| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2024/05904/И |
| Дугаар | 182/ШШ2024/04525 |
| Огноо | 2024-11-04 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 182/ШШ2024/04525
2024 11 04 182/ШШ2024/04525
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч; Чингэлтэй дүүргийн байрлах, ГБны нэхэмжлэлтэй
Д.Э-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
Д.Э нь 2023 оны 12 дугаар сарын 29-ны өдөр ГБтай Я000665570 дугаартай, дижитал зээлийн гэрээ байгуулж, 4,140,000.00 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэйгээр, 15 сарын хугацаатай зээлж авсан. Хариуцагч Д.Э-ыг ГБны зүгээс зээлийн төлөлттэй холбоотойгоор, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд, 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөр хариуцагчаас 4,548,097.08 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 184/Ш32024/19103 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч нь дээрх хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон болно. Иймд хариуцагч Дэлгэрэхбулаг овогтой Энхтуулыг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ГБ нь Д.Э-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч ГБ нь Д.Э-тай 2023 оны 12 дугаар сарын 29-ны өдөр 4.140.000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. 7.684.976 төгрөгийг шаардсан нэхэмжлэлд Д.Э нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна.
Д.Э нь Сонгинохайрхан дүүргийн тоот тоотод бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 сарын 03-ны өдрийн 184/ШЗ2024/19103 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 2411990001027312 дугаартай “Иргэний үнэмлэхийн лавлагаа”, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн зүгээс уг иргэнийг эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т “хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж заажээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Д.Э-ын оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нь шүүх хуралдаанд оролцохгүй талаархи хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан Монгол улсын иргэн дугаар регистртэй, эмэгтэй, Ц овогт Д-ийн Э-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Д.Э-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч ГБны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН