Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/943

 

 

Б.Б-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Алтай,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Мягмарсүрэн,

хохирогч О.А,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан, 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 2024/ШЦТ/331 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол гаргасныг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2310044940268 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Х овгийн Б.Б /РД: ........../, ..... тоотод оршин суух хаягтай, урьд:

2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/268 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,400,000 төгрөгөөр торгох ялаар,

2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/373 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хамтран амьдарч байсан хохирогч О.А-тай харилцаа холбооны хэрэгслээр маргаан үүсгэж, улмаар Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах НВЦ компанийн хашаан дотор зогсоолд байсан О.А-ы эзэмшлийн 0000 ААА улсын дугаартай Субару Имприза загварын автомашиныг мөргөн гэмтээсэн, үргэлжилсэн үйлдлээр хохирогч Б.Н-ийн эзэмшлийн 0000 ААА улсын дугаартай улаан өнгийн Тоёото приус-30 загварын автомашиныг өөрийн эзэмшлийн 0000 ААА улсын дугаартай Хьюнда Бонго загварын машинаар санаатай мөргөн гэмтээж нийт 36,855,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

     Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Б.Б-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд өөрийн оршин суудаг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хохирогч О.А, Б.Н нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б нь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч бусдад учруулсан гэм хорын хохирлыг төлж барагдуулсан бөгөөд иргэний хэргийн шүүхэд гэр бүл цуцлуулах, Б.Б миний асрамжинд 10 настай хүү, 9 настай охин маань байдаг. 

Ажил хөдөлмөр эрхэлдэг, сарын дундаж орлого 3 сая төгрөг болон өөрийн амьдралын бодит нөхцөл байдлыг мөрдөгч, прокурор нарт хэлж мэдүүлсэн. Өөрийн мэдлэггүй байдлаас болж энэхүү нөхцөл байдлаа нотлох баримтыг өгөөгүй болохоо сүүлд мэдсэн. Улсын яллагчаас миний амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал, дүгнэлтийг гаргасан. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2. Б.Б миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүхээс шийтгэсэн ялыг эдлэлээ гэхэд бага насны хоёр хүүхдүүдээ сургуульд нь өгөх, авах, мөн эрхэлсэн ажлаа явуулж хүүхдүүдээ тэжээн тэтгэж чадахгүйд хүрч хүүхдүүдийн маань эрх ашиг миний буруугаас болж зөрчигдөх ёсгүй гэж үзэж байна.

 3. Хан-Уул дүүргийн шүүхээс шийтгэх тогтоолоо ав гэсний дагуу шүүхэд очиход утсаар ярьсан шүүгчийн туслах чөлөө авсан эзгүй байсан бөгөөд утсаар холбогдоход “би чиний шийтгэх тогтоолыг шуудангаар хүргүүлсэн, би чөлөө аваад явсан байна, хажуугийн туслахад хэлээд шийтгэх тогтоол гардаж авсанаар гарын үсгээ зураад явчих” гэж хэлсэн. Гэтэл 2024.6.9-ний өдөр О.А-д шуудангаар шийтгэх тогтоол очсоныг мэдээд 2024.6.12-ны өдөр шүүгчийн туслахтай холбогдож шийтгэх тогтоол ирээгүй болохыг хэлж, тогтоол авч, шүүхэд гомдол гаргах тухайгаа хэлэхэд тэрээр “шуудангаас буцсан юм байна, дахин явуулая” гэсэн. 2024.7.01-д шүүхээс надруу залгахад нь шийтгэх тогтоол гардаж аваагүй байгаагаа хэлж 2024.7.02-ны өдөр очиж тогтоолыг гардан авсан болно.

4. Миний бие өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна. Миний буруугаас болж үр хүүхдүүдийн маань эрх зөрчигдөхөд хүрч байгаа тул зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар солиулах хүсэлтэй байна.

Иймд миний амьдралын нөхцөл байдал, хоёр хүүхдийн маань эрх ашигт нийцүүлэн шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Д.Мягмарсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 2024/ШЦТ/331 дүгээр шийтгэх тогтоолоор Б.Б-ад 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн. Б.Б нь одоо хоёр хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Сургуульд нь хүргэж өгч авдаг. Уг ялыг эдэлбэл хүүхдүүдийнх нь эрх зөрчигдөх гээд байгаа тул торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв. 

Хохирогч О.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сая 2022 оны хэрэг дээр намайг дуудлага өгсөний улмаас ял шийтгүүлсэн байна гэлээ. Тэр үед би дуудлага өгөөгүй. Надад одоо гомдол санал байхгүй. Б.Б хохирлоо төлж барагдуулсан. Хоёр хүүхэд маань эцэг дээрээ байдаг. Сургууль нь хоёр өөр дүүрэгт байдаг болохоор Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Прокурор С.Алтай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн зарчимд нийцсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.  

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Б.Б-ад холбогдох 2310044940268 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.  

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд;

2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүгдэгч Б.Б нь хамтран амьдарч байсан хохирогч О.А-тай маргаан үүсгэж, улмаар өөрийн эзэмшлийн 0000 ААА улсын дугаартай Хьюнда Бонго загварын машинаар Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах НВЦ компанийн хашаан дотор зогсоолд байсан О.А-ы эзэмшлийн 0000 ААА улсын дугаартай Субару Имприза загварын автомашиныг, хохирогч Б.Н-ийн эзэмшлийн 0000 ААА улсын дугаартай улаан өнгийн Тоёото приус-30 загварын автомашиныг тус тус санаатай мөргөн гэмтээж, нийт 36,855,000 төгрөгийн хохирлыг бусдад учруулсан болох нь:

Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “согтуу хүн найз охины машиныг машинаараа мөргөөд байна” гэсэн дуудлагыг бэхжүүлсэн дуудлага, лавлагааны хуудас /хх-ийн 7/,

2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, мөрөглөтийн улмаас гэмтсэн О.А-ы эзэмшлийн 0000 ААА улсын дугаартай Субару Имприза загварын автомашины, хохирогч Б.Н-ийн эзэмшлийн 0000 ААА улсын дугаартай улаан өнгийн Тоёото приус-30 загварын автомашины гэрэл зургууд /хх-ийн 12-16/,

Б.Б-ын үйлдлийг харуулж буй хяналтын камерын бичлэг, гэрэл зургууд /хх-ийн  18-26/,

хохирогч О.А-ы: “...2018 оноос тусдаа амьдарч Б.Б Солонгос Улсад 3 жил болоод ирэхээр нь бид хоёр нэг жил хамт амьдраад 2023 оны 4 дүгээр сараас тусдаа амьдрах болсон. ...2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ...Б залгаад чиний машиныг очоод мөргөчий, ажлын чинь хашаан дотор байгаа биз дээ, харсан гээд байсан. Би арай ч мөргөнө гэж бодоогүй. Тэгсэн эхлээд над руу чатаар манай ажлын хашаан дотор байгаа миний машины зургийг явуулсан. Удаагүй машины урд талаас мөргөсөн зургаа явуулсан. Би ажлынхаа Н рүү залгаад наана чинь Б очоод машин мөргөөд байна гэж хэлсэн. Н Б.Б дээр очоод чи яагаад машин мөргөөд байгаа юм бэ гэхэд Б би нөхөр нь байна, би хоёр хүүхдийнх нь аав нь байна гэж хэлсэн. Н харуулд хэлж цагдаад дуудлага өгсөн байсан. Б өөрийнхөө 0000 ААА улсын дугаартай Хьюндай Бонго загварын машинаар мөргөж гэмтээсэн...” /хх-ийн 30-32/, /хх-ийн 39, 41/,

хохирогч Б.Н-ийн: “...А 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19 цаг 37 минутад залгаад нөгөө Б очоод миний машиныг мөргөх гээд байна, чи гараад үнэн эсэхийг шалгачих гэсэн. Тэгээд гараад очсон чинь А-ы нөхөр Б нь ачааны машинтай А-ы машиныг урдаас нь мөргөсөн байсан. Тэгээд би А руу залгаад аль хэдийн машиныг чинь мөргөсөн байна гэж хэлж байхад Б дахиад А-ы машиныг хэд хэдэн удаа мөргөчхөөд зогсохоор нь би Б дээр очоод гадны хүн байж компанийн хашаан дотор орж ирээд бусдын эд хөрөнгөд яагаад халдаж байгаа юм бэ гэж асуухад  А-ы нөхөр нь байна, бид хоёрын асуудал хамаагүй гэж хэлсэн. Би өөрийн машин дээрээ очоод харсан чинь миний машины баруун хойд талын хаалга, карлон, хойд талын гуперыг мөргөсөн байсан. ...” /хх-ийн 36-37/ гэх мэдүүлгүүд,

“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №1168 дугаартай: “...2009 онд үйлдвэрлэгдсэн, 2018 онд Монголд Улсад орж ирсэн Тоёота приус 30 загварын автомашины крыло хаалганы ховил баруун хойд 130,000 төгрөг, хаалга баруун хойд хэсэг 40,000 төгрөг, буфер хойд 35,000 төгрөг, шууд зардал 205,000 төгрөг, будах зардал 450,000 төгрөг, 350 грамм будаг 105,000 төгрөг, шууд бус зардал 105,000 төгрөг нийт 760,000 төгрөг...” /хх-ийн 47/, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №1110 дугаартай: “...2006 онд үйлдвэрлэгдсэн, 2012 онд Монгол Улсад ирсэн “Субару имприза” загварын автомашины хохирлын үнэлгээ нийт 41,640,000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлангууд /хх-ийн 49/,

Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Би гэм буруугаа ухаарч байна. Өөрийн тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийг нэр шилжүүлж О.А-ы хохирлыг бүрэн барагдуулсан, харин Н-ийн хохирлыг хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон дүнгээр бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 70/,

хохирогч Б.Н-ийн “...хохирлын төлбөрийг Хаан банкны 5006426049 тот дансанд шилжүүлсэн, гомдол саналгүй...”, хохирогч О.А-ы “...хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан тул гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлтүүд /хх-ийн 128-130/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Б.Бын өөрийн эзэмшлийн 0000 ААА улсын дугаартай Хьюнда Бонго загварын машинаар 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах НВЦ компанийн хашаан дотор зогсоолд байсан О.А-ы эзэмшлийн 0000 ААА улсын дугаартай, хохирогч Б.Н-ийн эзэмшлийн 0000 ААА улсын дугаартай автомашинуудыг санаатай мөргөн гэмтээж, нийт 36,855,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан... гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.

   Анхан шатны шүүхийн Б.Б-ын үйлдсэн хэргийн талаар хийсэн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдээс шүүгдэгч Б.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, зургаан сарын хугацаагаар оногдуулсан нь Эрүүгийн хуульд нийцсэн байна.  

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх тул шүүгдэгч Б.Б-ын гаргасан “...6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 2024/ШЦТ/331 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БАТСАЙХАН

          ШҮҮГЧ                                                         Т.ШИНЭБАЯР

          ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ