөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ /хх-ийн 8-9 дүгээр тал/.

 

Энэ шийдвэрийг гүйцэтгүүлэх баримт бичгийг үндэслэн хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт 34,000,000 төгрөг төлөгдсөн, улмаар У.Ганцэцэгийн газар өмчлөх эрхийг барьцаанаас чөлөөлсөн, төлбөрөөс 74,503,034 төгрөг төлөгдөөгүй талаархи үйл баримт тогтоогдсон.

 

3.б. Д.Т-ын өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу гудамж, 6 дугаар байр, ... тоотод оршин байх 54,01 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Я.Д-, Д.Д- нарын өмчлөлийн, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхит 7 дугаар гудамжны ... тоот хаягт оршин байх 36 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт оршин байх Я.Д-гийн өмчлөлийн 427 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах урьдчилсан нөхцөл болох барьцааны зүйлийг битүүмжлэх, хураах ажиллагаа явагдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн, уг үйл баримтад талууд маргаагүй.

Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд гомдол гаргахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар урьдчилан шийдвэрлэх журам хэрэглэх талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Түүнчлэн үнэлгээг талуудад мэдэгдэх журам зөрчөөгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт нийцжээ.

 

3.в. Барьцааны зүйлийг албадан дуудлага худалдаанд оруулахад доод үнийг тогтоохтой холбоотой ажиллагаанд шинжээч томилох талаар зохицуулсан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх  хэсэгт заасан журмыг хариуцагч байгууллага зөрчөөгүй.

 

Шинжээч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар албадан дуудлага худалдааны эд хөрөнгийн зах зээлийн үнэ тогтоох учиртай. Гэтэл шинжээч эдгээр хөрөнгийг үнэлэхдээ хувийн сууцыг өртгийн хандлагаар, газар өмчлөх эрхийг эзэмших эрх гэж тодорхойлж үнэлсэн нь алдаатай болсныг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан зохицуулалт нь албадан дуудлага худалдааны үнэ тогтоох ажиллагаанд баримтлах ерөнхий зохицуулалт болох бөгөөд харин Иргэний хуулийн 177 дугаар зүйл нь нарийвчилсан зохицуулалт болох юм. Иймд шинжээч нь албадан дуудлага худалдаанд оруулах хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоох учиртай. Хувийн сууцыг өртөгийн аргаас өөрөөр үнэлгээ тогтоох боломжгүй гэх шинжээчийн тайлбар үндэслэлгүй.

 

Түүнчлэн шинжээч газар өмчлөх эрхийг анхааралгүйгээр эзэмших эрх гэж тодорхойлсон нь буруу болжээ. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.5-т зааснаархөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт”-ыг үнэлгээнд тусгах ёстой. Газар өмчлөх эрхийг эзэмших эрхийн шинж байдлаар тодорхойлохгүй юм.

 

Нэхэмжлэгч үнэлгээг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүрэгтэй, энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй ч шүүх өөр үндэслэлээр үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгосон нь зөв.

 

Үнэлгээ алдаатай хууль зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгчид нотолгооны үүргийг хуваарилахгүй. Учир нь энэ ажиллагааг шийдвэр гүйцэтгэх байгууллага явуулах учиртай. Нэхэмжлэгч нь үнэлгээ хийсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцээгүй гэх үндэслэл гаргасан нь үнэлгээ хуульд нийцсэн эсэхийг гомдлоор хянан хэлэлцэхэд хангалттай үндэслэл болно.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг баримтлаагүй байх боловч шийдэлд нөлөөлөхгүй гэж дүгнэж, шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2021/02830 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД                                              Д.НЯМБАЗАР

 

Э.ЗОЛЗАЯА