Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 105

 

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 08 өдөр                            Дугаар 2018/ШЦТ/105                                               Даланзадгад сум

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: Т.Э  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Э-д холбогдох 1828000720077 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 27-нд Өмнөговь аймгийн Баяндалай суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын оператор мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Баяндалай сумын “Петровис” ШТС-д эрхлэгч, түгээгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өмнөговь аймаг Баяндалай сум Орон сууцны 1-3 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Т.Э, регистрийн дугаар ...........

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Т.Э  нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Тулга багийн нутаг дэвсгэрт Д.Н бие эрх чөлөөнд халдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Б.Бийнд очсон. Хэдэн лааз пивотой очсон. Д.Н нилээд согтуу Э.Б тай хүрээд ирсэн. Яв гэсэн явахгүй байсан. Хоорондоо хэрэлдээд байхаар нь Д.Н ыг хэд цохьсон юм.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Н  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 21 цагийн орчимд Б.Бийн хөлдөөгчийг нь хүргэж өгөхөөр өөрийнхөө фургон машинаар очсон юм. Б.Бийн эхнэр Д.Э  надтай хамт явсан. Э.Б  гэдэг залууг элдвээр хэлээд алгадаж авахаар нь би уурлаад Д.Э г загинасан чинь нөхөр нь хажуугаас ирээд “Та яагаад хүн загинаад байгаа юм бэ?” гэсэн. Би Б.Бт хэдэн үг хэлээд байж байтал цаанаас нь Т.Э  гэдэг залуу нилээд согтуу “Чи яахаараа дүүгээ дээрэлхээд байгаа юм бэ, зодох гэж ирсэн юм уу?” гээд над руу дайрахаар нь би “Үгүй ээ би зодоон хийх гэж ирээгүй хөлдөөгч буулгах гэж ирсэн” гэсэн чинь Т.Э  “Чи яасан том юм, яасан их дүүгээ дээрэлхдэг юм” гээд миний машины арын хаалгаар орж маниул барьчихсан гарч ирэхээр нь би Т.Э тай зууралдаж байж маниулаа авч машиндаа тавьсан. Э.Б ыг машиндаа суулгаад аавындаа очих гээд баруун тийш хөдөлж явж байгаад болиод эргэж гэр лүүгээ явсан. Б.Бийн гэрийн үүдээр нь өнгөрч яваад буцаж очиход Д.Э  газраас чулуу аваад миний машины урд талын том шил рүү шидэж хагалсан. Би зогссон чинь Т.Э  Б.Б 2 ирж байхаар нь би машинаасаа буугаад зугтаагаад жалганд очиж нуугдсан. Тэндээ жаахан байж байгаад хүмүүс байхгүй болохоор нь машинаа унаад гэртээ харьсан. Би гэртээ Э.Б ыг үлдээчихээд эргээд мотоциклоо унаад Т.Э тай уулзахаар Б.Бийнд очсон. Тэд нар гэртээ архи хувааж уугаад сууцгааж байсан. Надад ууж байсан архинаасаа аягалж өгөхөөр нь нэг хундага архи уусан. Би “Та нар яагаад машин луу чулуу шидэж шил хагалж байгаа юм бэ, энэ чинь миний хөрөнгө шүү” гэж хэлсэн чинь Т.Э  уурлаад “Чамд ямар хамаатай юм фургонтой чинь цуг шатаана шүү” гээд байхаар нь би хэрэлдээд хамт гадагшаа гарсан. Гадаа Т.Э  миний нүүр лүү гараараа 2 удаа цохьсон, миний толгойны ар хэсэг рүү чулуугаар нэг удаа цохьсон. Би зугтаад жаахан зайтай зогсоод толгойгоо тэмтэрч үзсэн чинь толгойны араас цус гарсан байх шиг байсан. Буцаж Т.Э  луу очиход Т.Э  намайг дахиад 2 удаа гараараа нүүр дух руу 2 удаа цохьсон. Б.Б ирээд намайг хөөгөөд “Та одоо яв зайл бид нар Э.Б  тэмдэглэж байна” гээд байсан. Би мотоциклоо унаад гэртээ хариад Баяндалай суман дээр байсан эхнэр Энхжаргал руу утсаар яриад “Эд нар намайг зодоод миний машины шилийг хагалчихлаа” гэж хэлсэн юм. Т.Э  намайг Б.Б, Д.Э  нартай муудалцаад хэрэлдсэн чинь хажуугаас “Би яахаараа дүүгээ дээрэлхээд байгаа юм бэ” гэж уурлаад байсан. Дараа нь намайг ална машинтай чинь шатаана гээд байхаар нь би өмнөөс нь хэдэн үг хэлсэн чинь хамт гадаа гарч байгаад зодсон. Т.Э  маниул аваад намайг айлгах гэсэн юм шиг байгаа юм. Гэхдээ Т.Э  тэр маниулаар намайг болон өөр хүн цохиогүй, бариад зогсож байхад нь би булааж авч маниулаа машинд хийсэн юм. Б.Б намайг зодож цохиогүй, Т.Э ыг хорьж салгаж байсан. Д.Э  чулуу шидэж шил хагалаад дахиад чулуу шидэхэд нь машины зүүн хажуу талд онож хонхойлгосон байсан. Тэр хонхорхойг нь дотроос нь түлхсэн чинь зүгээр болчихсон. Зурган дээр миний машины арын хаалган дээр хонхойлгосон байсан нь хуучин хонхойчихсон байсныг хэсгийн төлөөлөгч ахмад Батбаатар зургийг нь авчихсан байсан. Энэ хонхорхой нь Д.Э д хамаагүй. Урьд нь Т.Э тай муудалцаж байгаагүй. Намайг Т.Э  л ганцаараа зодсон. Би Энхжаргалд хэлэхдээ Б.Б, Д.Э , Т.Э  нар зодсон гэж хэлээгүй. Б.Бийнд очсон чинь тэд нар байсан. Миний машины шилийг хагалаад, намайг зодсон гэж л хэлсэн. Манай эхнэр хамт байсан хүмүүсийг асуугаад байсан. Тэд нарыг зодсон гэж бичсэн байх. Тухайн үед Т.Э  намайг зодоход хажууд Б.Б байсан байх, өөр хүн байгаагүй байх. Гадаа харанхуй байсан болохоор мэдээгүй. Миний 1 шүд хугарсан, зүүн талын хацар шанаа, дух хавдсан эрүүн дээр урагдсан байсан. Миний фургон машины урд салхины шилийг Д.Э  чулуугуур цохиж хагалсан байсан шилийг сольж өгсөн, зөв талын хаалганы нугасыг мурийлгасан байсныг тэгшилээд зүгээр болсон, өөр эвдрэл гэмтэл учраагүй. Би Д.Э гаар машиныхаа урд шилийг солиулна өөр миний машинд эвдрэл байхгүй. Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Д.Э  миний машины эвдэрлийг бүрэн төлсөн учир нэхэмжлэх зүйл байхгүй, Т.Э  бид хоёр хоорондоо эв зүйгээ олсон. Надад Т.Э аас нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй. Хэргийн материалтай танилцахгүй...” гэжээ. /хх-11-12/,

Гэрч Э.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Д.Н  ах намайг ямаа самналцаад өгөөч гэж гуйсан байсан юм. Би 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Д.Н  ахынд ирж ямаа самнаж байсан юм. 2018 оны 04 дүгээр сарын 17-ны орой хоолоо хийж идчихээд 21 цагийн орчимд Д.Н  Б.Б ахынд хөлдөөгч хүргэж өгөхөөр Д.Н  ахын фургон машинаар очсон юм. Гэрээс Т.Э , Б.Б эхнэр Д.Э , мөн хотоос ирсэн ямаа самнаж байгаа гээд 2 хүүхэн гарч ирсэн. Д.Э  эгч нөгөө 2 хүүхэн энэ 3 намайг 3 талаас татаад чи шивээстэй хүүхэн гэж манай эгчийг муу хэлж явсан байна гээд Д.Э  эгч хэлээд байсан. Би тийм юм яриагүй гэсэн чинь Б.Б ах хүрч ирээд чи манай эхнэрийг яагаад байгаа юм гээд зодох гээд байсан. Тэгтэл хажуунаас Т.Э  орж ирээд намайг мөн цохих гэж гар далайгаад байснаа цаашаа эргээд явсан. Д.Э  намайг алгадаад авахаар нь би фургон дотор гүйж орж ирээд сууж байтал Д.Н  ах явъя гээд фургон асаагаад арагшаа ухарч байхад Д.Э  машины урд шил рүү чулуу шидээд хагалчихсан. Бид нар зогсоод яагаад шил хагалаад хаячихав гэсэн чинь Д.Э  хүрч ирээд жолоочийн талын хаалгыг хойш нь саваад хаагдахыг нь байлгасан. Б.Бийнхээ баруун талд гарч зогсож байгаад эргээд гэрийнх нь хажуугаар Д.Э  машин руу чулуу шидэхээр нь Д.Н  ах зогсоод “Яагаад чулуу шидээд байгаа юм энэ чинь хүний хөрөнгө шүү дээ” гэсэн чинь Д.Э  хүрч ирээд заалны хаалга нээх гэхээр нь би дотроос нь зуураад нээхгүй суугаад байсан чинь Т.Э  жолоочийн талаас хүрч очоод Д.Н  ахыг машинаас нь татаж буулгаад та нар бөөрөлхөх гэж ирсэн үү гээд байсан. Д.Н  ах үгүй ээ бид нар хөлдөөгч буулгачихаад явах гэж байна гэж байсан. Д.Н  ах машинаа асаах гэсэн чинь машин асаагүй тэгээд машинаа маниулдаж байхад Т.Э  машин руу чулуугаар шидсэн чинь зарим чулуу нь машин дээр онож байсан зарим нь хажуугаар гарч байсан. Т.Э  би сулинд 18 хүнтэй зэрэг зодолдож байсан, та нарыг машинтай нь шатаана шүү, Д.Н ыг чамайг Баяндалай дээр очиход чинь бензин өгөхгүй шүү” гэх мэтээр агсарч байсан. Д.Н  ах алга болчихсон байсан. Би машин маниулдаж асаагаад Д.Н  ахыг замаасаа аваад гэр рүү нь явсан. Би өөрийнхөө гэр лүү /Цагаан хад руу/ очиж хоночихоод өглөө ирсэн. Өглөө ирэхэд Д.Н  ах зодуулчихсан байсан. Юу болсон талаар асуухад Т.Э т зодуулчихсан шүд хөдөлсөн байна юм идэж болохгүй байна гэж байсан мөн толгойных нь ард хагарсан байсан. Д.Э  намайг нэг удаа алгадаж авсан. Би зугтаагаад машинд ороод суучихсан өөр хүн зодоогүй. 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр намайг Д.Н  ахынд очиход Б.Бийн мал Д.Н ын малтай нийлчихсэн гэчихсэн мал ялгаж байсан. Б.Бийнд хотоос ирсэн гээд нэг шивээстэй эмэгтэй байхаар нь би Б.Бт “Наад хүүхэн чинь эвгүй гар байна даа биеэ үнэлдэг хүмүүс л шивээстэй байдаг” гэсэн гэж хэлж байсан юм. Тэрийг эхнэртээ хэлсэн юм шиг байна лээ. Д.Э  намайг чи миний эгчийг янхан гэж ярьсан гэж дайраад байсан. Намайг гэр лүүгээ явсан хойгуур Д.Н  ах эргэж Б.Бийнд очиж Т.Э т зодуулсан гэсэн. Д.Н ын фургон машины урд талын том шилийг Д.Э  хагалсан би харж байсан. Д.Н  ах бид хоёр эрүүл байсан. Т.Э , Б.Б ах, Д.Э , П.О , Н.Г  нар бүгд согтуу байсан. Төрсөн өдөр тэмдэглэж байсан юм билээ түүнийг нь ч мэдээгүй. Би хүнд гар хүрээгүй бушуухан л тэндээс явъя гэж бодож байсан. Миний биед гэмтэл учраагүй нэг удаа л алгадуулсан, өөрөөр зодуулаагүй учраас би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-16-17/,

Гэрч П.О ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 04 дүгээр сарын 03-нд би Улаанбаатар хотоос Д.Э тай хамт Өмнөговь аймгийн төвд ирж намайг хүргэн Б.Б тосож аваад хөдөө гэрт нь ирсэн. Би найз Н.Г ийг Улаанбаатар хотоос дуудаж Н.Г  2018 оны 04 дүгээр сарын 13-нд Өмнөговь аймаг дээр ирж би Б.Б, Д.Э  нартай хамт Өмнөговь аймаг орж тосож авсан.Аймаг дээр хоночихоод өглөө аймгаас гарч хөдөө гэрт ирсэн. Н.Г  бид хоёр Б.Бийнд ямааг нь самналцахаар ирсэн байсан юм. 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр бид нар ямаагаа самнаад байж байсан чинь Б.Бийн найз Т.Э  Баяндалай сумаас ганцаараа ирсэн. Т.Э ын авчирсан бараг нэг бүтэн кроп Сэнгүр пивыг Б.Б, Д.Э  Н.Г , Т.Э  бид 5-уул хувааж уусан. Орой 17 цагийн орчимд пиво дуусаад Б.Б Т.Э  бид гурав Хүрмэн сум руу архинд явж Хүрмэний дэлгүүрээс 2 шил 0,75 граммын Ерөөл архи аваад гэртээ эргэж очсон. Нэгийг нь задлаад уугаад байж байхад цагийг нь сайн санахгүй байна шөнө харанхуй болсон хойно нэг машин ирээд гадаа юм буулгаж байсан. Гэрт байсан хүмүүс гарч уулзаж байсан. Д.Н  нэг залуутай ирсэн байсан. Би удалгүй гэрт ороод зурагтаар кино үзээд сууж байтал машин асаад явах шиг болсон. Эргэж ирж байсан тэгсэн л хүмүүс хэрүүл хийгээд байх шиг болсон. Би гарч хараагүй манайхан удалгүй гэртээ орж ирцгээсэн. Бид нар сууцгааж байтал гадаа мотоциклтой хүн ирсэн. Тэр нь Д.Н  байсан. Д.Н  Т.Э тай муудалцаад хэрэлдээд байх шиг байсан. Би унтаад өгсөн. Би гэрээс гараагүй тэд нар гадаа муудалцаад байх шиг болсон би огт хараагүй...” гэжээ. /хх-20-21/,

Гэрч Н.Г ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 04 дүгээр сарын 14-ний шөнө 03 цаг өнгөрч байхад би Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн төвд ирсэн намайг Б.Б П.О  Д.Э  нар тосож аваад аймаг дээр хоночихоод өглөө хөдөө гэрт нь ирсэн юм. Би Б.Бийнд ямаа самнах ажилд нь туслалцсан. 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр бид нар ямаагаа самнаад байж байсан чинь Б.Бийн найз нь гэх Т.Э  гэдэг хүн Баяндалай сумаас ганцаараа 15 цагийн орчимд ирсэн. Бид нар Батмөнх даян хааны төрсөн газар Хүйс шар толгой дээр очиж зургаа авхуулсан. Гэртээ эргэж очоод Т.Э ын авчирсан 10 ширхэг Сэнгүр пиво, нэг шил 0.75 граммын Эвок архийг нь уусан. Архи пиво дуусаад П.О  Б.Б Т.Э  3 Хүрмэн сум руу архинд явсан. Тэд нар 20 цагийн орчимд эргэж ирсэн. Тэд нар авчирсан Ерөөл архиа задлаад сууж байхад гадаа машин ирсэн. Б.Б манай ах байна гэж байсан. Тэд нар гадагшаа гарцгаасан. Би бас дагаж гараад гадаа жаахан байж байгаад эргэж гэрт ороод П.О тэй хамт зурагт үзэж байгаад унтчихсан байсан. Нэг сэрэхэд гадаа хүмүүс хашхиралдаад байх шиг байсан. Би хэвтэж байгаад унтчихсан. Би тэрийг мэдээгүй тэд нар гадаа байсан. Би гэрээс гараагүй...” гэжээ. /хх-23/,

Гэрч Д.Э гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Манай эгч П.О ийн төрсөн өдөр 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр болох байсан боловч Б.Бийн найз Т.Э  Баяндалай сумаас ирэхээр болж 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр эгчийн төрсөн өдрийг тэмдэглэхээр болсон. Бид нар гэртээ ямаагаа самнаад байж байхад Т.Э  15 цагийи орчимд ганцаараа өөрийнхөө машинаар ирсэн. Гэртээ орж цай хоол идэж уугаад Т.Э  машинаасаа лаазтай Сэнгүр пиво оруулж ирж бид нар ууцгаасан. Пивоо ууж дуусгачихаад 17 цаг өнгөрөөгөөд П.О  эгч, Б.Б, Т.Э  3 Хүрмэн сум руу явж, Н.Г  бид хоёр гэрт үлдсэн. Удалгүй нөгөө хэд 2 шил 0,75 граммын Ерөөл архи авчирсан Тэгээд архиа задлаад тойроод сууцгаагаад ууж байсан чинь 20 цагийн орчимд Д.Н , Э.Б , 2 фургон машинтай ирээд гэрт орж ирсэн Тэгээд хөргегч буулгая гээд Б.Б, Д.Н  бид нар гарч хөргөгч буулгасан. Э.Б  машин дотор суучихаад бууж ирэхгүй байхаар нь би очоод чи өмнө нь Д.Н т “Танай эхнэр Заяагийн эгч нь гэж 2 хөхнийхөө хооронд шивээстэй хүүхэн ирсэн гэсэн очиж харах юмсан болж өгвөл шаачих юмсан гэж хэлсэн юм уу, чи тэгэж хэлсэн юм уу” гэж би Э.Б аас асуусан. Э.Б  “Үгүй, үгүй ёстой тийм зүйл байхгүй” гээд байсан. Д.Н  ах машиндаа орж ирээд суусан чинь Э.Б  гэнэт “Би тэгэж хэлсэн юм, тэгээд яах гээд байгаа юм лалруудаа гээд хашхираад байсан. Тэгэхээр нь чи машинаас буугаад ир гэж буулгаад би нэг удаа алгадсан. Тэгсэн чинь Д.Н  намайг загинаад байсан чинь манай нөхөр Б.Б ирээд Д.Н тай маргалдаад байсан. Д.Н ыг яв гэж хөөсөн. Д.Н  ах машинаа асааж унаад гэрийн гадаа мушгираад давхиад байхаар нь би чулуу шидсэн чинь машиных нь урд шилийг оноод хагалчихсан. Тэгээд би гүйж очоод хаалгыг нь нээж арагш нь савчихсан юм. Түүнээс хойш гэрийн зүүн талд машинаа орхичихоод явган ирээд хэрүүл хийгээд байсан. Дараа нь тэр 2 машинтайгаа яваад Д.Н  нөгөө залуугаа орхичихоод ганцаараа мотоциклтой манайд эргэж ирсэн.  Т.Э тай гэрийн гадаа хэрэлдээд зодолдоод гүйлдээд байсан. Би гэрээс гарч очоогүй. Шөнийн 05 цагийн орчимд Д.Н  гэр лүүгээ явсан байх. Бид нар унтаагүй байцгааж байгаад өглөө малаа явуулчихаад амарцгаасан. Би Э.Б ыг 1 удаа алгадсан, өөр зодсон хүн байхгүй. Д.Н  Т.Э тай муудалцаад байсан сүүлд мотоциклтой ирэхдээ Т.Э д зодуулсан байх би яг хараагүй. Б.Б Д.Н  ахыгаа яваатах пизда гээд голоор нь ороод хориод гүйгээд байсан, хоорондоо зодолдоогүй. Д.Н ын фургон машины урд талын том шилийг би хагалсан. Д.Н  машинаараа гэрийн гадуур хаазлаад дайрчих шахаад явахаар нь би уурандаа чулуу аваад шидсэн чинь машиных нь хажуу талд онож байгаа сонсогдсон. Тэгсэн чинь Д.Н  ах дахиад эргэж ирэхээр нь би машиных урдаас дахин нэг чулуу шидсэн чинь урд шилийг нь онож хагалсан. Зогсохоор нь би очоод машиных нь хаалганы бариулаас татаж нээгээд хаалгыг арагш нь болгосон чинь нугас нь гажаад буцаж хаагдахдаа дутуу хаагддаг болсон. Д.Н  ах Э.Б  нар архи уугаагүй байсан байх. Т.Э  их согтоогүй байсан, Б.Б бас нэлээд согтолттой байсан. П.О  жаахан согтолттой байсан. Н.Г  бараг архи уугаагүй, би бараг эрүүл байсан, сүүлд ирсэн архинаас би уугаагүй байсан. Би Э.Б аатай эгчээсээ болж муудалцаад нэг алгадсан чинь Д.Н  ах Э.Б ыг өмөөрөөд намайг загинаад элдвээр хэлсэн чинь манай нөхөр уурлаад Д.Н  ахтай хэрэлдсэн. Т.Э  манай нөхрийг өмөөрөөд Д.Н тай муудалцсан. Намайг зодож гэмтээсэн хүн байхгүй, миний биед гэмтэл учраагүй...” гэжээ. /хх-24-25/,

Шүүгдэгч Т.Э ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 13 цагийн орчимд Баяндалай сумаас урагш Их Аргалант ууланд байдаг цэргийн найз Б.Бийнд очсон юм. Тэднийд очиход Б.Б эхнэртэйгзэ мөн эхнэрийнх нь эгч гээд 2 хүүхэн ямаа самнаж байсан. Би тэд нарт сумаас авчирсан байсан 0,5 граммаар савласан байдаг Сэрүүн нэртэй лаазтай пиво 18 ширхэгийг гаргаж өгсөн. Тэр пивыг гэрт байсан хүмүүс ууцгаасан. Үдээс хойш 15 цагийн орчимд Хүрмэн сум руу Б.Б, П.О  2-той явж дэлгүүрээс 0,75 граммын Ерөөл архи 2 ширхэгийг авсан. Эргээд Б.Бийнд очоод бид нар хоол идээд архиа хувааж уугаад сууж байтал оройхон, гадаа харанхуй болж байхад Б.Бийн ах Д.Н , Э.Б  гэдэг залуутай хамт ирсэн. Д.Н  уурлаад Б.Б, Д.Э  нартай муудалцаад хэрүүл маргаан болоод дээрэлхээд загинаад байсан. Би Д.Н т уурлаад “Дүүгээ дээрэлхээд байхдаа яадаг юм бэ” гэж хэлсэн чинь өмнөөс хэрэлдээд муудалцсан. Д.Н ыг машинаа унаад явахаар нь машиных нь ар луу нэг удаа чулуу шидсэн миний шидсэн чулуу машиныг нь оноогүй байх харанхуй байсан болохоор мэдээгүй. Д.Н  машинтайгаа хаазлаад гэрийн хажуугаар нааш цааш 2-3 удаа давхиад байсан. Би дайрчих болов уу гэж айгаад гүйж байгаад таварцаглаж ойчоод гутлаа урсан. Мөн баруун гарын дотор тал болон зүүн гарын эрхий хуруугаа урсан. Би гэрт орчихоод эргээд гараад ирэхэд Д.Н  машингүй мотоциклтой ирчихсэн гэрийн гадаа зогсож байсан. Би Д.Н ыг чи яахаараа дүүгээ зоддог юм гээд Д.Н ыг түлхэж унагаагаад нүүр лүү нь нэг удаа өшиглөсөн, мөн толгойных нь ар луу гараараа 5-6 удаа цохьсон.  Би та нарыг Баяндалай очиход өөдгүй зан гаргаж байгаагүй шүү, та нарыг шөнө орой хэзээ ч очсон бензин тос өгөөд л явуулдаг гэж хэдэн үг хэлсэн. Би гэрийнх нь гадаа машиндаа унтсан. Өглөө 07 цагийн орчимд нар гарсан үед Баяндалай сум руу явсан. Би Э.Б ыг зодоогүй. Би түлхэж унагаагаад нүүр лүү нь нэг удаа өшиглөж толгойных нь ар луу гараараа 5-6 удаа цохьсон. Д.Н ын толгой нь хагарсан байх, мөн намайг өшиглөхөд Д.Н ын шүд нь хөдөлсөн байх. Б.Бийг Д.Н  л зодсон байх, би Б.Бийг өмөөрч Д.Н ыг зодсон. Д.Н ын фургон машины урд талын том шилийг Д.Э  чулуугаар хагалсан. Би архинаас 2-3 удаа уусан өөр архи уугаагүй, би эрүүл байсан, Б.Б архи уух нь уусан гэхдээ гайгүй байсан. Д.Н  Э.Б  нар архи уусан үгүйг мэдээгүй. Д.Н ыг танина Өмнө нь надаас бензин авч байсан. Б.Б мөн манай ах байгаа юм гэж надад танилцуулж байсан. Нөгөө залууг нь танихгүй. Миний хамарны баруун хэсэгт шалбарсан, баруун гуя хөхөрсөн, баруун гарын алга урагдсан, зүүн гарын эрхий хуруу урагдсан гэмтэл шарх учирсан. Энэ гэмтэл шархыг миний биед Д.Н  учруулсан, зарим нь зугтааж байхдаа чулуун дээр унасанаас болсон. Надад ямар нэг санал хүсэлт гомдол алга байна...” гэжээ. /хх-18-19,42-43/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-2/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-3/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,

Д.Энхжаргалын гаргасан өргөдөл /хх-5/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-8/,

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 220 дугаар шинжээч эмчийн дүгнэлтэд: “...Д.Н ын биед зүүн доод 1-р шүдний булгарал, зүүн бугалганы цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, дух, эрүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 1 шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5%-р алдагдуулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-27/,

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 221 дүгээр шинжээч эмчийн дүгнэлтэд: “...Т.Э ын биед баруун дээд зовхи, баруун шуу, баруун гуяны цус хуралт, баруун алга, зүүн эрхий хуруу, баруун дээд зовхи, хамрын нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэжээ. /хх-30/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх-32/,

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-33/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1324 дүгээр автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний дүгнэлтэд: “...16-78 ӨМА улсын дугаартай цагаан саарал өнгийн Уаз Фургон маркийн автомашины салхины урд шил их эвдрэлтэй, үнэлгээ 100.000 төгрөг, эд анги солих үнэлгээ 15.000 төгрөг, нийт дүн 115.000 төгрөг...” гэжээ. /хх-36/,

Шүүгдэгч Т.Э ын жолооны үнэмлэхийн болон иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-47/,

Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм багийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдринй тодорхойлолт /хх-48/,

Шүүгдэгч Т.Э ын бүрэн дунд боловсролын үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-50/,

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-51-59/,

Иргэд хоорондын эвлэрлийн гэрээ /хх-60/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-61/,

Эрүүгийн хэргээс зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-66/,

Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-67-68/ зэрэг болно.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:

Шүүгдэгч Т.Э  нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Тулга багийн нутаг дэвсгэрт Д.Н ын бие эрх чөлөөнд халдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Өмнөговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Т.Э т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос санал болгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Э  нь согтуурсан үедээ Д.Н тай хувийн таарамжүй харьцааны улмаас маргалдаж  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Н ын “...Т.Э  миний нүүр лүү гараараа 2 удаа цохьсон, миний толгойны ар хэсэг рүү чулуугаар нэг удаа цохьсон. Би зугтаад жаахан зайтай зогсоод толгойгоо тэмтэрч үзсэн чинь толгойны араас цус гарсан байх шиг байсан. Буцаж Т.Э  луу очиход Т.Э  намайг дахиад 2 удаа гараараа нүүр дух руу 2 удаа цохьсон. ...Т.Э  маниул аваад намайг айлгах гэсэн юм шиг байгаа юм. Гэхдээ Т.Э  тэр маниулаар намайг болон өөр хүн цохиогүй, бариад зогсож байхад нь би булааж авч маниулаа машинд хийсэн юм. Д.Э  чулуу шидэж шил хагалаад дахиад чулуу шидэхэд нь машины зүүн хажуу талд онож хонхойлгосон байсан. Тэр хонхорхойг нь дотроос нь түлхсэн чинь зүгээр болчихсон...” гэсэн мэдүүлэг /хх-11-12/, гэрч Э.Б ын “...Д.Н  ах машинаа асаах гэсэн чинь машин асаагүй, машинаа маниулдаж байхад Т.Э  машин руу чулуугаар шидсэн чинь зарим чулуу нь машин дээр онож байсан зарим нь хажуугаар гарч байсан. Т.Э  би сулинд 18 хүнтэй зэрэг зодолдож байсан, та нарыг машинтай нь шатаана шүү, Д.Н ыг чамайг Баяндалай дээр очиход чинь бензин өгөхгүй шүү” гэх мэтээр агсарч байсан. ...Өглөө ирэхэд Д.Н  ах зодуулчихсан байсан. Юу болсон талаар асуухад Т.Э т зодуулчихсан шүд хөдөлсөн байна юм идэж болохгүй байна гэж байсан, мөн толгойных нь ард хагарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-16-17/, шүүгдэгч Т.Э ын “...Д.Н ыг түлхэж унагаагаад нүүр лүү нь нэг удаа өшиглөсөн, мөн толгойных нь ар луу гараараа 5-6 удаа цохисон...Д.Н ын толгой нь хагарсан байх, мөн намайг өшиглөхөд Д.Н ын шүд нь хөдөлсөн байх ...би Б.Бийг өмөөрч Д.Н ыг зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-18-19/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч нь хохирогчийн бие эрх чөлөөнд халдан зодож хөнгөн хохирол учруулсан нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 220 дугаар шинжээч “...Д.Н ын биед зүүн доод 1-р шүдний булгарал, зүүн бугалганы цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, дух, эрүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Нэг шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5%-р алдагдуулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр /хх-27/ нотлогдож байна.

Шүүгдэгч Т.Э  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-61/ тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

            Иймд шүүх шүүгдэгч Т.Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Улсын яллагч шүүгдэгч Т.Э т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх уг санал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогчтой эвлэрч хохирол төлбөрт 700.000 төгрөг төлсөн зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Э ын цалин, орлого олох боломж болон улсын яллагчийн торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар гаргасан саналыг тус тус харгалзан үзэж   Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь 500.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд сард 250.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.Э  нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Н т 700.000 төгрөгийн хохирол төлж эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул нээлттэй явууллаа.

Шүүхэд шүүгдэгч Т.Э  нь өмгөөлөгч авахгүй өөрийгөө өмгөөлж оролцох талаараа хүсэлтээ бичгээр ирүүлсэн ба шүүх заавал өмгөөлөгч оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э  нь 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойшй 2 /хоёр/ сарын хугацаанд сард 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э  нь торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Т.Э  нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Н т хохирол төлбөрт 700.000 /долоон зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Т.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Э.ОЮУН-ЭРДЭНЭ