Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 103

 

 

                                        

 

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 08 өдөр                                Дугаар 2018/ШЦТ/103                                            Өмнөговь аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Шүүгдэгч: Ш.Д  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш.Д ид холбогдох 1828000000079 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1972 оны 4 дүгээр сарын 10-нд Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Тайхо” ХХК-д нүүрс тээврийн жолооч, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг, 8-14 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ш.Д , регистрийн дугаар ...

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Шагжсүрэн овогтой Ш.Д  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 5 дугаар сарын 12-ны шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвөөс урагш 30 километрт байх “Элбэг” дэлгүүрийн урд иргэн Б.С ын нуруу орчим газар нь 2 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ш.Д  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар явах гээд Элбэг дэгүүр дээр ирсэн. Хотынхоо нэг жолоочтой таараад 1 шил архи уусан. Согтоод гадаа сандал дээр унтсан байсан. шөнө нэг хүн бос гэсэн. Тэгээд тийм зүйл болсон. Юу болсон гэдгийг сайн санахгүй байгаа. Торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.С ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 16 цаг өнгөрч байхад нэг танихгүй хүн машинаас буугаад манай эхнэрийн ажиллуулдаг “Элбэг” дэлгүүрийн гадна үлдсэн. Тухайн хүн нилээд согтуу байсан. Надаас Улаанбаатар хот руу явах унаа машин сурагласан. Би тухайн хүнд хот руу явах машины жолоочтой яриад дэлгүүрийнхээ гаднаас явуулахаар болсон. Би тухайн өдөр 19 цагийн орчимд Овоотын цэргийн ангид болох урлагийн тоглолт үзэхээр явсан. Тоглолтоо үзчихээд буцаад 22 цаг өнгөрч байхад “Элбэг” дэлгүүрт ирэхэд тухайн хүн дэлгүүрийн гадна сандал дээр унтаж байсан. Дэлгүүрийн гадна талд хэдэн хүмүүс машинтай ирчихээд дэлгүүрт орохыг гуйхаар нь дэлгүүрээ нээж тухайн хүмүүст үйлчилсэн. Би уг хүн согтуу архи нь гараагүй дэлгүүрт орж гарч байгаа хүмүүс рүү элдэв янзын юм яриад хүний дургүй хүргээд байсан. Би уг хүнд хандаж олон нийтийн газарт байж соёлтой байгаач гэж хэлчихээд дэлгүүр лүү ороод буцаад гарч ирээд гэр лүүгээ орох гээд явж байхад миний араас ирээд хутгалсан. Би тухайн үед уг хүний гарнаас хутгыг нь булааж авсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Хутганы 2 сорви үлдсэн байгаа. Шарх нь бол бүрэн эдгэрсэн. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би Ш.Д  гэх хүнтэй эвлэрсэн надад энэ хүнээс нэхэх гомдол санал байхгүй болсон...” гэжээ. /хх-11/,

Гэрч П.Ч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би Б.С  гэх хүнийг танина бүтээлгийн компанийг хариуцаж ажилладаг. 2018 оны 05 сарын 12-ны шөнийн 23 цагийн орчимд Элбэг дэлгүүрийн хажууд гуанз байдаг тэрнээс гэрийн түлхүүрээ авах гээд тухайн үед очсон байсан. Дэлгүүрээс ундаа авахаар ороход Б.С  нь гадна зогсож байсан. Дэлгүүрт орсон дараа намайг гаднаас дуудах шиг болсон. Би ундаагаа авчихаад дэлгүүрээс гарч ирэхэд Б.С  нь нэг хүнийг баруун гараараа дараад газар унагаад зүүн гартаа түлхүүртэй хутга барьчихсан байж байсан. Намайг уг хүнийг хараад байж бай би цагдаа дуудана гээд босоход нь нуруу нь цус болчихсон байсан. Дэлгүүрийн гадна талын гэрэлд харагдаж байсан. Би хутгалсан хүнийг нь хараад байж байхад уг хүн нь согтуу, амиа хорлоно гээд зам руу гүйсэн. Би араас нь явж уг хүнийг дагуулж ирсэн. Дэлгүүрийн гадна талын сандал дээр сууж байхад хилийн цэргийн 2 хүн ирсэн. Б.С  нь уг хүнтэй муудалцаж маргалдаагүй байхаа намайг дэлгүүрт ороход гадна зүгээр л зогсож байсан. Ямар шалтгааны улмаас Б.С  нь хутгалуулсан талаар би мэдэхгүй байна. Тухайн үед хутгалж байхыг нь харсан хүн байхгүй байх, би хутгалуулсан тэр хүнийгээ газар унагасан байхыг нь л харсан. Б.С  согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан байх. Би тухайн үед мэдээгүй. Б.С ыг хутгалсан гэх хүний биед хэн нэгэн хүн халдаж цохиж зодсон талаар би мэдэхгүй, хараагүй. Намайг анх дэлгүүр лүү орж байхад дэлгүүрийн үүдэнд байж байсан. Хүн зодсон талаар би мэдэхгүй...” гэжээ. /хх-15/,

Шүүгдэгч Ш.Д ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр би Шивээхүрэн хилийн боомт дээр байж байгаад хилийн боомтоос 23 км зайд байрладаг Поошиг гэх газарт нутгийнхаа нэг хүнтэй таараад нэг шил архи хувааж уусан. Улаанбаатар хот явах машиныг хүлээхээр “Элбэг” дэлгүүр орсон. Би дэлгүүрийн үүдэнд байх сандал дээр цүнхтэй хувцасаа дэрлээд унтчихсан байсан. Тэгээд байж байхад гэнэт нэг хүн намайг бос дэлгүүрийн үүдэнд унтаж болохгүй гэж хэлсэн байх. Тухайн үед би архи уугаад согтсон байсан. Би яг надад юу гэж хэлснийг нь одоо санахгүй байна. Би Б.С ад хандаж бас хэдэн үг хэлж уурыг нь хүргэсэн байх, тэгээд л маргалдаж эхэлсэн. Б.С  нь намайг нэг удаа цохиж авсан. Тэгэхэд нь би өөрийн жижиг цүнхнээсээ хутга гаргаж Б.С ын нурууны орчимд нь 2 удаа хутгаласан. Б.С  миний гараас хутгыг булааж авсан. Би Улаанбаатар хот явах машинд суулгүй үлдсэн. Б.С  цагдаад мэдэгдсэн байсан ба сумын төвөөс цагдаа нар ирж намайг сумын төв рүү авч явсан. Би Б.С ын зүүн талын далны орчимд нь нэг удаа, зүүн ташааны орчимд нь бас нэг удаа хутгаласан байсан. Өөрөөр бол биед нь халдаж гэмтэл учруулаагүй. Б.С  нь архи уугаагүй эрүүл байсан. Би тухайн үед согтуу байсан уурандаа л Б.С ыг хутгаласан байхаа бусдаар бол Б.С ыг өмнө нь таньдаггүй байсан, хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Тухайн үед Б.С  нь намайг цохьсон болохоор би уурлаж хутгалсан. Би тэр хутгыг Хятад улсын Цэхэ боомт дээр явж байгаад дэлгүүрээс худалдаж авч байсан. Хоол идэхдээ хэрэглэдэг жижиг эвхдэг хутга байсан. Ер нь бол машинд л байж байдаг, тухайн үед би машинаа түгжээд үлдээгээд явж байсан болохоор дотор нь байсан хутгаа түлхүүрэндээ холбож жижиг цүнхэнд хийсэн байсан. Б.С  миний нүүр лүү 1-2 удаа цохьсон байхаа, би тухайн үед согтуу байсан болохооор сайн санахгүй байна. Надаас Б.С  эмчилгээний зардал болох 200.000 төгрөг гаргаад өгчихвөл өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн...” гэжээ. /хх-26-27/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-2/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,

Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-5/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-6-7/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-8/,

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 290 дүгээр шинжээч эмчийн дүгнэлтэд: “Б.С ын биед зүүн суга, ташаа орчмын хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-17/,

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 289 дугаар шинжээч эмчийн дүгнэлтэд: “Ш.Д ийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэжээ. /хх-19/,

Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-28-33/,

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Засаг даргын тодорхойлолт /хх-36/,

Шүүгдэгч Ш.Д иргэний үнэмлэх болон жолоочийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-37/,

Эвлэрлийн гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбарууд /хх-40-43/,

Хэрэг бүртгэлтийн явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-44-48/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-4/ зэрэг болно.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:

Шүүгдэгч Ш.Д  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 12-ны шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвөөс урагш 30 километрт байх “Элбэг” дэлгүүрийн урд иргэн Б.С ын нуруу орчим газар нь 2 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Өмнөговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Ш.Д ид холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос санал болгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.Д  нь дээрх хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.С ын “...2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 16 цаг өнгөрч байхад нэг танихгүй хүн машинаас буугаад манай эхнэрийн ажиллуулдаг “Элбэг” дэлгүүрийн гадна үлдсэн...Би уг хүнд хандаж олон нийтийн газарт байж соёлтой байгаач гэж хэлчихээд дэлгүүр лүү ороод буцаад гарч ирээд гэр лүүгээ орох гээд явж байхад миний араас ирээд хутгалсан. Би тухайн үед уг хүний гарнаас хутгыг нь булааж авсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Хутганы 2 сорви үлдсэн байгаа. Шарх нь бол бүрэн эдгэрсэн. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би Ш.Д  гэх хүнтэй эвлэрсэн надад энэ хүнээс нэхэх гомдол санал байхгүй болсон...” гэсэн мэдүүлэг /хх-11/, гэрч П.Ч ын “...Дэлгүүрт орсон дараа намайг гаднаас дуудах шиг болсон. Би ундаагаа авчихаад дэлгүүрээс гарч ирэхэд Б.С  нь нэг хүнийг баруун гараараа дараад газар унагаад зүүн гартаа түлхүүртэй хутга барьчихсан байж байсан. Намайг уг хүнийг хараад байж бай би цагдаа дуудана гээд босоход нь нуруу нь цус болчихсон байсан...Би хутгалсан хүнийг нь хараад байж байхад уг хүн нь согтуу, амиа хорлоно гээд зам руу гүйсэн. Би араас нь явж уг хүнийг дагуулж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-15/, Шүүгдэгч Ш.Д ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр би Шивээхүрэн хилийн боомт дээр байж байгаад хилийн боомтоос 23 км зайд байрладаг Поошиг гэх газарт нутгийнхаа нэг хүнтэй таараад нэг шил архи хувааж уусан. Улаанбаатар хот явах машиныг хүлээхээр “Элбэг” дэлгүүр орсон. Би дэлгүүрийн үүдэнд байх сандал дээр цүнхтэй хувцасаа дэрлээд унтчихсан байсан. Тэгээд байж байхад гэнэт нэг хүн намайг бос дэлгүүрийн үүдэнд унтаж болохгүй гэж хэлсэн байх. Тухайн үед би архи уугаад согтсон байсан. Би яг надад юу гэж хэлснийг нь одоо санахгүй байна. Би Б.С ад хандаж бас хэдэн үг хэлж уурыг нь хүргэсэн байх, тэгээд л маргалдаж эхэлсэн. Б.С  нь намайг нэг удаа цохиж авсан. Тэгэхэд нь би өөрийн жижиг цүнхнээсээ хутга гаргаж Б.С ын нурууны орчимд нь 2 удаа хутгаласан...” гэсэн мэдүүлэг /хх-26-27/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч нь хохирогчийн бие эрх чөлөөнд халдахдаа зэвсэг буюу хутга хэрэглэж хөнгөн хохирол учруулсан нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Б.С ын биед зүүн суга, ташаа орчмын хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн 290 дугаартай дүгнэлт /хх-17/, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эвхдэг хутга зэргээр тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Ш.Д  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-49/ тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

            Иймд шүүх шүүгдэгч Ш.Д ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Улсын яллагч шүүгдэгч Ш.Д ид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх уг санал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Ш.Д  нь “Тайхо” ХХК-нд нүүрс тээврийн жолооч ажилтай, мөн түүний арилжааны банкны харилцах дансны үлдэгдэл /хх-47/ зэрэг цалин, орлого, орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Ш.Д ийг 800.000 төгрөгийн торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагаггүй гэж үзэж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ш.Д  нь хохирогч Б.С ад 200.000 төгрөгийн хохирол төлж эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул нээлттэй явууллаа.

Шүүхэд шүүгдэгч Ш.Д  нь өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох талаараа хүсэлтээ бичгээр ирүүлсэн ба шүүх заавал өмгөөлөгч оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш.Д ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д ийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Ш.Д  нь 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д  нь торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн эвхдэг хутгыг устгуулахаар тухайн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

6. Шүүгдэгч Ш.Д  нь хохирогчид хохирол төлбөрт 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Ш.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Д ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

  1.                         . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Э.ОЮУН-ЭРДЭНЭ