| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2024/01568/И |
| Дугаар | 182/ШШ2024/04651 |
| Огноо | 2024-11-08 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 182/ШШ2024/04651
2024 11 08 182/ШШ2024/04651
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, шүүгч О.Аззаяа, Х.Дашдэчмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, тоотод байрлах, дугаар регистртэй, “ЦХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, байрлах, дугаар регистртэй, “ПБВ” ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Амралтын үйлчилгээний гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 2.095.000 төгрөг гаргуулах тухай үндсэн,
4.915.900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,
Хариуцагчийн өмгөөлөгч Л.О,
Гэрч Э.Г,
Иргэдийн төлөөлөгч С.О,
Нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч “ЦХ” ХХК нь хариуцагч “ПБВ” ХХК-д холбогдуулан амралтын үйлчилгээний гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 2.095.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Манай компани нь аялал жуулчлалын чиглэлээр Налайх дүүргийн 6-р хороонд байршилтай Тэрэлжид “ГР” амралтын газрыг ажилуулдаг. “ПБВ” ХХК нь манайд 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нэг хүний 65.000 төгрөгийн амралтын үйлчилгээний багц авахаар захиалга өгч, захиалгандаа 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нийт 6З хүн ирж амрахаар, нийт үнийн дүнг 4.095.000 төгрөг байхаар тохиролцсон. Уг амралтын үйлчилгээний гэрээг амаар байгуулсан бөгөөд гэрээний урьдчилгаа төлбөр болох 2.000.000 төгрөгийг захиалга өгсөн өдрөө манай компанийн дансаар шилжүүлж өгсөн. Ингээд “ПБВ” ХХК-иас гэрээний дагуу манайд 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 63 хүн ирж амраад явсан. Үлдэгдэл төлбөр болох 2.095.000 төгрөгийг маргааш нь буюу 2024 оны 02 сарын 26-ны өдөр төлж барагдуулна гэсэн боловч өнөөг хүртэл төлбөрөө төлөлгүй манай компанийг хохироож байна. Иймд Амралтын үйлчилгээний гэрээний дагуу “ПБВ” ХХК-иас үлдэгдэл төлбөр 2.095.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч “ПБВ” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Манай байгууллага цасны баяр тэмдэглэхээр ГР амралтын газар буюу “ЦХ” ХХК-д 63 хүний захилга өгч үйлчилгээ авсан. Гэвч нэхэмжлэгч талаас үзүүлсэн үйлчилгээтэй холбоотойгоор манай ажилтнууд гэмтэж бидэнд хохирол учирсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Хариуцагч “ПБВ” ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
3.1. Манай компанийн 63 ажилтан 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “ЦХ” ХХК-ийн “ГР” гэх амралтын газар байгууллагын “Цасны баяр”-ыг тэмдэглэхээр тус байгууллагатай харилцан тохиролцож Хөтөлбөртэй үйлчилгээ буюу нэг хүний 65.000 төгрөг нийт 4.095.000 төгрөгийн үнэ бүхий багцаар амрахаар харилцан тохиролцсон. “ЦХ” ХХК-ийн зүгээс хөтөлбөрийн удирдагч буюу хөтөчийн зааврын дагуу хөгжөөнт тоглоом тоглохоор болсон ба тус тоглоом нь уулын бэлээс чаргаар гулгах байсан. Хөтчийн зааварчилгааны дагуу тухайн зааж өгсөн /хөтөч өөрөө цуг гарсан/ уулын бэлээс манай байгууллагын ажилтнууд нэг нэгээрээ чаргаар гулгасан бөгөөд манай байгууллагын 4 ажилтан бэртэж тухайн үед түргэн тусламж дуудан Налайх дүүргийн эмнэлэгт хүргэгдсэн болно. Дээрх үйлдэлтэй холбоотой “ЦХ” ХХК-ийн хөтөчөөс энэ чаргаар гулгах газар зөв эсэхийг тодруулахад “...Би бас сайн мэдэхгүй, буруу юм шиг байна...” гэх тайлбар, менежер гэх үл таних эмэгтэй “...Манай буруу манай хүн та бүхнийг буруу уулнаас буюу зориулалтын бус газраас гулгуулсан байна. Бид танай гэмтсэн хүмүүсийн хохирлыг хариуцах болно...” гэх тайлбарыг өгсөн. Манай байгууллагын зүгээс гэмтсэн ажилтнуудын үзлэгийн болон эмнэлгийн төлбөрийг “ЦХ” ХХК-ийн менежер гэх 88118076 дугаартай үл таних эмэгтэй хүнтэй холбогдон төлбөрийн мэдээллийг цаг тухай бүрт нь өгч байсан боловч “..Манай захирал байхгүй байна, удахгүй болно, манайх төлнө төлбөрөө явуулчих..” гэх тайлбарыг өгч байсан. “ЦХ” ХХК-тай бичгээр гэрээ байгуулаагүй амаар тохиролцон нэг хүний 65.000 төгрөг нийт 4.095.000 төгрөгийн багц буюу "ЦХ” ХХК-ийн хөтөлбөртэй амралтын үйлчилгээг авахаар хэлцэл хийсэн ба “ЦХ” ХХК-ийн ажилтан буюу хөтөчийн буруу ташаа мэдээлэл, хайхрамжгүй байдлаас үүдэн манай компанийн 4 ажилтан гэмтсэн. Иймд тухайн ажилтнуудын эм, эмнэлгийн болон үзлэгийн төлбөр болох 4.915.900 төгрөгийг “ЦХ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
5.Нэхэмжлэгч “ЦХ” ХХК нь хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мэдээж хүн бэртсэн асуудал бол маш харамсалтай зүйл. Гэхдээ хариуцагч байгууллагад манай компани гэм хор учруулаагүй учир “ПБВ” ХХК нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэж үзэж байна. Хэдийгээр компанийн ажилтан бэртсэн ч ажилтны өмнөөс компани нэхэмжлэл гаргаад явна гэдэг нь үндэслэлгүй юм. Мөн тухайн ажилтны хувьд бэртсэн асуудал нь “ЦХ” ХХК-иас болсон асуудал биш. Тухайн үйлчлүүлэгчийг бид заавал чаргаар гулга гэж албадан гулгуулсан зүйл байхгүй. Үйлчлүүлэгч өөрөө бэртэж гэмтсэн байхад байгууллага яагаад хариуцлага хүлээнэ гэж байгааг нь ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн ажилтанд хохирол учирсантай холбоотой манай байгууллагын гэм буруутай үйлдэл байхгүй. “ПБВ” ХХК-ийн зүгээс бол 4 ажилтны эмчилгээний төлбөрийг төлөөд түүнийгээ нэхэмжилсэн байдаг. Гэтэл энэ зардал нь эрүүл мэндийн даатгалын сангаас гарах ёстой, гарах боломжтой зардал юм. Тийм байхад байгууллага эрүүл мэндийн даатгалын сангийн өмнөөс мөнгө төлөөд түүнийгээ нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн тухайн хүмүүс байгууллагад ямар хамааралтай, байгууллагын ажилтан мөн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй, тодорхойгүй байна. Ажилтан шүд хийлгэх нь байгууллагад хамааралгүй шүү дээ. Тийм учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
6.Нэхэмжлэгчээс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн нэхэмжлэх, “ЦХ” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ГР амралтын газрын танилцуулга, нэхэмжлэх,
Хариуцагч 2024 оны 04 дүгээр сарын 18-ны А/04/01 дугаартай Эмчилгээний нөхөн төлбөр олгох тухай “ПБВ” ХХК гүйцэтгэх захирлын тушаал, ДДӨБ эрүүл мэндийн үйлчилгээний баримт,2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Борлуулалтын баримт, Эмнэлгийн магадлагаа, Гэмтэл согог судлалын үндэсний төв Хэт авиан оношлогоо, худалдан авалтын и баримт, Бүсэлхий нурууны тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээнд, эмнэлгийн магадлагаа, Дөрөвдүгээр эмнэлэг “И” баримт, Амбулаторт хийгдэх мэс ажилбарын хяналтын хуудас, энгийн эмийн жор, Дүрс оншилгооны шинжилгээний хариу, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б/04/35 дугаартай “ПБВ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал “Ажилд томилох тухай”, 2024 оны 03 дугаар сарын 01-ний хөдөлмөрийн гэрээ, 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч “ЦХ” ХХК нь хариуцагч “ПБВ” ХХК-д холбогдуулан амралтын үйлчилгээний гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 2.095.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3.Хариуцагч нь ГР амралтын газар буюу “ЦХ” ХХК-д 63 хүний захилга өгч, үйлчилгээ авсан. Үзүүлсэн үйлчилгээтэй холбоотойгоор манай ажилтнууд гэмтэж, бидэнд хохирол учирсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
4.Хариуцагч “ПБВ” ХХК нь “ЦХ” ХХК-д холбогдуулан “ЦХ” ХХК-ийн хөтөлбөртэй амралтын үйлчилгээг авахаар хэлцэл хийсэн ба тухайн компанийн ажилтан буюу хөтөчийн буруу ташаа мэдээлэл, хайхрамжгүй байдлаас үүдэн манай компанийн 4 ажилтан гэмтсэн. Иймд тухайн ажилтнуудад гаргасан эмчилгээний төлбөрийг манай байгууллага төлж барагдуулсан тул 4.915.900 төгрөгийг “ЦХ” ХХК-иас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн нэхэмжлэх, “ЦХ” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “ГР” амралтын газрын танилцуулга, нэхэмжлэх, 2024 оны 04 дүгээр сарын 18-ний А/04/01 дугаартай Эмчилгээний нөхөн төлбөр олгох тухай “ПБВ” ХХК гүйцэтгэх захирлын тушаал, ДДӨБ эрүүл мэндийн үйлчилгээний баримт, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Борлуулалтын баримт, Эмнэлгийн магадлагаа, Гэмтэл согог судлалын үндэсний төв Хэт авиан оношлогоо, худалдан авалтын и баримт, Бүсэлхий нурууны тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээнд, эмнэлгийн магадлагаа, Дөрөвдүгээр эмнэлэг И баримт, Амбулаторт хийгдэх мэс ажилбарын хяналтын хуудас, энгийн эмийн жор, Дүрс оншилгооны шинжилгээний хариу, 2022 оны 11 сарын 01-ний өдөр Б/04/35 дугаартай “ПБВ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал “Ажилд томилох тухай”, 2024 оны 03 дугаар сарын 01-ний хөдөлмөрийн гэрээ, 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээ зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.Нэхэмжлэгч “ЦХ” ХХК нь “ПБВ” ХХК-ийн ажилчид манай амралтын газар болох ГР 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нэг хүний 65.000 төгрөгийн амралтын үйлчилгээний багц авахаар захилга өгч, 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 63 хүн амрахаар ирж нийт 4.095.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон.
Талуудын хооронд үүссэн дээрх харилцаа нь хөлсөөр ажиллах гэрээний үндсэн шинжийг агуулсан байх бөгөөд гэрээг бичгийн хэлбэрээр байгууллаагүй боловч гэрээний талууд харилцан тохиролцсоны дагуу мөнгө, эд хөрөнгийг шилжүүлэн өгснөөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Энэ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулагдахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцогддог зохицуулалтад хамаарна.
Дээрх үйлдлээр талуудын хооронд хуульд заасан шаардлагыг хангасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна. Талууд гэрээ болон 2.000.000 төгрөг шилжүүлсэн тухайд маргаагүй болно.
Нэхэмжлэгч нь 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “ПБВ” ХХК-ийн 63-н ажилчинд Амралтын үйлчилгээний гэрээний дагуу үйлчилгээг үзүүлсэн боловч гэрээний үлдэгдэл төлбөр болох 2.095.000 төгрөгийг дутуу төлсөн учир 2.095.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан хэдий ч хариуцагч талаас 4 хүн гэмтсэн гэж тайлбарлаж байх тул 4 ажилтны зардлыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хасч тооцоход татгалзахгүй гэж тайлбарлав.
Хариуцагч “ПБВ” ХХК-ийн 63 ажилчид 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “ЦХ” ХХК-ийн ГРийн амралтын газар амарсан хэдий ч “ЦХ” ХХК-ийн хөтөлбөртэй амралтын үйлчилгээг авахаар хэлцэл хийсэн ба “ЦХ” ХХК-ийн ажилтан буюу хөтөчийн буруу ташаа мэдээлэл, хайхрамжгүй байдлаас үүдэн манай компанийн 4 ажилтан гэмтсний улмаас 4 ажилтандаа 4.915.900 төгрөгийн хохиролыг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрхгүй гэж тайлбарласан.
Хариуцагч нь “ЦХ” ХХК-ийн ажилтан хөтөч нь манай ажилчдыг буруу уулнаас гулгуулсны улмаас 4 ажилтан гэмтэж бэртэл авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, төлөхгүй гэх боловч “ЦХ” ХХК-иийн хөтөчийн буруугаас болж гэмтсэн гэх нотлох баримтыг ирүүлээгүй болно.
Иргэдийн төлөөлөгч С.О нь хариуцагч “ПБВ” ХХК нь төлөх ёстой гэх дүгнэлтийг гаргасан. Уг дүгнэлтийг шүүх харгалзан үзэж шийдвэрлэсэн болно.
Харин нэхэмжлэгч талаас гэмтсэн гэх 4 хүний амралтын зардлыг хасаж тооцход татгалзах зүйлгүй гэж тайлбарласан тул нэхэмжлэлийн шаардлагаас 4 хүний амралтын зардал болох 65.000 х 4=260.000 төгрөгийг хасаж тооцов.
Иймд хариуцагч “ПБВ” ХХК-иас 1.835.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ЦХ” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
7.Хариуцагч “ПБВ” ХХК-ийн нэхэмжлэгч “ЦХ” ХХК-д холбогдуулан “ЦХ” ХХК-ийн хөтөлбөртэй амралтын үйлчилгээг авахаар хэлцэл хийсэн ба “ЦХ” ХХК-ийн ажилтан буюу хөтөчийн манай ажилчдын буруу уулнаас гулгуулсны улмаас компанийн 4 ажилтан гэмтсэн. Иймд тухайн ажилтнуудад гаргасан эмчилгээний төлбөрийг байгууллага төлж барагдуулсан тул 4.915.900 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасан хэдий ч шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирогчид учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байхаас гадна гэм буруу нь тогтоогдсон байхыг шаарддаг онцлогтой.
Харин “ЦХ” ХХК-ийн ажилчид ажлаа бүрэн дүүрэн хийж гүйцэтгээгүй гэх байдал баримтаар тогтоогдоогүй, үүний улмаас хариуцагч “ПБВ” ХХК-ийн 4 ажилтанд 4.915.900 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, хариуцагч “ПБВ” ХХК-ийн 4 ажилтанд дээрх хохирол учирахад “ЦХ” ХХК-ийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй байхаас гадна “ЦХ“ ХХК-ийн ажилтны гэм буруутай, хууль бус үйлдэл, 4 ажилтанд учирсан хохирол хоёрын хооронд ямар нэгэн шалтгаант холбоо тогтоогдсонгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд “ЦХ” ХХК-иас 4 ажилтаны эмчилгээний зардал 4.915.900 төгрөгийг гаргуулах үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 48.470 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 106.954 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 44.310 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч “ПБВ” ХХК-иас 1.835.000 /нэг сая найман зуун гучин таван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ЦХ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 260.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан хариуцагч “ПБВ” ХХК-ийн нэхэмжлэгч “ЦХ” ХХК-д холбогдуулан гаргасан 4.915.900 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч ЦХ ХХК-ийн 48.470 төгрөг хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 106.954 төгрөгийг төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч “ПБВ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 44.310 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЦХ” ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5,119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД О.АЗЗАЯА
Х.ДАШДЭЧМАА